Еврей 3–4
Их Эзэний амралтад орох
Бидний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг Өөрсдийн хамгийн өгөөмөр адислалуудаар адислахыг хүсдэг. Итгэлгүй, хатуу зүрх сэтгэлтэй байх нь олон хүнийг эдгээр адислалыг хүлээн авахад саад болдог. Паул гэгээнтнүүдэд үл итгэгч байхаа болихыг уриалах замаар тэдэнд байгуулсан гэрээндээ эргэж ирэхэд нь туслахыг эрэлхийлсэн. Энэ хичээл нь танд итгэлгүй байдлаа даван туулахад туслах зорилготой. Ингэснээр та Аврагчийн амлагдсан адислалуудыг хүлээн авах боломжтой болох юм.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Есүс Христэд итгэх бидний итгэл
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л. Андэрсэн өнөөгийн дэлхий ертөнцөд тулгарч буй нэгэн асуудлыг дүрсэлсэн.
Түүний нэрийг олон зууны турш тунхаглаж байсан дэлхийн зарим хэсэгт Есүс Христэд итгэх итгэл буурч байна. Европын үнэнч гэгээнтнүүд олон арван жилийн турш өөрсдийн улс оронд итгэл үнэмшил буурч байгааг харсаар байна. Харамсалтай нь, энд АНУ-д ч бас итгэл буурч байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ-д 30 сая хүн Есүс Христийн бурханлаг байдалд итгэхээ больсон нь саяхны судалгаагаар тогтоогджээ. Дэлхий даяарх өөр нэг судалгаагаар, дараагийн хэдэн арван жилд Христийн шашныг хүлээн авах хүмүүсээс хоёр дахин илүү хүн Христийн шашнаас гарах болно хэмээн таамаглаж байна.
(Нийл Л.Андэрсэн, “Бид Христийн тухай ярьдаг,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 96)
-
Есүс Христэд итгэдэггүй хүмүүст одоо болон ирээдүйд ямар үр дагаврууд тулгарч болзошгүй вэ?
Есүс Христэд итгэх итгэлийнхээ талаар бод.
-
Та Есүс Христэд итгэх итгэлээ хэр хүчтэй гэж бодож байна вэ?
-
Түүнд итгэхээр сонгох нь таны амьдралыг хэрхэн адислах вэ?
Израилын хүүхдүүдийн талаарх Паулын сургаалууд
Паул еврейчүүдэд бичсэн захиандаа дарамт хавчлагаас болж зарим хөрвөгч Есүс Христэд итгэх итгэлээсээ нүүр буруулсан гэдгийг онцолсон.
Еврей 3:7–19 -ийг уншаад, үл итгэхийн хор хөнөөлийг ойлгоход нь еврейчүүдэд туслахын тулд Паулын жишээ болгон өгсөн түүхэн үйл явдлыг хайж ол.
“Цөл дэх … тэрслэл” ( Еврей 3:8) гэдэг нь израилчууд Египетээс чөлөөлөгдсөнийхөө дараа Их Эзэнийг хилэгнүүлсэн бөгөөд Түүний тэдэнд өгөхийг хүсэж байсан адислалуудыг хүртэх эрхгүй болсон цаг үеийг хэлж байна ( Тооллого 14 ; Иаков 1:7–8 ; Алма 12:33–37 -г үзнэ үү).
-
Израилын хүүхдүүд ямар адислалуудыг хүртэж чадаагүй вэ? Яагаад?
Их Эзэний амралт
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг Өөрсдийнх нь амралтад ороосой хэмээн хүсдэг. Их Эзэний амралт гэж юу болохыг олж мэдэхийн тулд дараах судрын эшлэлийг болон бошиглогчийн мэдэгдлийг судал. Боломжтой бол Судруудын удирдамж дээрээс “ амралт ” гэдэг үгийг хайж олох нь тустай байж болно.
Сургаал ба Гэрээ 84:24 -ийг уншаад Их Эзэний амралтын талаар илүү ихийг олж мэд (мөн Алма 13:6, 12–13, 28–29 -ийг үзнэ үү).
Ерөнхийлөгч Жозэф Ф. Смит (1838–1918) бид мөнх бус амьдралд байхдаа Их Эзэний амралтад хэрхэн орох талаар заасан.
Эртний бошиглогчид “Бурханы амралтад орох” [ Алма 12:34 ; Сургаал ба Гэрээ 84:23–24 -ийг үзнэ үү] талаар ярьсан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ? Миний санахад энэ нь Бурханыг мэдэж, хайранд нь багтан, зорилго, төлөвлөгөөнд нь итгэж, үүгээрээ өөрсдийгөө зөв зам дээр байгааг мөн үүнээс өөр эрэлхийлдэг зүйл бидэнд байдаггүйг мэддэг, бид олон янзын сургаалаар явахгүй эсвээс хууран мэхлэх санаа өвөрлөсөн хүмүүсийн башир аргуудад орохгүй гэсэн үг юм. Бурханд итгэх итгэлээрээ ийм төвшинд хүрсэн хүн аливаа эргэлзээ, айдсаас салж, “Бурханы амралтад” орсон гэсэн үг юм.
(Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 56)
-
Та Их Эзэний амралтыг хэрхэн тайлбарлах вэ?
