Номлолын дуудлагууд
Сэтгэл хөдлөлөө хянаж зохицуулахад туслах аргууд


Сэтгэл хөдлөлөө хянаж зохицуулахад туслах аргууд

Сэтгэл гутрал эсвэл түгшүүр гэх мэт хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнүүд нь өөрсдийгөө сэтгэлийн дарамтад хэт их орсныг мэдэхэд тусалдаг. Зөвлөгөө авахын тулд 17–22-р хуудасны “Сэтгэлийн дарамтыг хянахад туслах ерөнхий зарчмууд”-ыг унш. Үүнээс гадна доорх зөвлөгөөнүүд нь тодорхой сэтгэлийн хөдөлгөөнүүдэд тусалж болно.

Four elder missionaries standing together talking.

А

Гэрээ санах нь

  • Завгүй бай. Ялангуяа та гэрээсээ хол байж үзээгүй бол гэрээ санах нь ердийн зүйл юм. Хэдэн минут гунигла, тэгээд босч, завгүй бай. Үүнтэй тэмцэх хамгийн сайн арга бол бусдад үйлчилж, завгүй байснаар гомдоллох эсвэл санаа зовох зэргээс анхаарлаа сарниулах явдал юм.

  • Ачаагаа задлаад суурьш. Чемоданыхаа гадна бүү амьдар. Өөрийн орон зайг бий болго. Танд Ариун Сүнс мэдрэхэд туслах мөн яагаад Их Эзэнд үйлчлэхээр сонгосныг тань сануулах зураг тавь. Хуучин хэрэггүй зүйлүүдийг цэвэрлэж, орон сууцандаа “өөриймсөг” ханд. Дуртай хоолоо хий.

  • Өөрчлөөгүй зүйлсийнхээ урт жагсаалтыг гарга. Олон зүйл өөрчлөгдсөн ч өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн таны харилцаа, хүч чадал болон бусад зүйлсийн талаар бод. Жишээ нь: “Надад хошигнох авьяас байна, эцэг эх маань надад хайртай, би үйлчлэхийг хүсч байна. Хэрвээ гэртээ байсан бол хийх байсан зүйлүүдээ нэм. “Би шийдвэрүүдээ гаргасаар байх байсан. Би бусадтай сайн харилцаатай байхын тулд хичээх байсан. Би шаргуу ажилласаар байх байсан.”

  • Номлолд гарсан шалтгаанаа дахин сана. Номлол тань Аврагчид талархалтай байх бэлэг гэдгийг хүлээн зөвшөөрч, адислалуудаа жагсаа. Дэмждэг удирдагчид эсвэл гэр бүлийн тань хайртай хүн таны үйлчлэлийн талаар юу хэлэх байсныг өөртөө сануул.

  • Санваарын адислал хүс.

  • Анхаарал сарниулах зургуудаа холдуул. Сүнсний мэдрэмжээс холдуулах эсвэл гэрээ санахад хүргэж болох зургуудыг далд хий. Магадгүй та дассаныхаа дараа заримыг нь ил гаргаж болох юм. Гэрийнхнээ долоо хоногт нэг удаа танд захиа бичихэд нь урамшуулан дэмж. Тэгснээр та Есүсийн эрт цагийн шавь нар шиг “тороо” тавьж (Матай 4:18–22-ыг үзнэ үү), ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чадна.

  • Тэвчээртэй бай. Шинэ орчинд дасаж эхэлтэл ойролцоогоор зургаан долоо хоног шаарддаг. Шийдвэрүүд гаргахаа хойшлуулж, өөртөө дасан зохицох цаг гарга. Нэг өдрийг зарцуул. (Миний сайн мэдээг номло номын 120-р хуудсыг үзнэ үү.)

Б

Сэтгэлээр унаж, урам хугарах нь

  • Сэтгэл санаа өргөх судар болон түүхүүд унш. Чамайг өргөж, урамшуулах судар, хувийн туршлага, эшлэл, гэр бүлийн түүхүүдийг цуглуул. Эдгээр цуглуулгуудаа уншихдаа өөрийнхөө нэрийг орлуулж унш. (Жишээ нь: 2 Нифай 4; Мозая 24:13–14; Алма 36:3; С ба Г 4; 6; 31; Сургаалт Үгс 3:5–6; Хиламан 5:12; мөн Итгэлдээ үнэнч байх нь номын “Бэрхшээл”.)

