Илчлэл 14
“Би өөр нэг тэнгэр элчид … мөнхийн сайн мэдээ байгааг харав”
Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар бод. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь үүнийг ойлгож, үүнд бэлтгэхэд танд хэрхэн тусалж байна вэ? Төлөөлөгч Иохан Аврагчийн Сүмийн сэргээлт болон зөв шударга хүмүүс ёс бус хүмүүсээс тусгаарлагдана гэх мэт Аврагчийн сүр жавхлант Хоёр дахь ирэлтийн оршил болон өрнөх үйл явдлуудын талаар бошигложээ. Энэ хичээл нь Аврагч болон Түүний сэргээгдсэн Сүм дэлхий ертөнцийг мөн таныг Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд хэрхэн туслах талаар ойлгоход тань туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Сүмийн зорилго
Сургууль дээр ангид зохион байгуулалттай шашны талаар сэдэв гарч ирж байна гэж төсөөл. Ангийн тань нэг суралцагч сүмүүдийг үндсэн зорилгынхоо дагуу үйлчилдэггүй тул сүмд харьяалагддаг эсвэл явдаг хүмүүсийн тоо улам цөөрч байгаа гэж үздэг хэмээн тайлбар хэлэв. Энэ тайлбар таныг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн үйл ажиллагаагаа явуулдаг бүх зорилгыг бодоход хүргэжээ.
-
Таны бодлоор, Есүс Христ яагаад Өөрийн Сүмийг зохион байгуулсан талаар бусад хүн юуг ойлгосон байх ёстой вэ?
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн үйл ажиллагаагаа явуулдаг олон чухал зорилго санаанд тань орж ирж болох юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн олон чухал зорилгын нэгийнх нь талаар ийн тайлбарласан.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Их Эзэний Хоёр дахь ирэлтэд шаардлагатай бэлтгэл ажлыг хийх онцгой хүч болон үүргийг авсан бөгөөд энэ зорилгын тулд сэргээгдсэн.
(Д.Тодд Кристоффэрсон, “Их Эзэний эргэн ирэхэд бэлтгэх нь,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 99)
-
Энэ зорилгыг ойлгох нь Сүмийг харах таны болон бусдын харах өнцөг, оролцох байдалд хэрхэн нөлөөлж болох вэ?
Амьдралд тань байгаа Аврагчийн Сүмийн болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний адислалуудыг цаг гарган эргэцүүлэн бод. Судлахдаа та Аврагчийн Хоёр дахь ирэлтэд илүү сайн бэлтгэхийн тулд тэдгээр адислалаа ашиглахад туслах Ариун Сүнснээс ирэх өдөөлт, өөрт төрөх сэтгэгдлийг сонс.
Иохан хожмын өдрийн Сэргээлтийн тухай үзэгдэл харав
Илчлэл номд цэдэглэсэн өөрийн харсан үзэгдлээр Иохан Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох олон чухал үйл явдлыг гэрчилжээ. Тэр Израилын бүх овгийн итгэлтэй 144000 тэргүүн тахилч сайн мэдээг номлож, хүмүүсийг Сүмд авчрах үүрэгт онцгойлон адислагдаж байгааг харав ( Илчлэл 7:4–8 ; 14:1–5 ; Сургаал ба Гэрээ 77:11 -ийг үзнэ үү). Тэр мөн Аврагчийг эргэн ирэхэд дэлхийг бэлтгэхээр ажиллаж буй олон тэнгэр элчийг гэрчилсэн ( Илчлэл 14:6–20 -ийг үзнэ үү).
-
Яагаад манай ихэнх ариун сүмийн оройд Моронайн хөшөө байдаг талаар та бодож байсан уу?
Эдгээр хөшөө нь дэлхий даяар сэргээгдсэн сайн мэдээг номлохыг бэлгэддэг. Моронай зэрэг тэнгэр элч нар бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сайн мэдээг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Аврагчийг эргэн ирэх үйл явцад дэлхийг бэлтгэхэд Моронай болон бусад тэнгэр элч ямар чухал үүрэг гүйцэтгэх талаар Иохан Илчлэл 14 -т дурдсан байдаг.
