Марк 2:23–3:6
“Хүндэтгэлийн өдөр сайныг үйлд”
Фарисайчууд болон бусад еврей удирдагч Аврагчийг Хүндэтгэлийн өдрийг хэрхэн сахиж байгааг байнга шүүмжилдэг байсан. Шашны энэ удирдагчдад өгсөн Есүсийн хариулт Хүндэтгэлийн өдрийн зорилгыг болон Их Эзэний адислалыг амьдралдаа хэрхэн бүрэн дүүрэн урин авчирч болохыг илүү сайн ойлгоход танд туслах болно.
Хүндэтгэлийн өдрийн зорилго
Дараах хоёр нөхцөл байдлыг төсөөл. Нэг нөхцөл байдалд нь, хэн нэгэн танд Хүндэтгэлийн өдөр хийх ёстой, хийх ёсгүй олон зүйл байдаг бөгөөд тэдгээрийг бүгдийг нь дагаж мөрдөхгүй бол та Бурханы зарлигийг зөрчиж байна гэсэн үг гэж хэлжээ. Харин нөгөө нэг нөхцөл байдалд, хэн нэгэн танд ням гараг бол бусад өдрөөс ялгаагүй бөгөөд та хүссэн бүх зүйлээ хийж болно гэж хэлжээ.
-
Эдгээр нөхцөл байдалд та хэрхэн хариулах вэ?
-
Хүндэтгэлийн өдрийн талаар танд ямар асуулт байдаг вэ?
Аврагч Хүндэтгэлийн өдрийг хэрхэн ариунаар сахисныг судлахдаа асуултынхаа хариултыг олоорой. Тусламж авахын тулд Тэнгэрлэг Эцэгээс удирдамж эрэлхийл.
Мосегийн хууль Израилын хүмүүст Хүндэтгэлийн өдөр ажиллах ёсгүй хэмээн заасан ( Гэтлэл 31:14–15 -ыг үзнэ үү). Фарисайчууд ба бичээчид Мосегийн хуулийн анхны зорилгыг өөрчлөн, өөрсдийн тайлбарыг нэмжээ.
Дараах шүлгүүдийг уншаад, Есүс Хүндэтгэлийн өдрийг хэрхэн үздэг байсныг харуулсан үг хэллэгийг тэмдэглэ.
-
Марк 2:23–28 —Фарисайчууд Хүндэтгэлийн өдөр тариан түрүү идэх нь зохистой эсэх талаар шүүмжлэв.
-
Марк 3:1–6 —Фарисайчууд Хүндэтгэлийн өдөр хэн нэгнийг эдгээх нь зохистой эсэхийг шүүмжилсэн.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Хүндэтгэлийн өдрийн зорилгын талаар дараах ойлголтыг өгсөн.
Аврагч “Хүн Амралтын өдрийн төлөө бус, Амралтын өдөр нь хүний төлөө бий болсон” хэмээн хэлэхдээ ямар утга санааг илэрхийлж байсан бэ? [ Марк 2:27 ]. Тэрээр Хүндэтгэлийн өдөр нь Түүний бидэнд өгсөн бэлэг ба өдөр тутмын амьдралаас амрах [эсвэл ангижрах] цаг мөн сүнс, бие махбодоо шинэчлэх боломж гэдгийг ойлгоосой хэмээн хүссэн гэдэгт би итгэдэг. Бурхан биднийг зугаа цэнгэл хөөх юм уу ажил хөдөлмөр хийлгэхийн тулд бус, харин ажил хөдөлмөрөөсөө амарч, бие махбодын хувьд болон сүнслэг байдлаар амраахын тулд энэ онцгой өдрийг өгсөн.
(Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” Ensign, May 2015, 129 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122)
1. Аврагчийн болон ерөнхийлөгч Нэлсоны Хүндэтгэлийн өдрийн тухай заасан зүйлийн талаар бодон, судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.
-
Та Хүндэтгэлийн өдрийн талаарх Их Эзэний зорилгын тухай юу олж мэдсэн бэ?
-
Бид Хүндэтгэлийн өдөр хийсэн үйлдэл, гаргасан зан чанараас нь Аврагчийн талаар юуг олж мэдэж болох вэ?
-
Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих Бурханы зарлиг нь Түүний биднийг гэх хайрыг хэрхэн харуулдаг гэж та бодож байна вэ?
Та Хүндэтгэлийн өдрийг хэрхэн ариунаар сахиж болох вэ?
Хүндэтгэлийн өдрийн зорилгыг болон Бурханы танд зориулсан адислалыг ойлгох нь Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих урам зоригийг танд өгнө. Хүндэтгэлийн өдрийг хэрхэн илүү сайн ариунаар сахиж сурснаар та Аврагчийн эдгээх хүч ба тусламжийг илүү бүрэн дүүрэн урьж сурна.
Дараах эх сурвалжуудыг судлан, Хүндэтгэлийн өдрийн тухай мөн үүнд хүндэтгэлтэй хандсанаар хүлээн авч болох адислалуудын талаар илүү ихийг мэдэж ав.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Хүндэтгэлийн өдөр Бурханд хайраа үзүүлэх тухай ийн заасан.
