Семинар
Матай 7:1–5


Матай 7:1–5

Аврагч шавь нартаа зөв шударгаар шүүхийг сургав

Зураг
Галилын тэнгисийн эрэг дээрх хадан дээр сууж буй Есүс Христ. Олон хүн Түүнийг хүрээлэн цугларчээ. Христийн номлож байгааг тэд сонсож байна. (Марк 4:1) (Лук 5:1)

Есүс Христ Уулан дээрх номлолынхоо турш шавь нартаа зөв шударгаар шүүхийг сургажээ. Энэ хичээлээр та зөв шударга шүүх тухай суралцах боломжтой болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдийн хийх ёстой болон хийхгүй байхад анхаарах ёстой шүүлтийн тухай мэддэг зүйлсээ тунгаан бодоход урь. Тэднийг шүүлтийн талаар өөрт байгаа асуултынхаа талаар бодоход урамшуул.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бид зөв шударгаар шүүх хэрэгтэй.

Дараах жишээнүүдийг ангиараа уншаад, хүн тухайн нөхцөл байдал тус бүрд ямар төрлийн шүүлт хийж болох тухай бодоход суралцагчдыг урь. Суралцагчдад илүү хамааралтай болгох үүднээс жишээнүүдийг өөрчлөхийг бод.

  • Хэн нэгэн таныг өсвөр насны олон хүүхэд Мэргэн ухааны үгийг зөрчиж, хорт бодис хэрэглэж байгаа үдэшлэгт урьжээ.

  • Танаас өөр зарчмаар амьдардаг хэн нэгэн тантай дотно найзлахыг хүсэв.

  • Танай тойргийн гишүүн Хүндэтгэлийн өдөр таны гэр бүлийн хийдэг зүйлсээс өөр зүйл хийжээ.

  • Та найзыгаа порнограф үздэг зуршилтай болохыг олж мэдэв.

Энэ хичээлийн туршид та зөв шударга шүүх тухай суралцах болно. Та эдгээр жишээнд өөрийн санаа бодлыг тусгаж, суралцсан зүйлсээ хэрэгжүүлэх боломжтой болно.

  • Шүүх талаар танд ямар нэг асуулт байна уу?

Та өнөөдрийн хичээлийг судлах явцдаа шүүх тухай юу гэж боддогоо эргэцүүлээд, Ариун Сүнсний зааварчилгааг сонс. Шүүлтийн талаарх Аврагчийн сургаалын ойлголтыг тань нэмэгдүүлсэн өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Матай 7:1-ийг унш . Энэ шүлгийг ихэвчлэн Аврагч бидэнд та нар хэзээ ч шүүх ёсгүй хэмээн заасан гэж буруу ойлгох нь бий. Одоо энэ шүлгийн Иосеф Смитийн Орчуулгыг унш (Матай 7:1, зүүлт тайлбар a).

  • Аврагч шүүлтийн тухай юу гэж заасан талаарх ойлголтыг тань Иосеф Смитийн Орчуулга хэрхэн нэмэгдүүлж байна вэ?

  • Зөв шударга шүүх гэдгийг та ямар утгатай гэж бодож байна вэ?

Дараах мэдэгдлийг унш.

Дараах мэдэгдлийг харуулахыг бод, ингэснээр хэн нэгэн нь үүнийг чанга унших зуур суралцагчид дагаж унших боломжтой.

Шүүлт нь бидний сонголтын чухал хэрэглүүр бөгөөд ялангуяа бид бусад хүнийг шүүн үзэх үед энэ нь маш их анхаарал шаарддаг. Бидний бүхий л шүүлт шударга жишгээр удирдагдах ёстой. Хувь хүн бүрийн зүрх сэтгэлийг мэддэг Бурхан л зөвхөн хувь хүн бүрийг эцсийн байдлаар шүүх боломжтой.

Заримдаа бусдыг ямар нэг байдлаар шүүх нь буруу гэж хүмүүс боддог. Бусдыг шударга бусаар шүүх буюу зэмлэх нь буруу ч бид амьдралынхаа турш бодол санаа, нөхцөл байдал, хүмүүсийг шүүн үзэх хэрэг гарна. …

… Бид хүмүүсийг шүүхээсээ илүүтэй, хүмүүсийн нөхцөл байдлыг аль болох шүүх ёстой. Боломжтой бол бид бодит байдлын талаар хангалттай мэдлэгтэй болтлоо хүмүүсийг шүүхээс зайлсхийх хэрэгтэй. Шийдвэрүүдийг маань удирдаж чадах Ариун Сүнсэнд бид үргэлж мэдрэмжтэй хандах ёстой.

(Gospel Topics, “Judging Others,” topics.ChurchofJesusChrist.org)

  • Энэ мэдэгдэлд байгаа ямар үг хэллэг эсвэл үг танд зөв шударга шүүлтийг ойлгоход тусалж байна вэ?

