Илчлэл 1
“Есүс Христийн илчлэл”
Илчлэл номд бэлгэдэл ашигласан байдаг тул заримдаа хачирхалтай эсвэл ойлгомжгүй санагдаж болно. Илчлэл ном нь бэлгэдлээр дүүрэн байдаг тул зарим хэсгийг нь ойлгоход хэцүү байдаг нь үнэн. Гэсэн хэдий ч Илчлэл ном дахь олон захиас Есүс Христийн үүрэг, Хоёр дахь ирэлтийн эргэн тойронд өрнөх үйл явдал болон эцэст нь сайн сайхан муу муухайг ялан дийлэх талаарх энгийн үнэнүүд байдаг. Уг номыг төлөөлөгч Иохан Бага Ази (Орчин үеийн Турк) дахь Сүмийн долоон чуулганд хандан бичсэн. Энэ цаг үеийн олон хүний адилаар Есүс Христийн эдгээр үнэнч дагалдагч Түүнд итгэх итгэлийнхээ төлөө зовлон бэрхшээл амсаж, Иоханы бичсэн захиас болон дүр зургаас тайтгарлыг авч байжээ. Энэ хичээл нь Илчлэл номон дээрх зарим бэлгэдлийн талаар мөн энэ нь Есүс Христийн талаар танд юу зааж болохыг ойлгоход танд туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Иоханы үзэгдэл
“Есүс Христийн илчлэл” ( Илчлэл 1:1)-ийн хувьд Илчлэл ном нь грек хэлээр “илчлэх эсвэл ил болгох” гэсэн утгатай “Apocalypse” гэсэн нэрээр заримдаа нэрлэгддэг (Судруудын удирдамж, “Иоханы илчлэлт” -ийг үзнэ үү).
Энэ ном нь Их Эзэн Есүс Христ, Түүний эрх мэдэл, хүч чадал, Эцэгийн авралын төлөвлөгөөнд гүйцэтгэдэг онцгой үүргийг илчилдэг. Мөн энэ ном нь Хоёр дахь ирэлт, Мянган жил болохын өмнө өрнөх үйл явдлуудын тухай чухал мэдээллийг илчилдэг.
Есүс Христийн хайрт шавь, төлөөлөгч Иохан энэ номын зохиогч юм. Иохан уг номыг Христэд итгэгчид хуурамч сургаал, үл тоомсорлох явдал, хүнд хавчлагатай тулгарч байсан цаг үед Патм арал дээр байхдаа бичсэн байна ( Илчлэл 1:9 ; 2:4, 10, 14–15 ; 3:16 ; 6:9 -ийг үзнэ үү).
Иохан нь Илчлэл номд цэдэглэгдсэн зүйлсийг бичихээр урьдчилан томилогдсон гэдгийг Мормоны Ном баталдаг ( 1 Нифай 14:18–27 ; Ифер 4:16 -г үзнэ үү).
Илчлэл 1:1–3 -ыг уншаад, Иохан хүлээн авсан илчлэлтийнхээ талаар юу гэж заасныг ажигла. (Иосеф Смитийн Орчуулгад “энэхүү эш үзүүллэгийн үгсийг уншигч [хүмүүс] ба сонсогч мөн үүнд бичигдсэнийг бас ойлгодог нь ерөөлтэй еэ!” хэмээсэн байдгийг онцол.”)
-
Эдгээр шүлгээс юу нь танд онцгой санагдсан бэ?
-
Илчлэл номын агуулгаар адислагдахын тулд хүн юу хийх ёстой гэж Иохан хэлсэн бэ?
 
“Хаад ба санваартнууд,” “Альфа ба Омега”-ийн талаар ойлгохын тулд “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсгийг үзнэ үү.
-
Та Иохан гэгээнтнүүдийг Есүс Христийн талаар юуг сурч мэдэж, мэдрээсэй гэж хүссэн талаар Илчлэл 1:4–8 -аас юу олж мэдсэн бэ?
-
Есүс Христийн талаарх эдгээр үнэний аль нь хавчлагад өртөж байсан тэдгээр гэгээнтэнд тус болох байсан бэ?
-
Амьдралд сорилт бэрхшээлтэй тулгарах үед эдгээр үнэн танд хэрхэн туслах вэ?
Иоханы бэлгэдэл бүхий үзэгдэл
Иохан харсан үзэгдэлдээ Христийн дуу хоолойг сонссон ( Илчлэл 1:10–11 -ийг үзнэ үү). Тэр Аврагчийн дуу хоолой сонсогдсон зүг рүү эргэн харахдаа, хичээлийн эхэнд харуулсантай адилхан бэлгэдэл бүхий дүр зургийг олж харсан байна.