  • Удирдамж авахын тулд патриархын адислалаа дахин унш. Таны авьяас бэлэг болон хүч чадал ажилд тань хэрхэн хувь нэмэр оруулж болох арга замуудыг хай.

  • Бүү хойшлуул. Аливаа зүйлсийг хойшлуулах нь сэтгэл гутрал руу хөтөлж болно. Том ажлуудаа жижиг хэсэг болгон хуваа. Эхлээд өөртөө “Яг одоо миний хийх зүйл бол ____” эсвэл “Би үүнийг хэдхэн минутын дотор л хийнэ, тэгээд хүсвэл жаахан амарч болно” гэж сануул.

  • Зохистой дуу хөгжим сонс. Хэрэв та айж түгшсэн бол намуухан, тайвшруулах хөгжим сонс эсвэл сэтгэлээр унасан бол таныг өргөж, хөгжөөх хөгжим сонс.

  • Гомдол хорслыг удаан бүү хадгал. Ямар нэг зүйлийн талаар гомдолтой байвал бусдыг шүүмжилж буруутгалгүйгээр шийдэхэд туслах арга замыг эрж хай. Хэрэв энэ талаар ярихыг хүсэхгүй байгаа бол уг гомдол хорслоо өөртөө үлдэхийг бүү зөвшөөр.

  • Бодит зорилго тавьж, түүндээ хүрэх тодорхой төлөвлөгөөнүүд гарга. Таныг сэтгэлийн дарамтад оруулж байгаа зүйлсээс нэг удаад нэгийг л шийдэх гэж оролд. Сэтгэл гутрал нь зорилго болон төлөвлөгөөндөө хүрэхэд тус болдог. (Миний сайн мэдээг номло, 146-г үзнэ үү)

  • Та хянаж чадахгүй зүйлээ зүгээр л орхи. Өнгөрсөн явдал, бусдын сонголт, дүрэм, цаг агаар, засгийн газрын хүнд суртал, соёл, таны чадахгүй зүйлүүд, бусад номлогчдын зан чанарууд нь таны хянаж чадахгүй зүйлүүд юм. Таны зан авир, харилцаан дахь таны оролцоо, одоогийн сонголт, хандлага гэх мэт та ямар нэг зүйл хийж чадах зүйлүүд дээрээ анхаарал хандуул.

  • Зарим байнга давтагддаг, уйтгартай зүйлсийн бодит байдалтай эвлэр. Амьдралын бүх зүйлс үргэлж утга учиртай, сэтгэл хөдөлгөм байдаггүй. Уйтгар гунигтай байдлыг даван туулахын тулд жүжиг тавих болон түгшүүртэй байдал, сөргөлдөөн үүсгэхээс зайлсхий. Оронд нь эргэн тойронд тань буй сайн сайхан зүйлд талархан баярлаж, сайжруулж, үйлчлэх арга замуудыг эрэлхийл.

  • Таашаал авч болох зүйлүүдийг хай. Дуудлагаа эрхэмлэн хүндлэхийн зэрэгцээ хөгжилтэй байдлаа сэргээж, дэлхийн сайн сайханд баясаж, бусдын сайхан сэтгэлийг анзаарч, Сүнсний нөхөрлөлд баяс.

  • Үндсэн зарчмуудыг дага: залбирал, судар судлах, үйлчлэл. Талархал дээр төвлөр. Судруудаас уншиж байхдаа өөртэйгөө адилтгаж болох хэсэгт анхаарлаа төвлөрүүл. Жишээ нь: Хэрэв та бүх зүйлийг төгс байлгах гэж оролддог хүн бол нүгэлтний эсрэг Бурханы уур хилэнд битгий хэт их төвлөр. Миний сайн мэдээг номло, viii-г үзнэ үү.)

  • Алма 26-г уншиж, Аммон урам хугарсан үедээ юу хийснийг олж мэд. Мөн С ба Г 127:2-ыг уншиж, Иосеф Смит хэцүү хүнд үед ч түүний урам хугарч мохоогүйг ажигла . Таагүй нөхцөл байдал үүсэн, сэтгэлээр унаснаас болж бүү гутар. Бидэнд урам хугарч, сэтгэлийн дарамтад орон, гэрээ санасан өдрүүд тохиолдох нь энгийн зүйл юм. Энэ цаг мөчүүд өнгөрөн одох болно.

