Номлолын дуудлагууд
Нийгмийн хэрэгцээг хянаж зохицуулахад туслах аргууд


Нийгмийн хэрэгцээг хянаж зохицуулахад туслах аргууд

Харилцаанууд нь сэтгэлийн дарамтын эх үүсвэр мөн сэтгэлийн дарамтыг даван туулах адислагдсан эх сурвалжийн аль нь ч байж болно. Бид сэтгэлийн дарамтад хэт их орсон үед харилцаа хэцүү болж болно. Сайн харилцаа үүсгэхэд туслах эдгээр зөвлөмжүүдийг бодож үзээрэй. Нэмэлт санаануудыг авахаар 17–22-р хуудсанд буй “Сэтгэлийн дарамтыг хянахад туслах ерөнхий зарчмууд”-ыг унш.

Two sister missionaries talking to a woman on the street.

А

Танихгүй хүмүүстэй ярих нь

  • Хүчтэй чанараа олж мэдэн, ашигла. Зарим хүмүүс хүнтэй ярихдаа эрч хүчийг мэдэрдэг бол зарим хүмүүс ядарч байгаагаа мэдэрдэг. Энэ хоёр төрлийн хүмүүсийн аль аль нь амжилттай номлогч байж чадна. Танихгүй хүнтэй ярихдаа амархан ядардаг бол бүү бууж өг. Танд таньдаг нэгнийхээ сайн найз нь байж, бүтээлч санаа гарган, хүмүүсийн талаар сайн мэддэг, төлөвлөхдөө сайн зэрэг номлогчийн ажилд хувь нэмэр оруулах хүчтэй чанарууд байгаа. Мөн та бусдад таалагддаг атлаа тэднийг өөртөө дургүй байх хэмээн таамаглаж болох юм. Сүнслэг өдөөлт эрэлхийлж, Түүний үйлчлэлд хүчтэй чанаруудаа ашиглахад тань туслах Сүнсийг сонсож, номлогчийн хувьд Христийн илүү олон зан чанаруудыг хөгжүүл. Та өөрийгөө биш Христийг төлөөлдөг.

  • Сүнсээр өдөөгдсөн асуултууд асууж сур. Бусад хүмүүсийг яриулах асуултуудыг сурч, дадлага хий. Хүмүүсээс тэдний ажил, дуртай зүйлүүд, гэр бүл эсвэл хувийн намтрынх нь талаар асуу. Тэдний хувьд юу хамгийн чухал болох, тэд юу хүсдэг эсвэл юунд санаа нь зовдог талаар асуу. Тэдэнтэй холбоотой байж болох сургаалын зарчмуудыг гэрчлэх боломжуудыг сонс. Чин сэтгэлээсээ сонирхож байгаагаа илэрхийл. Танаас ч бас асуух тэдний асуултад тэдний хэрэгцээ болон захиас дээрээ төвлөрүүлэн хариулт өгөхдөө бэлэн бай. (Миний сайн мэдээг номло 183–184-ийг үзнэ үү.)

  • Бусдын анхаарлыг татаж болох энгийн аргуудыг эрж ол. Энгийнээр инээмсэглэж, нүдээрээ холбоо тогтоон, гараа даллаж, мэндчилэн, магтах ба тусламж санал болгож мөн хэнд, юу, хэзээ, хаана, яагаад, яаж гэх мэтийн асуух үгстэй асуулт асуу.

  • Харилцан яриагаа хэрхэн төгсгөх талаар суралц. Ярих нь зүйтэй гэж мэдэрсэн зүйлүүдээ ярьж мөн дараа уулзаж болох эсэхээ асуусны дараа “тантай танилцахад (ярилцахад) маш таатай байлаа. Бид _____ (явах, ажлаа хийх, автобусанд суух, Смит ахыг явахаас өмнө уулзах) хэрэгтэй боллоо. Дараа уулзъя!” гэж хэлж болно.

  • Оролцдог уулзалт бүрээсээ нэг шинэ хүнтэй танилцана гэсэн зорилго тавь. Тухайн хүнийхээ нэрийг харилцан ярианыхаа хамгийн эхэнд болон төгсгөлд ашигла. Санахын тулд нэрийг нь бичиж ав.

  • Дүүргийн хурлуудад оролц. Энэ нь сонсож, асуулт асуух гэх мэт нийгмийн чадваруудыг хөгжүүлэх хамгийн тохиромжтой санаа юм.

  • Санал зөвлөгөө асуу. Хүн бүр бусад хүмүүсийн юу бодож, мэдэрч байгааг хэлэхдээ сайн байдаггүй. Бусад хүмүүст тухгүй эсвэл сонирхолгүй байхад нь анзаарахгүй байгааг тань танд хэлсэн бол хамтрагчаасаа тусламж хүс.

