Ром 7–12
“Чөлөөлөгч … итгэл сүсэггүйдлийг … зайлуулна”
Бид заримдаа амьдралын аян замдаа байх ёстой түвшиндээ хүрч чадахгүй байгаадаа урам хугарч, сэтгэлээр унаж болох юм. Үүнтэй адил сэтгэлээр унасан төлөөлөгч Паул “Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ!” (Ром 7:24). Бид мөнх бус амьдралд мэдэрдэг сул талуудаа үл хайхран, Есүс Христэд итгэх итгэлээ өсгөх замаар найдвар, амар амгаланг мэдрэх боломжтой. Энэ хичээл танд сул талаа ялан дийлэхийн тулд Есүс Христэд итгэх итгэлээ илүү их хэрэгжүүлэхэд тусална.
Мөнх бус байдлын сул талуудаа ялан дийлэх
Трэй бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн юм. Тэр Есүс Христийг дагахыг хүсдэг ч өөрийгөө ихэвчлэн зохих ёсоор дагаж чаддаггүй гэж боддог байна. Сул талаасаа болж түүнд ихэвчлэн буруу зүйл үйлдсэн мэт мэдрэмж төрдөг бөгөөд өөрийгөө хангалттай сайн байж чадахгүй байна гэдэгтээ санаа зовдог аж.
Танд яагаад заримдаа Трэйд төрсөнтэй адил мэдрэмж төрдөг талаар бодож үзээрэй.
-
Эдгээр мэдрэмж Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой болон бусадтай харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Өөрийн сул тал, төгс бус байдлыг ялан дийлэхийн тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос тусламж авахаар эрэлхийлэх нь яагаад чухал вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Их Эзэн бидний мөнх бус байдлын сул талуудыг ойлгодог. Бид зарим үед бууж өгдөг. Гэвч Тэр мөн бидний агуу нөөц бололцоог мэддэг” гэж заажээ (“Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104). Энэ хичээлийг судлахдаа, ерөнхийлөгч Нэлсоны юу заасныг санаад, мөнх бус байдлын сул талыг танин мэдэхэд танд туслах үнэнүүдийг хайж ол. Эдгээр үнэн Есүс Христ танд тусалж чадна гэсэн итгэлийг тань хэрхэн нэмэгдүүлж болохыг тунгаан бод.
Төлөөлөгч Паул ч гэсэн сул дорой байдлаа мөн “махбод” (Ром 7:18) буюу махан биеийн дур хүсэл, “доторх хүн” (22-р шүлэг) буюу сүнслэг байдал хоёрын хоорондын тэмцлийг мэдэрсэн.
Ром 7:14, 18–19, 24–25-ыг болон Библийн хавсралт дахь Иосеф Смитийн Орчуулгын эдгээр шүлгийн Иосеф Смитийн орчуулгыг унш. Паулын бодол санаа, мэдрэмжийг дүрсэлсэн үг, хэллэгүүдийг хайж ол. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэх талаар бодож үз. 24-р шүлэг дэх “энэ үхэл” гэдэг нь гэм нүглийн улмаас ирдэг сүнслэг үхэл буюу Бурханаас тусгаарлагдахыг хэлж байгааг анхаар.
-
Паулын бодол, мэдрэмж таны бодол санаа, мэдрэмжтэй юугаараа төстэй байна вэ?
-
Паул ямар ямар үнэнийг заасан бэ?
Та эдгээр шүлгээс Есүс Христ биднийг гэм нүглийн боолчлолоос чөлөөлж чадна гэсэн үнэнийг тодорхойлсон байж болох юм. Та энэ үнэнийг Ром 7:24–25-ын ойролцоо бичиж болно.
-
Паулд тусалсан энэ үнэнийг өөрийн сул талуудтай тэмцэж байхдаа санах нь хэрхэн илүү их итгэл найдварыг мэдрэхэд танд туслах вэ?