В

Өөрийгөө шүүмжлэх нь

  • Зөв хийдэг зүйлүүддээ төвлөрч, өөрийгөө бусадтай харьцуулахаас зайлсхий. Хэт өндөр хүлээлттэй хүмүүс сул талууд болон алдаан дээрээ дэндүү их төвлөрөх хандлагатай байдаг. Тэгснээр тэд сайжруулахын оронд итгэл найдвараа алдаж болно. Судрууд уншиж байхдаа Бурханы хайрт үйлчлэгчийн хувьд таны амьдралд хэрэгжүүлж болох зүйлст төвлөр. Бурханд үйлчлэх хүсэлтэй, Түүнийг хайрладаг хүмүүст үзүүлдэг Түүний тэвчээр, ач ивээл, найдвар, нигүүлслийн талаарх баталгаануудыг эрж хай. Миний сайн мэдээг номло, 10–11-ийг үзнэ үү.)

  • Өөртэйгөө илүү эерэгээр ярь. 21-р хуудсан дээрх “Сөрөг бодлын эсрэг ярих нь” хэсгийг үзнэ үү.

  • Таны хийж буй бүх зүйлс үргэлж дунджаас дээгүүр байж чадахгүйг санаарай. Та ямар нэг зүйлийг сайн хийдэг болтлоо хэчнээн шаргуу ажилласан ч заримдаа хийдэг дундаж түвшнээсээ доогуур хийх болно. Энэ бол санаа зовох зүйл биш юм.

  • Танд таалагддаггүй эсвэл сайн хийж чаддаггүй зүйлсийнхээ талаар өөртөө нэмэлт боломж олго. Хэрэв та баяртай байвал эсвэл төгс хийсэн бол энэ нь тооцогдоно гэж өөртөө бүү хэл.

  • Нэг удаад нэг юм уу хоёр том зорилгын төлөө ажилла. Нэг дор олон зүйлсийг сайжруулах гэж оролдохоос зайлсхий. Энэ нь хэт их ачаа болж, амжилтгүй байдалд хүргэж болно.

  • Сөрөг байдлыг биш, харин Сүнсийг сонс. Хэрэв танд басамжилж, тохуурхан, уурлаж, шүүмжилсэн мөн гомдоллосон бодлууд байвал тэдгээр нь Их Эзэнээс биш гэдгийг санаарай. Тэднийг бүрэн зогсоо.

  • Сайн сайхан зөвлөгөөг эрэлхийл. Та номлолын ерөнхийлөгч болон бусад хүмүүсээс, хангалттай сайн эсвэл хэтэрхий их хичээж байгаа эсэхээ мэдэхэд тань туслахыг хүсэж, тэдний зөвлөгөөг хүлээн ав. Өөрийгөө шүүмжилдэг олон хүн энэ ялгааг харахдаа тийм сайн байдаггүй.

Г

Сэтгэл түгшиж эсвэл учраа олохгүй байгаагаа мэдрэх нь

  • Ямар нэг зүйлийг шинээр хийж байгаа бол анхдагч байгаадаа баяртай бай. Чи мэргэжилтэн байх албагүй. Харин сониуч, сонирхсон, даруу, оролдож үзэх хүсэлтэй байх нь хангалттай юм. Үүндээ баяртай бай!

  • Хийж чадах зүйлээ баяртайгаар хийж, Бурханд үлдсэнийг нь даатга. Бусад номлогчид илүү амжилттай харагдахад номлогчдод заримдаа хэнд ч хэрэггүй, ичгүүртэй мэт санагддаг. Хэрэв Сатан таныг өөртөө эргэлзэж, өөрийгөө бусадтай харьцуулахад уруу татвал энэ бол Бурханы ажил бөгөөд Тэр сул дорой, энгийн хүмүүсийг ажлаа хийлгэхээр сонгодог гэдгийг санаарай. Тэр чамайг сонгосон юм. Түүнд итгэ. Тэр танд итгэдэг!

  • Амжилтын тухай төсөөлөн хар. Санаа зовох нь оюун санаагаар унаж байгаагийн нэг хэлбэр байж болох юм. Юу нь буруу болох бол эсвэл хэрвээ “тэгвэл яах бол” гэж санаа зовохын оронд оюун санаандаа эерэг үр дүнг бодож, тэдгээрт хүрэх төлөвлөгөөнүүд гарга. Хэрэв таны найдсанаар болохгүй бол сорилтоос суралцаж, урагшилж байгаагаар төсөөл.

