Матай 8; Марк 2–4; Лук 7
Тойм
Есүс бэлэвсэн эмэгтэйн хүүг амилуулж, саа өвчтэй хүнийг эдгээх зэргээр үзүүлсэн гайхамшгуудаараа дамжуулан агуу хүч, хайр энэрлээ харуулсан билээ. Тэрээр мөн Галилын тэнгис дэх шуургыг намдааж, Түүний хөлийг угааж, тослон талархлаа илэрхийлсэн эмэгтэйн нүглийг уучилсан юм.
Заахад бэлд
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Матай 8; Лук 7:11–17
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдын өнөөгийн цаг үед болон тэдний амьдралд Есүс Христийн гайхамшгуудыг үзүүлэх хүчинд итгэх итгэлийг бэхжүүлэхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэр бүлийн гишүүд эсвэл найзуудаасаа амьдралдаа болон Сүм дээр тохиолдсон ямар үйл явдлыг гайхамшиг гэж үзэж буй талаар асуухад урь. Зарим гайхамшиг үнэхээр сэтгэл хөдөлгөм байдаг бол зарим нь энгийн байдаг гэдгийг тэдэнд сануул.
-
Видео бичлэг: “Widow of Nain (Найны бэлэвсэн эмэгтэй)” (2:22)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчийн бэлтгэх үйл ажиллагаагаар хуваалцахаар бэлтгэсэн гайхамшгуудынхаа заримыг нь хуваалцах боломжийг суралцагчдад олгох үүднээс тэднийг жижиг онлайн өрөөнүүдэд оруулах талаар бодож үз.
Марк 2:1–12
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Аврагч бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээж чаддаг гэдгийг илүү сайн ойлгоход суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Өөрсдийнх нь мэдэх хэн нэгэн Аврагчаас хэрэгтэй байсан адислалаа хүлээн авсан туршлагын талаар бодоход суралцагчдыг урь. Энэ хүний адислал түүний найз нөхөд, гэр бүлийн гишүүд, бусад хүнд хэрхэн нөлөөлсөн бэ? Аврагч тухайн хүнд юу хийснийг олж харснаар юуг олж мэдсэнээ бодож үзэхийг суралцагчдаас хүс.
Лук 7:36–50
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, гэм нүглээ наманчлахад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Лук 7:36–50-ийг уншаад, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 дээрх дараах асуултуудад өгөх хариултынхаа талаар бодоход урь. “Та Лук 7:36–50 дээр дүрсэлсэн эмэгтэйтэй юугаараа адил болохоо тунгаан бод. Та Аврагчийн түүнд үзүүлсэн өрөвч сэтгэл, энэрэл нигүүлслийг хэзээ мэдэрч байсан бэ? Та итгэл, хайр, даруу байдлын тухай түүний жишээнээс юуг олж мэдэж байна вэ? (“2-р сарын 27-оос 3-р сарын 5. Матай 8; Марк 2–4; Лук 7: ‘Итгэл чинь чамайг аварлаа’”).
-
Зураг: Хичээлийн эхэнд байгаа зургийг харуулахад бэлтгэ.
-
Видео бичлэг: “His Grace—Am I Beyond Saving? (Түүний ач ивээл—Би аврагдахаасаа өнгөрсөн үү?)” (6:25). Агуулга болон хэлэлцэж буй сэдвүүд ангийн тань суралцагчдад таарах эсэхийг тодорхойлохын тулд энэхүү видео бичлэгийг урьдчилан үзээрэй.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Та шүлгүүдийг Лук 7 дээрээс уншиж байхдаа, ангийнхныг бүхэлд нь харж болохуйцаар дэлгэцээ “Галлерей харагдац” дээр тохируул. Өмнөх шүлгийг уншсан суралцагчийг дараа нь тодорхой нэг чиглэлд заахад урь. Таны дэлгэцэн дээр заагдсан суралцагчаас дараагийн шүлгийг уншихыг хүсэж болно.
Матай 8:23–27; Марк 4:35–41
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь хүндрэл бэрхшээлтэй тулгарах үедээ Их Эзэний амар амгалан, тайван байдлыг хүлээн авахад суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 дээрх “Матай 8:23–27; Марк 4:35–41: Есүс Христ амьдралын шуурган дунд амар амгаланг авчрах хүчтэй” дээрх үйл ажиллагааг гүйцэтгэхэд урь. Суралцагчдыг ойлголтоо хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь. Тэд энэ үйл ажиллагаанд хамт оролцохыг гэр бүлийн гишүүд, найз нөхдөөсөө хүсэж болох юм.
-
Суралцагчдад зориулсан материалууд: Суралцагчдыг төсөөлөн бодох үйл ажиллагааны үеэр ашиглах бичгийн хэрэгсэл, судлах тэмдэглэл эсвэл хуудас цаастай байхад анхаар.
-
Видео бичлэг: “Peace in Christ (Христийн амар амгалан)” (4:09)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг зурсан зургаа камераараа харуулахад урьснаар тэд бие биеийнхээ зургийг харах боломжтой. Цөөн суралцагчийг зурсан зургаа ангийнхандаа тайлбарлахад урь.
Төгс эзэмших сургаалын давтлага 2
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Шинэ Гэрээний зарим төгс эзэмших сургаалын судрын хэсгийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд суралцагчдад тусална.
Тайлбар: Төгс эзэмших сургаалын хэсгүүдийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын хэсгүүдийн талаарх хичээл тус бүрийг семинар явагдаж байх үед заасан байхын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал буюу зохицуулагчийн өгсөн заах хуваарийг хар.
-
Суралцагчийн бэлтгэл: Судрын эшлэлүүд, тэдгээрийн сургаж буй зүйлсийг мэдэж байх нь амьдралд нь хэрхэн тустай болохыг тунгаахад суралцагчдыг урь.
-
Тараах материал: Төгс эзэмших сургаалын хэсгүүд, тэдгээртэй холбоотой судрын түлхүүр үг хэллэгүүдийн жагсаалтыг харуулахаар бэлтгэ эсвэл үүнийг суралцагчдад тараах материал болгож өг.
-
Суралцагчдад зориулсан материалууд: Суралцагчдыг карт ашиглан цээжлэх үйл ажиллагааны үеэр ашиглах бичгийн хэрэгсэл, судлах тэмдэглэл эсвэл хуудас цаастай байхад анхаар.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж:Суралцагчдад хамтдаа оролцох боломж олгодог онлайн тоглоомуудыг ашиглах талаар бодож үз. Түлхүүр үг хэллэгийг судрын эшлэлтэй тохируулахын тулд хэд хэдэн өөр онлайн хэрэгслийг ашиглаж болно эсвэл суралцагчид хоосон зайг бөглөх үйл ажиллагааг гүйцэтгэж болно.