Судруудад бошиглогчид Есүс Христ, Түүний сайн мэдээний талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд бэлгэдлийг ашигласан байдаг. Бэлгэдлийг өөр өөр хэл, соёлтой, өөр өөр цаг үеийн хүмүүс ойлгох боломжтой тул энэ нь үр дүнтэй заах хэрэгсэл байж болох юм. Мөн бэлгэдэл нь хэд хэдэн захиасыг дамжуулан өгч чаддаг. Түүнчлэн бэлгэдэл нь дан ганц үгээр дамжуулах боломжгүй сүнслэгээр өдөөх санааг өгөх, мэдрэмжийг төрүүлэх замаар ойлголтуудыг баяжуулдаг.
-
Та судрууд дээрх бэлгэдлүүдийн утга агуулгыг ойлгох өөрийн чадварт хэр итгэлтэй байна вэ?
-
Есүс Христийг дүрслэхийн тулд Шинэ Гэрээн дээр ашигласан зарим бэлгэдлийн талаар бод (хурга, талх, ус, чулуу, хоньчин гэх мэт). Эдгээр бэлгэдэл Түүнийг илүү сайн ойлгоход танд хэрхэн туслах вэ?
Илчлэл 1:12–18 -ыг уншаад, Есүс Христийн талаар Иоханы харсан үзэгдэл дээрх нэмэлт мэдээлэл, бэлгэдлүүдийг хайж ол.
Дараах хүснэгтээс та Иоханы үзэгдэлд дурдагдсан зарим бэлгэдлийг харж болно. Судрууд дээрх бэлгэдлүүдийг ойлгох нэг үнэ цэнтэй арга зам бол бусад судрыг ашиглах явдал юм.
Иоханы харсан үзэгдэл дэх бэлгэдлүүд
Бэлгэдэл |
Байж болох утга |
1. Долоон алтан дэн ( Илчлэл 1:12) |
1. Илчлэл 1:20 ; 3 Нифай 18:24 -ийг үзнэ үү |
2. Аврагчийн баруун гар ( Илчлэл 1:16–17) |
2. Гэтлэл 15:16 ; Исаиа 41:10 -ыг үзнэ үү |
3. Долоон од ( Илчлэл 1:16) |
3. Илчлэл 1:20 ; Иосеф Смитийн Орчуулга, Илчлэл 1:20-ийг үзнэ үү ( Илчлэл 1:20 , зүүлт тайлбар b-д) |
4. Хоёр талдаа иртэй хурц илд ( Илчлэл 1:16) |
4. Еврей 4:12 ; Хиламан 3:29–30 -ийг үзнэ үү |
5. Үхэл ба Үхэгсдийн орны түлхүүр ( Илчлэл 1:18) |
5. 2 Нифай 9:10–13 -ыг үзнэ үү |
Есүсийн алдар суу, Иоханы үзэгдэл дэх байж болох бэлгэдлүүдийн утгыг бодоод, хичээлийн эхэнд үзүүлсэн зургийг эргэн хар.
-
Энэ зураг юуг илэрхийлж байгааг та хэрхэн тайлбарлах вэ?
-
Бид Есүс Христ ба Түүний үнэнч дагагчдын хоорондын харилцааны талаар ямар үнэнийг мэдэж авч болох вэ?
Эдгээр бэлгэдлээс бид Есүс Христ Өөрийн үнэнч дагагчдыг харж хамгаалан, хайрлан халамжилдаг гэсэн үнэнийг мэдэж авч болно.
-
Энэ үнэн болон эдгээр бэлгэдэл нь долоон сүмийн гэгээнтнүүдийн хувьд юугаараа адислал болж байсан бэ?
-
Энэ үнэн эсвэл Христийн бэлгэдэл бүхий энэ зураг нь ямар нөхцөл байдалд өнөөгийн өсвөр насныхны хувьд тайтгарах эх сурвалж болж болох вэ?
-
Энэхүү бүлэг дэх бэлгэдэл нь Аврагч гэж хэн болохыг мөн Тэр ямар хүн болохыг илүү сайн ойлгоход хэрхэн тусалсан бэ?
-
Илчлэл номыг үргэлжлүүлэн судлахад туслах, бэлгэдлийн талаарх юуг та олж мэдсэн бэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Илчлэл 1:6 . Есүс биднийг “хаад ба тахилчид” болгосон гэж хэлэхдээ Иохан ямар утгыг илэрхийлсэн бэ?
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит (1838–1918) ийн заасан.