Алма итгэхгүй байсан зарим хүнтэй Паулын өөрийнх нь цаг үед амьдарч байсан хүмүүстэй хуваалцсантай ижил төстэй захиасыг хуваалцсан. Алма 12:34–37 -г уншаад, нэмэлт ойлголтуудыг олж мэд.
-
Та Еврей 3 ба Алма 12:34–37 дээрээс ямар зарчмыг тодорхойлж болох вэ?
Та Хэрэв бид Аврагчид итгэлтэй хэвээр үлдэж, зүрх сэтгэлээ хатууруулахгүй бол Их Эзэний амралтад орох болно гэсэн зарчмыг мэдэж авсан байж болох юм.
-
Хатуу зүрх сэтгэлтэй, итгэлгүй байх нь Их Эзэний адислалыг олж авахад хэрхэн бидэнд саад болдог вэ?
-
Яагаад Их Эзэний амралтыг олж авах нь бидний авахыг зорих ёстой зүйл гэж та бодож байна вэ?
Итгэхийг сонгох
Еврей 3:7–8, 12–15 ; 4:2–3, 6–7, 11 -ийг уншина уу. Уншихдаа, Их Эзэний амралтад орохын тулд бид юу хийж болохыг олж мэд. Та мөн Еврей 4:3 Иосеф Смитийн Орчуулгыг уншиж болно (Bible appendix-т).
-
Эдгээр шүлгийн юу нь танд онцгой санагдаж байна вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон бид итгэл үнэмшлийг хэрхэн даван туулах талаар заасан.
Есүс Христэд итгэхээр сонгох. Хэрэв танд Бурхан Эцэг, Түүний Хайрт Хүү эсвэл Сэргээлт үнэн эсэх эсвэл Иосеф Смитийн бошиглогчийн бурханлаг дуудлагын талаар эргэлзээ төрдөг бол итгэхийг сонгож, итгэлтэй бай. Асуултынхаа хариултыг Их Эзэнээс болон бусад найдвартай эх сурвалжаас ав. Бошиглогчийн амьдралаас ямар нэг өө сэв олох эсвэл судраас ямар нэг алдаа хайх зорилгоор бус, харин итгэх хүслээр суралц. Өөрийн эргэлзээг бусад эргэлзэгчтэй хуваалцан, улам лавшруулах хэрэггүй. Сүнслэг зүйлсээс суралцахдаа Их Эзэнээр удирдуулахыг зөвшөөр.
(Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104)
Танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэхэд хэцүү байгаа найз байна гэж төсөөл. Түүнд урам зориг өгөхийн тулд эелдэг зурвас бичээрэй. Судлах дор хаяж нэг судрын эшлэл багтаахаа бүү март. Тохиромжтой бол Есүс Христийн талаар гэрчлэлээ багтаа. Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийг болон дараах асуултуудын талаар бодох нь уг зурвасыг бичихэд тань тусалж магадгүй юм.
-
Хэрэв тэд Аврагчид итгэхээр сонговол ямар туршлага олж авах вэ?
-
Хэрэв тэд итгэхгүй байхаар сонговол юуг алдах вэ?
-
Та тэднийг Есүс Христэд итгэхийн тулд юу хийхэд уриалах вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Би хэрхэн илүү итгэж чаддаг зүрх сэтгэлтэй болох вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорф ийн хэлсэн.
Итгэхэд гайхамшиг хэрэггүй. Гэвч анхны зайлшгүй алхам бол итгэхийг хүсэх явдал юм! Бурхан нүүр тал хардаггүй. Тэр таны Эцэг. Тэр тантай ярихыг хүсдэг. Гэхдээ ингэхэд “итгэлийн өчүүхэн хэсгийг” хэрэгжүүлэн, шинжлэх ухааны сониуч зангаар Бурханы үгийг туршиж үзэх шаардлагатай [ Алма 32:27]. Түүнчлэн бага зэрэг даруу байхыг шаарддаг. Мөн энэ нь зүрх сэтгэл, оюун ухаанаа нээхийг шаарддаг. Энэ нь бас бүрэн утгаар нь эрж хайхыг шаарддаг. Энэ бүгдээс хамгийн хэцүү нь Их Эзэний тааллыг тэвчээртэй хүлээхийг шаарддаг явдал юм.
Хэрвээ бид итгэх чармайлт гаргахгүй бол гэрлийг тэжээлээс нь салгачхаад, гэрэл асахгүй байна гэж буруутгаж байгаа хүнтэй адил болно.
(Дийтр Ф.Угдорф, “Бүү ай, зөвхөн итгэ,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72)
Аврагчийн амралтыг олоход хэн бидэнд туслах вэ?
Далын ахлагч В. Крэйг Звик ийн хэлсэн.
Тэнгэрлэг Эцэг Өөрийн бүх хүүхдийг хайрладаг бөгөөд бид бүгдийг Түүн рүү эргэж очихыг хүсдэг. Тэр бидэнд шулуун бөгөөд нарийн зам дээр үлдэхэд туслахын тулд жинхэнэ эрх мэдэл бүхий бошиглогч, санваарын удирдагчдыг өгсөн. Тиймээс эдгээр удирдагчийн удирдамж заавар бидэнд Түүний амралтад ороход тусалдаг.
(W. Craig Zwick, “Enter into the Rest of the Lord,” Ensign, Feb. 2012, 24)