Семинар
Суралцахуйн үнэлгээ 2


Суралцахуйн үнэлгээ 2

Матай 3–7; Лук 3–6; Maрк 1; Иохан 2–4

Зургийн наад талд цааш харан сууж буй хэсэг хүний өөдөөс харан сууж буй Есүс.

Энэ хичээл танд энэ жил Шинэ Гэрээнээс судлах явцдаа тавьсан зорилго, суралцахуй, хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.

Суралцагчийн бэлтгэл: Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан уруу таталтыг эсэргүүцэж, даван туулах өөрсдийн хүчин чармайлтын талаар бодоход суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христийг дагах

Таны Шинэ Гэрээний семинараас суралцсан зүйлс Есүс Христ рүү илүү бүрэн дүүрэн очиход болон Түүний шавь эсвэл дагалдагч болоход туслах зорилготой. Дараах гурван үйл ажиллагааны нэгийг гүйцэтгэж, биднийг Аврагчийн сургаалыг хэрэгжүүлэн, Түүнийг дагах үед ирдэг адислалуудыг олж мэд. Дараа нь шалгах хоёр асуултад хариул.

Дараах гурван үйл ажиллагааны алиныг нь ангид гүйцэтгэхэд хамгийн үр дүнтэй болохыг шийдээд, суралцагчдыг тухайн үйл ажиллагааг гүйцэтгэхэд урь. Үлдсэн хичээлд хангалттай цаг үлдээ.

  1. Хүүхдийн дуу болох “Мэргэн, мунхаг хоёр” (Хүүхдийн дууны ном, 132)-ыг дуулж эсвэл сонсоод, Матай 7:24–27-г унш.

  2. Хуудас цаас эсвэл судлах тэмдэглэл дээрээ Матай 7:24–27 дээрх Аврагчийн сургаалыг илэрхийлэх хялбар зураг зур.

  3. Шоо эсвэл аяга ашиглан шал, ширээ, тавцан зэрэг бат бөх суурин дээр энгийн байшин эсвэл ямар нэг байгууламж барь. Дараа нь ор, хуйлсан хөнжил эсвэл дэр зэрэг тогтвор муутай суурин дээр өөр нэг энгийн байгууламж барь. Байгууламж бүрийн хажуугийн гадаргуу дээр дараад, юу болохыг ажигла. Матай 7:24–27-г уншаад, энэ үйл ажиллагаа, Аврагчийн сургаалт зүйрлэл хоёрын ижил төстэй зүйлийг олж мэд.

  • Та энэ үйл ажиллагаанаас юу сурч мэдсэн бэ?

  • Бид Аврагчийн сургаалыг хэрэгжүүлбэл ямар адислал хүртэж чадах вэ?

Та энэ жил Шинэ Гэрээнээс Аврагчийн сургаалыг судалж, хэрэгжүүлэхээр чармайхдаа хэр өсөж хөгжсөн талаараа бод. Дараах асуултуудын нэгд эсвэл түүнээс олонд хариул.

  • Таны судалсан Есүс Христийн сургаалаас танд онцгой утга учиртай санагдсан ямар сургаал байна вэ?

  • Та Аврагчийн үгийг судлах явцдаа Түүнд ямар арга замаар илүү ойртсон бэ?

  • Амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой ямар ямар сургаалыг та энэ жил судалсан бэ? Үр дүнд нь та ямар адислал хүртсэн бэ?

Энэ хичээл нь Есүс Христийн хадан дээр амьдралаа цогцлоон бүтээж буй аргуудаа үнэлэхэд туслах бөгөөд ингэснээр та учирч болзошгүй сорилтуудыг сөрөн зогсож чадна.

Хичээлийн үлдсэн хэсэгт дараах хичээлүүдээс заа.

  • Maтай 3:1–12; Maрк 1:1–8

  • Лук 3:7–14

  • Матай 4:1–11, 1-р хэсэг

  • Матай 4:1–11, 2-р хэсэг

  • Иохан 3:1–8

  • Maтай 6:1–18

Хэрэв эдгээр хичээлийг өөрчлөн тохируулсан эсвэл заагаагүй байсан бол дараах үйл ажиллагааг нийцүүлэн явуулах шаардлагатай.