Бид бусдын алдаан дээр төвлөрөх ёсгүй.

Зураг
Алган дээрх гичийн үр.
Зураг
Цагаан дэвсгэр дээрх хуучин царсан дүнз эсвэл шонгийн зураг. (босоо)

Матай 7:2–5-ыг уншаад, шүүлтийн тухай бусад сургаалыг олж мэд. 3-р шүлэгт Аврагч модны хэлтэрхийг үртэс (зүүлт тайлбар b-г үзнэ үү), харин модны томоохон хэсгийг дүнз (зүүлт тайлбар c-г үзнэ үү) гэж илэрхийлсэн.

Үртэс, дүнз зэргийг багтаасан зургуудыг суралцагчдад харуулахыг бод.

Эсвэл модны хэлтэрхий (эсвэл өөр жижиг эд зүйл) болон модны томоохон хэсгийг (эсвэл өөр том эд зүйл) авчир. Хоёр суралцагчийг эдгээр эд зүйлийг нэг нэгээр нь нүднийхээ өмнө болгоомжтой барьж, энэхүү сургаалт зүйрлэлийг дүрслэн харуулахад урь.

  • Нүдэндээ дүнзтэй хэн нэгэнд хэн нэгний нүднээс үртсийг салгахад яагаад хэцүү байх вэ?

  • Аврагч дүнз, үртэс хоёрыг харьцуулснаар юуг зааж байна гэж та бодож байна вэ?

Суралцагчид дараах зарчмуудаас заримыг нь тодорхойлж болно.

Бидний бусдыг шүүдэг арга зам Аврагчийн биднийг шүүх арга замд нөлөөлдөг.

Хэрэв өөрсдийн нүгэл, сул талыг харж, наманчлахад төвлөрвөл бидний бусдыг шударга бусаар шүүх магадлал буурна.

Бид нүглээ наманчилсныхаа дараа бусдад илүү сайн туслах боломжтой болдог.

Суралцагчдыг эдгээр юм уу бусад зарчмыг дурдах үед тэдний хэлсэн үгсийг самбарт бич.

  • Эдгээр сургаалыг санаж явах нь бидний хувьд яагаад чухал байдаг вэ?

  • Бид эдгээр сургаалаас Есүс Христийн талаар юуг олж мэддэг вэ?

Аврагчийн заасан үнэнийг дүрслэн харуулсан өөр нэг жишээг харахын тулд ChurchofJesusChrist.org дээрх “Looking through Windows (Цонхоор харах нь)” (2:19) видеог үзнэ үү.

  • Шүүлтийн талаарх Христийн сургаалын дагуу амьдрахад яагаад заримдаа хэцүү байдаг вэ?

  • Та эдгээр зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд Есүс Христээр дамжуулан Тэнгэр дэх Эцэгийнхээ тусламжийг хэрхэн урих вэ?

Зөв шударга шүүлтийн зарчмыг хэрэгжүүлэх дасгал ажил

Хичээлийн эхэнд байгаа жишээнүүдээс нэгийг сонго эсвэл ижил төстэй жишээ бодож ол.

Суралцагчдыг хос болгон эсвэл жижиг бүлгүүдэд хуваахыг бод. Тэдний хэлэлцүүлэгт оролцон, бүлэг тус бүрд хальт зочил.

  • Та ямар жишээг сонгосон бэ?

  • Энэ нөхцөл байдалд та ямар зөв шударга шүүлт хийх ёстой вэ?

  • Та ямар шүүлтийг хийхгүй байхад анхаарах ёстой вэ?

  • Аврагчийн сургаалыг дагаж, өөрийн шүүж буй шүүлтэд та хэрхэн шударга бөгөөд өршөөнгүй байх вэ?

  • Өөрийн нүгэл, сул талуудыг санах нь энэ төрлийн нөхцөл байдалд хэрхэн туслах вэ?

Сэтгэгдлээ сайн дураараа хуваалцахад суралцагчдыг урь. Тэдэнд хэр сайн суралцсан тухай үнэлэлт өгөхийн тулд суралцагчдын хариултыг анхааралтай сонс.

Заримдаа хүмүүс Матай 7:1–5 дээрх Аврагчийн сургаалыг бид хэзээ ч шүүх ёсгүй гэсэн утгатай гэж ойлгодог. Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс бидэнд дагахыг уриалсан хэдэн төрлийн шүүлт байдгийг тодруулсан.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн 2018 оны 3-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Хоёр төрлийн шүүлт байдаг. Бидний шүүхийг хориглосон эцсийн шүүлт ба зөв шударга зарчмууд дээр үндэслэн шүүхийг бидэнд зааварласан завсрын шүүлт гэж байдаг. …

… “Зөв шударга шүүлтэд” хөтөлдөг зарим зарчим эсвэл орц найрлагыг авч үзэцгээе.

