Матай 8:23–27; Марк 4:35–41
Есүс шуурга намдаав
Их салхи босож, давалгаа завийг цохиход шавь нар нь Аврагч руу “Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?” хэмээн орилолдов (Марк 4:37–38-ыг үзнэ үү). Бид цөхөрсөн үедээ тусламж эрэн аргаа барж, Аврагчийн биднийг анхаардаг эсэхэд эргэлзэх үе байдаг. Гэсэн хэдий ч бидний нөхцөл байдал хүнд хэцүү мэт санагдаж болох ч Есүс Христэд бидний дарамтыг багасгаж, бэрхшээлүүдийг маань арилгах, бидэнд “Чимээгүй. Намд” (Марк 4:39) хэмээн хэлэх чадвар бий. Энэ хичээл нь хүндрэл бэрхшээлтэй тулгарах үедээ Их Эзэний амар амгалан, тайван байдлыг хүлээн авахад тань туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Танд ямар айдас байдаг вэ?
Зарим үед хүчтэй шуурган дунд байгаа мэт санагдах үе бидний амьдралд тохиолддог. Заримдаа амьдралын эдгээр шуурга бидэнд айдас төрүүлэх нь бий.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбанд зарим үед бидэнд төрдөг айдсуудын жишээг хуваалцжээ. Танд байгаа ижил төстэй айдсуудынхаа талаар бодож үз.
Ганц бие залуучууд маань гэрлэх гэх мэт үүрэг хүлээхээс айдаг. … Залуу гэр бүлүүд ёс бус байдал улам ихсэж байгаа энэ дэлхийд хүүхэд төрүүлэхээс айж байна. Номлогчид олон зүйлээс, ялангуяа танихгүй хүмүүстэй ярихаас айж байна. Бэлэвсэн эмэгтэйчүүд ганцаараа цаашид амьдарна гэхээс айж байна. Өсвөр насныхан хүлээн зөвшөөрөгдөхгүй байхаас, дунд сургуулийнхан хичээлийн анхны өдрөөс, их сургуулийн оюутнууд шалгалтынхаа дүнг сонсохоос айж байна. Бид амжилтгүй байх, гологдох, урам хугарах, хэнд ч танигдахгүй байх зэргээс айдаг. Бид хар салхи, газар хөдлөлтөөс мөн газар нутаг, амьдралыг сүйрүүлж буй гал түймрээс айдаг. Бид сонгогдохгүй байхаас, зарим нөхцөлд сонгогдохоос айдаг. Бид хангалттай сайн биш байгаадаа мөн Их Эзэнд бидэнд зориулсан адислал байхгүй байх вий гэдгээс айдаг. Бид өөрчлөлт хийхээс айдаг бөгөөд бидний айдас үймээн самуунд ч хүргэж болдог.
(Роналд А.Расбанд “Бүү тэвдэн сандар,” Ensign эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18)
Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.
-
Танд ахлагч Расбандын дурдсантай төстэй ямар айдас байдаг вэ?
-
Эдгээр айдас таны итгэлд хэрхэн нөлөөлөх вэ? Яагаад?
-
Эдгээр айдсыг даван туулахаар Аврагчийн тусламжийг хүлээн авахын тулд та юу хийж чадах вэ?
Та өнөөдөр суралцаж байхдаа, айдсаас тань тайвшруулахад туслах Их Эзэний амар амгаланг хүлээн авахад туслах үнэнүүдийг хайж олоорой.
Айдастай туршлага
Судрууд дээрх үйл явдлуудыг төсөөлөн бодох нь таны сургалтын хүч, үр дүнтэй байдлыг ихээр нэмэгдүүлдэг суралцах ур чадвар юм. Марк 4:35–38 -ыг судлаад, эдгээр шүлэгт цэдэглэсэн шавь нарын туршлагыг төсөөлөн бодохоор оролд.
Судлах тэмдэглэлдээ Марк 4:35–38 -ын үзэгдлээс энгийн зургийг зур. Тустай байж магадгүй санагдсан бүх нарийн зүйлийг багтаа. Та энэхүү түүхийг амьдралдаа хамааруулахын тулд хичээлийн туршид уг зургийг ашиглах болно. Та зурах үедээ дараах асуултуудыг өөртөө тавих талаар бодож үз.