Бидний дэлхий дээрх оршихуйн зорилго бол баяр баясгалангийн бүрэн дүүрэн байдлыг амсаж, жинхэнэ утгаараа Бурханы хөвгүүд, охид болон, Бурханы өв залгамжлагч, Есүс Христийн хамтран залгамжлагчид байж [ Ром 8:14–17 -г үзнэ үү], Бурханд хаад, тахилчид болж, өөрсдийн Тэнгэрлэг Эцэгийнхээ хөгжүүлж, эзэмшсэн алдар суу, эрх мэдэл, өргөмжлөл, сэнтий болон бүх хүч, зан чанарыг өвлөн авах явдал билээ. Энэ бол бидний дэлхий дээр орших зорилго. Энэхүү өргөмжлөгдсөн байр сууринд очихын тулд бид энэхүү мөнх бус амьдралын туршлагыг буюу шалгалтыг даван гарах шаардлагатай бөгөөд үүгээр дамжуулан өөрсдийн том ах болох Есүсийн тусламжтай зохистой гэдгээ батлах боломжтой байх юм.
(Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 150)
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит (1876–1972) ийн заасан.
Итгэлдээ үнэнч байсан хүмүүст Бурханы хөвгүүд, охид ба Есүс Христийн хамтран залгамжлагчид болохыг, түүнчлэн хэрэв тэд Их Эзэний бидэнд өгсөн гэрээ, зарлигуудад үнэнч байх юм бол селестиел хаант улсын адислалын бүрэн байдлыг авч хаад, хатад, санваартнууд болохыг амласан.
(Joseph Fielding Smith, Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr. [1963], 4:61)
Илчлэл 1:8 . Бид Есүс Христийн “Төгс хүчит” гэсэн нэр цолоос юу мэдэж авч болох вэ?
“Төгс хүчит” гэдэг нэр цол нь Pantokrator буюу бүхнийг захирч, зохицуулдаг нэгэн гэсэн утгатай грек үгний орчуулга юм. Илчлэл номын нэг сэдэв бол хэдийгээр бүх цаг үед Бурханы хүмүүс хавчлага дарамт, зовлон бэрхшээлтэй тулгарч байсан ч Бурхан үнэхээр бүхнийг захирдаг бөгөөд нэгэн өдөр бүх хорон муу зүйлсэд цэг тавих явдал юм. Илчлэлийн эхний бүлгүүд дээрх хэдэн дүр зураг “Төгс Хүчит” байсны хувьд Аврагчийн гүйцэтгэсэн үүргийг баталсан байдаг ( Илчлэл 1:8). Түүний үгийг “хоёр талдаа иртэй хурц илд” ( Илчлэл 1:16) хэмээн толилуулжээ. Тэрээр “үхлийн ба Үхэгсдийн орны түлхүүрийг” ( Илчлэл 1:18) эзэмшдэг бөгөөд Өөрийн хүмүүсийн үйлсийг мэддэг ( Илчлэл 2:2, 9, 13, 19 -ийг үзнэ үү).
Илчлэл 1:8 . Есүс бол “Альфа ба Омега” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) ийн заасан.
Энэ хоёр үг буюу грек цагаан толгойн эхний болон сүүлийн үсэг нь “үүрд мөнхөөс үүрд мөнхөд тэрээр нэг адил бөлгөө, мөн түүний жилүүд төгсөх нь хэзээ ч үгүй” [ Сургаал ба Гэрээ 76:4 ] буюу бидний Их Эзэний оршихуй цаг хугацааны хувьд хэмжээлшгүй, мөнхийн шинж чанарыг уран сайхны аргаар заахын тулд ашигладаг.
(Doctrinal New Testament Commentary [1973], 3:439)
Иоханы үзэгдэлдээ харсан дэнлүүний суурь ямар утга агуулж байна вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) ийн заасан.
Дэнлүүний суурь нь гэрлийг авч явдаг; харин гэрлийг үүсгэдэггүй. Тэдний үүрэг нь гэрлийг бэлэн болгох болохоос биш гэрлийг үүсгэх явдал биш. Одоо Иоханы зөвлөгөө өгч буй долоон сүмийг долоон дэнлүүний сууриар дүрсэлснээр Их Эзэн дэлхий дээрх түүний цуглаан түүний гэрлийг ертөнцөд авч явахыг харуулдаг. Христ бол ертөнцийн гэрэл мөн ( Иохан 8:12). “Дэлхийд туяарч болохын тулд гэрлээ өргөгтүн. Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ—та нарын харсан тэдгээр нь миний үйлдсэн зүйлүүд болой” [ 3 Нифай 18:24 ; Матай 5:14–16 ].
(Doctrinal New Testament Commentary [1990], 3:442)