2 Tимот 4
“Би итгэлээ сахисан”
Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах нь биднийг олон арга замаар адисалдаг. Хэдийгээр бид сорилт бэрхшээл, дарамт хавчлагатай тулгарах ч Есүс Христэд итгэснээр эцэстээ зоригтой хэвээр үлдэж чадна. Аврагчийг хэдэн арван жил дагахыг эрэлхийлснийхээ дараа Паул тун удахгүй амиа алдана гэдгээ мэдэж байв. Тимотод бичсэн сүүлийн захиандаа, тэр үнэнч хэвээр үлдсэндээ өөрөө төдийгүй итгэлдээ үнэнч байхыг сонгосон бүх хүн яагаад харамсахгүй тухай илэрхийлжээ. Энэ хичээл нь насан туршдаа Есүс Христийн шавь болох эсвэл шавь хэвээр үлдэх амлалт өгөхөд танд туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Итгэлтэйгээр тэвчих
Удахгүй нас барах гэж байгаагаа мэдэх танд ямар байхыг төсөөл.
-
Тэр өдөр ирэхэд та амьдралынхаа талаар юу гэж хэлнэ гэж найдаж байна вэ?
-
Тэр үед танд юу чухал байх вэ? Юу нь чухал биш байх бол?
-
Амьдралынхаа туршид Аврагчийг дагахын тулд гаргасан хүчин чармайлт тань яг тэр үед танд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ?
Есүс Христийн шавийн хувьд хэдэн арван жилийн турш зоригтой үйлчилсний эцэст Паул удахгүй амиа алдана гэдгээ мэдэж байсан ба Ромын шоронгоос Тимотод захидал бичжээ. Энэ бол Шинэ Гэрээнд багтсан, Паулын бичсэн хамгийн сүүлийн захидал юм. Туулсан амьдралаа эргэн харж, ирж буй үхлийнхээ талаар эргэцүүлэн бодох сүүлчийн мөчид энэ агуу хүнд төрсөн зарим бодол санааг унших боломжоор бид адислагдсан.
Паул үнэнч хэвээр үлдэхийн тулд гаргасан хүчин чармайлтаа хоёр үйлдэлтэй харьцуулжээ. 2 Тимот 4:6–7 -г уншаад, Паулын харьцуулалтыг хайж ол.
-
Яагаад сайн тэмцлээр тэмцэх болон замаа дуусгахыг амьдралынхаа туршид Есүс Христэд итгэх итгэлээ хэвээр авч үлдэхтэй харьцуулах нь үр дүнтэй байж болох вэ?
Та амьдралынхаа энэ цаг мөчид хэрхэн замаа дуусгахаа буюу Христэд үнэнч хэвээр үлдэхээр тэмцэлдэж байгаагаа нэг минут тунгаан бод. Танд хэзээ нэгэн цагт ядарч, туйлдаж, гэмтэж шархадсан мэт мэдрэмж төрж байсан уу? Та бууж өгөхөөр уруу татагдаж байсан уу? Аврагч эдгээр нөхцөл байдалд танд хэрхэн тусалж байсан бэ? Өнөөдөр судалж байхдаа, замаа дуусгах юм уу шавийн хувьд үргэлжлүүлэн тэмцэх нь таны хувьд яагаад зөв болох талаар бод.
Үнэнч хүмүүст Аврагч юу санал болгодог вэ?
2 Тимот 4:8 -ыг уншаад, Аврагчийн Паулд болон итгэлтэй байж тэвчиж чадсан бүх хүнд бэлдсэн адислалуудыг олж мэд.
Энэхүү титэм нь мөн өргөмжлөл хэмээн нэрлэгддэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт байх боломжтой мөнх амийг бэлгэддэг.
-
Паул яагаад Есүс Христийн бидэнд өгдөг энэхүү адислалыг “зөв байдлын титэм” хэмээн дүрсэлсэн гэж та бодож байна вэ?
Судрын энэ хэсгээс бид Есүс Христийн ачаар эцсээ хүртэл итгэлтэй байж тэвчиж чадсан бүх хүн мөнх амийг хүлээн авах болно гэх үнэнийг мэдэж авч болно.
-
“Эцсээ хүртэл тэвчих” гэдэг хэллэг таны хувьд ямар утгатай вэ? Та одоо ямар арга замаар тэвчих хэрэгтэй вэ? Эцсээ хүртэл тэвчихийг юу хүнд хэцүү болгодог вэ?
-
Ямар арга замаар Аврагч эцсээ хүртэл тэвчихийн үлгэр дуурайлыг үзүүлдэг вэ? ( Сургаал ба Гэрээ 19:16–19 -ийг үзнэ үү).
