Марк 2:1–12
Есүс саа өвчтэй хүнийг эдгээв
Есүс саа өвчтэй хүнийг эдгээж, нүглийг нь өршөөснөөр Өөрийн хүмүүсийг бие махбод, сүнслэг байдлын хувьд эдгээх чадвараа харуулсан. Энэ хичээл Аврагч бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээж чаддаг талаарх ойлголтыг тань нэмэгдүүлэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та юу хийхэд бэлэн байх байсан бэ?
Таны хайрладаг хэн нэгэн тусгай эмчилгээ шаарддаг амь насанд аюултай өвчнөөр шаналж байгаа бөгөөд түүнийг аварч чадах цорын ганц эмч байгаа гэж төсөөлье. Тусламж авахын тулд та юу хийхэд бэлэн байх вэ? Хэрэв тухайн эмчийн ажлын хуваарь дүүрсэн эсвэл тэрээр өөр улсад амьдардаг бол та юу хийх вэ?
Хүмүүс өөрсдийгөө эсвэл хайртай хүмүүсээ эдгээхийн тулд юу ч хийхэд бэлэн байж болно. Бие махбодын өвчнийг ихэвчлэн чадварлаг мэргэжилтэн эмчилдэг бол зөвхөн Есүс Христ бүрэн эдгээж чадах сүнслэг байдлын өвчин эмгэг гэж бий. Эдгээрийн заримыг судлах тэмдэглэлдээ жагсаан бич.
Та энэ хичээлийг судлахдаа зөвхөн Христийн өгч чадах тусламжийг авахын тулд Түүн рүү өөрөө очих болон хайртай хүнээ очуулахын тулд юу хийж чадахаа тунгаан бод.
“Саа өвчтэй нэгэн”
Танд судрын түүхийг судлах явцдаа илүү ихийг сурч мэдэхэд тус болох чадвар бол тухайн түүхэд гарч буй өөр өөр дүрийн өнцгөөс уг түүхийг унших явдал юм. Ингэхдээ тухайн хүн юу бодож эсвэл юу мэдэрч буйг мэдрэхээр оролдох үүднээс энэхүү түүхийн өөр өөр хэсэг дээр үе үе түр зогсосхий.
Энэ чадварыг эзэмших дадлага хийхийн тулд Есүсийн Капернаумд үг айлдаж буй тухай энэхүү түүхийг судлах явцдаа дараах хүмүүсийн нэгийг сонгож, төвлөр.
-
Саа өвчтэй хүн (энэ хүүрнэлд “саа өвчтөн” гэж нэрлэсэн хүн саажилттай байсан гэсэн утгатай)
-
Саа өвчтэй хүнийг дамнуургаар авч ирсэн дөрвөн хүний нэг
-
Есүсийг сонсож буй байшин доторх хүмүүсийн нэг
Марк 2:1–3-ыг уншаад, та өөрийнхөө төвлөрөхөөр сонгосон хүнийг өөрийгөө гэж төсөөл.
-
Энэ хүн ямар сорилттой тулгарсан гэж та бодож байна вэ?
-
Энэ хүн юуг харж, сонсож, бодож мөн мэдэрч байсан гэж та төсөөлж байна вэ?
-
Энэ хүн Есүс Христтэй хамт байх хугацаандаа түүнээс юу хүлээн авна гэж найдсан бэ?
Марк 2:4-ийг уншаад, өвчтөнийг дамнан авчирсан хүмүүс түүнийг Есүс Христтэй ойр аваачихын тулд юу хийсэн болохыг олж мэд.
-
Уг түүхийн энэ мөчид таны сонгосон хүн юу бодож, мэдэрч байсан гэж та төсөөлж байна вэ? Яагаад?
-
Тэд Есүсийн юу хийх эсвэл хэлэхийг хүлээж байсан гэж та бодож байна вэ?
Марк 2:5-ыг уншаад, Есүс тухайн хүнд юу гэж хэлсэн болохыг олж мэд.
-
5-р шүлэг дээрх Аврагчийн үгс таны анхаарлаа төвлөрүүлсэн хүнд яагаад гэнэтийн байсан бэ?
Энэхүү үйл явдлын үеэр тэнд байсан зарим хүн нүглийг уучлах Аврагчийн эрх мэдэлд эргэлзэж байв. Марк 2:6–12-ыг уншаад, Аврагч нүглийг уучлах Өөрийн эрх мэдлийг харуулахын тулд юу хийснийг олж мэд. 10-р шүлэг дээрх “Хүний Хүү” гэдэг хэллэг нь Бурхан Эцэг “Ариун Хүн”-ий Хүү болох Есүс Христийг хэлдэг (Мосе 6:57-г үзнэ үү).
-
Тухайн түүх дээрх өөрийн төвлөрсөн хүний тухай бод. Энэ хүнийг Аврагчийн хэлсэн, хийсэн зүйлд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байна гэж та төсөөлж байна вэ?
-
Та энэ түүхэд гарч буй хэн нэгэнд онцгойлон төвлөрөх үедээ Аврагчийн талаар юу олж мэдсэн бэ?
Есүс Христийн эдгээх хүч
Таны энэ түүхийг судлах явцдаа тодорхойлсон нэг үнэн бол Есүс Христ биднийг бие махбод, сүнслэг байдлын хувьд эдгээх хүчтэй гэсэн үнэн байж болно.
Тэргүүн зөвлөлд байхдаа ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф сүнслэг өвчин эмгэгийг эдгээх Аврагчийн хүчийг гэрчилсэн.