  • Чадахгүй зүйлсээ хянах гэж бүү оролд. Хянаж чадахгүй зүйлсээ хянах гэж оролдсоноор таны сэтгэлийн түгшүүр нэмэгдэж, хяналтаа улам алдах болно. Хийж чадах зүйлүүддээ л эрч хүчээ төвлөрүүл.

  • ”Тохиолдож болох хамгийн муу зүйл юу вэ?” гэж асуу. Хэрэв тохиолдож болох хамгийн муу үр дагавар нь таны зохицон амьдарч чадах эсвэл Аврагч даван туулахад тань тусалж чадах ямар нэг зүйл бол айдасгүйгээр урагшил.

  • Хэрэв та хэт яарах хандлагатай байгаа бол 10%-иар удаашрах гэж оролд. Та илүү тайван үедээ илүү үр дүнтэй байж болно.

  • Үйлчил. Хамтрагч, сонирхогч, гишүүн мөн хөршүүддээ, ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх үед та өөрийнхөө талаар бага бодож, илүү аз жаргалтай байх болно. (Миний сайн мэдээг номло, 168–169-ийг үзнэ үү.)

Д

Амархан бухимдаж, уурлах нь

  • Сэтгэл хөдлөлөө дарах боломжийг өөртөө олго. Тархины тань тунгаан бодож, зөв шийдвэр гаргадаг хэсэг нь уурлах хэсгээсээ илүү удаан байдаг. Өөрийгөө тухайн нөхцөл байдлаас хэдэн минут холдуулж, нэлээд хэдэн удаа гүнзгий амьсгаа авч, тархиндаа оновчтой шийдвэр гаргах цаг гарга.

  • Уур хилэнг битгий өдөө. Хүмүүс бусдыг (1) сүрдүүлэн (2) шударга бус эсвэл (3) хүндэтгэлгүй байгааг хараад ихэвчлэн уурлах төлөвтэй байдаг. Үүний оронд тэдний гаргасан зан авируудад илүү энэрэнгүй хандах талаар бодож үзээрэй. Жишээ нь: Тэд ядарсан, ямар ч мэдээлэлгүй, итгэлгүй байсан эсвэл тэд тусалж байна гэж бодсон байж болох юм. Уурыг өдөөхгүй байх сонголтыг сонго.

  • Тайван, сониуч, нигүүлсэнгүй бай. Бусад хүмүүс юу гэж бодож, мэдэрч байгаа талаар сониуч бай. Асуулт асууж, анхааралтай сонсон, сонссон зүйлээ хэлж, зөв ойлгосон эсэхээ лавлаж асуу. Болохгүй бол дахин оролдоод үз.

  • Өөрийгөө болон бусдыг буруутгах гэж оролдох хандлагаас зайлсхий. Үүний оронд асуудал нь юу болохыг тогтоож, хэний буруу гэдгээс нь үл хамааран, үүнийг засахад нөгөө хүн тусалж чадах эсэхийг асуу.

  • Уучлал гуйх болон нөхцөл байдлыг зөв болгохын тулд юу хийж чадах талаар асуухад бэлэн бай. Уучлал гуйх нь сүнслэг хүч чадал болохоос сул доройгийн шинж биш юм.

  • Инээмсэглэ мөн өөрийгөө шоолж инээ. Ууртай үедээ хэрхэн харагддагаа мэдэхийн тулд толинд хар.

  • Таныг сэтгэлээр унагаж байгаа хүмүүст үйлчил. Аврагчийн “дайснуудаа хайрла, чамайг зүхэх тэднийг адисал, чамайг үзэн ядах тэдэнд сайныг үйлд, мөн чамайг хүнлэг бусаар ашиглах мөн чамайг хавчин гадуурхах тэдний төлөө залбир” гэсэн зөвлөгөөг хэрэгжүүл (3 Нифай 12:44).

  • Өөртөө анхаарал сайн тавь. Сайн идэж, унтан, дасгал хийж, залбирч байгаа эсэхээ анхаар тэгснээр та уур бухимдлыг даван туулах илүү хүчтэй байх болно.

Е

Туйлдаж, хүсэлгүй байх нь

  • Хүчтэй чанартаа төвлөр. Таны номлолдоо авчирсан сайн чанар, авьяас, туршлага мөн бэлгүүд тань юу вэ? Энэ долоо хоногт эдгээр хүчтэй чанаруудаа үр бүтээлтэйгээр хэрхэн ашиглаж болох вэ? Хэрэв та хүчтэй чанаруудаа олж харахад хэцүү байвал бусад хүмүүсээс туслахыг хүс.

