1 Коринт 6
“Та нарын бие бол Ариун Сүнсний сүм”
Заримдаа өргөн тархсан ёс бус байдал, бэлгийн харьцааны нүглүүд зөвхөн өнөөгийн цаг үед болж буй асуудал мэт бодогддог. Гэтэл Паул бараг 2000 гаруй жилийн өмнө бичсэн захидалдаа, үүнтэй ижил нүглийн талаар зааж, сэрэмжлүүлсэн байдаг. Паулын хүчирхэг сургаалууд Коринтын гэгээнтнүүдийг хүчирхэгжүүлж, зөв замд нь оруулан, гэрээний зам руу эргүүлэн авчирсан юм. Энэ хичээл нь бие махбодын болон бэлгийн харьцааны цэвэр ариун байдлын ач холбогдлыг ойлгоход танд туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал
Бэлгийн харьцааны цэвэр ариун байдлын талаарх дараах мэдэгдлүүдийг уншина уу. 1-ээс 5 хүртэлх хэмжүүрээр мэдэгдэл тус бүрийг үнэл (1=огт санал нийлэхгүй, 2=санал нийлэхгүй, 3=санал байхгүй, 4=санал нийлж байна, 5=бүрэн санал нийлж байна).
-
Бид бэлгийн харьцааны ямар ямар хандлага, үйлдлийг хүлээн зөвшөөрч болох талаар янз бүрийн үзэл бодолтой дэлхийд амьдарч байна.
-
Би бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх (мөн ариун явдлын хууль гэдэг) Их Эзэний жишгийг ойлгодог.
-
Би бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх Их Эзэний жишгийн дагуу амьдрахыг хүсдэг.
-
Би бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх Их Эзэний жишиг миний амьдралыг хэрхэн адисалдгийг мэддэг.
-
Надад бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх Их Эзэний жишгийн талаар асуух зүйл байгаа.
Та бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх Их Эзэний жишгийн талаар мэддэг, итгэдэг зүйлсээ мөн энэ талаар асуумаар байгаа аливаа асуултаа судлах тэмдэглэлдээ бичих талаар бодож үзээрэй.Энэ хичээлийг судлахдаа Ариун Сүнсээр дамжуулан таныг удирдан залах Тэнгэрлэг Эцэгт ханд. Бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх Их Эзэний жишгийг илүү сайн ойлгож, үүний дагуу амьдрах хүсэлтэй болоход мөн таны асуулт, асуудлуудад хариулахад туслах үнэнүүдийг танин мэдэж, судлахыг хичээ.
Паул Их Эзэний ариун явдлын хуулийг заасан
Коринт нь том, баян чинээлэг, олон үндэстэн ястны хүмүүсээс бүрдсэн, бэлгийн харьцааны гэм нүгэлд автсан хот байжээ. Паул садар самуун явдал (гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа), шалиг завхай байх, ижил хүйсийн хүнтэй явалдахыг коринтчуудын дунд түгээмэл байсан гэм нүглүүд хэмээн дурджээ ( 1 Коринт 6:9–10 -ыг үзнэ үү).
1 Коринт 6:18–20 дахь Паулын сургаалуудыг уншаад, бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх, хүний бие махбодын ариун нандин мөн чанарын талаарх Бурханы сургаалыг агуулсан үг, хэллэгүүдийг тэмдэглэх талаар бодож үз.
-
Их Эзэн эдгээр шүлгээс ямар үнэнийг ойлгоосой хэмээн танаас хүсдэг гэж та бодож байна вэ? Их Эзэн яагаад эдгээр үнэнийг ойлгоосой хэмээн танаас хүсдэг гэж та бодож байна вэ?
-
Эдгээр үнэн нь Их Эзэний ариун явдлын хуулийг харах өнцөгт тань хэрхэн нөлөөлж байна вэ?
Бидний эдгээр шүлгээс олж мэдэж болох нэг үнэн бол бидний бие бол Сүнс оршин байх боломжтой Бурханы сүм юм.
Судлах тэмдэглэлийнхээ нэг хуудасны голд ариун сүмийн хажууд зогсож буй хүний энгийн хар зураг зур. Уг зургийг тойруулан бие махбод, ариун сүм хоёртой ижил төстэй зүйлсийг жагсаан бич. Ийн харьцуулах нь ариун явдлын хуулийг ойлгоход танд тусалж болох шалтгаануудыг тодорхойл. Дараах асуултууд ийн харьцуулахад тань тусална.
-
Бие махбодоо ариун сүм гэж бодох нь бие махбоддоо ханддаг хандлагад маань хэрхэн нөлөөлөх вэ?
