Ефес 5:21–33; 6:1–4
Христийнхтэй адил харилцаа холбоо
Гэр бүлийн харилцаа холбоо бол мөнх бус амьдралд байж болох хамгийн үнэт шагналуудын нэг юм. Эцэг эх, ах дүү, эхнэр нөхрийн харилцаа нь баяр баясгалан авчрахын сацуу мөн сорилт бэрхшээлийг авчирдаг. Паул гэр бүлийн гишүүдтэйгээ эрүүл, аз жаргалтай харилцаатай байя гэвэл Есүс Христээс үлгэр жишээ авч болно гэж заасан. Энэ хичээл нь бусадтай харилцаагаа сайжруулахын тулд Аврагчийн үлгэр жишээг дагахад танд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Танай гэр бүл
Аав ээж, ах, эгч, дүүгийнхээ нэрийг мөн хүн нэг бүрийн танд таалагддаг нэг нэг зүйлийг жагсаан бич.
Хэдэн суралцагчийг гэр бүлийнхээ нэг гишүүний танд таалагддаг нэг зүйлийг хуваалцахад урь.
“Би гэр бүлийнхээ энэ гишүүнд Аврагчийн намайг тэдэнтэй хэрхэн харьцахыг хүсэж байгаа арга замаар ханддаг” хэмээх мэдэгдлийг бодон гэр бүлийнхээ гишүүн бүрийн талаар бод. Дараа нь дараах хэмжүүрийг ашиглан гэр бүлийнхээ гишүүн бүрд хэрхэн ханддагаа үнэл.
Өнөөдөр суралцахдаа гэр бүлийнхээ гишүүдтэй ямар харилцаатай болохоо мөн хэрхэн Аврагчийн үлгэр жишээг даган тэднийг хайрлаж, тусалж чадахаа бод.
Паул гэр бүлийн харилцааны талаар зөвлөгөө өгсөн
Ефес 5:22–24 дэх Паулын үгс тухайн цаг үеийн нийгмийн ёс заншлын хүрээнд бичигдсэнийг анхаарах нь чухал. Өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчид эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дээр биш, харин хань ижил нь буюу “адил тэгш” хамтрагчид байх ёстой хэмээн заадаг (“ Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг ,” ChurchofJesusChrist.org). Хэдийгээр Паулын амьдарч байсан цаг үеийн ёс заншил өөр байсан ч та Паулын сургаалаас өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байгаа зөвлөгөөг олох боломжтой. Паул бид гэр бүлийнхээ гишүүдэд хэрхэн ханддаг байдлаараа Аврагчийн үлгэр жишээг дагаж болно гэх нэг үнэнийг онцолсон.
Ефес 5:21–27 ; 6:1–4 -ийг уншаад, энэ үнэний нотолгоог хайж ол. Суралцахдаа “нэг нь нөгөөдөө захирагд” ( Ефес 5:21) гэдэг нь хамтдаа ажиллаж, нэг нэгийгээ хайрлаж халамжлахад бэлэн байхыг, харин “Бурханаас эмээх” ( Ефес 5:21) гэдэг нь Бурханыг хайрлаж, хүндлэх гэсэн утгатай болохыг мэдэх нь тустай байж болох юм.
-
Аврагч ямар арга замаар Сүмийг хайрлах хайраа харуулж, Өөрийгөө үүнд зориулсан бэ?
-
Христ Өөрийгөө Сүмд зориулсан болохыг мэдэх нь Түүний талаарх таны бодолд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Хэрэв нөхөр нь Аврагч Сүмд хэрхэн ханддаг байсан жишээг дагадаг бол тэр эхнэртээ хэрхэн ханддаг байх ёстой вэ?
-
Паул эхнэр, нөхөр хоёрын аль алинд мөн гэр бүлийн бусад гишүүнд хамаатай ямар зөвлөгөөг өгсөн бэ?
-
Та цаг нь болоход эхнэр, нөхөртөө Аврагчийн хандах байснаар хандахын тулд одооноос эхлэн хэрхэн бэлдэх вэ?