  • Нэг удаад нэг л алхам хий. Өөртөө “Яг одоо миний хийх хэрэгтэй зүйл бол______” гэж сануул.

  • Үүнийг хөгжилтэй болго! Дуудлагаа эрхэмлэн хүндлэхийн зэрэгцээ өөрт сонирхолтой зорилгууд тавьж, тэдгээр зорилгууддаа хүрэх тоглоом зохио. Бүтээлч байж, амжилтынхаа төлөө өөртөө баяр хүргэ.

  • Нэг дор хэтэрхий олон хувийн зорилго тавьж, өөрийгөө битгий зовоо. Нэг удаад хувийн нэг юм уу хоёр зорилго л тавь (илүү хөгжилтэй байна эсвэл илүү цэвэрхэн байна гэх мэт) Төгс болно гэж бүү найд, хүнд өдөр тохиолдоход хэрхэн буцаад зам дээрээ гарах талаар төлөвлөгөө гарга. Өөртөө яагаад өөрчлөгдөхийг хүсэж байгаа талаараа үе үе сануул.

  • Зорилгуудынхаа талаар хамтрагч болон номлолын ерөнхийлөгчтэйгөө хуваалц. Тэд таныг дэмжиж мөн танд тустай санаануудыг өгөх болно.

  • Үйлдлийг хүсэл дагадаг гэдгийг санаарай. Эхлэх нь ихэнхдээ хамгийн хэцүү хэсэг нь байдаг. Хийхийг хүсэхгүй байгаа ямар нэг зүйлийг хийж эхлэхдээ “Үүнийг зөвхөн 10 минутад л хийнэ” гэж өөртөө хэл. Та нэгэнт эхэлчихвэл улам их хүсэлтэй болох болно.

Ё

Гэртээ байгаа хайртай хүмүүсийнхээ төлөө санаа зовох нь

  • Сургаал ба Гэрээ 31:1–6-г судал. Сүмийн эхэн үеэс номлогчид гэр бүлүүдээ хүнд нөхцөл байдалд орхиж явахаар дуудагдаж байсан. Таны үйлчлэлийн адислалууд хайртай хүмүүсийн тань сайн сайхны тулд байхын төлөө залбир. Их Эзэнд бүх зүрх сэтгэлээрээ үйлчлэн, тэднийг хүндэл. Их Эзэн өөрийн цаг хугацаа, тааллын дагуу чамайг болон тэднийг адислана гэдэгт итгэ.

  • Гэр бүлдээ долоо хоног бүр захиа бичиж бай. Гэрчлэл, эерэг туршлага болон түүхүүдээ тэдэнтэй хуваалц. Амьдралдаа Их Эзэний мутрыг хэрхэн харсан талаараа тэдэнд ойр ойрхон хэлж бай. Тэдний төлөө залбир. Төрсөн өдөр болон онцгой чухал үйл явдлуудыг сана.

  • Хайртай хүмүүст тань сорилтууд ирж болно. Эдгээрийн ихэнх нь таны номлолд үйлчилж байгаа эсэхээс үл хамааран ирэх л болно. Та гэртээ удирдагч нь эсвэл энх тайвныг авчрагч нь бол таны хайртай хүмүүст ч сонголт байгаа бөгөөд тэд таны санааг зовоох шийдвэрүүдийг гаргаж болно. Энэ нь тэдэнд сорилтуудаа өөрсдөө даван туулахад нь тусалж болох юм. Сонголтуудыг хүндэтгэн, тэднийг хайрлан мөн тэдэнд итгэдгээ илэрхийл.

Ж

Ганцаардах нь

  • Бусдын талаар сониуч бай. Тэд ганцаардлыг хэрхэн даван туулдгийг асуу. Тэдний туршлага болон мэдрэмжүүдийн талаар асуу тэгснээр чи тэднийг илүү сайн ойлгодог болно.

  • Илүү ихийг хуваалц. Биднийг үнэхээр хэн бэ гэдгийг мэдэж, үнэлээгүй мэт санагдах үед бид ганцаарддаг.

  • Өдрийн тэмдэглэлдээ бич. Энэ нь ядаж өөрийгөө ойлгоход тань туслах болно.

  • “Ганцаардал” гэдэг үг нь юу гэсэн утгатай болохыг тодорхойл. Ганцаардлаас болж танд ямар мэдрэмж, бодол, зан авир гарч болохыг тодорхойл. Тэгээд эдгээрт илүү тодорхой ханд.