Maтай 2:11–23
“Бурхан анхааруулсан”
Мэргэдийг бяцхан Христэд бэлгээ өгсний дараа Их Эзэн Херод хаан руу буцаж очих хэрэггүй хэмээн сэрэмжлүүлсэн. Иосефын зүүдэнд тэнгэр элч үзэгдэн, гэр бүлээ Египет рүү авч явахыг зөвлөжээ. Эдгээр сэрэмжлүүлэг нь Бетлехем хотын эргэн тойрондох газрын хоёр ба түүнээс доош насны бүх хүүхдийг хөнөөх Херод хааны зарлигаас бяцхан Есүсийг аварсан юм. Херодыг нас барсны дараа, Их Эзэн Израилд эргэж ирэхийг Иосефт зааварлажээ. Их Эзэн мэргэд, Иосеф, Мариа нарыг илчлэлтээр адисалсан шиг таныг ч гэсэн мөн илчлэлтээр адислахыг хүсдэг. Энэ хичээлээр та Их Эзэний тантай харилцдаг зарим арга замыг тодорхойлно. Мөн таныг энэхүү харилцаа холбоог амьдралаасаа хайж олоход урих болно.
Нэмэлт суралцах үйл ажиллагаа
Их Эзэн мэргэдийг болон Иосефыг сэрэмжлүүлсэн
Тэнгэрлэг Эцэг амьдралд тань ямар ямар арга замаар холбогдож байсан талаар бодоод, дараах асуултуудад хариул.
-
Тэнгэрлэг Эцэгийн холбогдож байгааг та хэр сайн ялган таньдаг гэж бодож байна вэ?
-
Бурхан танд ямар ямар арга замаар илчлэлт эсвэл удирдамж өгч байсан бэ?
-
Амьдралын тань аль хэсэгт Тэнгэрлэг Эцэгийн удирдамж, чиглүүлэг хамгийн их хэрэгтэй гэж та үзэж байна вэ?
Матай 2 -ыг судлах явцад танд Тэнгэрлэг Эцэгээс удирдамж, чиглүүлэг хүлээн авах талаар суралцах боломж олдоно.
Аврагчийг мэндлэх үед Агуу Херод хэмээх нэгэн Иудагийн захирагч байв. Тэр хорон санаат хүн байлаа. Тэрээр мэргэдтэй уулзахдаа, бяцхан Христийн талаар олж мэдсэн зүйлээ эргэн ирж өөрт нь мэдээлэхийг хүсжээ ( Матай 2:8 -ыг үзнэ үү). Херодын хорон санааг Бурхан мэргэдэд сэрэмжлүүлж мөн тэнгэр элчийг илгээн Иосефыг сэрэмжлүүлэв.
Судраас суралцах явцдаа зарчмуудыг тодорхойлох нь чухал. Зарчим бол харах өнцөг өгч, шийдвэр гаргахад туслах мөнхийн үнэн юм. Бид ихэвчлэн дараахтай адил асуултуудыг хариулах замаар зарчмуудыг тодорхойлдог.
-
Уг түүхийн сургамж эсвэл гол санаа юу байсан гэж та бодож байна вэ?
-
Бичээч яагаад энэ үйл явдал эсвэл хэсгийг цэдэгт оруулсан гэж та бодож байна вэ?
-
Бичээч ямар сургамжийг бидэнд өгөхийг зорьсон бэ?
Дээрх асуултуудын нэгийг сонго мөн Матай 2:11–16 -г тунгаан бодож үүнд хариул.
-
Та Матай 2:11–16 -аас ямар зарчим тодорхойлсон бэ?
-
Таны тодорхойлсон зарчим амьдралдаа гаргах шийдвэрт тань хэрхэн туслах вэ?