  • Та үүнийг мэдрээгүй ч өөртөө итгэлтэй бай. Ерөнхийлөгч Хинклигийн ааваасаа хүлээж авсан “Өөрийгөө мартаад ажлаа хий” гэсэн зөвлөгөөг та ч мөн хэрэгжүүлж болно (Ensign, 1987 оны 7-р сар, 7). Бид өөрсдийн гүйцэтгэлийн талаарх айдсаа даван туулснаар мөн бусдад үйлчилж, сайн мэдээг номлох дуудлагадаа дахин төвлөрснөөр үүнийг хийж чадна.

  • Бусдад тусалж, үйлчлэхэд төвлөр. Бусдын хэрэгцээнд анхаарлаа хандуулснаар өөрийнхөө хувийн хэрэгцээ, сул тал дээр бага төвлөрөх болно. (Мозая 2:17-г үзнэ үү).

Б

Ганцаараа байхыг хүсэх нь

  • Хааяа нэг бичиж, залбиран, уншиж, төлөвлөх хувийн цаг гаргаж бай. Хэдийгээр хамтрагчтайгаа цаг үргэлж хамт байх шаардлагатай ч хэдэн минут нүдээ аньж, тайван байж болно.

  • Хэсэг хугацаанд бодох цаг хэрэгтэй байгаагаа шууд хэл. Тэгэхдээ хамтрагчдаа уурлаагүй гэдгээ мэдэгдэх хэрэгтэй. Харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, эелдэг харьц.

  • Өдрөө хуваарил. Нэг удаад нэг үйл ажиллагааг хэт удаан бүү хий. Хийдэг ажлынхаа төрлийг ангил. Төлөвлөсөн үйл ажиллагаанууддаа хэсэг хугацаанд чимээгүй мөн талархалтай байх мөчүүдийг багтаа, тэгээд ажилдаа шамд.

В

Хамтрагчтайгаа нээлттэй харилцах нь

  • Эхлээд сонс. Та хэн нэгэнтэй долоо хоногийн 24 цагийн турш хамт амьдрахад таныг цухалдуулах зарим зүйлсийг анзаарах болно. Та хоёр өөр өөр орчноос ирсэн бөгөөд юу нь зөв эсвэл юу нь хэвийн байх талаар өөр өөр санал, “дүрмүүдтэй” байдаг. Хамтрагчийн тань гаргаж буй зан ааш нь таны хувьд ойлгомжгүй байж болох ч түүний хувьд төгс ойлгомжтой байдаг. Хамтрагчтайгаа ярилцах цагаар түүнээс аливаа зүйлсийг ямар өнцгөөс харж байгааг нь асууж, анхааралтай сонссоноор илүү ихийг олж мэд. (Миний сайн мэдээг номло, 185–186-г үзнэ үү.)

  • Чамд юу саад болж байгааг эелдгээр тайлбарла. Хэрэв та шүүмжлэх юм уу ууртай байвал хамтрагч тань хамтарч ажиллахаасаа илүү өөрийгөө хамгаалах нь тодорхой. Хамтрагчийнхаа хэцүү зан авирыг шүүмжилснээс асуудлаа болон танд юу хэрэгтэй байгааг тайлбарлан хэл. Жишээ нь: “Надад бохир таваг үнэхээр таалагддаггүй бас тэр бүгдийг ганцаараа угаах нь ч таалагддаггүй. Энэ ажлыг хувааж хийх ямар нэг арга байгаа эсэхийг олъё.” Эсвэл “Би чамайг хэтэрхий дуугүй болохоор надад уурласан юм болов уу гэж санаа зовоод байх юм. Юу бодож байгаа талаараа надтай хуваалцаж болох уу?”

  • Шулуун шударга мөртлөө зөөлөн ханд. Ямар нэгэн сөрөг харилцаа эсвэл шүүлтээс зайлсхий. Өөрийнхөө байр суурийг хамтрагчийнхаа тухай бичсэн хуудас дүүрэн жагсаалтаар бүү илэрхийл. Уурлаагүй эсвэл өрөвдүүлээгүй өнгө аясаар харьцахыг хичээ. (Ефес 4:29–32-ыг үзнэ үү).

  • Бүү гомд. Бүдүүлгээр өгсөн ч гэсэн, зөвлөмжүүдийг нь аль болох талархал болон хөгжилтэй байдлаар хүлээн ав.

  • Хамтрагчаа ойр ойрхон магтан, урамшуул. Талархалтай байдаг зүйлүүддээ түүнд таларх.

  • Хэрхэн сайжирч болох талаар хамтрагчаасаа зөвлөмж хүс. Сул дорой байдлыг тань үзүүлэхийг Их Эзэнээс гуй. (Ифер 12:27-г үзнэ үү).

