Семинар
Илчлэл 2–3, 1-р хэсэг


Илчлэл 2–3, 1-р хэсэг

“Би чиний ажил үйлсийг мэддэг”

PAINTING BY GREG Olson of Christ knocking on a door

Есүс Христ бидний хүн нэг бүрийн хэн болохыг мэддэг. Тэр бидний юуг сайн хийдэг, мөн Өөртэй нь илүү адилхан болохын тулд юуг илүү сайн хийх ёстойг мэддэг. Иохан Ази дахь долоон сүм бүрд тусгайлан өгсөн захиасандаа гэгээнтнүүдийн сайн үйлсийг хүлээн зөвшөөрч, өөрчлөх ёстой зүйлсийг нь тэдэнд сануулсан Есүс Христийн дуу хоолойн талаар цэдэглэсэн. Энэ хичээл таныг хийсэн сайн үйлсийг тань хүлээн зөвшөөрч, шаардлагатай залруулгыг өгөх Аврагчийн дуу хоолойг сонсоход урамшуулна.

Суралцагчдад туслахад анхаарлаа төвлөрүүлэх. Хичээлд бэлдэхдээ зөвхөн хичээлийн материалд төвлөрөлгүй, суралцагчдад анхаарлаа төвлөрүүл. “Суралцагчид өнөөдөр хичээл дээр юу хийх вэ?” эсвэл “Суралцагчид өөрсдийнх нь хувьд чухал үнэнүүдийг хэрхэн нээн илрүүлж болох вэ?” гэж асуу.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг амьдралынхаа ямар хэсгийг Аврагчид таалагдана гэж бодож байгаагаа тодорхойлоход урь. Энэ урилгын хүрээнд суралцагчид юуг сайн хийж байгаагаа ойлгохын тулд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, тусламж хүсэж болно. Тэд мөн эцэг эхээсээ тусламж авч болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Иоханы захиасанд мөнх бус амьдралын сорилт, зовлон бэрхшээлийг даван гарах хүмүүст өгсөн Аврагчийн амлалтууд багтсан байдгийг анхаар. Энэ талаар дараагийн хичээлээр илүү дэлгэрүүлэн авч үзнэ.

Аврагчийн дуу хоолойг сонсох

Суралцагчдыг дараах асуултыг авч үзэх явцад, хаалга тогшиж буй Есүсийн зургийг харуул.

Jesus Christ depicted knocking on a door. Christ is portrayed wearing red and white robes. The painting illustrates the concept of Christ “knocking on the door,” as described in scripture. There is no doorknob depicted in the painting, symbolizing that the door must be opened from within.
  • Гэрийн тань хаалгыг хэн нэгэн тогшихыг сонсоод, хэрэв Аврагч тогшсоныг мэдвэл танд ямар мэдрэмж төрөх вэ? Яагаад?

Лаодик дахь Сүмийн гишүүдэд өгсөн захиасаа (Иоханы хандан захидал бичиж байсан Ази дахь долоон сүмийн нэг нь байгуулагдсан газар; Илчлэл 1:11 -ийг үзнэ үү) Иохан Есүс Христийн урилгаар өндөрлөсөн байдаг.

Илчлэл 3:20 -ийг уншаад, Аврагчийн урилгыг тодорхойл.

Цаг гарган хаалганы өмнө зогсоод, тогшиж буй Есүсийн бэлгэдлийг ойлгоход нь суралцагчдад тусал. Бидний энэ цаг үед Тэрээр хаалгыг маань тогшиж, гэрт орж ирэн, бидэнтэй хоол зооглоно гэдэг нь юу гэсэн утгатай талаар ярилцахыг бод. Жишээлбэл: Биднийг Аврагчийг амьдралдаа урихад Тэрээр бидний бодгальд хүч чадал, тэжээл, тайтгарлыг өгнө.

  • Илчлэл 3:20 нь ямар бэлгэдлийн утга агуулгатай вэ?

  • Аврагч яагаад шууд оролгүй хаалга тогшдог гэж та бодож байна вэ?

  • Та хэрхэн Есүс Христэд хаалгаа онгойлгож өгч, Түүний дуу хоолойг илүү сайн сонсохыг эрэлхийлж болох вэ?

  • Та сүүлийн үед Түүний дуу хоолойг сонсож, хаалгаа онгойлгож өгөхийн тулд юу хийсэн бэ?

