Еврей 2–4
Аврагч бидэнд хэрэгтэй үед маань тусалж чадна
Амьдралдаа юу туулж байгааг тань өөр хүн үнэхээр ойлгодог болов уу гэж та бодож байсан уу? Еврей номд, Есүс Христ дэлхий дээр мөнх бус хүний хувиар амьдарч, бидний төлөө хязгааргүй Цагаатгалыг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэрлэг хаан сэнтийгээсээ буусан хэмээн заадаг. Тиймээс Тэрээр биднийг төгс мэддэг бөгөөд хэрхэн туслахаа ч төгс мэддэг. Энэ хичээл нь хэрэгтэй үед маань Есүс Христ тусална гэсэн итгэлийг тань нэмэгдүүлнэ.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Аврагч ойлгодог
“Хаана амар тайван байна?” (Дуулал, д. 62) дууллыг уншиж, дуулж эсвэл сонс.
-
Та энэ дууллын санааг өөрийн үгээр хэрхэн тайлбарлах вэ?
Судлах тэмдэглэлдээ амьдралд тань үнэхээр тусламж авах хэрэгтэй байгаа нэг зүйлийн талаар бич.
Еврейчүүдэд бичсэн захиандаа Паул Есүс Христийн тухай мөн Тэр тулгарсан нөхцөл байдалд нь хэрхэн хүч өгөх талаар гэгээнтнүүдэд заасан ( Еврей 4:16 -г үзнэ үү). Суралцахдаа Есүс Христ танд хэрхэн тусалж болох талаар олж мэд.
Судлах тэмдэглэлдээ дараахтай адил хүснэгтийг зур.
Есүс Христ яагаад намайг ойлгодог вэ? |
Есүс Христ намайг ойлгодог тул надад ямар адислалуудыг өгөх вэ? |
Еврей 2:9–10, 13–18 , 4:12–16 -г уншаад, хүснэгт дээрх асуултуудын хариултыг ол. Зохих гарчгийн доор хариултуудыг бич. Еврей 2:9, 16 -д Есүс Христ дэлхий дээр мөнх бус хүний хувиар амьдрахын тулд тэнгэрлэг хаан сэнтийгээ орхисон талаар өгүүлснийг анхаар.
-
Есүс Христийн талаар өөрт тань эсвэл бусдад туслах юуг та олж мэдсэн бэ?
-
Есүс Христ “зүрхний бодол хийгээд санааг ч” ялгаж таньдаг гэдгийг мэдэх нь яагаад тайтгаруулдаг вэ? ( Еврей 4:12).
-
“Тэр соригдогсдод тусалж чадна” гэх үг хэллэгээс та юу ойлгосон бэ? ( Еврей 2:18). “Соригдсон” гэдэг үгийг мөн “шалгагдсан” эсвэл “шүүгдсэн” гэж орчуулж болохыг анхаар.
Та Есүс Христ бүх талаар соригдон, зовж шаналсан тул биднийг ойлгож, шаардлагатай үед бидэнд тусалж чадна гэсэн үнэнийг олж мэдсэн байж болох юм. Мормоны Номон дахь бошиглогч Алма мөн энэ үнэний талаар заасан. Төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох Алма 7:11–13 -ыг Еврей 2:18 -тай холбогдох эшлэл болгох талаар бодож үз.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А. Бэднар Аврагчийн таныг ойлгож, туслах чадварын талаар хэрхэн илүү сайн ойлголттой болох талаар тайлбарласан. Та ChurchofJesusChrist.org дээрх “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд” (16:23) видеог цагийн код 12:15-аас 13:21 хүртэл үзэж эсвэл дараах мэдэгдлийг уншиж болно.
Эхлээд Аврагчийн амсаж туулаагүй тийм их бие махбодын өвчин, сүнслэг байдлын шарх, сэтгэл санааны зовлон, сул дорой байдал энэ мөнх бус амьдралд та бидэнд хэзээ ч тохиолдохгүй. Бид сул дорой байдлаасаа болж, ‘Ийм хүнд ачааг хэн ч мэдэхгүй. Хэн ч ойлгохгүй шүү дээ” хэмээн дуу алдан хашхирч мэднэ. Харин Бурханы Хүү төгс мэддэг, төгс ойлгодог, учир нь Тэр бидний хүн нэг бүрийн ачааг мэдэрч, үүрсэн юм. Тэр Өөрийн хязгааргүй хийгээд мөнхийн золиосын улмаас сэтгэл санааны зовлонг төгс ойлгодог бөгөөд бидэнд нигүүлслийн мутраа сунгаж чадна ( Алма 34:14 -ийг үзнэ үү). Тэр бидэнд туслахыг санал болгон, бидэнд нөлөөлж, дэмжлэг үзүүлэн, биднийг эдгээн хүчирхэгжүүлж чадна. Тэрээр бидэнд өөрсдийнхөө хүчинд тулгуурлан яагаад ч хүрч чадахааргүй түвшинд хүрэхэд мөн өөрсдийнхөө хүчээр хийж чадахгүй зүйлсийг хийхэд тусалж чадна.
