Галат 5
“Сүнсээр яв”
Танд уруу таталтад бууж өгөх, зөв шударга амьдрахын тулд Ариун Сүнсний өдөөлтийг дагах гэсэн хоёр хүслийн хооронд сонголт хийж чадахгүй байсан цаг үе байгаа юу? Төлөөлөгч Паул бидний мөнх бус, төгс төгөлдөр биш бие махбодын хүсэл, биднийг сайныг үйлдэхэд ятгадаг Бурханы Сүнс хоёрын хооронд өрнөж болох тэмцлийн талаар тайлбарлажээ. Энэ хичээл танд “Сүнсээр илүү бүрэн дүүрэн явах” ( Галат 5:16) арга замуудыг тодорхойлох боломжийг олгох замаар Есүс Христтэй илүү адил болоход туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Олс татах тэмцээн
-
Итгэл юугаараа олс татах тоглоомтой адилхан бэ?
Төлөөлөгч Паул галатчуудад бичсэн захидалдаа, биднийг хоёр өөр зүг рүү татаж болох хоёр сөрөг хүчний талаар тайлбарлажээ. Галат 5:16–17 -г уншаад, эдгээр хүчний талаар өгсөн Паулын зөвлөгөөг олж мэд.
-
Та эдгээр шүлгээс ямар сөрөг хүчнүүдийг тодорхойлсон бэ?
“Махан биеийн хүсэл” ( 16-р шүлэг) гэдэг нь бидэнд тулгардаг уруу таталтууд юм.
-
Залуучуудад бие махбодын ямар уруу таталтууд (махан биеийн хүсэл) тулгардаг вэ?
Хариултуудаа Галат 5:19–21 дээрх Паулын гаргасан жагсаалттай харьцуул.
-
Танд ямар нэгэн мэдэхгүй үг байна уу?
Сүнс, махан биеийн хүсэл хоёрын хооронд болж буй олс татах тэмцээн таны амьдралд өрнөж байж болох талаар дотроо эргэцүүлэн бодоход хэдэн хором зарцуул. Махан биеийн хүсэлтэй холбоотой ямар ямар асуудал танд байж болох вэ? Та Сүнсний удирдамжийг дагаснаар хэрхэн адислагдсан бэ? Та үргэлжлүүлэн суралцахдаа, тулгарч буй уруу таталтуудыг ялан дийлэхэд тус болох өөрийн зүгээс хийж чадах аливаа өөрчлөлтийг олж мэдэхэд тань туслах сүнслэг өдөөлтүүдэд анхаарлаа хандуул.
Махан биеийн үйлээс зайлсхийх
Галат 5:21 -ийг уншаад, махан биеийн хүслээс зайлсхийх нь яагаад чухал болохыг олж мэд.
-
Бид эдгээр үйлдлээс яагаад зайлсхийвэл зохих талаар та юу олж мэдсэн бэ?
-
Буруу гэдгийг нь мэдсэн хэрнээ махан биеийн хүслээс зайлсхийхэд юу саад болдог вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.
Бурханы охид, хөвгүүдийн хувьд бид Түүнээс бурханлаг чадваруудыг өвлөн авсан. Гэвч бид одоо унасан дэлхийд амьдарч байна. Бидний бие махбодыг бүтээсэн элементүүд унасан дэлхийгээс бүрдсэн бөгөөд нүгэл, ялзрал, үхлээс ангид байж чаддаггүй. Тиймээс Адамын уналт ба үүний сүнслэг болон зуурдын үр дагаврууд бидний бие махбодоор дамжин бидэнд шууд нөлөөлдөг. …
Бие махбод нь Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний болон бидний сүнслэг өсөлтийн гол төв учраас Люсифер биднийг биеэ зохисгүй байдлаар буруугаар ашиглахад уруу татаж, бидний өсөлт хөгжлийг хясахыг эрэлхийлдэг. Мөнх оршихуйн үндсэн егөөдлүүдийн нэг бол бие махбодгүйн учир үнэхээр зовлонт болох тэр, биеэ зохисгүй ашиглах олиггүй муу бүхэнд биднийг урин дуудаж, хорхойсуулах дайсан билээ. Өөрт нь байхгүй тэр багаж ийн биднийг сүнслэг байдлын хувьд сүйрүүлэх гэсэн оролдлогынх нь гол бай болсон юм.
(Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52)
-
Энэ мэдэгдлийн ямар үг, хэллэг та нарт онцгой санагдсан бэ? Яагаад?
Сүнсээр явахыг сонгох
Галат 5:16 -г дахин уншаад, бид махан биеийнхээ уруу таталтыг хэрхэн ялан дийлэх тухай Паулын сургаалыг олж мэд.
Галат 5:16 -аас бид Сүнсээр явснаар махан биеийн уруу таталтыг илүү сайн ялан дийлж чадна гэсэн нэг зарчмыг сурч мэдэж болох юм.
-
“Сүнсээр явах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?