-
Бие махбодоо ариун сүмтэй зүйрлэх нь бэлгийн харьцааны цэвэр ариун байдалтай холбоотой бидний бодол санаа, үйлдлүүдэд хэрхэн нөлөөлөх вэ?
-
Судрын энэ хэсгээс Ариун Сүнсний талаар ойлговол зохих ямар ямар үнэн байна вэ? Яагаад?
-
Та ямар ямар шалтгаанаар Ариун Сүнсийг өөртэйгөө хамт оршин байлгахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж бодож байна вэ?
Ариун явдлын хуулийг хэн нэгэн зөрчвөл юу болох вэ? Паул коринтчуудад зааж байхдаа, Коринтын зарим гишүүн урьд өмнө нь бэлгийн харьцааны гэм нүгэл үйлдэж байсныг онцолсон байна ( 1 Коринт 6:9–11 -ийг үзнэ үү). Гэсэн ч тэд наманчилж, баптисм хүртсэнээр Есүс Христийн Цагаатгалаар цэвэршигдсэн аж.
1 Коринт 6:11 -ийг уншаад, бүх хүн хүртэх боломжтой Есүс Христийн Цагаатгалын ариусгагч хүчийг ойлгоход нь коринтчуудад туслахын тулд Паулын ашигласан үг, хэллэгүүдийг тэмдэглэх талаар бодож үз.
-
Есүс Христ биднийг бэлгийн харьцааны гэм нүглээс ариусгадаг гэдгийг мэдэх нь яагаад амин чухал вэ?
1 Коринт 6:19–20 -ийг дахин уншаад, Есүс Христ болон Түүний Цагаатгалын талаар Паул өөр юу заасныг олж мэд.
-
Паул “та нар ч өөрсдөө өөрсдийнх бус” бөгөөд “та нарыг үнэтэйгээр худалдан авсан” гэж хэлэхдээ ямар утгыг илэрхийлсэн гэж та бодож байна вэ?
-
Аврагчийн золиос өөрийн бие махбодын талаар бодох бодол, хандах хандлагад тань хэрхэн нөлөөлж байна вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Есүс Христийн золиос, ариун явдал хоёрын хоорондын уялдаа холбоог онцолсон.
Бие махбод бол бидний бодгалийн амин чухал хэсэг юм. Хожмын үеийн гэгээнтний энэхүү өвөрмөц, маш чухал сургаал нь бэлгийн харьцааны гэм нүгэл яагаад ийм ноцтой байдаг болохыг онцлон авч үздэг. … Өөр хэн нэгний бие махбодыг ашиглах нь тухайн хүний бодгалийг ашиглаж байна гэсэн үг бөгөөд энэ нь тухайн бодгалийг аварч, мөнх амийн бэлгийг хүртэх боломжтой болгосон Есүс Христийн Цагаатгалыг гутаан доромжилж буй хэрэг билээ. …
“Энэ хэнд гай болох юм бэ? Яагаад жаахан ч гэсэн эрх чөлөөтэй байж болохгүй гэж? Би одоо нүгэл үйлдвэл, дараа нь наманчилж болно шүү дээ” гэж хэзээ ч бүү хэлээрэй. Хэзээ ч ийм тэнэг, балмад байж болохгүй. Та шийтгэл хүлээлгүйгээр “Христийг дахиад цовдолж” чадахгүй [ Еврей 6:6 -г үзнэ үү]. Паул “Садар самуунаас зугт” [ 1 Коринт 6:18 ] буюу “энэ мэт ямар ч зүйлээс” [ Сургаал ба Гэрээ 59:6 ; онцлон бичилт нэмэгдсэн] зугтах ёстой гэж хашхирсан билээ. Сургаал ба Гэрээ нэмэгдсэн. Яагаад гэж үү? Бидэнд зугтах боломж олгохын тулд дэлхийн Аврагчийн бие, сүнсний аль алинаар нь тэвчсэн, дүрслэхийн аргагүй зовлон шаналал нь нэг шалтгаан юм [ялангуяа C ба Г 19:15–20 -ийг үзнэ үү]. Бид үүнийх нь төлөө Түүнд өртэй. Үнэндээ, бид үүнийх нь төлөө Түүнд бүх зүйлээр өртэй.”
(Jeffrey R. Holland, “Personal Purity,” Ensign, Nov. 1998, 76)
-
Аврагч таны төлөө цусаа урсган зовж шаналсан болохыг мэдэх нь Түүний талаар ойлгоход танд хэрхэн туслах вэ? Үүнийг таньж мэдэх нь Түүнийг дагах хүсэл, чадварыг тань хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Паул Коринтын гэгээнтнүүдэд хандаж хэлсэнтэй адил, бидний цаг үеийн Их Эзэний үйлчлэгчид бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх Их Эзэний жишиг, биднийг өршөөн, цэвэршүүлэх Аврагчийн хүч чадлын талаар холбогдох зөвлөгөөг өгсөн. ChurchofJesusChrist.org-оос эсвэл Gospel Library аппликэйшн дээрх “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал” сэдвийг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2011) х. 35–37-оос уншаад, таныг хүчирхэгжүүлж, асуултад тань хариулах үнэнүүдийг хайж ол.