  • Өдөр бүр хамтрагчийнхаа төлөө ямар нэг сайн зүйл хийхээр хичээ. Өдрийн хоолоо бэлтгэн, түүнийг сонсож, гутлыг нь өнгөлөх мөн орыг нь засаж, инээмсэглэн, алчуурыг нь өлгөж, аяга тавгаа хурааж, эцэг эхэд нь талархлын үгс бичих бас цамцыг нь индүүдэж, түүнийг магтаж болох юм.

Г

Хүмүүсийг хайрлах нь

  • Үйлчилдэг хүмүүсийнхээ соёл, түүх, амьдралын хэв маягаас суралц. Дуртай болон талархалтай байдаг зүйлсийнхээ жагсаалтыг гарга.

  • Энэрэх бэлгийн төлөө залбир. Үүнийгээ “зүрх сэтгэлийн бүх эрч хүчээрээ” үйлд. (Moронай 7:48). Бурханы хардаг нүдээр бусдыг харахын тулд гуй.

  • Сүмийн гишүүд, сонирхогчид мөн бусдад үйлчил. Тэдний зан чанарыг ойлгодог болох хүртлээ амьдрал, итгэл, туршлагынх нь талаар асуу.

  • Хүмүүсийн төлөө залбир. Таныг эсэргүүцэж, зовоох тэдний төлөө залбирч бай. (3 Нифай 12:44).

Д

Номлолын удирдагчидтайгаа сайн харилцаатай байх нь

  • Даруу бай (С ба Г 112:10-ыг үзнэ үү). Бүх ариун журмын эх нь даруу байдал юм. Та өөрийгөө хэрхэн сайжирч чадах талаар удирдагчдаасаа зөвлөгөө хүс. Зөвлөгөө хүлээн авахад бэлэн байж, тэд танд найдаж болно гэдгийг хэл. Аман болон бичгээр удирдагчдынхаа үйлчлэлд нь талархаж буйгаа илэрхийл. (Миний сайн мэдээг номло, 120–121-ийг үзнэ үү)

  • Удирдагч эсвэл сургагчаасаа туслалцаа мөн тэвчээртэй байж сурахад туслах тусламж хүс. Зарим номлогчид эрх мэдлийн хүрээнд итгэдэггүй эсвэл өөрөө өөрийгөө удирддаг байсан учраас удирдамж чиглүүлэг хүлээн авахдаа хэцүү байдаг. Бусад зарим нь өөртэйгөө адил түвшний удирдагчидтайгаа өрсөлдөх хандлагатай байдаг. Эдгээр сорилтуудтай тулгарч байгаа бол удирдагчдадаа мэдэгд. Сайн дагалдагч болохын тулд даруу байхын төлөө залбир.

  • Удирдагчдынхаа төлөө залбир. Ялангуяа танд нөхөрсөг бус мэдрэмж төрүүлж байгаа тэдний төлөө залбир.

  • Удирдагчид ч гэсэн хүн гэдгийг санаарай. Хэрэв бид удирдагчид нь бусад хүмүүсээс илүү сайн байх ёстой гэж бодвол тэднийг алдаа гаргах, тэвчээргүй байж, буруу шийдвэр гаргах эсвэл биднийг буруугаар ойлгох үед урам хугарч, тэдэнд шүүмжлэлтэй хандах болно. Төгс бус гэдгийг нь ухаарч, эерэг хандлагуудыг эрж хай (Мормон 9:31-ийг үзнэ үү).

  • Удирдагчийнхаа хүчтэй чанар болон алдаануудаас суралц. Танд удирдах ээлж ирэхэд даган дууриах эсвэл зайлсхийхийг хүсэж буй чанаруудын жагсаалт гарга.

Е

Бэлгийн харьцаа эсвэл хайр дурлалын мэдрэмжээ хянаж зохицуулах нь

  • Өөрийгөө захирах чадварыг хөгжүүл. Бэлгийн харьцааны болон хайр дурлалын бодол, мэдрэмжүүд нь хэвийн бөгөөд Бурханаас өгөгдсөн юм. Бид номлогчийн хувьд харилцаа болон зан чанаруудаа Их Эзэний бидэнд өгсөн хүрээн дотор байлгаснаар хүчирхэг байдалд хөгжиж, агуу адислалыг авах болно. Ийнхүү үйлдэх хүслээ Сургаал ба Гэрээ 121:45; 1 Коринт 9:24–27; Mозая 3:19; Aлма 38:12-ыг залбирч, судалснаар хөгжүүл. Судруудын удирдамжаас “ариун журам”, “өөрийгөө захирах” “тэвчээртэй байх” зэрэг сэдвүүдийг олж үзнэ үү. Та эдгээр зан чанаруудыг хөгжүүлснээр одоо болон ирээдүйд танд ирэх адислал мөн хүчтэй чанаруудыг жагсаа.