Сүнслэг өвчин эмгэг заримдаа нүглээс эсвэл сэтгэл санааны зовлонгоос үүдэлтэй байдаг. …
Хамгийн гүн, эдгэшгүй мэт харагддаг сүнслэг шархнууд хүртэл эдгэдэг.
Хүндэт найзууд минь, Есүс Христийн эдгээх хүч бидний амьдралд байхгүй болоогүй.
Аврагчийн эдгээх хүч Өөрийнх нь цаг үед байсны адил өнөө үед ч амьдралыг өөрчилж чадна. Хэрэв бид итгэлтэй байх аваас Тэр бидний гараас хөтлөн, бодгалийг маань тэнгэрлэг гэрэл, эдгэрлээр дүүргэж, “Бос, дэвсгэрээ аваад, яв” [Иохан 5:8] хэмээх ерөөлт үгсийг хэлэх болно.
(Дийтр Ф.Угдорф, “Тэнгэрлэг гэрэл түгээгчид,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72)
-
Аврагчийн эдгээж чадах сүнслэг шархны ямар жишээнүүд байна вэ?
-
Түүнийг сүнслэг шархнуудыг эдгээж чаддаг болохыг мэдэх нь таны амьдралыг хэрхэн адислах вэ?
Энэ үнэнтэй хамааралтай дараах асуултуудыг тунгаан бод. Бодлоо судлах тэмдэглэлдээ бичих талаар бодож үз.
-
Таны амьдралд эдгээх ёстой ямар нэг сүнслэг шарх байгаа юу?
-
Та Есүс Христийн эдгээгч хүчийг хэрхэн эрэлхийлэх вэ?
-
Есүс Христийн эдгээгч хүч хэрэгтэй байгаа хэн нэгнийг та мэдэх үү? Үүнд хүрэхэд нь тэдэнд туслахын тулд та юу хийж чадах вэ?
Сурч мэдсэн зүйлээ хуваалц
Та энэ жил судрууд дээрх бусад түүхийг судлах явцдаа тодорхой нэг дүр дээр төвлөрөх чадвараа ашиглахыг бодож үз. Тухайн түүхэд гарч буй өөр өөр хүн юу олж мэдсэн тухай тунгаан, тухайн хэсгийг хэд хэдэн удаа унших нь тустай байж болно.
Таны энэ түүхийг судлахдаа анхаарлаа төвлөрүүлсэн хүн найздаа тэр өдөр юу гэрчилсэн болон мэдэрсэн тухайгаа дүрслэн хэлэхийг хүсжээ гэж төсөөлье. Тухайн туршлагыг дэлгэрэнгүй дүрслэн, судлах тэмдэглэлдээ бичихэд хэсэг хугацааг зарцуул. Та тэднийг Есүс Христийн тухай юу олж мэдэж, мэдэрсэн гэж бодож байгаагаа багтаа.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Миний итгэл хайртай хүмүүст маань нөлөөлөх болов уу?
Далын ахлагч Чи Хонг (Сэм) Вонг ийнхүү заасан.
Би та бүхэнд судраас өөр нэгэн нуугдмал эрдэнэсийг хуваалцах гэсэн юм. Энэ нь 5-р шүлэг дээр гардаг “Есүс тэдний итгэлийг хараад” гэсэн хэсэг юм (тодотгол нэмсэн). Би тэдний итгэл гэсэн хэсгийг өмнө нь анзаараагүй байв. Үнэхээр бидний нэгдмэл итгэл л бусдын сайн сайханд нөлөөлөх болно.
Есүс тэд гэж хэнийг хэлсэн бэ? Тэд гэдэг нь саа өвчтэй хүнийг авчирсан дөрвөн хүн ба саа өвчтэй хүн, мөн түүний төлөө залбирсан болон Есүсийн номлолыг сонсож, удахгүй ирэх гайхамшигт зүрх сэтгэлдээ баярлаж байсан хүмүүс юм. Тэд бол эхнэр эсвэл нөхөр, эцэг эх, хүү эсвэл охин, номлогч, чуулгын ерөнхийлөгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, бишоп, түүнчлэн хол байгаа найз чинь ч байж болно. Бид бүгд нэг нэгэндээ тусалж чадна. Бид тусламж хэрэгтэй хүмүүсийг эрж олох ажилд санаа сэтгэлээ бүрэн зориулах ёстой.
(Чи Хонг [Сэм] Вонг, “Эв нэгдэлтэй байж, аврах нь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 16)
Есүс тэр хүнийг биеэр эдгээснээр хуулийн багш нарт юуг нотолсон бэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) ийн тайлбарласан.
Есүсээс гадна тэнд байсан “хуулийн багш нар” зөвхөн Бурхан нүглийг өршөөж чадна гэдгийг мэдэж байсан. Иймээс Есүс Бурханы хүч түүнд байсан гэдгийн шулуун шударга, гүн гүнзгий гэрч болгон, … ямар ч луйварчны хийж чадахгүй зүйлийг хийж, тэрхүү нүглээс өршөөгдсөн хүнийг эдгээсэн юм. Түүний ‘Нүглийг уучлахад өвчтөнийг босгож, алхуулахаас илүү хүч шаардагдах уу?’ хэмээх асуултад зөвхөн нэг л хариулт байх боломжтой! Энэ нь Тэр нэг хүнийг эдгээсэн бол бусдыг ч мөн эдгээнэ гэсэн хариулт юм.
(Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary [1973], 1:177–78)