1 Коринт 1–4
Есүс Христ: Бидний бат бөх суурь
Маргаан, бардамнал, хуурамч сургаал, ёс зүйгүй байдал зэргийн өнөөгийн дэлхийд үзүүлж буй сөрөг нөлөөний талаар бодож үз. Коринтод амьдарч байсан эртний Сүмийн гишүүд мөн ийм сорилт бэрхшээлтэй тулгарч байжээ. Гурав дахь номлолын аяллынхаа үеэр Ефест номлож байхдаа төлөөлөгч Паул Коринтын гэгээнтнүүдийг хүчирхэгжүүлж, Есүс Христэд итгэж найдах ёстойг сануулахын тулд тэдэнд хандан захидал бичжээ. Энэ хичээл нь Есүс Христийн суурин дээр амьдралаа босгох нь дэлхийн сорилт бэрхшээлүүдийг ялан дийлэхэд бидэнд хэрхэн тусалдаг болохыг ойлгоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Хэцүү нөхцөл байдалд ч итгэлтэй хэвээр үлдэх
Өөр хотод амьдардаг дотнын найз тань танд дараах зурвасыг илгээсэн гэж төсөөл.
“Хаа сайгүй сөрөг нөлөөгөөр хүрээлэгдсэн байх нь үнэхээр хэцүү юм. Эндхийн олон хүн зарлигуудыг сахидаггүй, зарим нь бүр Сүмийг шүүмжилдэг. Ийм нөхцөлд гэрчлэлээ алдсан өөр хүмүүсийг би мэдэх тул надад ийм зүйл бүү тохиолдоосой гэж хүсэж байна. Ямар нэгэн зөвлөгөө байна уу?”
-
Та найздаа юу гэж хэлэх байсан бэ?
-
Та амьдардаг газраасаа ямар сөрөг, хор хөнөөлтэй нөлөөг олж харсан бэ?
-
Эдгээр нөлөө нь зарим тохиолдолд хэрхэн итгэлдээ үнэнч хэвээр үлдэхийг хэцүү болгодог вэ?
Энэ хичээлийг судлахдаа дэлхийн сорилт бэрхшээл эсвэл сөрөг нөлөөтэй тулгарах үедээ итгэлдээ хэр үнэнч байж чаддаг болохоо бодож үз. Есүс Христ дээр сууриа хэрхэн бэхжүүлэхээ мэдэж авахын тулд Ариун Сүнсээр дамжуулан удирдамж эрэлхийлж, сорилтуудыг тань даван туулахад туслах үнэнүүдийг олж мэд.Хоёр дахь номлолын аяллаараа төлөөлөгч Паул бараг хоёр жилийн турш Коринтод сайн мэдээг номлосон ( Үйлс 18:1–18 -ыг үзнэ үү) бөгөөд Сүмийн салбарыг тэнд нээсэн байна. (Коринт хот хаана байгааг олохын тулд Библийн газрын зургийн д. 13 дахь “ Төлөөлөгч Паулын номлолын аяллууд ыг үзнэ үү.”) Коринт нь худалдааны чинээлэг төв бөгөөд Ромын муж болох Акаягийн нийслэл байжээ. Коринтын олон иргэд онгод шүтээн тахидаг бөгөөд ёс зүйгүй байсан байна. Зарим нь мөн маргаан үүсгэдэг, хэл ам таталдаг байжээ. Ийм орчинд Аврагчийн сайн мэдээнд үнэнч үлдэх нь Сүмийн олон гишүүний хувьд хэцүү байв. Паул Коринтын гэгээнтнүүдэд тулгарсан сорилт бэрхшээлд туслахын тулд тэдэнд бичсэн захидалдаа тэдний төлөө тавьсан суурийн тухай дурдсан байна.
1 Коринт 2:1–5 ба 1 Коринт 3:10–11 -ийг уншаад, энэ суурийг дүрсэлж буй үг хэллэгийг хайж ол.
-
Та Есүс Христ дээр сууриа тавина гэдгийг юу гэсэн утгатай гэж бодож байна вэ?
Мормоны Номд Хиламан ч гэсэн өөрийн хөвгүүдийг Есүс Христ дээр сууриа тавихад уриалсан байдаг. Хиламан 5:12 -ыг уншаад, Хиламаны амласан адислалуудыг хайж ол.
-
Та эдгээр шүлгээс тустай байж болох юуг найзтайгаа хуваалцаж болох вэ?
Бидний эдгээр судраас олж мэдэж болох нэг үнэн бол бид Есүс Христ дээр амьдралынхаа суурийг тавьснаар Сатаны нөлөө болон дэлхийн сорилтуудыг даван туулж чадна гэдэг үнэн юм.
-
Аврагчийн талаар мэддэг, мэдэрдэг эсвэл итгэдэг ямар ямар зүйл Түүнийг үндэс сууриа болгох хүсэлтэй болоход танд тусалдаг вэ?
-
Хүчирхэг тулгуур эсвэл суурьтай энгийн байшин эсвэл барилгын зураг зур. Байшингийн эргэн тойронд өөрт тулгарч буй зарим сорилт эсвэл сөрөг нөлөөг бич.
-
Суурийн дотор эсвэл эргэн тойронд Аврагч дээр амьдралаа суурилуулахын тулд хийж чадах зүйлсээ бич.
-
Дараах асуултад хариул. Эдгээр үйлдэл нь танд хэрхэн тусалсан бэ эсвэл сорилт бэрхшээл, сөрөг нөлөөтэй тулгарах үед эдгээр нь танд хэрхэн туслах вэ?