Их Эзэн биднийг сэрэмжлүүлдэг
Матай 2:11–16 -аас та Их Эзэнээс сэрэмжлүүлэг хүлээн авах тухай зарчмыг тодорхойлсон байж болох юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) Ариун Сүнсээр дамжуулан сэрэмжлүүлэх талаар ийн амласан.
Та нараас амьдралыг ямар ч алдаа гаргахгүйгээр туул гэж хүсэж хүлээдэггүй ч Ариун Сүнсний өдөөлтөөр эхэлж сэрэмжлүүлэгдсэнээр та нар том алдаа гаргахгүй. Энэхүү амлалтыг Сүмийн бүх гишүүнд өгсөн юм.
(Боид К.Пакэр, “Өсвөр үеийнхэнд зөвлөх нь,” Ensign, Nov. 2011, 18 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 20)
-
Сүнсээр дамжуулан биднийг сэрэмжлүүлэх гэсэн Тэнгэрлэг Эцэгийн хүсэл Түүний мөн чанар, зан байдлын талаар бидэнд юуг хэлж өгч байна вэ?
-
Сүнсний сэрэмжлүүлэг, өдөөлтийг олж мэдэн, тэдгээрт хариу үйлдэл үзүүлэх нь одоо болон ирээдүйд танд хэрхэн туслах вэ?
Иосеф, Мариа хоёр Есүстэй хамт Египетээс эргэн ирэв
Матай 2:19–23 -аас бид Херодыг нас барах үед Их Эзэн Иосефт Мариа, Есүс хоёртой Египетэд байхад нь өөр нэг захиас өгсөн тухай уншиж болно. Иосефтой ийнхүү холбогдсон явдлаас бид хэрэв бид сонсож, дуулгавартай дагахыг хүсвэл илчлэлт, удирдамж чиглүүлэг хүлээн авах боломжтой гэдгийг олж мэдэж чадна.
Матай 2:19–23 -ыг уншаад, энэхүү зарчмыг заасан хэсгүүдийг хайж ол.
Матай 2 -т Бурхан мэргэд, Иосеф нартай зүүд, тэнгэрийн элчийн айлчлалаар дамжуулан холбогдсон. Тэнгэр дэх Эцэг Өөрийн хүүхдүүдтэй илчлэлт, Ариун Сүнсний өдөөлт зэргээс гадна өөр олон арга замаар холбогддог. Та сайн мэдээг гэртээ болон семинараар судлахдаа, судраас сурч байгаа зүйлдээ төдийгүй Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг танд юу зааж байгаад анхаарлаа хандуул. Бурханы Өөрийн Сүнсээр дамжуулан танд зааж буй зүйлийг сонссоноор сайн мэдээнээс суралцах үйл явц тань сайжирч, илүү хувийн шинжтэй болох болно.
Хэлэлцэж болох асуултууд
-
Их Эзэн тантай ямар зарим арга замаар холбогддог вэ?
-
Ариун Сүнс таныг сэрэмжлүүлж эсвэл удирдан чиглүүлж байсан ямар туршлага танд байдаг вэ? Эдгээр туршлага таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Хэрэв та суралцаж байхдаа Ариун Сүнсээр дамжуулан ярьж буй Аврагчийн дуу хоолойг сонссон бол энэ нь таны семинарын туршлагад хэрхэн нөлөөлөх байсан бэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын танд өгөхийг хүсэж буй Ариун Сүнсний удирдамж, илчлэлтийг хүлээн авахад илүү нээлттэй байхын тулд та юу хийж болох вэ?
Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Ариун Сүнс надад хэрхэн тусалж чадах вэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн заасан.
Ариун Сүнстэй нөхөрлөх нь сайн сайхан зүйлсийг илүү сэтгэл татам болгож, уруу таталтын хүчийг сулруулдаг. Зөвхөн энэ нь бидэнд Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахаар зохистой байх шийдвэр гаргахад хангалттай үндэслэл болох юм.
