Матай 11:28–30
“Би та нарыг амраая”
Тохинууллынхаа үеэр Аврагч сайн мэдээний дээд түвшний хуулийг зааж, өвчтэй хүмүүсийг эдгээсэн. Өөрийнх нь болон сургаалуудынх нь эсрэг дарамт шахалт ихсэж байсан ч Аврагч ёс бус байдлыг буруушааж, Өөрт нь ирсэн бүх хүнийг амраана хэмээн амласан юм. Энэ хичээл нь Их Эзэн таны зовлон бэрхшээл, ачаа дарамтыг хөнгөлнө гэдэгт итгэх итгэлийг тань нэмэгдүүлэх болно.
Таны ачаа дарамт, сорилт бэрхшээл
Өсвөр насны хүүхдийг төлөөлсөн дүрс зураг зур. Дээр нь өнөө үед өсвөр үеийнхэнд тулгардаг ачаа дарамтыг төлөөлсөн үүргэвч үүрч байгаагаар зур. Тэдгээр ачаа дарамтаас дор хаяж тавыг үүргэвч дээр эсвэл эргэн тойронд нь бич.
-
Та тав буюу маш сайн, нэг буюу маш муу гэсэн нэгээс тав хүртэлх хэмжүүрийг ашиглан; ачаалал, дарамтад орох үед өөрийгөө хэр сайн даван гарч чаддаг гэж үнэлэх вэ?
Хэрэв та үүнийг өмнө нь хийж байгаагүй бол яг одоо тулгарч буй зарим ачааг тань хөнгөлөхөд туслах зарчмуудыг олохын тулд цаг гарган Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг хүсэх талаар бодож үз. Матай 11:28–30-ийг уншаад, ачаандаа дарагдсан хэн нэгэнд тус болж болох Аврагчийн заасан үнэнүүдийг олж мэд.
-
Та ямар ямар үнэнийг олсон бэ?
-
Эдгээр үнэн нь хүнд байдалд орсон хүнд хэрхэн туслах вэ?
“Буулгыг минь өөрсөд дээрээ ав”
Заримдаа судрын үг, хэллэгийг ойлгоход хэцүү байж болно. Үг, хэллэгүүд ямар утга учиртай болохыг олж мэдэх нь Аврагчийн биднээс юуг сурч мэдээсэй хэмээн хүсэж байгааг ойлгоход бидэнд тусална. “Буулгыг минь өөрсөд дээрээ ав” (Матай 11:29) гэсэн үгээр энэ дасгалыг гүйцэтгэ.
Буулга гэдэг нь “Малын эсвэл хүний хүзүүнд угладаг, хөллөж холбодог тоног” (Судруудын удирдамж, “Буулга,” scriptures.ChurchofJesusChrist.org). Энэ зурган дээрх амьтдад буулга зүүлгэсэн байна.
Далын ахлагч Эдвард Дьюб дараах туршлагыг хуваалцсан юм.
2015 оны 12-р сард Зимбабвегийн Мадзивад Наумэ [миний эхнэр] бид хоёр нэгэн эрэгтэйг хоёр үхрээр газраа хагалж байхыг харсан юм. Нэг нь том шар байсан бол нөгөө нь жижиг бяруу байхыг хараад би мэл гайхаж, “фермер яагаад хоёр өөр амьтныг буулгад хөллөөд газар хагалж байгаа юм бэ?” гэж бодсоноо чанга хэллээ.
Ойролцоо зогсож байсан Наумэгийн ээж буулга руу заав. Ойртон ажиглаад буулгыг бяруутай холбосон байхыг [олс эсвэл гинж] олж харсан. Том шар бүх хүндийг өөр дээрээ үүрч, харин бяцхан бярууг хэрхэн газар хагалахад заан сургаж байсан байлаа.
(Edward Dube, “Learn of Me,” Liahona, Oct. 2020, Africa Southeast Local Pages, ChurchofJesusChrist.org)
-
Бидний Аврагчтай харилцах харилцаа юугаараа том шар, жижиг бяруу хоёрынхтой төстэй вэ?