Наманчлал, баптисм, гишүүний баталгааны ач холбогдлыг тайлбарла.

Дараах үйл ажиллагааг явуулахдаа хосоороо эсвэл жижиг бүлгээр жүжигчлэн тоглоход суралцагчдыг урихыг бод.

Дараах үйл ажиллагаа нь танд наманчлал, баптисм, гишүүний баталгааны талаарх Аврагчийн сургаалыг хэр сайн ойлгож, тайлбарлаж чадахаа үнэлэхэд тусална. Дараах хоёр мэдэгдлийг авч үзээд, дурдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд тус бүрд нь хариулт бич. Сүүлийн үед судалсан дор хаяж нэг судраа ашигла. Хаалтад байгаа судрын эшлэлүүд тус болж магадгүй. Хувийн аливаа туршлага эсвэл гэрчлэлээ нэмж болно.

  1. Би бол маш сайн хүн. Хэрэв би том нүгэл үйлдээгүй бол наманчлалын тухай яагаад санаа зовох ёстой гэж? (Матай 3:1–8; Лук 3:7–14-ийг үзнэ үү.)

  2. Би Есүс Христэд итгэдэг, гэхдээ би Бурхантай амьдрахаар буцаж очихын тулд баптисм хүртэж, гишүүнээр батлуулах ёстой гэж бодохгүй байна. (Марк 1:1–9; Иохан 3:5; 2 Нифай 31:5–12, 17–18-ыг үзнэ үү.)

Суралцагчдыг хариултаа хуваалцах зуур наманчлал, баптисм, гишүүний баталгааны талаар сайтар ойлгосон эсэхэд нь үнэлэлт өг. Шаардлагатай бол сургаалыг сайн ойлгосон юм шиг санагдаж буй цөөн суралцагчаас өөрсдийн тайлбар болон ашигласан судрын эшлэлээ ангийнхантай хуваалцахыг хүс.

Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан чөтгөрийг эсэргүүцэж, ялан дийлэх чадамжаа үнэл.

Хадны ирмэг дээр зогссон Христ доор нь гарч ирсэн Сатаныг зэмлэж байгаа нь.  Энэхүү зураг Христийг цөлд дөчин өдөр мацаг барьсны дараа Сатаны уруу татахыг оролдсон үйл явдлыг дүрсэлжээ. Христ Сатаныг оршихуйгаас нь зайлахыг тушааж байна.

Та саяхан уруу таталтыг эсэргүүцэж буй Аврагчийн тухай судалж, уруу таталттай тулгарах үедээ Түүний жишээг дагаж, Түүнд найдах төлөвлөгөө гаргах боломжтой байсан билээ. (Матай 4:1–11 болон тухайн хичээлээр судлах тэмдэглэл дээр бичсэн зүйлсээ дахин давтах нь тустай байж болно.)

Суралцсан зүйлсээ хэрхэн хэрэгжүүлж байгаагаа үнэлэх үүднээс уруу таталтыг эсэргүүцэхийн тулд Аврагчийн жишээг дагаж, Түүнд найдах хүчин чармайлтынхаа талаар тунгаахад цөөн минутыг зориул. (Үүнд таны санаж байгаа эсвэл цээжлэхээр оролдсон судрууд багтаж болно.) Дараах жишээг тунгаан бодох зуураа өөрийн туршлагаас олж мэдсэн зүйлсийнхээ талаар бод.

Найзад тань порнограф үзэх уруу таталтыг эсэргүүцэхэд хэцүү байна гэж төсөөлье. Тэр ганцаараа байхдаа интернэт ашиглахгүй байх, өрөөндөө шөнө утсаа байлгахгүй байх зэргээр уруу татагдахгүй байх гэж оролдсон. Тэр үүнийг хэдэн өдөр маш амжилттай хэрэгжүүлж чадсан боловч дараа нь бууж өгсөн байна. Тэр дахин бууж өгөхөөсөө өмнө хэдэн өдрийн турш порнографаас зайлсхийх гэж хичээсэндээ өөртөө уурлаж байлаа. Түүнд нэмэлт санаанууд болон энэхүү уруу таталтыг эсэргүүцэх Аврагчийг хүчийг ашиглахад тусламж хэрэгтэй байна.