-
1 Коринт 6 -аас болон орчин үеийн бошиглогчдын хэлсэн үгээс бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх Их Эзэний жишгийг илүү сайн ойлгоход танд тусалсан ямар ямар зарчмыг та олж мэдсэн бэ?
-
Хэрэв танд энэ хичээлээс хариултаа аваагүй, бэлгийн харьцааны цэвэр ариун байдлын талаар ямар нэг асуулт эсвэл асуудал байвал та хаашаа хандаж болох вэ?
Өнөөдөр олж авсан туршлага дээрээ үндэслэхэд, Их Эзэн танаар ямар үйлдэл хийлгүүлэхийг хүсэж байгаа талаар та Ариун Сүнснээс хүлээн авсан аливаа өдөөлтөө хэдэн хором тунгаан бод.
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
1 Коринт 6:19 . Яагаад өөрийн бие махбодыг “Ариун Сүнсний сүм” гэж харах нь надад чухал вэ?
Өөрийн бие махбодыг Ариун Сүнсний ариун сүм гэж харах нь бидний амьдралд хэрхэн нөлөөлөх талаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заажээ.
Бурханы мөнхийн төлөвлөгөөнд бие махбод ийм чухал байр суурь эзэлдэг учир бидний биеийг төлөөлөгч Паул “Бурханы ариун сүм” гэж нэрлэсэнд гайхаад байх зүйлгүй юм [ 1 Коринт 3:16 ; мөн 6:19 -ийг үзнэ үү]. Толинд харах болгондоо өөрийн биеийг ариун сүм гэж харж бай. Өдөр бүр талархаж байх ёстой энэхүү үнэн нь таныг биеэ хэрхэн арчилж, ашиглах талаар зөв шийдвэр гаргахад туслах болно.
(Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой шийдвэрүүд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 122)
Сатан биднийг бие мабодоо буруу ашиглахад хэрхэн уруу татдаг вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Сатаны гуйвуулга, бие махбодын ач холбогдлын талаар ийн заасан.
Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөнд болон бидний сүнслэг хөгжилд бие махбод маань чухал учир Люсифер бидний хөгжил дэвшлийг зогсоохын тулд биеэ буруугаар ашиглахад уруу татдаг. …
Ариун явдлын хуулийг зөрчих нь ноцтой нүгэл бөгөөд бие махбодоо буруугаар ашиглаж байгаа явдал мөн. Авралын төлөвлөгөөг ойлгож мэддэг хүмүүсийн хувьд биеэ бузарлах нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг ( Мозая 2:36–37 ; [Сургаал ба Гэрээ] 64:34–35 -ыг үзнэ үү) бөгөөд Түүний охид, хөвгүүд хэмээх үнэн тодорхойлолтоос ухарч байгаа явдал юм. Зуурдын амьдралын дараах мөнх амьдралын талаар бодох үед дайсны санал болгодог хуурамч нөхөрлөл нь түр зуурын бөгөөд хоосон гэдгийг ойлгоход амархан болдог.
(Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” , 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52)
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Сюзан В.Таннэр биднийг бие махбодоо буруу ашиглахад уруу татдаг дайснуудын зарим арга замын талаар ийн хэлсэн.
[Сатан] ариун бус явдал, даруу бус зан, өөрийгөө өөгшүүлэх болон донтолтоор дамжуулан энэхүү агуу бэлгийг бузарлахад олон хүнийг уруу татдаг. Тэр зарим хүнийг бие махбодоо үзэн ядахад уруу татдаг бол заримыг нь бие махбодоо тахин шүтэхэд уруу татдаг. Аль ч тохиолдолд тэр бие махбодыг зүгээр нэг эд зүйл мэт ханд гэсэн өгөөшийг дэлхийд өгдөг. Бие махбодын талаарх ийм олон сатанлаг худал мэдээлэлтэй тулгарч байгаагийн хувьд өнөөдөр би бие махбодоо ариун нандин байлгах явдлыг дэмжихэд дуу хоолойгоо өргөхийг хүсэж байна. Бие махбод бол талархаж, хүндэтгэлтэй хандах ёстой бэлэг гэдгийг би гэрчилж байна.
(Susan W. Tanner, “The Sanctity of the Body,” Ensign эсвэл Liahona, Nov. 2005, 13)