Галат 6
“Хүн юу тарьснаа л хурааж авдаг”
Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахын тулд гаргасан таны хүчин чармайлт мөнхийн зорилгод тань хүргэнэ гэж та бодож байсан уу? Өдөр тутмын амьдралдаа биеэ хэрхэн авч яваа нь Аврагчийн биднийг “мөнх амиар” ( Галат 6:8) адислахад хэрхэн нөлөөлөхийг олж харахад туслахаар Паул Галатын гэгээнтнүүдэд хандан захиа бичсэн. Энэ хичээл нь мөнхийн зорилгодоо хүрэхийн тулд хийх ёстой үйлдлүүдээ танин мэдэхэд танд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Мөнхийн зорилгууд
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк нэгэн залуутай өрнүүлсэн дурсамжтай яриагаа хуваалцсан юм.
ChurchofJesusChrist.org дээрх “Ухаалаг сонголт хий” видеог цагийн код 3:03-аас 4:52 хүртэл үз эсвэл дараах мэдэгдлийг унш. Энэ залуу эрийн зорилго нь юу байсан мөн үүндээ хүрэх талаар түүнд ямар буруу ойлголт байсан талаар олж мэд.
Би саяхан өсвөр насны нэгэн сайн залуу эрэгтэйтэй уулзсан юм. Тэр номлолд явах, боловсрол эзэмших, ариун сүмд гэрлэх, итгэлтэй аз жаргалтай гэр бүлтэй болох хүсэлтэй байв. Би түүний зорилгыг сонсоод, маш их баяртай байсан. Гэвч цааш ярилцах явцад түүний хийж байгаа сонголтууд мөн биеэ авч яваа байдал зорилготой нь нийцэхгүй байгаа нь илэрхий болсон юм. Тэр үнэхээр номлолд явахыг хүсэж, номлолд явахад саад болох ноцтой гэм нүглийг үйлдэхээс зайлсхийж байсан ч хийж буй өдөр тутмын үйлдлүүд нь түүнийг бие махбод, оюун санаа, нийгэм, боловсрол, сүнслэг байдлын хувьд тулграх саад бэрхшээлд бэлтгэхгүй байна гэж санагдсан. Тэр шаргуу хөдөлмөрлөж сураагүй мөн сургууль семинартаа нэг их санаа зовдоггүй байв. Тэр Сүмд явдаг ч Мормоны Номыг уншаагүй байлаа. Тэр ихэнх цагаа видео тоглоомд болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд зарцуулж байв. Тэр номлолд явахаар очих нь л хангалттай гэж бодож байсан.
(Квинтин Л.Күк, “Ухаалаг сонголт хий,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55)
-
Энэ залуу эрэгтэй зорилгодоо хэрхэн хүрэх талаар ямар буруу ойлголттой байсан байж болох вэ?
Судлах тэмдэглэлдээ мөнхөд чухал гэж үздэг зорилгуудынхаа товч жагсаалтыг гарга. Яагаад эдгээр зорилгод хүрэхийг хүсэж байгаагаа бод. Таны өдөр тутмын хийдэг үйлдлүүд эдгээр мөнхийн чухал зорилгод таныг хэрхэн ойртуулж эсвэл холдуулж байж болох талаар тунгаан бод. Суралцахдаа өдөр тутам хийдэг үйлдлээ хүрэхийг хүсэж буй мөнхийн ач холбогдол бүхий үр дүнтэйгээ илүү сайн нийцүүлэхэд танд туслах үнэнүүдийг хайж ол.
Ургацын хууль
Галатын олон гэгээнтнийг төөрөгдүүлсэн буруу номлол тэдний дунд тархсан байлаа ( Галат 1:6–9 -ийг үзнэ үү). Зарим хүн харийн хөрвөгчид аврагдахын тулд хөвчөө таслуулах ёстой гэсэн буруу номлолыг зааж, үүнд итгэж байв ( Галат 6:12 ; Үйлс 15:1 -ийг үзнэ үү). Өөр хэсэг нь Христийн ач ивээл тэдэнд нүгэл үйлдэх эрх чөлөөг олгосон гэсэн буруу ташаа зүйлд итгэж байжээ ( Галат 5:13 -ыг үзнэ үү). Эдгээр буруу итгэл үнэмшлийн талаар дурдан, сүнслэг байдлын хувьд төөрөлдсөн хүмүүст туслахад гэгээнтнүүдийг уриалсныхаа дараа Паул өөрсдийнх нь үйлдлийн нөлөөг ойлгоход нь хүмүүст туслах чухал үнэнийг заажээ.
Галат 6:7–8 -ыг уншина уу. Бидний өдөр тутам хийдэг үйлдэлд нөлөөлж болох Паулын заасан үнэнийг олж мэд. Тарих гэдэг нь тарьж ургуулах, хураах гэдэг нь ургац хураахыг хэлж байгааг анхаар.
-
Та Паулын сургаалыг өөрийн үгээр хэрхэн тайлбарлах вэ?
Бид Галат 6:7 -оос хүн юу тарьснаа л хурааж авдаг гэх үнэнийг мэдэж авч болох юм. Энэ санааг заримдаа ургацын хууль гэж нэрлэдэг.
-
Та энэ үнэний жишээг өөрийн эсвэл бусдын амьдралаас хэрхэн олж харж байсан бэ?
-
Энэ үнэнийг ойлгох нь таны амьдралдаа гаргадаг шийдвэрт хэрхэн нөлөөлдөг вэ?
Мормоны Номон дээрх хүү Кориантондоо айлдсан Алмагийн сургаал бол Алмагийн “сэргээлтийн төлөвлөгөө” хэмээн нэрлэсэн ургацын хуулийн мөнхийн далд утгыг илүү сайн ойлгоход бидэнд тусална. Алма 41:3–6, 10–15 -ыг уншаад, Паулын сургаалын талаарх таны ойлголтыг нэмэгдүүлсэн үнэнүүдийг хайж ол.