Би залуу байхдаа Хүндэтгэлийн өдөр хийх ёстой болон хийх ёсгүй зүйлсийг жагсаан бичсэн хүмүүсийн үгийг судалдаг байв. Дараа нь би судруудаас Хүндэтгэлийн өдөрт хэрхэн хандаж байгаа болон энэ өдөр хийдэг зүйлүүд маань Тэнгэрлэг Эцэг бид хоёрын хооронд тэмдэг болдог гэдгийг мэдэж авсан юм [ Гэтлэл 31:13 ; Езекиел 20:12, 20 -ийг үзнэ үү]. Би үүнийг ойлгосноор, хийх ёстой болон хийх ёсгүй зүйлсийн жагсаалт гаргах хэрэггүй болж билээ. Би ямар нэг үйл ажиллагааг Хүндэтгэлийн өдөрт тохирох эсэх талаар шийдвэр гаргахдаа “Би Бурханд ямар тэмдэг үзүүлэхийг хүсэж байна вэ?” гэсэн энгийн асуултыг өөртөө тавьдаг. Энэ асуулт Хүндэтгэлийн өдөртэй холбоотой хийх сонголтуудыг маань тодорхой болгодог.
(Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” Ensign, May 2015, 130 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122)
-
Та Хүндэтгэлийн өдрийн зорилго, адислалын талаар юу олж мэдсэн бэ?
Хүндэтгэлийн өдөр “сайныг үйлдэх” хэд хэдэн аргыг хуваалцсан “Share Your Sabbath” (Хүндэтгэлийн өдрөө хуваалцах нь) (0:53) видео бичлэгийг үзнэ үү.
-
Ням гарагт та ямар ямар арга замаар Есүс Христэд илүү ойртох дуртай вэ?
Та a, б эсвэл в асуултын аль нэгд хариул.
a. Энэ хичээлээр сурч мэдсэн зүйл тань Хүндэтгэлийн өдрийн талаарх таны асуултад хариулахад хэрхэн тусалсан бэ?
б. Хэрэв та асуултынхаа хариултыг олоогүй бол үргэлжлүүлэн эрэлхийлэхийн тулд юу хийж болох вэ?
в. Хүндэтгэлийн өдөрт хүндэтгэлтэй хандсанаар хүлээн авах адислалыг илүү бүрэн дүүрэн хүртэхийн тулд та юу хийж чадах талаар ямар бодол санаа танд төрсөн бэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Фарисайчууд яагаад шавь нарыг Хүндэтгэлийн өдөр “тариан түрүүг [шувтарч]” байна гэж шүүмжилсэн бэ?
Мосегийн хуулиар хүн хадуур ашиглах замаар давуу эрхээ ашиглаагүй л бол тариан түрүүг гараараа шувтран авч болох байв ( Дэд хууль 23:25 -ыг үзнэ үү). Харин фарисайчуудын аман хуулиар бол Мосегийн хуулин дээр өгснөөс гадна Хүндэтгэлийн өдөр тариан түрүүг гараагаа шувтран авахыг хориглодог байжээ.
Талархал нь ариун ёслолын болон Хүндэтгэлийн өдрийн туршлагыг тань хэрхэн адисалж болох вэ?
“Gratitude on the Sabbath Day” (Хүндэтгэлийн өдөр талархалтай байх нь) (3:38) видео бичлэгт ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Хүндэтгэлийн өдрийн туршлагадаа талархлын хүчийг авчрах боломжийг олгоход хүмүүсийг урьсан. Энэ видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр байгаа.
Би Хүндэтгэлийн өдрийн адислалыг урин авчрахын тулд юу хийж болох вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өөрийн хэлсэн “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ” гэх үгэндээ Хүндэтгэлийн өдрийн сүнсийг урин авчрах үр дүнтэй аргын талаар санаа өгсөн (Ensign, May 2015, 129–132 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122–125). “Make the Sabbath a Delight by Finding Your Ancestors” (Өвөг дээдсээ олж, Хүндэтгэлийн өдрийг баясгалант өдөр болгох нь) (2:57) видео бичлэгт ням гарагт цаг зав гарган гэр бүлийн түүхийн ажлыг хийх нь тухайн өдөр болон таны амьдралд хэрхэн асар ихээр нөлөөлдгийг харуулсан. Энэ видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр байгаа.
Хүндэтгэлийн өдөрт хүндэтгэлтэй хандах нь манай гэр бүлийг хэрхэн адислах вэ?
ChurchofJesusChrist.org дээрх “How We Have Changed—Saisopa Family and the Sabbath Day” (Бид хэрхэн өөрчлөгдсөн бэ—Сайсопагийн гэр бүл ба Хүндэтгэлийн өдөр) (5:03) видео бичлэг нь сайн мэдээг хүлээн авч, Хүндэтгэлийн өдөрт хүндэтгэлтэй хандах болсноор завгүй амьдрал нь өөрчлөгдсөн нэгэн гэр бүлийн туршлагыг хуваалцдаг.