Нэгдүгээрт, завсрын шүүлт зөв шударга байх ёстой. Ийм шүүлт нь хэн нэг хүнийг өргөмжлөл хүртэнэ эсвэл тамын галд эргэлт буцалтгүй хаягдана хэмээн мэдэгдэхээс татгалздаг. …

Хоёрдугаарт, зөв шударгаар дүгнэн шүүх нь уур хилэн, өс хонзон, атаа жөтөө, амин хувиа хичээсэн үзэл бодлоор бус, харин Их Эзэний Сүнсээр удирдагдах ёстой. ….

Гуравдугаарт, зөв шударга байхын тулд бидний үүрэг хариуцлагад завсрын шүүлт заавал багтах ёстой. Бид өөрсдийн хувийн үүрэг хариуцлагаас гадуурх шүүлтийг хэрэгжүүлж, үйлдэх ёсгүй. …

Дөрөвдүгээрт, бид боломжтой бол бодит байдлын талаар хангалттай мэдлэг мэдээлэлтэй болох хүртлээ шүүхээс зайлсхийх хэрэгтэй. …

Зөв шударга шүүлтийн тавдугаарт орох зарчим бол бид аль болох хүмүүсийг шүүхээс зайлсхийж, зөвхөн нөхцөл байдлыг шүүх ёстой юм.

(Dallin H. Oaks, “‘Judge Not’ and Judging,” Ensign, Aug. 1999, 7, 9–11)

Суралцагчдыг эхний асуултын хариултыг тунгаан бодоход урь. Урган гарах бусад асуултыг ангиараа ярилцаж эсвэл суралцагчид эдгээр асуултад судлах тэмдэглэлдээ хариулж бичиж болно.

  • Би ямар шүүлтийг хийх ёстой болон хийхгүй байхад анхаарах ёстой вэ?

  • Та энэ хичээлээр зөв шударга шүүлтийн тухай юу олж мэдсэн бэ? Таны олж мэдсэн зүйл танд бусдыг болон өөрийгөө Аврагчийн нүдээр олж харахад хэрхэн тусалж байна вэ?

  • Та шүүлтийн талаарх асуултууддаа хэрхэн хариултаа олсон бэ? Хэрэв танд хариултаа олоогүй асуултууд байгаа бол үргэлжлүүлэн суралцаж, Ариун Сүнснээс хариулт эрэлхийл.

  • Танд бусдын амьдралыг хэт шүүхгүй байхад юу тусалдаг вэ?

Зөв шударгаар шүүх талаарх гэрчлэлээ хуваалцахыг бод.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Бурхан Өөрийн хүүхдүүдийг хэрхэн хардаг вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бид Тэнгэрлэг Эцэгийн нүдэнд бүгдээрээ эрх тэгш хэмээн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 2018 оны 1-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Бидний хүн нэг бүр Бурханы хүүхэд тул тэнгэрлэг чадавх хүн бүрд бий. Хүн бүр Түүний мэлмийн өмнө эрх тэгш юм. Энэхүү үнэн гүн гүнзгий үр дагавартай. Ах, эгч нар аа, миний хэлэх гэж байгаа үгийг чих тавин сонсоно уу. Бурхан нэг үндэстэн ястныг нөгөөгөөс илүүд үздэггүй. Энэ талаарх Түүний сургаал маш тодорхой. Тэрээр “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм бүх хүнийг Өөр дээр нь ирэхийг урьдаг” [2 Нифай 26:33 ].

(Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 103)

Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх нь шүүх байдалд тань хэрхэн нөлөөлж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд Христтэй адил болох нь бидэнд зөв шударгаар шүүхэд тусалж чадах талаар заасан.

Зураг
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнландын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2016 оны 1-р сар.

Христтэй адил болохын тулд хүн энэрч хайрлах дуртай болдог. Энэрэх дуртай хүмүүс бусдыг шүүдэггүй, тэр тусмаа ядуу дорой хүмүүсийг өрөвдөн хайрладаг төдийгүй нигүүлсэнгүй, найрсаг, хүндэтгэлтэй байдаг. Тийм хүмүүс яс үндэс, хүйс, шашин шүтлэг, хүйсийн чиг хандлага, нийгэм эдийн засгийн байр суурь, ураг, омог, үндэстний ялгаа зэрэг шинж чанарыг үл хамааран хүн бүрийг хайрлаж, ойлгож ханддаг. Эдгээр нь бүгд Христийн хайраар солигдсон юм.

(Дэйл Г.Рэнланд, “Зөвийг үйлд, энэрлийг хайрла, Өөрийн Бурхантай даруухнаар алх,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 123)

 

 

   

   

 

Хэвлэх