Лук 11:1–13
“Эзэн, бидэнд залбирахыг зааж өгөөч”
Есүсийн залбирахыг сонссоны дараа “шавь нарынх нь нэг Түүнд, Эзэн, бидэнд залбирахыг зааж өгөөч гэжээ” (Лук 11:1). Есүс залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаагаа бэхжүүлэхэд туслах гүн гүнзгий ойлголт өгөх сургаалыг айлдсан. Энэ хичээл нь залбирлаа илүү утга учиртай болгоход тань тусална.
Их Эзэн залбирлын тухай заадаг
Дараах хоёр асуултад өгөх хариултаа эргэцүүлэн бод.
-
Яагаад залбирахад хялбар байдаг вэ?
-
Яагаад залбирахад хэцүү байдаг вэ?
Залбирах нь энгийн, товч, тодорхой байж болох ч гүн гүнзгий, урт бөгөөд өргөн хүрээг хамарсан байж болно. Та залбирлын талаарх Аврагчийн сургаалыг судлахдаа залбирлаа хэрхэн илүү утга учиртай болгох тухай илчлэлт авахыг эрэлхийл. Лук 11:1 -ийг уншаад, Аврагчийн нэг шавийн Түүнд тавьсан хүсэлтийг олж мэд.
Есүсийн өгсөн хариултыг Их Эзэний залбирал хэмээн нэрлэх болжээ. Тэрээр мөн энэ залбирлаа Уулан дээрх номлолынхоо үеэр өгсөн юм ( Матай 6:9–13 -ыг үзнэ үү). Зарим нь Есүс энэхүү залбирлыг цээжилж, давтах зорилгоор өгсөн гэж ойлгодог. Гэхдээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Их Эзэний залбирал бол дагах загвар болохоос биш, цээжилчихээд давтаж байх өгүүлбэр биш юм” гэж заасан (“Их Эзэний залбирлаас авах сургамж,” Ensign, May 2009, 46 эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52). Есүс Их Эзэний залбирлыг залбирах жишээ болгон өгснийхөө дараа залбирлын тухай өөр нэгэн сүнслэгээр өдөөгдсөн сургаалыг айлджээ.
Залбирлын тухай илүү ихийг сурч мэдэх
Танд туслах үнэнүүдийг олж мэдэхийн тулд дараах асуултуудыг уншаад, илүү ихийг судлахыг хүсэж байгаа нэг асуултаа сонгон, дагалдах судрын хэсгүүдийг унш.
-
Би Аврагчийн залбирлын жишээнээс юуг суралцаж болох вэ? ( Лук 11:2–4 ; Maтай 6:9–13)
-
Аврагч залбиралтай холбоотой ямар амлалт өгсөн бэ? ( Лук 11:9–13 ; мөн Иосеф Смитийн Орчуулга, Лук 11:14 [ Лук 11:13, зүүлт тайлбар a ]-г үзнэ үү)
-
Залбирахдаа юуг хийхгүй байхыг Аврагч бидэнд сэрэмжлүүлсэн бэ? ( Maтай 6:7–8)
1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.
-
Та эдгээр шүлгээс залбирлын тухай ямар үнэнийг олж мэдсэн бэ?
-
Танд энэ үнэнтэй холбоотой ямар туршлага байдаг вэ?
-
Та эдгээр шүлгээс Тэнгэрлэг Эцэгийн талаар юу сурч мэдсэн бэ?
Мэдлэгээ гүнзгийрүүлэх
2. Аврагчийн сургаалын тухай мэдлэгээ гүнзгийрүүлэхэд туслах үүднээс өмнө нь сонгосон судрын багцаас хамааран A, Б эсвэл В үйл ажиллагааг судлах тэмдэглэл дээрээ хий. Өөрийн сонгосон үйл ажиллагаатай холбоотой зааврыг дага.
А үйл ажиллагаа: Би Аврагчийн өгсөн залбирлын жишээнээс юу сурч мэдэж авч болох вэ? ( Лук 11:2–4)
Аврагчийн залбиралдаа ашигласан дараах үг хэллэгүүдийг уншаад, тунгаан бодохыг хүссэн хоёр үг хэллэгийг сонго.