Илчлэл 14:6 -г уншаад, Моронайг болон түүний үйл хэргийн талаар сануулсан зүйлийг Иоханы тайлбараас олж мэд.
-
Та юу олж мэдсэн бэ? (Хэрэв та Сэргээлтэд гүйцэтгэсэн Моронайн үүргийн талаар илүү дэлгэрэнгүй судлах бол Иосеф Смит–Түүх 1:29–54 -ийг үзнэ үү.)
Моронайгаас гадна Илчлэл 14:6 -д өгүүлсэн тэнгэр элч нь Есүс Христийн сайн мэдээг сэргээхэд тусалсан олон тэнгэр элчийг ч бас төлөөлж болох юм. Дараахыг уншин, сайн мэдээг сэргээхэд хувь нэмэр оруулсан бусад тэнгэр элчийг тодорхойл.
Сургаал ба Гэрээ 13 , хэсгийн оршил
Илчлэл 14:7 -г уншаад, тэнгэр элч юу гэж хэлснийг олж мэд.
“Түүний шүүх цаг ирчихээд байна” гэсэн хэллэгт Есүс Христ дэлхий дээрх бүх хүнийг шүүх цагийг хэлж байна. Түүний шүүлт нь Хоёр дахь ирэлт ( Малахи 3:1–5 -ыг үзнэ үү), Эцсийн шүүлт ( 2 Нифай 9:15 -ыг үзнэ үү) хоёрын аль алинд тохиох болно. Тэнгэр элч нарын тусламжтайгаар Есүс Христ дэлхийг Өөрийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд Өөрийн сайн мэдээг сэргээсэн.
-
Их Эзэний сэргээгдсэн сайн мэдээ болон Түүний Сүм ямар ямар арга замаар дэлхийг Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэсэн бэ? Хариултаа тайлбарла.
-
Их Эзэний Өөрийн Хоёр дахь ирэлтэд биднийг бэлтгэхийн тулд хийсэн ажил Түүний тухай болон Түүний таныг гэсэн сэтгэлийн талаар юу зааж байна вэ?
Дэлхийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд бидний гүйцэтгэх үүрэг
Иохан “Хүний Хүүтэй адил” ( Илчлэл 14:14) нэгнийг харсан үзэгдлээ дүрслэн бичвэрийнхээ энэхүү хэсгийг өндөрлөжээ. Илчлэл 14:14–15 -ыг уншаад, Иохан юу гэрчилснийг олж мэд.
Хадуур нь тариалсан ургацыг хадаж, хураахад ашигладаг хурц, махир илд юм. Есүс улаан буудай ба үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэлээ заахдаа ( Матай 13:24–30, 36–43 -ыг үзнэ үү) “энэ үеийн төгсгөлд” ( Матай 13:40) улаан буудайг (зөв шударга хүмүүс) үрийн сүүлнээс (зөв шударга бус хүмүүс) тусгаарлах болно хэмээн хэлсэн. Иохан үзэгдэлдээ, ёс бус хүмүүсийг устгахаар бэлдэхэд зөв шударга хүмүүсийг ёс бус хүмүүсээс салган цуглуулах талаар гэрчилжээ ( Илчлэл 14:16–20 -ийг үзнэ үү). Илчлэл 14:15 дээрх “Хадуураа илгээж, хадаж ав” гэсэн хэллэг нь Есүс Христэд бодгалиудыг цуглуулах гэсэн утгатай.
-
Таны бодлоор 15-р шүлэгт дүрсэлсэн урилга өнөөгийн Сүмийн гишүүдэд хэрхэн хамаатай вэ? ( Сургаал ба Гэрээ 4:4 ; 33:7 -г үзнэ үү.)
Есүс Христ Өөрийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэж Өөртөө бодгалиудыг цуглуулах ажилд биднийг оролцохыг урьсан. Үүнийг ихэвчлэн Израилын цугларалт гэж нэрлэдэг.
