Семинар
1 Тимот 4:12–16


1 Тимот 4:12–16

“Чи итгэгчдэд үлгэр дуурайл бол”

Ward Building Photowalk

Ефес шиг хорон муу зүйл шүглэсэн газарт Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахад амаргүй байв. Тимотын нэгэн адил зөв шударга амьдрахаар сонгосон хүмүүс бусад нөхдөөсөө онцгойрон ялгарч байлаа. Гэсэн ч Паул Тимотыг бага залуу гэж эсвэл итгэл үнэмшлийг нь шүүмжилсэн хүмүүсийн үгийг хүндээр тусгаж авалгүй “итгэгчдэд үлгэр дуурайл болохыг” (1 Тимот 4:12) уриалсан. Энэ хичээл нь залуу насандаа Есүс Христийн шавийн үлгэр дуурайлыг үзүүлэхийг хичээн чармайхад танд туслах зорилготой.

Жагсаалт эсвэл хүснэгт ашиглах. Жагсаалт эсвэл хүснэгт үзүүлэх замаар судраас хэрхэн илүү үр дүнтэй судалж болохыг олж мэдэхэд нь суралцагчдад тусал. Энэ нь тэдэнд судар дээрх мэдээллийг болон Ариун Сүнснээс хүлээн авдаг сэтгэгдлээ эмхэтгэн цэгцэлж, ойлгоход тусална. Энэ хичээл нь энэхүү чадварыг ашиглан дадлага хийх боломжийг суралцагчдад олгоно.

Суралцагчийн бэлтгэл: Хэрэв хэн нэгэн таныг долоо хоногийн турш дагасан бол танаас Есүс Христийг дагахыг хичээж байгаагийн ямар нотолгоог тэд олж харах байсан бэ? гэсэн асуултыг бодоод, бодол санаагаа хуваалцахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Дараах хичээл нь итгэгчдэд үлгэр дуурайл үзүүлэх талаар Паулын сургаалаас суралцахад суралцагчдад тусална. Паулын сургаалыг илүү сайн судлахад суралцагчдад туслахын тулд ангийнхныг гурван бүлэгт хуваах талаар бодож үз. Нэг бүлэг нь энэ хичээлийг ашиглан 1 Тимот 4:12–16 -г, нөгөө хоёр бүлэг нь “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэг дэх мэдээллийг ашиглан 1 Тимот 6:7–12 ба 2 Тимот 1:1–8 -ыг тус тус судалж болно. Дараа нь суралцагчид олж мэдсэн зүйлээ хуваалцаж болно.

Энэ нь танд юуны талаар өгүүлж байна вэ?

  • Хэрэв хэн нэгэн таныг долоо хоногийн турш ажиглавал, Есүс Христийг дагахыг хичээдэг талаар ямар нотолгоог тэр харах байсан бол?

  • Христийг дагахыг эрэлхийлэхдээ юун дээрээ ажиллан, сайжруулах хэрэгтэй болохыг тэд таны амьдралаас олж харах байсан бэ?

Бодол санаагаа сайн дураараа хуваалцахад хэдэн суралцагчийг урихыг бод.

 

2:40
  • Бусдад ямар үлгэр жишээ харуулж байгаагаа бодож үзэх нь яагаад чухал вэ?

Эргэн тойрныхоо хүмүүст Есүс Христийг дагагчийн үлгэр дуурайлыг үзүүлж байна гэж бодоход танд хэр таатай санагдаж байна вэ мөн яагаад ийн санагдаж байгааг бод.

Энэ хичээлийг судлахдаа, бусдад тусалж, тэднийг Аврагч руу хөтөлдөг үлгэр жишээг хэрхэн үзүүлж байгаагаа тодорхойлохын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Хэрэв бусдад үлгэр дуурайл үзүүлж байна гэж бодоход танд таатай санагдахгүй байвал танд тусалж, урамшуулан зоригжуулах үнэнүүдийг хайж ол.

Паул Тимотыг урамшуулан зоригжуулсан

Шинэ Гэрээнд Паулын өөрийн хамгийн итгэлтэй нөхдийн нэг болох Тимотод бичсэн хоёр захидал багтсан байдаг ( 1 Коринт 4:17 -г үзнэ үү). Тимотын талаарх дараах мэдээллийг уншихдаа, түүний үлгэр дуурайл бусдыг хэрхэн өөрчлөх тухай бод. Та ямар нэг байдлаар түүнтэй холбогдож байна уу?