-
Буулга гэдэг нь ямар утгатай үг болохыг мэдэх нь таныг гэсэн Христийн сэтгэлийг ойлгох ойлголтыг тань хэрхэн гүнзгийрүүлэх вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн хэлсэн.
Ариун гэрээнүүдийг байгуулж, сахих нь биднийг Их Эзэн Есүс Христтэй нэг болгон нэгтгэдэг.
(Дэвид А.Бэднар, “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 106)
-
Гэрээ байгуулж, сахих нь хэрхэн биднийг Аврагчтай холбон, Түүнтэй хамт буулгад оруулдаг гэж та бодож байна вэ?
Ахлагч Дьюб ийн тайлбарласан.
Биднийг Есүс Христтэй хамт буулгад ороход Тэр ачааг үүрч, харин бид ажиллаж хөдөлмөрлөхийн баяр баясгалангаас хуваалцдаг. Их Эзэний бидний хүн нэг бүрд өгсөн Өөрөөс нь суралц хэмээх урилга бол амар амгалан, баяр баясгаланг авчирч, хүнд хэцүү байдалд орсон хүнд хариултыг нь өгдөг цорын ганц найдвартай эх сурвалж билээ.
(Edward Dube, “Learn of Me,” Liahona, Oct. 2020, Africa Southeast Local Pages, ChurchofJesusChrist.org)
-
Энэ жил Есүс Христийн талаар суралцсан явдал ачаагаа үүрэхэд тань хэрхэн тусалж, амар амгалан, баяр баясгаланг авчирсан бэ?
Христ рүү ирж, Түүний амралтыг хүлээн авах
А үйл ажиллагаа: “Над дээр ир” (Матай 11:28). Би Христ рүү хэрхэн очих вэ?
Аврагчийн тусламж, санал болгосон амралтыг нь хүлээн авахын тулд бид Түүн рүү очих ёстой.
-
Хэрэв хэн нэгэн танаас Христ рүү очих гэдэг нь юу гэсэн утгатайг асуусан бол та юу гэж хариулах байсан бэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) бидний Христ рүү очих хэдэн аргыг тодорхойлсон.
Бидний өглөө, орой тогтмол залбирч, өдөр бүр судраас судлан, долоо хоног тутам гэр бүлийн үдэш хийж, ариун сүмд тогтмол орж байгаа нь Аврагчийн “Түүн рүү очих” урилгад идэвхтэй хариулж байгаа хэрэг юм.
(Ричард Г.Скотт, “Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107)
Б үйл ажиллагаа: “Би та нарыг амраая” (Матай 11:28). Христ миний ачааг хэрхэн хөнгөлөх вэ?
Аврагч ачааг хөнгөлдөг талаарх хүчирхэг жишээг Мормоны Номд цэдэглэн үлдээсэн байдаг. Алмаг болон түүний хүмүүсийг боолчилж, албадан ажиллуулж, ихээхэн хавчин хяхаж байлаа.
Мозая 24:12–16-г уншина уу.
Өөрийн эсвэл таньдаг хүмүүсийнхээ туршлагын талаар бодож, Аврагчийн ачааг тань хөнгөлж байсан үеийг бичиж тэмдэглэ. Та эсвэл таны таньдаг хүн Аврагчид хандахын тулд юу хийснийг мөн Тэрээр хэрхэн тусалсан талаар оруулсан байхад анхаар.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Есүс Христ бидэнд Өөр лүү нь ирэхэд хэрхэн тусалдаг вэ?
Далын ахлагч Жон А.Маккюн Есүс Христ рүү ирснээр хүлээн авдаг бидний зарим адислалыг тайлбарлажээ.
Аврагчийн “Над руу ир” гэсэн урилгыг хүлээн авах үед (Матай 11:28), Тэрээр … бидэнд хэрэгцээтэй дэмжлэг, тайтгарал, амар амгаланг өгдөг. Хамгийн гүнзгий сорилтуудад ч гэсэн бид Түүнд найдаж, хүслийг нь хүлээн авснаар Түүний хайрын дулаахан тэврэлтийг мэдэрч чадна.
(Жон А.Маккюн, “Христэд ирж, хожмын үеийн гэгээнтний ёсоор амьдрах нь,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 41)