Maтай 6:1–18
Аврагч шавь нартаа зөв шударга үйл үйлдэхийг заав
Есүс бусдын анхаарлыг татахын тулд бус харин өөрсдийн Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцүүлэхийн тулд сайн үйлс үйлдэх хэрэгтэй гэж сурган, Уулан дээрх номлолоо үргэлжлүүлсээр байв. Энэ хичээлээр та сайн үйл үйлдэх сэдлээ үнэлж, өөрийгөө хэрхэн хөгжүүлэхийг хүсэж байгаагаа тодорхойлох боломжтой болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бидний сэдэл
Дараах мэдэгдлийн тухай бод. Густаво хөршийнхөө хашааг засаж өгсөн.
-
Та Густавогийн талаар юу гэж бодож байна вэ?
-
Яагаад бидний сэдэл чухал вэ?
Бид Матай 6 дээр Аврагч Уулан дээрх номлолоо үргэлжлүүлж, сайн үйлс үйлдэх сэдлийн тухай заасан болохыг уншсан. Тохинуулах, бусдад үйлчлэх, залбирах, семинарт оролцох зэрэг сайн үйлс үйлдэх шалтгаануудын талаар бодоход өөртөө туслах үүднээс дараах үйл ажиллагааг гүйцэтгэ.
Судлах тэмдэглэл дээрээ гурван баганатай хүснэгт зураарай. Хүснэгтийн дээд хэсгийг дараах байдлаар бөглө.
Өнгөрсөн долоо хоногт таны үйлдсэн гурван сайн үйл юу байсан бэ? (Нэг мөрөнд нэгийг бич.) |
Тэдгээрийг үйлдэх шалтгаан тань юу байсан бэ? |
Эдгээр сайн үйлийг үйлдсэний дараа танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? |
Матай 6:1–6, 16–18-ыг уншаад, зөвийг үйлдэх бидний сэдлийн тухай Аврагч юу гэж сургасныг олж мэд. Зөвт үйл гэдэг үг нь ядууст өгөх зэрэг “шашны сүсэг бишрэлийн үйл” (1-р шүлэг, зүүлт тайлбар b)-ийг илэрхийлдэг. Хоёр нүүртнүүд гэдэг нь “дүр эсгэгчид” (2-р шүлэг, зүүлт тайлбар a)-ийг илэрхийлдэг.
-
Та Аврагчийн заасан зүйлийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Олны дунд залбирах нь “нууцаар” (Матай 6:6) үйлдээгүй болохоор буруу болно гэсэн үг биш гэдгийг ойлгох нь чухал. Залбирал болон шашны бусад зан үйлийг чин сэтгэлээсээ, бүхнээ зориулан, Бурханыг алдаршуулах хүсэлтэйгээр үйлдэж байгаа бол олон нийтийн дунд үйлдэж болдог. Мацаг барих үед энэ нь мөн адил байдаг. Матай 6:16 дээрх “баргар царай” мөн “царайгаа барайлгах” гэдэг үгс нь өөрсөд рүүгээ анхаарал татахын тулд мацаг барьж байгаагаа гадна төрхөөрөө харуулсан, Есүсийн үед амьдарч байсан хүмүүсийг илэрхийлдэг.
-
Биднийг зөв шударга үйл үйлдэх үед ч Их Эзэн яагаад бидний сэдлийн талаар ингэж их анхаардаг гэж та бодож байна вэ?
Хүснэгтээ эргэн хараад, өөрийн сайн үйл үйлдсэн шалтгаанаа Матай 6 дээр цэдэглэснээр Аврагчийн заасан зүйлстэй харьцуул.
-
Та яагаад “хамгийн дээд, сайн шалтгаануудын төлөө үйлчлэхээр хичээх” ёстой гэж бодож байна вэ? (Dallin H. Oaks, “Why Do We Serve?” Ensign, Nov. 1984, 13).
-
Хэрэв хэн нэгэнд зөв шалтгаанаар үйлдэхэд хэцүү байсан бол та тэдэнд юу хийхийг зөвлөх байсан бэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф Аврагчийн Өөрийн ажлыг гүйцэтгэх сэдлийн талаар заасан.