Израилын цугларалтад оролцохтой холбоотой Их Эзэний бошиглогч, төлөөлөгчдийн сүүлийн үеийн сургаалуудыг цаг гарган авч үз. Үүний тулд ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрх Ерөнхий чуулган дээр хэлсэн сүүлийн үеийн үгнүүдээс “Цугларалт” гэсэн сэдвийг хайж болно. Эсвэл та ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон эгч хоёрын дараах захиануудаас нэгийг эсвэл хэд хэдийг нь уншиж болно. Судлахдаа Израилыг цуглуулж, дэлхийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд туслах ажилд гүйцэтгэх бидний үүргийг дүрсэлсэн мэдэгдлүүдийг хайж ол.
“Израилын найдвар” (Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон хоёртой хамт өнгөрүүлэх өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), New Era ба Лиахона сэтгүүлийн хавсралт, ChurchofJesusChrist.org
“Израилын цугларалт дахь эгч нарын оролцоо,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141–144
“Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–104
-
Таны хувьд нэн чухал санагдсан, Израилын цугларалтын талаарх ямар мэдэгдлийг та олж мэдсэн бэ? Яагаад?
-
Та өөрийгөө болон бусдыг Аврагчийг эргэн ирэхэд бэлдэхийн тулд ямар ямар тодорхой зүйл хийх вэ? Тэдгээр нь танд өөрийгөө бэлдэхэд хэрхэн туслах вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Яагаад би Аврагчийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.
Бүх эрин үеэс эцсийн бөгөөд хамгийн агуу нь манай эрин үе учраас, бүх зүйл бидний үед төгсгөлдөө орж, биелэгдэх учраас эрт үеийн Сүмийн гишүүдийн мөрөн дээр байгаагүй нэг тодорхой үүрэг хариуцлага өнөөгийн Сүмийн гишүүд бидэнд ноогдож байна. Абрахам ба Мосе, Исаиа ба Езекиел эсвэл бүр Шинэ Гэрээний Иаков болон Иоханы үеийн Сүмтэй адилгүй нь, Бурханы Хургыг Хаадын Хаан, Эздийн Их Эзэний үүргээ Мянган жилд гүйцэтгэхээр Өөрийн биеэр, ялгуусан алдар суундаа залран ирэхэд нь хүлээн авахын тулд Бурханы Хурганы Сүмийг бэлтгэх үүрэг хариуцлага бидэнд ноогдож байна. Өөр ямар ч эрин үед ийм үүрэг байгаагүй.
… Сүмийн … хувьд ч, Сүмийн гишүүдийн хувиар ч, Христ бидэн дээр ирж, бидэнтэй мэндчилэн, биднийг тэврэн хүлээн авахаар зохистой байх нь бид бүгдийн үүрэг хариуцлага мөн. Тэрхүү ариун мөчид Түүнд толилуулах бидний амьдрал Түүний хувьд зохистой байх ёстой!
(Jeffrey R. Holland, “Preparing for the Second Coming,” New Era, Dec. 2013, 4)
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.
Та нар яагаад яг энэ цаг үед дэлхий дээр ирсэн талаараа бодож байсан уу? Та нар Адам, Евагийн үед эсвэл Египетийг фараонууд захирч байсан үед аль эсвэл Мин эзэнт гүрний үед төрөөгүй. Харин Есүс Христийн эхний ирэлтээс 20 зууны дараах өнөө үед төрсөн. Энэ бол Бурханы санваар дэлхийд сэргээгдэж, Их Эзэн сүрлэгээр залран ирэхэд бэлтгэхээр Өөрийн мутрыг сунгаж, дэлхийг бэлтгэж буй цаг үе билээ. Энэ бол агуу боломж төдийгүй чухал хариуцлагатай цаг үе юм. Энэ бол та нарын өдрүүд.
Баптисм хүртсэнээр та бүгд Есүс Христэд итгэх итгэлээ тунхагласан. … Та нарын чухал үүрэг хариуцлагуудын нэг нь Аврагчийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд туслах явдал мөн.
(Нийл Л.Андэрсэн, “Дэлхийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52)