(Дэвид А.Бэднар, “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108)
-
Алма 7:11–13 эсвэл ахлагч Бэднарын мэдэгдэл Аврагчийн танд туслах чадварын талаар илүү сайн ойлгоход хэрхэн тусалж байна вэ?
Аврагч бидний туршлага, хэрэгцээ шаардлагыг төгс ойлгодог болохыг харуулсан жишээг өөрийн амьдрал, бусдын амьдрал эсвэл судруудаас ол. Жишээг бодож олоход танд тусламж хэрэгтэй бол Иохан 11:21–27, 32–36 ; Мозая 24:11–15 ; эсвэл Сургаал ба Гэрээ 122:5–9 -ийг унших талаар бодож үз.
-
Есүс Христэд итгэж найдахад энэ жишээ хэрхэн танд туслах вэ?
Нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очих
Еврей 4:16 -г уншаад, Паул биднийг хэрэгтэй тусламжаа хүлээн авахын тулд юу хийхэд урьсан болохыг олж мэд. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэх талаар бодож үз.
-
“Нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очих” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
-
Бурханд ойртохдоо бид юунд итгэлтэй байх ёстой вэ?
-
“Нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очих” нь ямар байж, хэрхэн мэдрэгдэх вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Есүс Христийн хүлцэл гэж юу вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л. Күк ийн заасан.
Аврагчийн даруу байдлын үлгэр жишээ, бүх хүн төрөлхтний төлөө хийсэн золиос түүхэн дэх хамгийн агуу үйл явдал юм. Бурхан Тэргүүтэний гишүүн болох Аврагч хүртэл бяцхан хүүхэд болон дэлхийд мэндэлж, ах, эгч нартаа зааж, тэднийг анагаан, эцэст нь Цагаатгалаа гүйцэлдүүлэхийн тулд Гетсеманид болон загалмай дээр үгээр илэрхийлшгүй зовлон шаналлыг амсах амьдралаар амьдрахыг хүссэн юм. Христийн хайрлах сэтгэлээр, даруу байдалд хийсэн энэ үйлдлийг хүлцэл гэж нэрлэдэг. Тэрээр энэ бүхнийг Бурханы бүтээсэн эсвэл бүтээх бүх эрэгтэй, эмэгтэй хүний төлөө хийсэн юм.
(Квинтин Л.Күк, “Өдөр бүр мөнх байдлын дагуу амьдрах нь,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 44)
Еврей 4:15. Есүс үнэхээр “бидэн шиг соригдсон” уу?
Ерөнхийлөгч Ховард В. Хантэр (1907–95) ийн заасан.
Есүс нүгэл үйлдэх боломжтой байсан, Тэр бууж өгч болох байсан. Хэдийгээр амьдралын болон авралын төлөвлөгөө нурж болох байсан ч Тэрээр үнэнч хэвээр үлдсэн гэдгийг санах нь чухал юм. Түүнд Сатаны хууран мэхлэлтэд автах ямар ч боломж байхгүй байсан бол эцсийн дүнд ямар ч бодит сорилт, ямар ч жинхэнэ ялалт байхгүй байх байсан. Хэрэв Түүнд нүгэл үйлдэх чадвар байгаагүй байсан бол тэр Өөрийн туйлын зорилгыг биелүүлж чадахгүй байх байлаа. Тэр бол хүн төрөлхтний туйлын зорилгыг сахин хамгаалж, биелүүлэхээр ирсэн Нэгэн байсан юм. Тэр хүссэн учраас нүгэл үйлдэх чадвар, бололцоогоо хадгалах хэрэгтэй болсон юм. Паулын бичсэнээр “Тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан” ( Еврей 5:8); Тэр бол “нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн байсан” юм ( Еврей 4:15). Тэрээр төгс, гэм нүгэлгүй байх ёстой болохоор тийм байсангүй, харин тийм байх тодорхой, шийдэмгий хүсэлтэй байсан учраас л тийм байж чадсан юм.
(Howard W. Hunter, “The Temptations of Christ,” Ensign, Nov. 1976, 19)
Еврей 4:16. “Нигүүлслийн хаан ширээ” ямар ач холбогдолтой вэ?
“Эртний олон соёлд хааны хаан ширээнд урилгагүйгээр ойртож очих нь амь насаа эрсдэлд оруулсан үйлдэл байсан хэдий ч хааны урилгатай бол түүнд ойртож очиж, итгэлтэйгээр үг хэлэх боломжтой байсан. Бурханд ‘зоримгоор’ ойртож очих гэдэг нь Бурхан биднийг Түүний хаан ширээнд хүрээсэй гэж хүсдэг бөгөөд бид Түүний тусламжийг хүлээн авах болно гэсэн итгэлтэй байх гэсэн үг юм” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2018], 477).
Бурханы бидэнд өгдөг нигүүлслийн талаар ярихдаа Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р. Холланд ийн заасан.
Бурханы хувьд хамгийн их таалагддаг нэг зүйл бол ач ивээлийг үзүүлэх бөгөөд ялангуяа хүлээн авах эрхгүй хэмээн өөрсдийгөө голж байгаа хүмүүст ач ивээлийг үзүүлэх явдал юм.
(Жэффри Р.Холланд, “Талбайд хөдөлмөрлөгсөд,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34)