Хэдийгээр Иохан захиасыг дамжуулсан хүн байсан ч Есүс долоон сүмд захиасыг дамжуулсан дуу хоолой нь байсан юм. Та Илчлэл 2–3 дээрх захиаснуудыг судлахдаа танд хандан ярих Есүс Христийн дуу хоолойг сонсоорой. Аврагчийг өөртэйгээ хамт байлгаж, өөрийг тань хүчирхэгжүүлэх боломжийг Түүнд олгохын тулд хаалга онгойлгож өгөх арга замуудыг бодож үз.Хэдийгээр долоон захиас тус бүр өөр өөрийн гэсэн онцлогтой ч зарим талаараа ижил төстэй.

Суралцагчид хичээлийн сүүл хэсэгт эдгээр шүлгийг илүү сайн судлах боломжтой. Энэ үйл ажиллагаагаар тэднийг “Би чиний ажил үйлсийг мэднэ” хэмээн давтагддаг үг хэллэгийн ач холбогдлыг тодорхойлж, ярилцахад урь.

Илчлэл 2:2, 9, 13, 19 ; 3:1, 8, 15 дээр “Би чиний ажил үйлсийг мэднэ” гэх байнга давтагддаг хэллэгийг хайж олоод, тэмдэглэ. Эдгээр шүлэгт Иохан Тэнгэрлэг Эцэгийн тааллыг бас илэрхийлдэг Есүс Христийн дуу хоолойг цэдэглэсэн.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр “таны ажил үйлсийг мэддэг” гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?

Илчлэл 2–3-аас бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний хүн нэг бүрийн хэн болохыг мэддэг тул Тэд бидний сайн үйлсийг хүлээн зөвшөөрч, шаардлагатай өөрчлөлтүүдийн талаар сануулна гэх үнэнийг олж мэдэж болно. Та долоон сүмд өгсөн зөвлөгөөг судлах зуураа энэхүү үнэний нотолгоог хайж ол.

Долоон сүмд өгсөн зөвлөгөө

Дараах газрын зураг, судрын эшлэлүүдийг үзүүл. Эшлэлүүдийг дагалдах асуултуудад хэрхэн хариулах талаар үлгэрчлэн харуулахын тулд ангиараа долоон сүмийн нэгийг судлах талаар бодож үз. Үлдсэн сүмүүдийг ангийнхны дунд хувааж өгч болно. Шүлгүүдийг судлаад, асуултуудад бие даан эсвэл жижиг бүлгээр хариулахад суралцагчдыг урь. Судалж байхад нь суралцагчдыг очиж шалгаад, шаардлагатай бол тусал.

Дараах судрын эшлэлүүд болон “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх мэдээлэл нь хэцүү үг, хэллэгийг ойлгоход суралцагчдад тусална.

Map of the Mediterranean.

Долоон сүмийн газрын зургийг хараад, дор хаяж хоёр сүмийг судлахаар сонго. Есүс Христийн хүлээн зөвшөөрсөн зарим сүмийн сайн үйлсүүд болон сүм бүрд Түүний өгсөн залруулгыг хайж ол.

  1. Ефес ( Илчлэл 2:1–7): Николайчууд нь Бурханы ач ивээл өөрсдийг нь аврах тул бэлгийн харьцааны гэм нүглийг ямар нэг ял шийтгэлгүйгээр үйлдэх эрхтэй гэж хэлдэг шашны бүлэглэл юм.

  2. Смирна ( Илчлэл 2:8–11)

  3. Пергам ( Илчлэл 2:12–17): Балаамын сургаал гэдэг нь энэ дэлхийн хүсэл тачаалаа хангах эсвэл хүмүүний нэр төрийг эрэлхийлэхийн тулд Бурханы зарлигуудыг зөрчихийг хэлдэг ( 2 Петр 2:15 -ыг үзнэ үү). Дээрх николайчууд гэх тодорхойлолтыг анхаар.

  4. Туатейр ( Илчлэл 2:18–29)

  5. Сардей ( Илчлэл 3:1–6)

  6. Филаделфи ( Илчлэл 3:7–13): Энэ захиас нь зөвхөн сайн үйлсийг хүлээн зөвшөөрдөг.

  7. Лаодик ( Илчлэл 3:14–22): Энэ захиас нь зөвхөн төгс бус ажил үйлийг залруулдаг. Бүлээн гэдэг нь Есүс Христийн сайн мэдээнд өөрийгөө бүрэн зориулахгүй байх гэсэн утгатай.