  • Тимотын ээж, эмээ хоёр нь зөв шударга үлгэр дуурайл үзүүлж байсан боловч эцэг нь итгэгч бус грек харийн хүн байжээ ( Үйлс 16:1 ; 2 Тимот 1:5 ; 3:14–15 -ыг үзнэ үү).

  • Тимот Ефест Сүмийн удирдагчаар үйлчилж байсан ( 1 Тимот 1:3 -ыг үзнэ үү). Энэ газар нь хуурамч бурхдыг шүтдэг том хот байсан ба тэнд ёс бус байдал ердийн зүйл байв ( Үйлс 19:35 -ыг үзнэ үү).

  • Тимотын нас залуу байсан тул зарим гишүүн түүний удирдах чадварт эргэлзэж байсныг Паул цухас дурджээ ( 1 Тимот 4:12 -ыг үзнэ үү).

1 Тимот 4:12–16 -г уншаад, Паул Тимотод юу хийхийг зөвлөсөн болохыг олж мэд.

  • Таны хувьд утга учиртай болох юуг та олж мэдсэн бэ?

  • Та 12-р шүлэг дэх Паулын урилга мөн 16-р шүлэг дэх амлалтыг хэрхэн үнэний нэг мэдэгдэл болгон нэгтгэх вэ?

Суралцагчдад өөрсдийн үгийг ашиглах боломж олго. Гэхдээ тэдэнд дараах үнэнийг тодорхойлоход тусал.

Паул 1 Тимот 4:12, 16хэрэв бид Есүс Христийн итгэгчдийн үлгэр дуурайл юм бол өөрсдөдөө болон бусдад авралыг авчрахад тусалж чадна хэмээн заасан.

Судрууд дахь жагсаалтыг тодорхойлох нь амьдралдаа сайн мэдээний үнэнүүдийг хэрэгжүүлэх олон арга замыг олж харахад бидэнд тусалдаг. 12-р шүлэгт Паул эргэн тойронд байгаа хүмүүстээ сайн үлгэр дуурайл үзүүлэхийн тулд аль тал дээрээ Христтэй илүү адилхан болж болохыг жагсаасан.

12-р шүлгийг дахин уншаад, Паулын биднийг төвлөрөхөд урьсан тал бүрийг дүрсэлсэн үгсийг тэмдэглэ. Энэ жагсаалтаа судлах тэмдэглэлдээ хуулж тавих талаар бодож үз.

Суралцагчдын тодорхойлсон талуудын жагсаалтыг самбарт бичих талаар бодож үз. Хичээлийн сүүлд тал тус бүрийн доор хэд хэдэн санаа бичих зайг самбарт үлдээ.

  • Эдгээр үг тус бүр ямар утга агуулгатай болохыг та хэрхэн тайлбарлах вэ? (Шаардлагатай бол тэдгээрийг тодорхойлоход судраас судлах хэрэгслүүд эсвэл толь бичгийг ашигла.)

Энэ шүлэг дэх зан байдал гэдэг үг нь бидний хийж буй үйлдлийг юм уу гаргаж буй зан авирыг илэрхийлж байгааг мэдэх нь тустай байж болох юм.

  • Энэ тал дээр сайн үлгэр дуурайл үзүүлдэг хэнийг та таних вэ? Тэдний үлгэр дуурайл танд болон бусдад хэрхэн нөлөөлсөн бэ?

Суралцагчдыг энэ асуултыг тунгаан бодож байх үед ангийнхаа гишүүдийг авч үзэхэд тэднийг урь Хэдэн суралцагчийг хуваалцахад урь. Суралцагчид мөн өөрсдөд нь хэрхэн сайн үлгэр дуурайл үзүүлж байсан талаар ангийнхаа өөр нэгэн гишүүнд зурвас бичиж болно. Бусдын сайн үлгэр дуурайлыг ажиглаж, магтах нь ангид эв нэгдлийг авчирна.

  • Есүс Христ эдгээр тал дээр хэрхэн төгс үлгэр дуурайл байж чадсан бэ? Түүний үлгэр дуурайл таныг болон бусдыг хэрхэн адисалсан бэ?