Тэр энэ дэлхий дээр ирсэн хамгийн агуу, хамгийн чадварлаг, хамгийн ихийг бүтээсэн хүн мөн хамгийн даруухан нь байсан юм. Тэрээр хамгийн гайхамшигт үйлчлэлүүдээ цөөн хэдэн дагалдагчийнхаа дэргэд үйлддэг байсан бөгөөд хийсэн зүйлээ “хэнд ч ярьж болохгүй” хэмээн тэдэнд сануулдаг байв [Лук 8:56-г үзнэ үү]. Хэн нэгэн Түүнийг “сайн” гэж дуудахад Тэрээр тэдэнд Бурханаас өөр хэн ч сайн биш гэдэг байсан [Марк 10:17–18-ыг үзнэ үү]. Дэлхийн магтаал сайшаал нь Түүнд ямар ч учир утгагүй гэдэг нь илэрхий байна. Түүний цор ганц зорилго бол Тэнгэрлэг Эцэгтээ үйлчилж, “үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлдэх” [Иохан 8:29] явдал байсан. Бид Эзэний үлгэр дуурайлыг дагахдаа сайнаар гүйцэтгэх болно.
(Дийтр Ф.Угдорф, “Чин үнэнч байх нь,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69)
Аврагчийн Өөрийн ажлыг хийх сэдлийг дүрслэн харуулдаг жишээний талаар бод.
-
Эдгээр жишээнээс чухам юу нь таны сэтгэлийг хөдөлгөсөн бэ?
-
Эдгээр жишээ нь Аврагчийн хайрыг болон Түүний бидний нүглийг цагаатгасан шалтгааныг ойлгоход хэрхэн тус болж байна вэ?
-
Та өөрийн сайн үйл үйлдэх сэдлийн тухай юу гэж бодож байна вэ?
-
Таны сайн үйл үйлдэх сэдэл Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаанд тань ямар арга замаар нөлөөлөх вэ?
-
Сайн үйл үйлдэхэд Аврагчийн жишээг дагахын тулд хийж чадах нэг зүйл тань юу вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Бидэнд үйлчлэх ямар ямар зөв үндэслэл байдаг вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс үйлчлэх зөв шалтгаануудын талаар ийн заажээ.
Бошиглогч Моронай хэрэв бид өөрсдийн хийж буй үйлсэд сайшаал хүртэхийг хүсвэл тэдгээрийг зөв шалтгаанаар үйлдэх ёстой хэмээн сургасан. Хэрэв хүн “бэлэг өргөж, эсвээс Бурханд залбирлаа ч, тэрбээр үүнийг үнэн сэтгэлээсээ хийхгүй аваас, энэ нь түүнд ямар ч ашиггүй байх болно.
“Учир нь болгоогтун, энэ нь түүний хувьд зөв шударга хэмээн тооцогдохгүй.” (Морон. 7:6–7.) …
… Бидний үйлчлэл хувийн ашиг сонирхол эсвэл бусад жижиг учир шалтгааны төлөө бус, харин Бурханыг болон хөршөө хайрлах хайрын үүднээс байх ёстой.
(Dallin H. Oaks, “Why Do We Serve?” Ensign, Nov. 1984, 12, 14)
Есүс Христийн тухай болон Түүний сайн мэдээний талаарх гэрчлэл хэрхэн бидэнд сайн үйл үйлдэх сэдэл төрүүлдэг вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф “бидний амьдралын хамгийн хүчирхэг сэдэл[ийн]” тухай ингэж заажээ.
Бидний сэдэл, бодол санаа эцсийн эцэст үйлдэлд маань нөлөөлнө. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний үнэнүүдийн талаарх гэрчлэл амьдралын маань хамгийн хүчирхэг сэдэл юм. Их Эзэн Өөрт нь үйлчлэхийг хүссэн хүмүүст хандан “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай” (С ба Г 6:36) хэмээн дахин дахин хэлсэн.
… Бидний гэрчлэл бидэнд зөв зүйтэй амьдрах урам зоригийг өгдөг бөгөөд зөв зүйтэй амьдрах нь бидний гэрчлэлийг улам хүчирхэг болгодог. …
… Гэрчлэл нь бидэнд бүх цаг үед, бүх нөхцөл байдалд зөв зүйлийг хийхээр сонгох урам зоригийг өгдөг. Энэ нь бидэнд Бурхантай илүү ойртох урам зоригийг өгч, Түүнийг бидэн рүү ойртох боломжтой болгодог (Иаков 4:8-ыг үзнэ үү).
(Dieter F. Uchtdorf, “The Power of a Personal Testimony,” Ensign or Liahona, Nov. 2006, 37, 39)