-
Эдгээр шүлгийн ямар үг, хэллэг танд чухал санагдсан бэ? Яагаад?
-
Алмагийн Кориантонд заасан зүйлсийг авч үзсэний дараа энэ сургаал нь “Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг” гэсэн Паулын үгтэй хэрхэн хамаатай вэ? ( Галат 6:7).
-
Өнөөдрийг хүртэл судалсан сургаалууд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар ойлгоход тань хэрхэн танд тусалж байна вэ?
Паулын галатчуудад өгсөн урилга
Паул ургацын хуулийн талаарх сургаалаа урилгаар өндөрлөжээ. Галат 6:9–10 -ыг уншаад, Паул гэгээнтнүүдийг юу хийхэд урьсныг олж мэд.
-
“Сайныг үйлдэхдээ үл цуцах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? ( Галат 6:9).
-
Есүс Христ хэрхэн үүний төгс жишээ вэ?
-
Паул бид бусдын төлөө сайныг үйлдэхийг зоривол “цаг нь болохоор” хурааж авна ( Галат 6:9) гэж хэлэхдээ ямар утгыг илэрхийлсэн гэж та бодож байна вэ? Яагаад үүнийг ойлгох нь чухал вэ?
Сурч мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэх
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс бидний хийсэн сонголт бүр биднийг хааш нь хөтөлдөг талаар бодохыг уриалсан (“Энэ нь юунд хүргэх юм бол?,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 74–77).
Ерөнхийлөгч Өүксийн энэ сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.
Дараахтай адил хүснэгтийг зур. Үүнд:
Таны тарьж буй зүйл (тогтмол хийдэг үйлдлүүд) |
Таны хурааж буй эсвэл ирээдүйд хураана гэж хүлээж буй зүйл (эдгээр үйлдэл хаашаа хөтлөх талаар) |
Зүүн гар талд, ихэнх цагаа зориулдаг эсвэл тогтмол хийхийг хүсдэг зарим зүйлээ жагсаан бич.
Баруун гар талд, тэдгээрийг тогтмол хийснээр ямар үр дүнд хүрнэ гэж бодож байгаагаа бич. Тэдгээр үйлдлийг долоо хоног, нэг сар, нэг жил, таван жил эсвэл бүр үлдсэн амьдралынхаа туршид хийсээр байвал ямар үр дүнд хүрч болохоо бод.
Өнөөдөр судлахдаа Ариун Сүнснээс хүлээн авсан аливаа өдөөлтөө тунгаан бод. Хүснэгтийнхээ доор, хүссэн адислалаа хүлээн авах болзлыг илүү сайн хангахад танд туслах амьдралдаа хийхээр өдөөгдсөн аливаа өөрчлөлтөө бич. Бурхан таныг чадлынхаа хэрээр хүчин чармайлт гаргах үед туслах болно ( Сургаал ба Гэрээ 123:17 -г үзнэ үү).
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Галат 6:8 . Хүн “сүнсэнд тарьсан” эсвэл “махбоддоо тарьсан” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс ийн заасан.
Сүнсэнд тарина гэдэг нь бүх бодол санаа, үг, үйлдэл маань биднийг Тэнгэрлэг Эцэг эх болох тэнгэрлэг жишиг рүү хөтөлдөг байх ёстой гэсэн үг юм. Махан биеийг судруудад Ариун Сүнсний илчлэлтэд бус, харин дур хүсэлдээ автсан эгэл хүний бие махбод хэмээн бичсэн байдаг. Бид болгоомжтой байхгүй бол тэдгээр дур хүсэл нь дэлхий дээрх чөтгөрийн нөлөөтэй нийлж биднийг бүдүүлэг, хариуцлагагүй үйлдэл хийхэд түлхэн, улмаар бидний зан төлөвт нөлөөлөх болно хэмээн тайлбарласан. Эдгээр муу нөлөөнөөс зайлсхийхийн тулд Сүнсэнд тасралтгүй тарих талаар Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд юу гэж зааварласныг бид дагах ёстой: “Иймийн тул, сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна. Мөн агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг” ( Сургаал ба Гэрээ 64:33).
(Үлиссэс Соарэс, “Их Эзэний нутагт үлд!,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39)
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс ийн заасан.
Хэрэв бид төлөөлөгч [Паулын] махбодод тарих хэмээн нэрлэсэн мансууруулах бодис, порнограф эсвэл өөр бусад муу зүйлийн араас хөөцөлдвөл мөнхийн хуулиар бид мөнх амийг бус ялзралыг хурааж авна. Энэ бол Бурханы шударга ёс бөгөөд нигүүлсэл нь шударга ёсыг дээрэмдэж чадахгүй. Хэрэв мөнхийн хуулийг зөрчсөн бол тэрхүү хуулиар тогтоосон шийтгэлийг хүртэхээс өөр аргагүй. Үүний заримыг Аврагчийн Цагаатгалаар цагаатгаж болох ч бузартсан нүгэлтнийг зөвхөн наманчлалын дараа өршөөнгүйгээр цэвэршүүлэх боломжтой ( Алма 42:22–25 -ыг үзнэ үү) бөгөөд энэ нь зарим гэм нүглийн хувьд урт удаан, хүнд хэцүү үйл явц юм.
(Dallin H. Oaks, “Be Not Deceived,” Ensign эсвэл Liahona, Nov. 2004, 45)
Жижиг ч гэсэн хүчин чармайлт гаргах нь миний болон бусдын амьдралыг хэрхэн өөрчилж чадах вэ?