-
Аврагчийн эцсээ хүртэл тэвчсэн явдал бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
Таны эцсээ хүртэл тэвчихийг сонгосон сонголт хэнд нөлөөлсөн байж болох талаар хэсэг хугацаанд бод.
Бидний итгэл найдвар Есүс Христ дээр суурилдаг
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Л. Том Пэрри (1922–2015) эцсээ хүртэл тэвчих нь хүнд хэцүү тул бид ганцаараа амжилтад хүрэх боломжгүй болохыг тайлбарласан. Тэрээр ийн заасан.
Эцсээ хүртэл тэвчих нь ганцаараа хийдэг зүйл огтхон ч биш юм. Үүнд Аврагчийн гэтэлгэгч хүч шаардлагатай.
(L. Tom Perry, “The Gospel of Jesus Christ,” Ensign or Liahona, May 2008, 46)
Паулын адил өөр олон хүн Аврагчийн тусламжтайгаар эцсээ хүртэл тэвчсэн. Мормоны Номын дараах хэсгүүдээс дор хаяж хоёрыг нь унш. Аврагчтай харилцах харилцаа нь эдгээр бошиглогчийг итгэлтэйгээр тэвчиж, үхэлтэй нүүр тулах үед хэрхэн нөлөөлсөн болохыг олж мэд.
Лихай: 2 Нифай 1:14–15
Енос: Енос 1:27
Моронай: Моронай 10:32–34
-
Эдгээр шавь Есүс Христтэй харилцах харилцаагаа хэрхэн дүрсэлсэн бэ?
-
Тэрхүү харилцаа үхлийн талаарх бодол санаанд нь хэрхэн нөлөөлсөн бэ?
Та ямар зөвлөгөө өгөх вэ?
-
Хангалттай тэвчих хүчгүй гэж санаа зовниж байгаа итгэлтэй хүнд та ямар зөвлөгөө өгөх байсан бэ?
-
Аврагчийг дагахаа аль хэдийн больсон, дахин дагаж эхлэхэд хэт оройтсон гэж бодож байгаа хүнд та юу гэж хэлэх вэ? Аврагч бидэнд өөрчлөгдөж, дахин эхлэхэд тусална гэдгийг олж харахад тэдэнд туслахын тулд та Паулын амьдралын жишээг хэрхэн ашиглаж болох вэ?
-
Тэд Аврагчаас тусламж хүлээн авахын тулд ямар алхмуудыг хийж болох вэ?
Танд ямар захиас өгч байна вэ?
2 Тимот 4 рүү эргэж очоод, 6–8 болон 18-р шүлгийг уншина уу. Өөрийгөө ирээдүй рүү очиж, амьдралынхаа эцсийн мөчид Паулын хэлсэн үгийг хэлж байна гэж төсөөл. Дараа нь дараах асуултуудад хариул.
-
Тэнгэрлэг Эцэг танд ямар захиас өгсөн гэж та бодож байна вэ?
-
Өнөөдөр таны олж мэдэж, мэдэрсэн зүйлс Есүс Христийг танд хэрэгтэй гэдгийг илүү сайн ойлгоход хэрхэн тусалсан бэ?
-
Та юу хийхээр өдөөгдөж байна вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Бид хэрхэн эцсээ хүртэл тэвчих вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Л. Том Пэрри (1922–2015) ийн тайлбарлажээ.
“Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан” ( 2 Тимот 4:7) хэмээн Тимотод хэлсэн Паултай адил эцсээ хүртэл тэвчих нь эцсээ хүртэл итгэлтэй байхыг шаарддаг. Мэдээж ийн үйлдэх амаргүй. Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт амьдарч, мөнхийн адислалуудыг хүлээн авахаар эргэж очихоор хийх бэлтгэл нь хүнд хэцүү, амаргүй төдийгүй цэвэршүүлэгч нөлөөтэй байх ёстой.
(L. Tom Perry, “The Gospel of Jesus Christ,” Ensign or Liahona, May 2008, 46)
Үнэнч хэвээр үлдэхийн адислалыг олж харахад заримдаа хэцүү байвал яах вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р. Холланд ийн хэлсэн.
Бүү бууж өг. Алхсаар, оролдсоор бай. Тусламж, аз жаргал урд чинь байгаа. … Эцэстээ бүх зүйл сайн сайхан болно. Бурханд итгэн, сайн зүйлс ирнэ гэдэгт итгээрэй.
… Зарим адислал удалгүй, зарим нь оройтож ирдэг байхад зарим нь бүр тэнгэрт очих хүртэл ирдэггүй ч Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн хувьд бол заавал ирнэ.
(Jeffrey R. Holland, “An High Priest of Good Things to Come,” Ensign, Nov. 1999, 38)