-
“Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурстугай” ( Лук 11:2).
-
“Таны хаанчлал иртүгэй” ( Лук 11:2).
-
“Таны таалал тэнгэрт шигээ газарт бас биелтүгэй” ( Лук 11:2).
-
“Өдөр тутмын минь талхыг өдөр бүр бидэнд өгөөч” ( Лук 11:3).
-
“Бидэнд өртэй бүхнээ бид уучилдаг учир бидний нүглийг мөн уучлаач” ( Лук 11:4).
-
“Биднийг уруу таталтад бүү автуулаач; ёрын муугаас гэтэлгээч” (Иосеф Смитийн Орчуулга, Лук 11:4 [ Лук 11:4 , тайлбар зүүлт в]).
Сонгосон хоёр үг хэллэгээ санаандаа авч, дараах асуултуудад өгөх хариултаа бод
-
Та эдгээр үг хэллэгийн утга агуулгыг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
-
Та Аврагчийн залбирсантай ижил төстэй зүйлийн төлөө хэзээ залбирсан бэ? Энэ нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Аврагчийн бидэнд өгсөн загварыг дагаж залбирах нь хэр тустай гэж та бодож байна вэ?
Хэрэв та энэ үйл ажиллагааг сонгосон бол залбирахдаа Аврагчийн жишээг дагахыг хүсэж буй нэг арга замаа судлах тэмдэглэлдээ бич.
Б үйл ажиллагаа: Аврагч залбиралтай холбоотой ямар амлалт өгсөн бэ? ( Лук 11:9–13)
Лук 11:9 -д цэдэглэгдсэнээр, Их Эзэн “Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө; Хай, тэгвэл та нар олно; Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” хэмээн амласан.
-
“Гуйх,” “хайх,” “тогших” үйлдлүүд юугаараа адилхан бэ? Эдгээр нь өөр хоорондоо ямар ялгаатай вэ?
-
Эдгээр үг нь хэрхэн илүү утга учиртай залбирч болохыг ойлгоход хэрхэн туслах вэ?
Есүс үүний дараа мөнх бус оршихуй дахь эцгийн хүүхдүүддээ бэлэг өгөх гэдэг хүслийг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ бэлэг өгөх гэсэн хүсэлтэй харьцуулсан. Хэрэв төгс бус бөгөөд мөнх бус оршихуй дахь эцэг хүн “хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг” ( Лук 11:13) байхад “тэнгэрлэг Эцэг тань өөрөөс нь гуйгсдад Ариун Сүнсээр дамжуулан сайн бэлэг өгөх нь лавтай бус уу?” хэмээн заажээ. (Joseph Smith Translation, Luke 11:14 [ Luke 11:13 , тайлбар зүүлт a]). Тэнгэрлэг Эцэг залбиралд Өөрийн арга зам, цаг хугацаанд хариулдаг болохыг санах нь чухал.
-
Тэнгэрлэг Эцэг Өөрөөс нь гуйж, эрэлхийлсэн хүмүүст ямар төрлийн бэлэг өгдөг гэж та бодож байна вэ? Тэр танд юу өгөхийг хүсдэг гэж та бодож байна вэ?
Хэрэв та энэ үйл ажиллагааг сонгосон бол залбирлынхаа хариултыг авч байсан үеийнхээ тухай эсвэл залбирлынхаа хариултыг авахын тулд юу хийхээ тайлбарлан судлах тэмдэглэлдээ бич.
Бурхан залбиралд хариулдаг болохыг санах нь одоогийн залбирлыг тань хэрхэн илүү утга учиртай болоход туслахыг оруул.