  • Есүс Христ ямар ямар сайн үйлсийг хүлээн зөвшөөрсөн бэ? Та өнөөгийн Сүмийн гишүүдийн дунд үүнтэй ижил төстэй ямар сайн үйлсийг олж харж байсан бэ?

  • Таны сонгосон сүмд Есүс ямар залруулга эсвэл зөвлөгөө өгсөн бэ? Энэ нь мөн яагаад өнөөгийн Сүмд тохирсон сайн зөвлөгөө вэ?

Хангалттай хугацаа өгсний дараа, суралцагчдыг олж мэдсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урь. Самбарт сайн болон засаж залруулах шаардлагатай үйлдлүүдийн жагсаалт гаргахыг бод. Дараагийн асуултыг ярилцахдаа, суралцагчдыг бэлтгэх үйл ажиллагаагаар олж авсан туршлагаа хуваалцахад урьж болно.

  • Есүс Христ яагаад бидний сайн үйлс, сайжруулах хэрэгтэй зүйлийг мэдэхэд тохирсон хүн бэ?

Таны амьдралд зориулсан зөвлөгөө

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) Аврагчид хаалгаа нээж, амьдралдаа Түүнийг оруулах боломж олгоход биднийг уриалсан. Дараах мэдэгдлийг унш.

2:3
Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрд хайртай гэдгийг би бодгалийнхаа бүхий л хүчээр та нарт гэрчилж байна. Тэр бидний сэтгэл зүрхний маань залбирлыг, тусламж эрэлхийлсэн гуйлтыг сонсдог. … Түүний Хүү, бидний Аврагч, Гэтэлгэгч өнөөдөр бидэнд хандан ийн хэлдэг. “Харагтун. Би үүдэн дээр зогсоод тогшиж байна: Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орно” [ Илчлэл 3:20 ].

Тэрхүү тогшилтыг нь бид сонсох болов уу? Тэр дуу хоолойг бид сонсох уу? Түүний бидэнд үзүүлэхэд бэлэн тусламжийг нь авахын тулд бид үүд хаалгаа Их Эзэнд нээх болов уу? Бид нээгээсэй хэмээн би залбирч байна.

(Thomas S. Monson, “Mrs. Patton—the Story Continues,” Ensign or Liahona, Nov. 2007, 24)

Хаалга тогшиж буй Есүсийн зургийг дахин хараад, олж мэдсэн зүйлсээ эргэцүүлэн бод.

Суралцагчдад дараах асуултуудыг тунгаан бодоод, судлах тэмдэглэлдээ хариулж бичих цаг гаргаж өгөхийг бод.

  • Аврагч танаас юуг сайн хийж байна гэдгээ мэдээсэй хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

  • Аврагч амьдралдаа юуг өөрчлөхөд таныг уриалж байж болох вэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Илчлэл 2:4 -т дурдсан “анхны хайр” гэдэг нь юу вэ?

Ефес дэх гэгээнтнүүд Бурханыг хайрлах зарлигийг үл тоомсорлосныхоо төлөө зэмлүүлсэн ( Матай 22:37–38 -ыг үзнэ үү).

Илчлэл 2:9 . Бид ядуу байсан ч хэрхэн баян байж болох вэ?

Аврагч Смирнагийн гэгээнтнүүдийн итгэлийг хүлээн зөвшөөрч, зарлигуудыг нь сахидаг хүмүүст амлагдсан мөнхийн баялгийг авч чадна гэдгийг баталсан (мөн Иаков 2:5 ; Сургаал ба Гэрээ 11:7 -г үзнэ үү).

Илчлэл 2:14 . Балаам гэж хэн бэ?

“Балаам нь Хуучин Гэрээний бошиглогч бөгөөд түүний үйл хэргийг Тоолол 22–24 ; 31:16 дээр цэдэглэсэн байдаг. Тэрээр эхэндээ Израилыг хараах гэсэн Балакийн хүсэлтээс удаа дараа татгалзаж, Их Эзэнд болон Түүний хүмүүст үнэнч болж харагдсан. Гэсэн хэдий ч Балаам эцэстээ Балакийн эд баялагт татагдаж, Израилын армийг бэлгийн харьцааны нүгэл, хиймэл шүтээнээр дамжуулан хэрхэн сулруулахыг Балакт заасан байна ( Тоолол 25:1–5 ; 31:13–16 -г үзнэ үү). Уг төлөвлөгөөнд моаб эмэгтэйчүүдээр Израилын эрчүүдийн толгойг эргүүлүүлэх, тэднийг буруу номын бурхдад тахил өргөхөд ятгах, тийнхүү тэднийг сүнслэгээр устгах зэрэг нь багтаж байсан (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2014], 534).