-
Хөлөг онгоц ямархуу харагдсан байх гэж та төсөөлж байна вэ?
-
Давалгаа хөлөг онгоцыг цохих үед шавь нар юу хийсэн бэ?
-
Шуурга ямар харагдаж, яаж мэдрэгдсэн гэж та бодож байна вэ?
Энэ хүүрнэлд дүрсэлсэн үйл явдлууд таны амьдралд тохиолдсон, тохиолдож байгаа эсвэл тохиолдох үйл явдлуудыг хэрхэн харуулж буйг авч үз.Та зурсан зургийнхаа өөр өөр хэсгийн хажууд энэхүү судрын түүх дэх элементүүдээр илэрхийлэгдэж болох өөрийн амьдралын нөхцөл байдлуудыг жагсаан бичээрэй. Жишээлбэл, завь нь Аврагчийг тантай холбодог зүйлсийг илэрхийлж болно. Давалгаа эсвэл шуурга нь таныг цөхрөөхөөр заналхийлж буй танд тулгарсан уруу таталт эсвэл бэрхшээлийг илэрхийлж болно.
-
Таны мэдэрсэн байж болох ямар сэтгэл хөдлөлийг шавь нар мэдэрсэн байж болох вэ?
-
Амьдралынх нь шуурганы үеэр Аврагч унтаж байгаа мэт санагдах үе хэн нэгэнд хэзээ тохиолдож болох вэ? Яагаад?
Марк 4:38 -ыг дахин уншаад, шавь нарын асуусан асуултыг тодорхойл.
-
Шуурганы үеэр тэдний Аврагчийн тухай мартсан байж болох ямар ямар үнэн байгаа вэ?
Марк 4:39–41 -ийг уншаад, Есүс Христийн мөн чанар, зан байдлын тухай юуг олж мэдэж болохоо олж мэд.
-
Та Есүс Христийн мөн чанар, зан байдлын тухай юу олж мэдсэн бэ?
-
Бид энэ түүхээс бидний амьдралын шуургыг намдаах Аврагчийн чадварын тухай ямар үнэнийг олж мэдэж болох вэ?
Энэ түүхээс бид биднийг амьдралын шуурганы үеэр Аврагчийн тусламжийг эрэлхийлэхэд Тэр бидэнд амар амгалан, тайван байдлыг авчирна гэдгийг олж харж болно.Судар болон зурган дээрээ энэ үнэнийг мөн өөрийн олж харсан бусад үнэнийг бичих талаар бодож үз.
“Peace in Christ (Христийн амар амгалан)” (4:09) видео бичлэгийг үзээд, Аврагчийн амьдралын тань шуурган дунд амар амгаланг авчирсан үеүдийн талаар бод.
-
Энэ дууг сонсох үед танд ямар мэдрэмж, бодол төрсөн бэ?
-
Аврагч “амьдралын шуурганы” үеэр танд амар амгалан, тайван байдлыг хэзээ авчирсан бэ?
Зургаа болон үүн дээрх гарчгуудыг хар. Одоо зурган дээрээ амьдралын шуургатай хэрхэн нүүр тулж буйг харуулсан өөрийн зургийг нэм. Жишээлбэл, та завины хажууд айчихсан зогсож байна уу? Эсвэл та Аврагчийн хажууд амар амгалан зогсож байна уу?
Та зургийнхаа доод талд яагаад ингэж зурснаа бичиж тэмдэглэ. Дараа нь Их Эзэн Өөрийнх нь тусламжийг хүлээн авах эсвэл үргэлжлүүлэн хүлээн авахын тулд та нарыг ямар онцгой үйлдлүүдийг гаргаасай гэж хүсдэг талаар бод. Ирэх хичээлээр, та зургаа дахин эргэн харж, Аврагчаас агуу амар амгаланг олж авсан эсэхээ бодож үзэх боломжтой болно.
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Ийм багахан усан дээр ийм аймшигтай шуурга яаж болох вэ?