Ангиараа дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэх талаар бод. Нэг суралцагчаас найздаа юу гэж хэлэх байснаа хуваалцахыг хүс. Дараа нь тэрхүү суралцагчийг тус болж болохуйц бодол хуваалцах өөр нэг суралцагчийг ангийн гишүүдээс сонгоход урь. Суралцагчид санал бодлоо хуваалцах нэгнээ үргэлжлүүлэн дуудах эсвэл хувь хүмүүс оролцохын тулд өөрсдөө гараа өргөж болно. Шаардлагатай бол найз нь хариулт болгож юу гэж хэлэх эсвэл мэдрэх байсныг ангийнхантай хуваалц.

Өөрийн уруу таталтын талаар хуваалцахгүйгээр найздаа тайлбар бич. Хариултдаа дараах зүйлсээс нэг эсвэл хэд хэдийг багтаа. Үүнд:

  • Уруу таталтыг даван туулахад тусалсан Их Эзэнд хандахын тулд таны хийсэн ямар нэг зүйл

  • Уруу таталтыг үргэлжлүүлэн эсэргүүцэх урам зоригийг авах болон хайрлагдсан гэдгээ мэдрэхэд найзад тань туслах Есүс Христийн тухай таны мэддэг зүйлс

  • Уруу таталтыг эсэргүүцэхдээ Аврагчийн жишээг дагаж, Түүнд найдахын тулд хийх ёстой гэж таны найздаа санал болгох зүйлс

  • Найзад тань цаашид тулгарч болзошгүй ямар амжилт, сорилтууд байх тухай болон тэдгээртэй тулгарах үедээ Их Эзэнд хэрхэн найдах талаар өгөх зөвлөгөө

Энэхүү үйл ажиллагаа нь хувь хүний тань хувьд хэрхэн тус болох талаар бодож үз. Та Есүс Христийн хүчээр уруу таталтыг үргэлжлүүлэн эсэргүүцэж, даван туулахын тулд юу хийхийг хүсэж байна вэ? Хэрэв таны урам хугарч эсвэл эргэлзэж байгаа бол өөрийн санаа зовоож буй асуудал, мэдрэмжийн тухай залбирахыг бод. Мөн эцэг эх эсвэл бишоптойгоо ярилцах нь тустай байж болно. Та өөрийн амьдралыг Аврагч дээр болон Түүний сургаалын дагуу цогцлоон бүтээхээр чармайх үедээ найдвараа бүү алдаарай.

Бурханыг чин сэтгэлээсээ шүтэн биширч, дагах хүслээ тунгаан бодох

Тунгаан бодох эцсийн нэг зарчим бол Бурханыг чин сэтгэлээсээ бишрэн шүтэж, Есүс Христийг дагах таны хүсэл билээ. Өмнөх хичээлээр та хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцүүлэхийн тулд зөв шударга үйлс хийвэл, Тэр биднийг ил тод шагнах болно гэдгийг олж мэдсэн (Матай 6:1–6; 16–18-ыг үзнэ үү). Та энэ үнэнийг судлахдаа дараахтай төстэй харагдах хүснэгтийг бөглөсөн байж болно.

Өнгөрсөн долоо хоногт таны үйлдсэн гурван сайн үйл юу байсан бэ? (Нэг мөрөнд нэгийг бич.)

Тэдгээрийг үйлдэх шалтгаан тань юу байсан бэ?

Эдгээр “сайн үйлийг” үйлдсэний дараа танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Тухайн хичээлээс хойш өөрийн үйлдсэн нэг эсвэл хоёр сайн үйлийг хүснэгтэд нэмж, хүснэгт дээрх дагалдах асуултад хариулахыг бод. Та Бурханд илүү чин сэтгэлээсээ төвлөрөх боломжтой байгаа эсэхээ тунгаан бод.

  • Хэрэв хэн нэгэнд Бурханы таалалд нийцүүлэхийн тулд сайн үйл үйлдэхэд бэрхшээлтэй байгаа бол та тэдэнд ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

Суралцагчдын хариултыг анхааралтай сонс. Зөвлөгөө, туршлага, гэрчлэл нэмэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг дага.