  • Өөр бодлоор орлуул. Бэлгийн харьцаа болон хайр дурлалын бодол, мэдрэмжүүдэд автагдахын оронд анхаарлаа өөр зүйлд хандуулж, амарч, өөр ямар нэг зүйл хий. Сүмийн дуулал дуул. Судруудыг цээжилж, цээжээр унш. Талархалтай байдаг зүйлс дээрээ төвлөр. Тухайн өдрийнхөө төлөвлөгөөг бод. Дасгал хий. Өөрийгөө ажилдаа улам сайн зориул. Хөгжилтэй, бүтээлч бай.

  • Уруу таталтаас зайлсхий. Уруу таталтад өдөөн хатгадаг газар, нөхцөл байдал, ярилцлага эсвэл хүмүүсээс холд. Өдөөн хатгасан зураг эсвэл санаануудтай тулгарвал үүн дээр удаан бүү төвлөр. Бодож байгаа зүйлээ өөр зүйлс рүү эргүүлж, тухайн нөхцөл байдлаас аль болох хурдан гар. (Миний сайн мэдээг номло, 118–119-ийг үзнэ үү.)

  • Итгэл болон найдвараар үргэлжлүүл. Хэрэв та бэлгийн харьцааны мэдрэмжүүдээ зөв хянаж, зохицуулахад хүндрэлтэй байгаа бол Их Эзэн танд хайртай хэвээрээ гэдгийг мэдээсэй гэж Тэрээр хүсэж байгаа. Зөв зохисгүй гэж мэдэрснээсээ болж, Бурхантай харилцах харилцаагаа хэзээ ч бүү орхи. Ийм мэдрэмжүүдийг хянах гэж зүдэрч байж болох ч Тэрээр таныг үгүйсгэхгүй билээ. Хэнээс ч илүү Тэр чамд тулгарч буй асуудлыг ойлгодог ба уруу таталтыг эсэргүүцэхэд гаргаж буй чармайлтыг тань үнэлдэг. Тиймээс алдаанаасаа суралцаж, наманчил. Номлолын ерөнхийлөгчийнхөө зөвлөгөөг эрэлхийлж, эдгээр бэрхшээлүүдийг даван туулахын тулд үргэлжлүүлэн тэмц. (Миний сайн мэдээг номло, 116–117-г үзнэ үү.)

  • Битгий хэт их өлсөж, ганцаардан, ядарч, уйтгарла мөн сэтгэлийн дарамтад бүү ор. Энэ бүх зүйлс уруу таталтыг эсэргүүцэхэд улам хэцүү болгодог. Бага зэрэг идэх зүйл авах, түр хугацааны завсарлага хийх эсвэл хийж буй зүйлээ өөрчлөх буюу, сайхан яриа үүсгэх, амраах дасгал зэргийг хий. (19-р хуудсыг үзнэ үү)

  • Өөрийгөө аюулаас хамгаал. Хамтрагчтайгаа үргэлж хамт байж, эсрэг хүйсний гишүүнтэй хэзээ ч битгий ганцаараа үлд. Хэрэв та хэн нэгэнд татагдвал номлолын ерөнхийлөгчтэйгөө холбоо барьж, түүний зөвлөмжийг эрэлхийл. Хэрэв хэн нэгэн чам руу сээтэгнэж буйг мэдэрвэл хамтрагчаасаа туслахыг хүс. Номлолын ерөнхийлөгч рүүгээ утасдаж, юу мэдэрч байгаагаа хэл.

  • Хүч чадал болон ойлголтын төлөө мацаг барьж, залбир. Бид мацаг барих үедээ хэсэг хугацааны турш энгийн, эрүүл хоолноос татгалзаж, сүнслэг хүч чадлыг эрэлхийлэн мөн өөрийгөө хянах, өлсөж буй тэднийг өрөвдөн, Сүнсэнд мэдрэмжтэй байх зэрэг чадваруудыг хөгжүүлдэг. Үүнтэй адил чадварууд нь хэвийн бөгөөд эрүүл бэлгийн харьцааны эсвэл хайр дурлалын мэдрэмжүүдээ номлогчийн хувьд хойш тавихад туслах болно. Мацаг барих нь бэлгийн харьцааны мэдрэмжүүдийг алга болгохгүй ч сар бүр мацаг барих нь хүч чадал, хувийн мэдрэмтгий байдал мөн эдгээр мэдрэмжүүдийг зөвөөр хянаж зохицуулах хүслийг олж авахад тусалдаг. (Миний сайн мэдээг номло, 93–95-ыг үзнэ үү.)