Илчлэл 3:14 . Есүсийг яагаад “Амен” гэж дуудсан бэ?

‘Амен’ гэдэг нь еврей болон грек хэл дээр үнэхээр, үнэнээр, итгэлтэй гэсэн утгатай. Илчлэл 3:14 -т агуу ‘Амен’ болох Христийн итгэлтэй, зөв шударга байдлыг лаодикчуудын бүлээн хандлагатай харьцуулан жишсэн байдаг [мөн Илчлэл 3:15–16 -г үзнэ үү]” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2014], 536).

Бид өөрсдийг маань хүлээн зөвшөөрч, засаж залруулахад Бурханыг хэрхэн урьж болох вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн заасан.

Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Ариун ёслолын үеэр та өөрийн амьдралыг үнэлж цэгнэхдээ бодол санаагаа зөвхөн хийсэн буруу зүйлс дээрээ биш, Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр өөрөөр тань бахархаж, сэтгэл хангалуун байгааг мэдэрч байсан тэр цаг үе болон зөв үйлдлүүд дээрээ төвлөрүүлдэг байх гэж би найдаж байна. Мөн та ариун ёслолын үеэр эдгээр зүйлийг олж харахад туслахыг Бурханаас гуйхад цаг гаргасан ч болно. Хэрэв та ийнхүү үйлдвэл ямар нэгэн зүйлийг мэдрэх болно гэдгийг би амлаж байна. Та итгэл найдварыг мэдэрнэ.

(Хэнри Б.Айринг, “Түүнийг үргэлж дурсан сана,” Ensign эсвэл Лиахона, 2018 оны 2-р сар, 5)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн тухай танилцуулга

Долоон захиас бүгд Есүс Христийн тухай танилцуулгаар эхэлдэг. Суралцагчдад Илчлэл 1-ээс сурч мэдсэн бэлгэдлийг нь сануул. Тэднийг долоон сүм бүрд илгээсэн захиас бүрийн эхний шүлгийг судлаад, Есүс Христийн тодорхойлолтыг хайж олоход урь ( Илчлэл 2:1, 8, 12, 18 ; 3:1, 7, 14 -ийг үзнэ үү). Дараа нь тодорхойлолт бүрээс Аврагчийн талаар юу олж мэдсэнээ ангийнхантайгаа хуваалцахад суралцагчдыг урь.

Есүс Христэд өгсөн амлалтаа бүрэн биелүүлэх

Суралцагчдыг Лаодикийн гэгээнтнүүд “бүлээн” ( Илчлэл 3:15–16 -г үзнэ үү) байсан гэдгийг олж мэдсэний дараа, сайн мэдээнд бүлээн байх нь ямар байх талаар бодоход уриарай. Суралцагчдыг дараах асуултуудыг тунгаан бодоход урь. Та Есүс Христэд өгсөн амлалтаа хэр биелүүлж байгаагаа 1–10 хүртэлх хэмжүүрээр хэрхэн үнэлэх вэ? Бүлээн байхаас зайлсхийхийн тулд Аврагчид өгсөн амлалтаа танд өгсөн Түүний амлалттай илүү тохируулуулахын тулд та юу хийж чадах вэ?

Амлалтаа бүрэн биелүүлэх талаар илүү ихийг олж мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд ChurchofJesusChrist.org дээрх “Аврагчийн жинхэнэ шавь нар” видеог цагийн код 2:22-оос 4:37 хүртэл үзүүлэхийг бод. Австралид “fair dinkum” гэдэг хэллэг нь амлалтаа бүрэн биелүүлэх эсвэл эргэлзээгүй үнэнч байх буюу бүлээн байхын эсрэг утгатай гэдгийг тайлбарла. Суралцагчдаас ахлагч Винсоны түүх болон Есүс Христийн сайн мэдээний хүрээнд өгсөн амлалтаа бүрэн биелүүлэх хоёрын хооронд байгаа ижил төстэй зүйлсийг хайж олохыг хүс.

2:3