Матай 1; Лук 1
Тойм
Матай бол Леви хэмээгддэг Шинэ Гэрээний сайн мэдээний эхний номын зохиогч юм. Түүний бичих болсон нэг зорилго бол Есүс нь Мессиагийн тухай Хуучин Гэрээний бошиглолуудыг гүйцэлдүүлсэн гэдгийг харуулах явдал байв (Матай 1:1–17-г үзнэ үү). Тэнгэр элч Габриел “Хамгийн Дээдийн Хүү” болох Есүс Христ төрснийг зарлахаар Мариа дээр иржээ (Лук 1:1–38-ыг үзнэ үү). Есүсийг тээж байхдаа Мариа өөрийн үеэл Элизабет дээр зочилж, түүнтэй хамт Бурханы сайн сайханд баяссан аж (Лук 1:39–79-ийг үзнэ үү).
Заахад бэлд
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлүүдийн санааг багш нарт өгнө.
Maтай 1:1–17
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийг амлагдсан Мессиа гэдэг талаас нь судалж, Түүнд илүү их талархахад туслах болно.
-
Суралцагчийн бэлтгэл: Яагаад Есүс Христ тэдэнд чухал болох талаар хичээлдээ сайтар бодож ирэхэд суралцагчдыг урь. Мөн тэд гэр бүл, найз нөхдөөсөө Аврагчийн тухай юу гэж боддогийг нь асууж болох юм.
-
Видео бичлэг: “Who Is Jesus Christ? A 60-Second Overview” (1:23)
-
Видео бичлэг: “Jesus Declares He Is the Messiah” (3:23; цагийн код 0:00-оос 2:05 хүртэл үзнэ үү)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд суралцагчдыг Есүс Христийн тухай мэддэг зүйлсээ цаасан дээр жагсаан бичиж байхад, тэднийг хариултаа бичээд, чатын үйлдлийг ашиглан нийтлэхэд урьж болно. Суралцагчдад бусад суралцагчийн бичсэн зүйлийг унших хангалттай цаг гаргаж өг.
Лук 1:1–38
Хичээлийн зорилго: Энэ хичээл Их Эзэнд итгэх агуу итгэлээр Түүний таалалд хэрхэн хариулах тухай сурч мэдэхэд суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: “Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёрын талаар мэддэг ямар зүйл тань танд итгэл найдвараа Тэдэнд тавихад тусалдаг вэ?” гэсэн асуултыг тунгаан бодоход суралцагчдыг урь.
-
Зураг: “Зар мэдээ: Тэнгэр элч Габриел Мариад үзэгдсэн нь,” Сайн мэдээний уран зургийн цуглуулга (2009), ду. 28
-
Видео бичлэг: “An Angel Foretells Christ’s Birth to Mary” (4:07)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хэрэв онлайн тасалгаатай өрөөнүүд байгаа бол хичээлийн төгсгөлд ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийн дараах хоёр асуултыг авч хэлэлцэхийн тулд суралцагчдыг хэд хэдэн бүлэгт хуваах нь тустай байж болох юм. Бүлэг тус бүрд хэлэлцүүлгийг удирдах нэг суралцагчийг томил. Ангиараа дахин цуглахдаа, бүлэг нь юуг авч хэлэлцсэнийг тоймлон ярихад зохицуулагчдыг урь.
Сүнслэг мэдлэг олж авах, 1-р хэсэг
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад хүнд хэцүү зовлон бэрхшээлтэй тулгарч, асуултууд гарч ирэх үед Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэх тодорхой зарчмуудыг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл:Амархан шийдвэрлэх боломжгүй зовлон бэрхшээл, асуулттай тулгарч байсан туршлагаа (өөрийн эсвэл бусдын амьдралын) эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс. Үүнд хариугаа авч чадаагүй сүнслэг асуулт эсвэл хэцүү сорилт багтаж болно. Ийм нөхцөл байдалд хэрхэн хандсан эсвэл хэрхэн хандах байснаа тунгаан бодоход суралцагчдыг урь.
-
Тараах материал: “Итгэлээр үйлдэх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?”
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Тараах материал дээрх мэдээллээр слайд толилуулга бэлтгэх эсвэл тараах материалыг суралцагчдад э-мэйл эсвэл сургалтын удирдлагын системээр дамжуулан илгээж болно. Суралцагчдыг тараах материалыг хичээлийн үеэр харахын тулд ойр байлгахад урь.
Maтай 1:18–25; Лук 1:26–35
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүсийн мөнх бус эх, мөнхийн Эцэг хоёроосоо өвлөн авсан зан чанарууд нь Түүнийг мөнх бус оршихуйн бүх зовлон бэрхшээлийг даван туулахад бидэнд туслах онцгой чадавхтай болгосон гэдгийг ойлгоход тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Үе тэнгийнхэнд нь түгээмэл тулгардаг зовлон бэрхшээлийн талаар бодоход суралцагчдыг урь.
-
Видео бичлэг: “Because of Him” (2:36)
-
Суралцагчдад зориулсан материал:Цаас, өнгийн болон зөөлөн будгийн харандаанууд, бусад зүйл.
Лук 1:39–79
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Бурханы сайн сайхныг танин мэдэх, Түүнийг магтан дуулах боломжийг олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл:Есүс Христийн сайн сайхныг тодотгосон дууллын нэг мөрийг хуваалцахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урь.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн төгсгөлд тунгаан бодоход зориулан жагсаасан асуултуудыг харах боломжийг суралцагчдад олгохын тулд тэдгээрийг үзүүлж болно. Хэрэв боломжтой бол, Аврагчийн хамгийн их үнэлдэг зан чанар, шинж чанаруудыг бичих боломжийг суралцагчдад олгохын тулд дэлгэцийг удирдах боломжийг олгож болно.