(Хэнри Б.Айринг, “Таны хамтрагч Ариун Сүнс,” Ensign, Nov. 2015, 104 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 96)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбанд ийн заасан.
Тэнгэр дэх Эцэг маань биднийг мөнх бус оршихуйд саад бэрхшээл, зовлон зүдүүр, үймээн самуунтай нүүр тулна гэдгийг мэдэж байсан. Бас эргэлзээ, урам хугарал, уруу таталт, сул дорой байдалтай тэмцэнэ гэдгийг ч мэдэж байсан. Тэрээр мөнх бус байдалд хүч чадал, тэнгэрлэг удирдамж өгөхийн тулд бидэнд Ариун Сүнсийг өгсөн билээ.
(Роналд А.Расбанд, “Ариун Сүнс биднийг хөтлөг,” Ensign, May 2017, 93 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 81)
Их Эзэн надтай ярьж байгааг би хэрхэн таньж мэдэх вэ?
Зарим хүний хэрхэн илчлэлт хүлээн авдаг тухай жишээг сонсохын тулд ChurchofJesusChrist.org дээрх “Receiving Revelation” (4:17) видео бичлэгийг үзнэ үү.
Хэрэв Ариун Сүнсний тантай ярьдаг арга замуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл “Eight Ways God Can Speak to You” хэмээх Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүксийн бичсэн нийтлэлийг уншиж болно (New Era, Sept. 2004, 4–8).
Херод яагаад гэм зэмгүй хүүхдүүдийг хөнөөсөн бэ?
“Иудейчүүдийн Хаан” мэндэлсэн гэдэг мэдээг сонсоод “түгшсэн” ( Матай 2:2–3) хаан Херод хаан ширээгээ хамгаалахын тулд Есүсийг хөнөөхийг хүсэв. Есүсийг Бетлехемд барагцаалбал хоёр жилийн өмнө төрсөн болохыг мэдсэн Херод хоёроос доош насны бүх хүүхдийг хөнөөх зарлиг буулгажээ ( Матай 2:4, 7, 12–16 -г үзнэ үү). Херод өөрт нь заналхийлж болох аливаа заналхийллээс хэрхэн сэргийлэх хэрцгий арга барилаараа алдартай байсан бөгөөд эхнэр, гурван хүүгээ хүртэл цаазаар авч байжээ (Bible Dictionary, “Herod” -ыг үзнэ үү).
Нэмэлт суралцах үйл ажиллагаа
Их Эзэн семинараар бидэнтэй холбоо тогтоож чадна
“Ангид яригдаагүй юуг та Сүнсээр дамжуулан сонссон бэ?” эсвэл “Та семинарт суралцахдаа хэрхэн Их Эзэнийг урьж, заалгаж болох вэ?” зэрэг асуултуудын тухай бодож, хэлэлцэх нь суралцагчдад тустай байж болох юм. Семинарын үеэр Их Эзэнээс хүлээн авсан удирдамж, илчлэлтээ бичиж тэмдэглэхэд суралцагчдыг урамшуулан дэмж. Шаардлагатай бол “Сүнсээр суралцах нь” хичээлийг үзээрэй.
Сүнсээр сэрэмжлүүлэх жишээ
Хэрэв Сүнсээр дамжуулан сэрэмжлүүлэг хүлээн авч байсан хүмүүсийн жишээг сонсох нь суралцагчдад тустай бол дараах туршлагуудын нэгийг эсвэл хоёуланг ярьж өгч болно.
Ерөнхийлөгч Вилфорд Вүдраффт сүйхээ хөдөлгөхийг сэрэмжлүүлсэн байдаг (Тeachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 46–47-г үзнэ үү).
Далын ахлагч Кэннэт Жонсонд өсвөр насанд нь сэрэмжлүүлэг өгч байсан (“Yielding to the Enticings of the Holy Spirit,” Ensign эсвэл Liahona, Nov. 2002, 89–91-ийг үзнэ үү).