  • Их Эзэн хэрхэн эдгээр тал дээр таныг бусдад үлгэр дуурайл болоосой хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

Та хэрхэн үлгэр дуурайл үзүүлж чадах вэ?

Өөрийн сонгосон тал дээр үлгэр дуурайл үзүүлж чадах хэд хэдэн арга замыг жагсаа. Жишээлбэл: “үгээр” үлгэр дуурайл үзүүлэхийн тулд та дараах санаануудын заримыг жагсаасан байж болно. Үүнд:

  • талархлаа илүү ойр ойрхон илэрхийлэх

  • хүмүүсийг чин сэтгэлээсээ магтан сайшаах

  • үнэнийг хэлэх

  • хараалын үг хэлэхээс зайлсхийх

  • хайраа илүү ойр ойрхон илэрхийлэх

  • хүмүүстэй хүндэтгэлтэй харьцах

  • хов жив ярихаас зайлсхийх

  • илүү чин сэтгэлээсээ залбирах

Хэрэв тэдний санаа хэт хувийн шинж чанартай биш бол санаануудаа самбар дээрх гарчгийн доор бичих замаар хуваалцахад суралцагчдыг урь.

Хэрэв эдгээр арга замаар үлгэр дуурайл үзүүлэхийг хичээвэл Их Эзэн таныг болон бусдыг хэрхэн адислах талаар цаг гарган тунгаан бод.

  • Есүс Христийн шавийн хувьд илүү сайн үлгэр дуурайл үзүүлэхэд туслах юуг та өнөөдөр сурч мэдсэн эсвэл мэдэрсэн бэ?

  • Та бусдад тийм сайн үлгэр дуурайл үзүүлэхийн тулд юу хийх вэ?

  • Таны үлгэр дуурайл бусдад Есүс Христийн талаар болон Түүний сэргээгдсэн Сүмийн талаар юуг заагаасай хэмээн та найдаж байна вэ? Яагаад?

Сайн үлгэр дуурайлыг олж харсан хүмүүст үзүүлэх нөлөөний хүчийг гэрчил. Хэн нэгний Христийнхтэй адил үлгэр жишээгээр адислагдсан хувийн түүхээ хуваалцах талаар бодож үзээд, энэ хичээл дээр тодорхойлсон өөрчлөлтүүдийг амьдралдаа хэрэгжүүлэхэд суралцагчдыг урь.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Би хэрхэн илүү сайн үлгэр дуурайл үзүүлж чадах вэ?

ChurchofJesusChrist.org дээрх дараах видеог үзэх талаар бодож үз. Энд залуу хүмүүс хэрхэн эргэн тойрныхондоо үлгэр дуурайл үзүүлж байгааг үзүүлсэн болно. Үзэхдээ бусдад ямар ямар арга замаар үлгэр дуурайл үзүүлж чадахаа бодоорой.

“Гэрлээ хуваалцах нь” (2:56)

2:56

 

4:50

 

2:51

Өсвөр насны хүүхэд миний үлгэр дуурайл үнэхээр чухал зүйл байж чадах уу?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х. Кордон эгч таны үлгэр дуурайл ямар ач холбогдолтой талаар ийн заасан.

10:28
Former Official Portrait of Sister Bonnie H. Cordon, Photographed October 2016. Replaced October 2018.

Хайрт найзууд минь, гэрлээ туяаран гийгүүлэх нь яагаад тийм чухал байдаг вэ? Их Эзэн “Тэд үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг нь олон буй” [ Сургаал ба Гэрээ 123:12 ] хэмээн бидэнд айлдсан. Бид тэдэнд тусалж чадна. Бид бусдад харагдахын тулд зориудаар гэрлээ туяаран гийгүүлж чадна. Бид тэднийг урьж чадна. Христийн зүг эргэлзээд ч гэсэн нэг алхам урагшилж байгаа хүмүүстэй бид хамт алхаж чадна. …

Их Эзэн бидний өчүүхэн хичээл зүтгэл бүрийг хүчирхэгжүүлнэ гэдгийг би гэрчилж байна. Ариун Сүнс бидэнд хэлэх, хийх зүйлээ мэдэхэд тусалдаг. Ийм оролдлогуудыг хийхдээ бид тав тухтай байдлаа орхих хэрэгтэй болж магадгүй. Гэсэн ч гэрэл маань туяаран гийхэд Их Эзэн туслах болно гэдэгт итгэлтэй байгаарай.