Паул коринтчуудад бичсэн захидалдаа хэд хэдэн асуудлыг авч үзсэн бөгөөд Аврагчид болон Түүний сайн мэдээнд сорилтоо ялан дийлэхэд нь тэдэнд туслах хүч хэрхэн агуулагддаг талаар заажээ ( 1 Коринт 1:23–24 -ийг үзнэ үү). Дараах үйл ажиллагаа нь эдгээр асуудлын хоёрт төвлөрдөг. Дараах сонголтуудыг уншаад, судлахад хамгийн утга учиртай байж болох нэгийг сонго.
Сонголт А: Хагарал бутрал ба маргаан
Коринтын гэгээнтнүүдэд тулгарч байсан нэг сорилт нь маргаан байв. Тэд Сүм дэх байр суурь нь тэдэнд баптисм хүртээсэн хүн хэр ач холбогдолтой хүн болохоос хамаардаг гэдэгт итгэдэг байсны улмаас хагарал бутрал гарсан байна ( 1 Коринт 1:12 -ыг үзнэ үү).
Байшингийнхаа зургийн хажууд та өөрийн тойрог, гэр бүл эсвэл эргэн тойрондоо хагарал бутрал эсвэл маргаантай ямар байдлаар тулгарч буйгаа жагсаан бичиж болно.
-
Хагарал бутрал, хэрүүл маргаанаас ямар үр дагаврууд гарч болох вэ?
1 Коринт 1:10–13 болон 1 Коринт 3:3–9 -ийг уншаад, Паул Есүс Христ дээр сууриа тавихад нь хүмүүст туслахаар хэрхэн оролдож байсныг олж мэд.
-
Эдгээр шүлгээс та хагарал бутрал, хэрүүл маргааныг даван туулахад хүмүүст туслах юуг олж харсан бэ?
-
Есүс Христ дээр амьдралаа босгох нь танд эргэн тойрныхоо хүмүүстэй нэгдэж, маргаан үүсгэхгүй байхад хэрхэн тусалдаг гэж та бодож байна вэ?
Сонголт Б: Дэлхийн мэргэн ухаан
Коринтод амьдарч байсан олон хүн дэлхийн мэргэн ухааныг илүү үнэлдэг байв. Цовдлогдсон Мессиагийн дамжуулсан зурвас олон иудей хүнд болон харийнханд утгагүй санагдаж байжээ. Ромын ертөнцөд цовдлох шийтгэл ичгүүр болон ялагдлыг бэлгэддэг байв. Грекүүдийн хувьд бусдын төлөө өөрийн хүслээр зовж шаналж буй хэн нэгэн нь “мунхаглал” гэсэнтэй адилхан утгатай байжээ ( 1 Коринт 1:23). Иудейчүүдийн хувьд загалмай дээр амиа алдсан Мессиа “бүдрүүлэх саад” ( 1 Коринт 1:23) байв. Учир нь тэд Мессиаг тэдний дайснуудыг дарж өгнө гэж хүлээж байжээ.
1 Коринт 1:17–25 -ыг уншаад, Паул эдгээр хандлагад ямар хариу үйлдэл үзүүлсэн болохыг олж мэд.
Байшин зурсан цаасныхаа хаа нэгтээ дэлхийн мэргэн ухаан таны Есүс Христ ба Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлд ямар аргаар нөлөөлж эсвэл сорьж болох талаар жагсаан бич.
-
Яагаад зарим хүн өнөөдөр Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг ойлгож, бишрэн хүндэтгэдэггүй вэ?
-
Аврагч тэдний амьдралд бодит хүчийг үзүүлж чадна гэдгийг мэдэж, мэдэрснээр тухайн хүмүүст ямар өөрчлөлтүүд гарч болох вэ? ( 1 Коринт 1:24 -ийг үзнэ үү).
-
Дэлхийн сорилтот санаа бодлуудтай нүүр тулах үед Есүс Христэд болон Түүний сайн мэдээн дээр амьдралаа босгох нь танд хэрхэн туслах вэ?
Есүс Христ дээр амьдралаа босгох
Өөрийн амьдралыг үнэлж цэгнэхэд цөөн минут зарцуул. Та Есүс Христ дээр ямар арга замаар сууриа тавьсан бэ? Та үүнийгээ ямар арга замаар сайжруулахыг хүсэж байна вэ? Өөрийн амьдралыг Аврагч Есүс Христэд болон Түүний сайн мэдээн дээр илүү ихээр тулгуурлан босгох нь танд сорилт бэрхшээл, сөрөг нөлөөнүүдтэй тулгарахад хэрхэн туслах вэ? Бодол санаа, зорилгоо судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэх талаар бодож үз.
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Би яагаад Есүс Христ дээр сууриа тавих нь зөв зүйтэй вэ?
Далын ахлагч Чи Хонг (Сэм) Вонг ийн тунхагласан.
Хэрэв бид Есүс Христ дээр сууриа тавих юм бол яав ч унахгүй! Бид эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчих аваас Бурхан Өөрийнх нь хадан дээр амьдралаа босгоход бидэнд туслах бөгөөд “тамын үүд биднийг дийлэх нь үгүй” ( Сургаал ба Гэрээ 10:69). Бид ирж буй бүх зүйлийг өөрчилж чадахгүй байж болох ч ирэх зүйлд хэрхэн бэлдэхээ сонгож чадна.
(Чи Хонг (Сэм) Вонг, “Тэд дийлэх нь үгүй, бид ялагдах нь үгүй,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 100)