В үйл ажиллагаа: Залбирахдаа юуг хийхгүй байхыг Аврагч бидэнд сэрэмжлүүлсэн бэ? ( Maтай 6:7–8)
Есүс Уулан дээрх номлолдоо “хоосон үг давтах ёсгүй” ( Матай 6:7) гэж бидэнд заасан. Энэ хам сэдвийн хүрээнд хоосон гэдэг нь хий хоосон эсвэл утгагүй гэсэн утгатай. Хоосон үг давтаж залбирах гэдэг нь нэг залбирлаа давтах эсвэл ямар ч бодлогогүй нэг ижил үгийг залбиралдаа хэрэглэхийг хэлнэ. Хэрэв бид хүсэж байгаа зүйлээ чин сэтгэлээсээ илэрхийлэх юм бол бидний залбирал давтагдсан байсан ч хий хоосон байхгүй.
-
Залбиралдаа хоосон үг давтахаас зайлсхийх нь хэрхэн бидэнд Их Эзэнтэй илүү ойртоход туслах вэ?
-
Залбирахдаа хоосон үг давтахаас зайлсхийхийн тулд та юу хийж болох вэ?
Гүн утга учиртай, чин сэтгэлээсээ залбиран хэлж байсан жишээнүүдээ бод.
-
Энэ арга замаар залбирах нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?
Хэрэв та энэ үйл ажиллагааг сонгосон бол Аврагчийн жишээг даган залбирахдаа хоосон үг давтахгүйн тулд дагахыг хүсэж буй нэг арга замаа судлах тэмдэглэлдээ бич.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Утга учиртай залбирахын ямар ямар жишээ байна вэ?
“Бурхан өнөөдөр бидэнтэй хэрхэн ярьдаг вэ” (1:46) видео бичлэгт Их Эзэн нэгэн эмэгтэйн залбиралд хэрхэн хариулсан талаар өгүүлсэн.
“Амар амгалангийн зарчим: Залбирал” (2:49) видео бичлэгт, цахим тоглоом бүтээгч эр эрүүл мэндийн асуудалтай төрсөн охиныхоо төлөө залбирсан туршлагаа өгүүлсэн түүх гардаг.
Залбирлын маань хариулт ирэхгүй байгаа юм шиг санагдвал яах вэ?
Далын ахлагч Ж.Дэвн Корниш ийн заасан.
Заримдаа бид чин сэтгэлийн, тууштай залбиралдаа хариу авахгүй байгаа юм шиг санагддаг. Их Эзэн бидний залбиралд яг хэрэгтэй үед Өөрийн цагт, Өөрийн арга замаар хариулдаг гэдгийг ойлгоход итгэл шаардагддаг. Заримдаа бид залбирсан зүйлийнхээ талаар бодож тунгаах үедээ юу хийх ёстойгоо мэдэж байснаа ойлгодог.
Хэрэв таны хувьд нэг л болж өгөхгүй байгаа бол санаагаар бүү унаарай. Гадаад хэл сурахад дадлага бас хүч чармайлт шаардлагатай байдаг. Гэхдээ та Ариун Сүнстэй ярилцах хэлийг сурч чадах бөгөөд тэр үед энэ нь танд агуу итгэл, зөв шударгын хүчийг өгөх болно.
(Ж.Дэвн Корниш, “Залбирлын давуу эрх,” Ensign, Nov. 2011, 103 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 121)
Хэрэв би өөрийгөө залбирах зохисгүй гэж бодож байвал яах ёстой вэ?
Далын ахлагч Ж.Дэвн Корниш ийн заасан.
Хэн нэгэн хүн өөрийгөө залбирахад хангалттай сайн биш гэж бодох эрсдэл байдаг. Энэ санаа нь бидэнд залбирах ёсгүйг сургадаг хилэнцэт сүнснээс гарсан юм ( 2 Нифай 32:8 -ыг үзнэ үү). Бид залбирахад хэтэрхий их нүгэлтэй гэж бодох нь хүндээр өвдсөн хүн өөрийгөө эмч рүү очиход хэт өвчтэй байна гэж бодохтой адил эмгэнэл юм!
(Ж.Дэвн Корниш, “Залбирлын давуу эрх,” Ensign, Nov. 2011, 103 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 121)