(Бонни Х.Кордон, “Тэд харж болохын тулд,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 97–98)

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) үлгэр жишээ үзүүлэх талаар ийн заажээ.

Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Үлгэр жишээ бай …. Бидэнд олон боломж бий. Гэвч эдгээр боломж үргэлж бэлэн зэлэн байдаггүй. Ийм боломжууд өөрсдийн маань гэр оронд, бидний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд байдаг. Бидний Их Эзэн ‘сайныг үйлдэж явсан’ замаа тэмдэглэсэн юм. ( Үйлс 10:38 .) Тэрбээр үйл хэрэг дээрээ, бүр итгэгчдийн хувьд даган дуурайх үлгэр жишээ байсан юм.

Харин бид тийм байж чадаж байна уу?

(Thomas S. Monson, “An Example of the Believers,” Ensign, Nov. 1992, 98)

1 Тимот 4:16. “Өөрийгөө аврах” гэж хэлэхдээ Паул ямар утга агуулгаар үүнийг хэлсэн бэ?

Паул хэдийгээр “Учир нь ингэснээр чи өөрийгөө болон сонсогчдоо хэн хэнийг нь аварна” ( 1 Тимот 4:16) гэсэн үгсийг ашигласан боловч мөн бид зөвхөн Есүс Христээр дамжуулан аврагдах боломжтой ( 1 Тимот 1:15–16 ; 2:5–6 -г үзнэ үү) гэдгийг гэрчилжээ. Бид өөрсдийн хүчин чармайлтаар дамжуулан Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж, Түүнд биднийг аврах боломжийг олгоно.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

1 Тимот 6:7–12. Эд баялагт эсвэл Бурханд итгэх

Бага хэмжээний мөнгө харуулаад, уг мөнгийг сайн зүйлд ашиглаж болох хэд хэдэн арга замыг хуваалцахад суралцагчдыг урь.

Суралцагчдыг 1 Тимот 6:7–12 -ыг уншаад, Паул мөнгийг сайн зорилгоор ашиглаж болно гэдгийг мэдэж байсан ч яагаад энэ анхааруулга, урилгыг өгсөн талаар юу бодож байгаагаа тайлбарлахад урь. Эдгээр шүлэг дэх үнэнүүд ядуу болон баян хүмүүсийн аль алинтай хэр хамаатай болохыг асуу.

Их Эзэний эд баялагтай холбоотой өгсөн зөвлөгөөг судраас хайх цагийг суралцагчдад гаргаж өг. (Байж болох судрын зарим хэсэгт 1 Тимот 6:17–19 ; Матай 6:19–21, 24 ; Иаков 2:17–19 ; Сургаал ба Гэрээ 6:7 ; 56:16–17 багтана.)

Суралцагчдыг эдгээр судрын хэсгээс сурч мэдсэн зүйлээ нэгтгэн дүгнэж, хуваалцахад урь.

2 Тимот 1:1–8. Айдсаа ялан дийлэх

Самбарт айдас гэх үгийг бичээд, айдас бидэнд хэрхэн нөлөөлж болох талаар эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг 2 Тимот 1:1–8 -ыг уншаад, айдсаа ялан дийлэхэд тэдэнд туслах зарчмыг олж мэдэхэд урь. Бид Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахыг чин сэтгэлээсээ эрэлхийлбэл айдсаа ялан дийлж, Есүс Христийн талаарх гэрчлэлээсээ ичихгүй байх болно гэсэн зарчмыг ярилц. Энэ зарчмыг ойлгоход дараахтай адил асуултууд суралцагчдад тусалж болох юм. Үүнд:

  • Бидний Ариун Сүнсний тусламжтай хүлээн авдаг тэнгэрлэг хүч, хайр, сайтар эргэцүүлсэн шүүлт зэрэг нь айдсаа даван туулахад хэрхэн тусалж болох вэ?

  • Есүс Христийн тухай гэрчлэхээсээ ичихгүй байгаа гэдгээ бид ямар арга замаар харуулж болох вэ?

  • Хэзээ Ариун Сүнс танд айдсаа даван туулахад тусалж, Есүс Христийг гэрчлэхдээ бат зогсоход зоригжуулсан бэ?