-
Эцэг эхдээ дуулгавартай байж, хүндэлж дээдлэх нь хэрхэн таныг Есүс Христтэй илүү адилхан болоход туслах вэ?
Дараах зургуудыг хараад, тэдгээрийг эдгээр судрын түүхтэй тохируул: Лук 2:51–52 , Иохан 2:1–11 ба Лук 22:39–42 . Аврагч дэлхий дээрх эцэг эхээ болон Тэнгэрлэг Эцэг эхээ хайрлаж, тэдэнд дуулгавартай байж, хүндлэн дээдлэхийн үлгэр жишээг хэрхэн харуулсан талаар бод.
-
Аврагч ямар арга замаар эцэг эхээ хайрлаж, тэдэнд дуулгавартай байж, хүндлэн дээдэлсэн бэ? Түүний үйлдэл эцэг эхтэйгээ харилцах харилцаанд нь хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ?
-
Та эцэг эхээ ямар арга замаар хүндлэн дээдэлж, тэдэнд дуулгавартай байдаг вэ?
-
Аврагчийн үлгэр жишээг дагах нь таныг хэрхэн адисалж, гэр бүлийн харилцаагаа бэхжүүлэхэд тусалсан бэ эсвэл хэрхэн адисалж, тусална гэж та бодож байна вэ?
Аврагчтай адил байх дадлага хий
Аврагчийн адил гэр бүлийн гишүүндээ хандахад хэцүү байж болох өсвөр насны хүүхэд, гэр бүлийн нэг гишүүн хоёрын хоорондох харьцааны талаар бич. Ийм харьцааны талаар бичсэн бол Аврагч уг нөхцөлд хэрхэн хандах байсан мөн яагаад ийн хандах байсан талаарх өөрийн бодол санааг бич. Аврагч бусдын талаар юу гэж боддогийг мөн тэдэнд хэрхэн ханддаг байсныг санаарай.
Жишээнүүдэд доорх зүйлс багтаж болно.
-
Нэгэн эцэг эх хүүхдийнхээ чөлөөт цагаа өнгөрөөдөг байдалд шүүмжлэлтэй ханддаг.
-
Нэг хүүхэд ах, эгч, дүүгийнхээ эд зүйлийг асуухгүйгээр авдаг бөгөөд аваагүй гэж худлаа хэлдэг.
Аврагчийн үлгэр жишээг дагах
Гэр бүлийнхээ гишүүдтэй ямар харилцаатай болохоо эргэцүүлэн бод. Аврагчийн жишээг дагаж, бусдад Христийнхтэй адил арга замаар хандаж байсан үеэ бод. Мөн Аврагчийн үлгэр жишээг даган бусдыг хайрлахын тулд юу хийж болох талаар сурч мэдэхэд туслах боломжийг Ариун Сүнсэнд олго.
Та гэр бүлийн харилцаандаа Аврагчийг үлгэрлэн дуурайхын тулд юу хийж чадахаа жагсаан бич. Хийхээр өдөөгдсөн зүйлсээ ажил хэрэг болгон хийхэд бусдаас тусламж авахын тулд бичсэн зүйлээ багштайгаа эсвэл эцэг эхтэйгээ хуваалцах талаар бодож үз.
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Ефес 5:22–24 . Эдгээр шүлэг дэх Паулын сургаалаас бид юу ойлгож авсан байх ёстой вэ?