Галилын тэнгис … нь далайн түвшнээс доош 213 метр орчимд Иорданы хавцлын хөндийд байрладаг бөгөөд баруун, хойд, зүүн талаараа өндөр уулсаар хүрээлэгддэг. Салхи баруун налууг сөрж, догшин ширүүн давалгаа энэхүү харьцангуй жижиг усан дээр гэнэтийн хүчтэй шуурга дэгдээж чадна.
(Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2018], 108)
Яагаад Есүс шавь нараа итгэл найдваргүй байна хэмээн зөөлөн зэмлэсэн бэ?
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр (1907–95) ийн хуваалцсан.
Бид бүгд өөрсдийн амьдралд гэнэтийн шуургатай дайралдаж байсан байх. Эдгээрийн зарим нь Галилын тэнгис дэх шуургатай адил түр зуурын мөртлөө аймшигтай, устгах хүчтэй байж болно. Хувь хүний хувьд мөн гэр бүл, нийгэм, улс үндэстэн, бүр сүмийн хувьд бидэнд ямар нэгэн замаар ‘Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?’ хэмээн асуухад хүргэх гэнэтийн шуурга тохиолдож байсан. Ямар нэгэн арга замаар бид бүхэн шуурганы дараах нам гүмд ‘Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ?’ хэмээх үгсийг сонсдог.
Бидний хэн нь ч өөрсдийгөө итгэлгүй гэж бодохыг хүсдэггүй боловч Их Эзэн уг намуухан зэмлэлийг үнэхээр хэлэх эрхтэй гэдэгт би итгэдэг. Бидний итгэдэг гэж ярьдаг мөн нэрийг нь өөрсөд дээрээ авсан энэ агуу Иехова ‘Усан дундуур огторгуй байж, ийнхүү усыг уснаас салгатугай’ гэж айлдсан билээ. ( Эхлэл 1:6 .) Мөн Тэрээр ‘Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, ийн хуурай газар ил гартугай’ хэмээн хэлсэн Тэр нь билээ. ( Эхлэл 1:9 .) Мөн Тэрээр Улаан Тэнгисийг хувааж, израилчуудыг хуурай газар дээгүүр явуулсан Тэр нь билээ. ( Гэтлэл 14:21–22 -ыг үзнэ үү.) Тиймээс Тэрээр Галилын тэнгис дэх цөөн хэдэн элементэд зарлигласанд гайхах зүйл үгүй. Тэрээр бидний амьдралын хэцүү уснуудыг намдааж чадна гэдгийг итгэл маань бидэнд сануулж байх хэрэгтэй.
(Howard W. Hunter, “Master, the Tempest Is Raging,” Ensign, Nov. 1984, 33)
Энэ түүх надад ямар хамаатай вэ?
Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Лиза Л.Харкнэсс эгч ийн хуваалцсан.
Бидэнд сорилт бэрхшээл, саад тотгор, зовлон зүдгүүртэй тулгарсан үедээ “Багшаа, миний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү? Намайг авраач” хэмээн орилох эгэл зан, уруу таталт ч байдаг. …
Есүсийн шавь нар шуурганд өртсөн завин дээрээ тавцанг нь цохих давалгааг харж, хувин хувингаар ус шавхан байсныг би төсөөлж байна. Тэд дарвуулаа тогтоон барьж, жижигхэн завиа бага зэрэг ч болтугай хяналтдаа байлгахаар оролдож байсан нь надад харагдаж байна. Тэдний гол зорилго тэрхэн мөчийг даван гарах байсан бол гуйлт нь чин сэтгэлийнх байсан юм.
Өнөө үед бидний олонх нь үүнээс ялгаагүй билээ. … Энэхүү үймээн самуунтай цаг үед итгэл маань ойлголт, тэвчээрийн хязгаарынхаа туйлд хүрч байгаа мэт санагдаж болох юм. Айдсын давалгаа бидний анхаарлыг сарниулж, Бурханы сайн сайхныг мартахад хүргэдэг учраас бидний алсын харааг богиносгож, чиг шугамаа алдахад хүргэдэг. Гэвч бидний аяллын эдгээр хүнд ширүүн хэсэгт итгэл маань соригдохын зэрэгцээ бэхжиж байдаг.
(Лиза Л.Харкнэсс, “Амар амгалан байг,” Ensign эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 86)