-
Сүнсээр явах нь хэрхэн махан биеийн уруу таталтыг ялан дийлэхэд тусална гэж та бодож байна вэ?
Мозая 3:19 , Сургаал ба Гэрээ 11:12 -ыг уншаад, Сүнсээр явахын ач холбогдлыг илүү сайн ойлгоход туслах сургаалуудыг олж мэд.
-
Эдгээр шүлгийг судалж байхад танд ямар бодол, мэдрэмж эсвэл сэтгэгдэл төрсөн бэ?
-
Танд тулгарах уруу таталтыг даван гарахад Есүс Христ хэрхэн туслах талаар та юу олж мэдсэн бэ?
-
Сүнс тантай хамт илүү бүрэн дүүрэн байгааг батлахын тулд та ямар ямар тодорхой зүйл хийж чадах вэ?
-
Сүнс уруу таталтыг даван гарахад тань тусалж байсан ямар ямар туршлага танд байдаг вэ? (Хэт хувийн чанартай туршлагаа хуваалцахгүй байхад анхаар.)
Сүнсний үр жимс
Биднийг Ариун Сүнсийг сонсож, дагах үед амьдралд маань тохиолдож болох олон адислалыг Паул тодорхойлсон. Тэр эдгээр адислалыг “Сүнсний үр жимс” ( Галат 5:22) гэж нэрлэсэн байдаг.
Галат 5:22–23 -ыг уншаад, Паулын тодорхойлсон Сүнсний үр жимсийг олж мэд.
-
Та амьдралдаа Сүнснээс ирдэг эдгээр адислал эсвэл мэдрэмжийн алийг нь мэдэрч байсан бэ?
-
Эдгээр адислал нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг ойлгоход танд тусалдаг вэ? (Шаардлагатай бол Дуулал 25:8–10 ; Мозая 2:41 -ийг үзнэ үү.)
Сурч мэдсэн зүйлсээ хэрэгжүүлэх
Есүс Христ үргэлж Тэнгэрлэг Эцэгийн тааллын дагуу үйлддэг байсан ( 3 Нифай 27:13 -ыг үзнэ үү) бөгөөд гэм нүгэл үйлдэх уруу таталтыг даван гарч чадахуйц амьдарч байсны төгс төгөлдөр жишээ юм. Хэдийгээр Тэр махан биеийн төрөл бүрийн уруу таталттай нүүр тулж байсан ч ( Еврей 4:15 ; Алма 7:11 -ийг үзнэ үү), “тэдгээрт анхаарал тавьсан нь үгүй” ( Сургаал ба Гэрээ 20:22).
Та Есүс Христийн үлгэр жишээг дагаж, өнөөдөр судалсан үнэнүүдээ амьдралдаа хэрэгжүүлэхийг хэрхэн хичээх талаар эргэцүүлэн бодоход хэдэн хором зарцуул. Аль хэдийн хүлээн авсан аливаа өдөөлтийнхөө талаар бодож, Сүнсээр илүү бүрэн дүүрэн явж, уруу таталтыг эсэргүүцэхийн тулд хийх зүйлийнхээ төлөвлөгөөг гарга. Төлөвлөгөөгөө судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Ариун Сүнсийг дагах нь уруу таталтыг эсэргүүцэж, даван гарахад надад хэрхэн туслах вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) ийн заасан.
Та нараас амьдралыг ямар ч алдаа гаргахгүйгээр туул гэж хүсэж хүлээдэггүй, гэхдээ Ариун Сүнсний өдөөлтөөр эхэлж сэрэмжлүүлэгдэхгүйгээр та нар том алдаа гаргахгүй. Энэхүү амлалтыг Сүмийн бүх гишүүнд өгсөн юм. …
Хэрэв та оролцох ёсгүй зүйлд оролцож байгаа бол эсвэл та нарыг буруу чигт татах хүмүүстэй холбоотой байгаа бол бие даасан байдал, сонгох эрх чөлөөгөө хэрэгжүүлэх цаг болсон байна шүү. Сүнсний дуу хоолойг сонс, тэгвэл та нар төөрөхгүй.
Өнөөдрийн залуу үеийнхэн ёс суртахууны чанар доройтож байгаа дайсны нутагт өсөж торниж байгааг би дахин хэлье. Гэвч хэрэв та нар Ариун Сүнснээс ирэх өдөөлтийг сонсож дагах юм бол дайсны довтолгоонуудаас хамгаалагдаж, хуяглагдах болно гэдгийг би Их Эзэний үйлчлэгчийн хувьд амлаж байна.
(Боид К.Пакэр, “Залуучуудад зөвлөх нь,”2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 20)
Махан биеийн хүсэл, Сүнсээр явах хүслийн аль алиных нь үр дүнг хэрхэн дүрслэн харуулсныг харахын тулд ChurchofJesusChrist.org дээрх “LDS Донтолтоос ангижруулах хөтөлбөр: Сидрестэй уулз” (3:06) видеог үзнэ үү.