Паул Сүмийн бүх гишүүн нэг нь нөгөөдөө захирагдаж, өөрөөр хэлбэл бусдыг өөрсдийнхөө өмнө тавих ёстой гэж заажээ ( Ефес 5:21 -ийг үзнэ үү). Тэрээр дараа нь бусдад захирагдах зарчим нь хэрхэн гэр бүл, өрх гэрийн харилцаанд хамаатай болохыг тайлбарласан. 22–24-р шүлгийг өнөөгийн цаг үед шууд буруу ташаа ойлгож, буруугаар ашиглаж болох юм. Хожмын үеийн бошиглогчид эхнэр нөхөр, эцэг эхчүүд өөрсдийн ариун үүргийг “эрх тэгш хамтрагчийн” хувиар биелүүлэх ёстой гэдгийг тодорхой заасан (“ Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг ,” ChurchofJesusChrist.org). Хэрэв хос хоёр жинхэнээсээ нэгдэн нийлж чадсан бол эхнэр, нөхрийнхөө төлөө гаргасан аливаа золиос өөрт нь адислал авчрах нь гарцаагүй. Тиймээс “эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг” ( Ефес 5:28).
Хүн эхнэр эсвэл нөхөртөө хэрхэн Аврагчтай адил хандаж болох вэ?
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) ийн хэлсэн.
Гэр бүлийн аз жаргал бол хайр дурлалын асуудал гэхээс илүү хань ижлийнхээ тав тух, сайн сайхны төлөө ихэд санаа тавих явдал дээр тулгуурладаг. Эхнэрийнхээ тав тухыг нэн тэргүүнд тавьдаг ямар ч эр эхнэрийгээ насан туршдаа мөн ирэх мөнхийн амьдралдаа үүрд хайрлах болно. (Аляск, Анкориж, бүсийн чуулган, 1995 оны 6-р сарын 18)
(“Speaking Today: Excerpts from Recent Addresses of President Gordon B. Hinckley,” Ensign, Apr. 1996, 72)
Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Л.Витни Клэйтон ийн хэлсэн.
Хамгийн аз жаргалтай гэрлэлтүүдээс миний анзаарсан нэг зүйл бол эхнэр, нөхөр хоёр харилцаагаа юугаар ч үнэлшгүй, үнэ цэнтэй байлгадгийг би ажигласан. Тэд эцэг эхээ орхиж, үүрд мөнхөд өсөж хөгжих гэрлэлтийг бий болгохоор нэгдэн нийлдэг. Тэд Бурханаас өгөгдсөн замаар алхах ёстой гэдгээ ойлгодог. Тэд ийм их баяр баясгаланг авчирдаг, сайн сайхан, хувийн нандин байдлыг үүсгэдэг өөр ямар ч харилцаа байхгүй гэдгийг мэддэг. Ажиглаад суралц: Хамгийн гайхалтай гэрлэсэн хосууд гэрлэлтийнхээ үнэ цэнийг мэдэрдэг.
(Л.Витни Клэйтон, “Гэрлэлт: Ажиглаад суралц,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96)
Би гэр бүлийн харилцаагаа бэхжүүлэхийн тулд юу хийж болох вэ?
“Хүндэтгэн хайрлах замаар эцэг эхээ дээдэл. Тэд таныг зөв шударга байдалд удирдан чиглүүлэхэд нь дуулгавартай дага. Орон гэртээ дуртайяа тусал. Гэр бүлийн сайхан үйл ажиллагаа, уламжлал болсон зүйл хийхэд оролц. Гэр бүлээрээ залбирах, судраас суралцах, гэр бүлийн үдэш хийх зэрэгт оролц. Эдгээр зарлигийг сахиснаар гэр бүлүүд хүчирхэгжиж, нэгдмэл болдог” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 14–15).
Та харилцаагаа хөгжүүлж, бэхжүүлэх арга замуудыг зөвлөсөн дараах нийтлэлийг уншиж болно: “Ministering Principles: Building Meaningful Relationships,” Ensign, Aug. 2018, 6–9.
Бусдад ханддаг байдлаараа Аврагчийн үлгэр жишээг дагахыг хичээдэг хүмүүсийн жишээг харуулсан ChurchofJesusChrist.org дээр байгаа дараах видеог үзэх талаар бодож үз.
“Та нар миний гар” (цагийн код 10:26-аас 12:39 хүртэл) видеонд тухайн үед Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч байсан Дийтр Ф. Угдорф бид хэрхэн Аврагчийн мутар болж чадах талаар ярьсан.