Мормоны Ном бол Библид заасан үнэнүүдийн талаарх ойлголтоо бататгахын тулд ашиглах боломжтой хүчирхэг хэрэгсэл юм (1 Нифай 13:40; 2 Нифай 3:12-ыг үзнэ үү).
Жишээлбэл: 2 Нифай 4-т Нифай таны Ром 7-д Паулаас суралцсантай ижил төстэй сургаалыг хуваалцсан байдаг. Ром 7-ийн зүүлт тайлбарууд 2 Нифай 4-ийн харьцуулах эшлэлийг агуулсан болохыг анхаарна уу. Зүүлт тайлбарыг ашиглах нь таны Библиэс судалж байгаа зүйлстэй холбоотой, Мормоны Номын судрын хэсгүүдийг хайж олоход туслах арга зам юм.
2 Нифай 4:17–20, 26–32-ыг уншаад, Нифай Паулынхтай адил мэдрэмжийг хэрхэн илэрхийлсэн болохыг олж мэд.
Үнэнийг илүү сайн ойлгохын тулд Мормоны Номыг ашиглах
2 Нифай 4 нь Ром 7 дээрх Паулын сургаалыг судлах үйл явцыг тань сайжруулсан шиг Мормоны Номын судрын өөр олон хэсэг Паулын сургаалыг илүү сайн ойлгож, талархахад танд тусална.
Ром номын дараах судрын хэсгүүдээс хоёр юм уу түүнээс олныг сонгож унших замаар Паулын сургаалын талаарх ойлголтоо нэмэгдүүлэхийн тулд Мормоны Номыг ашиглах дадлага хий. Дараа нь тэдгээрийг Мормоны Номын зохих судрын хэсгүүдтэй харьцуул (Судруудын удирдамжийг ашиглан Мормоны Номоос холбогдох судрын хэсгүүдийг бие даан ол). Мормоны Номын судрын хэсгүүд хэрхэн Ром номд заасан үнэнүүдийг баталж эсвэл тодруулж байгааг олж мэд.
Ром |
Мормоны Ном |
---|---|
Ром | Мормоны Ном |
Ром | Мормоны Ном |
Ром | Мормоны Ном |
Ром | Мормоны Ном |
Ром | Мормоны Ном |
Ром | Мормоны Ном |
Мормоны Ном Библиэс суралцахад тань хэрхэн тусалж чадахыг олж харсан туршлагаа эргэцүүлэн бод. Шинэ Гэрээг үргэлжлүүлэн судлахдаа тусламж авахын тул Мормоны Номыг ашиглахыг эрэлхийл.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Есүс Христ мөнх бус амьдрал дахь сул талаа ялан дийлэхэд хэрхэн надад туслах вэ?
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байхдаа ийн заасан.
Олон хүн хийх ёстой зүйлээ бүрэн хийдэггүй учраас шантарч, сэтгэлээр унадаг. Тэд “сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм” [Матай 26:41] гэдгийг хувийнхаа туршлагаас мэднэ. Тэд Нифайн “бодгаль минь миний алдсуудын учир гашуудах ажгуу” [2 Нифай 4:17] хэмээн тунхагласантай дуу нэгтэй байдаг. …
Би анхны Христийн амилсны баярын ням гараг хүртэл Аврагчийн бидний төлөө гүйцэтгэсэн зүйлсийн талаар бодохдоо, Хамгийн Агуу Дээд Бурханыг болон Түүний Хүү Есүс Христийг чанга дуугаар магтан дуулахыг хүсдэг.
Тэнгэрийн үүд хаалга нээгдлээ!
Тэнгэрийн цонх нээгдлээ!
Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй хүмүүс Бурханы ач ивээлээс өнөөдөр төдийгүй, үеийн үед хүртэх боломжтой [3 Нифай 9:19–20-ийг үзнэ үү]. Есүс Христ бидний мөнх бус оюун ухаанаараа төсөөлөхийн аргагүй өндөрлөгт хүрэх замыг бэлдсэн [1 Коринт 2:9-ийг үзнэ үү].
(Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98.)
Хэрэв бид Библиэс өөр судар ном ашиглавал Христийн шашинтан мөн үү?
“Бид Христийн шашинтан мөн үү?” (0:00-с 2:15 секунд хүртэлх) видеонд тухайн үед Далын гишүүнээр үйлчилж байсан ахлагч Гари Ж.Көүлман Мормоны Ном хэрхэн түүнд үнэнийг илүү сайн ойлгож, Христийн шашнаа баталгаажуулахад тусалсныг дүрслэн ярьсан. Энэ видеог ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой.
Библи, Мормоны Ном хоёр хэрхэн хамтдаа ажиллаж, Бурханы биднийг гэх хайрыг харуулдаг вэ?
Ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973) ийн тайлбарлажээ:
Хүүхдүүдийнхээ сүнслэг сайн сайхны төлөө үргэлж санаа тавьдаг бидний мөнхийн Тэнгэрлэг Эцэг Мормоны Ном хэмээн нэрлэгддэг, судрыг орлох номыг Их Эзэний чиглүүлснээр, Библид бошиглогчдын бичиж, ярьсан үнэнүүдийг хамгаалахын тулд бидэнд өгсөн нь юутай аз завшаантай тохиол билээ. …
… Би энэхүү хоёр дахь гэрчээр дамжуулан эртний бошиглогчдын, чухамдаа Эзэн болон Түүний шавь нар хүмүүсийн дунд амьдарч мөн тэдэнд заадаг байсан сургаалуудын утга учрыг илүү тодорхой мэдэж болно. Энэ нь үнэнийг чин шударгаар эрж хайдаг бүх хүнд сүнслэг удирдамж болох бөгөөд ариун судрын энэ хоёр номыг нэг ном гэж бидний нэгэн адил үзэн, хамтад нь судалбал, эдгээр нь үнэхээр уялдаа холбоотойг ойлгох болно.
(Harold B. Lee, Ye Are the Light of the World [1974], 89, 91)
Яагаад Паул бид аврагдахын тулд зөвхөн Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэж хэлсэн бэ?
Ром 10:1–13-ыг, аврагдахын тулд зөвхөн Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрөхөд л болно гэсэн байр суурийг хамгаалахын тулд ихэнхдээ эш татдаг. Гэхдээ Аврагч “Намайг Эзэн минь, Эзэн минь гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй, харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно” (Матай 7:21) хэмээн хэлэхдээ яг энэ сургаалыг үгүйсгэсэн байдаг.
Түүнчлэн Паул өмнө нь ромчуудад бичсэн захидалдаа баптисмын ёслолын ач холбогдлыг онцолж (Ром 6:1–6-г үзнэ үү), сайн үйлсийн болон зүрх сэтгэлээ өөрчлөхийн ач холбогдлыг заасан (Ром 2:1, 3, 6–13, 25–29-ийг үзнэ үү).
Мөн Ром 10:9 дээрх “хүлээн зөвшөөрөх” гэдэг үгийг “гэрээ,” Ром 10:13 дээрх “дуудах” гэсэн хэллэгийг “нэрийг өөртөө авах” гэж орчуулж болох юм (James Strong, The New Strong’s Exhaustive Concordance of the Bible, as found in http://lexiconcordance.com/greek/3670.html http://lexiconcordance.com/greek/3670.html-ийг үзнэ үү). Эдгээр нь Паулын бусад сургаалтай (Галат 3:27; Ром 6:14–22-ыг үзнэ үү) болон Мозая 5:1–9 зэрэг Мормоны Номын холбогдох судрын хэсгүүд дээрхтэй таардаг гэрээ байгуулах, Христийн нэрийг өөр дээрээ авах гэсэн утгыг илэрхийлж болох юм.