“Ганц бие залуучуудыг сонс,” Ганц бие залуучуудыг хүчирхэгжүүлэх (2022)
Ганц бие залуучуудыг сонс
Хүмүүст хайрлагдаж буйгаа мэдрэхэд нь туслахын тулд тэднийг сонсож байгаагаа мэдрүүл. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд дараах зүйлийг заасан: “Өөрөөрөө бай. Чин сэтгэлээсээ холбоо тогтоо. Эдгээр найзаасаа тэдэнд юу хамгийн их чухал байдгийг нь асууж, мэд. Тэд юуг нандигнаж, юуг эрхэмлэдэг вэ? Тэгээд сонс. … Хэрвээ бид хайрлан сонсох юм бол юу гэж хэлэх талаар санаа зовохгүй байх болно. Энэ нь бидэнд Сүнсээр мөн найз нөхдөөр маань дамжин өгөгдөх болно” (“Witnesses Unto Me,” Ensign, May 2001, 15).
Олон залуучуудын итгэл тогтворгүй байдаг. Зарим нь асуулт, эргэлзээтэй явдаг бол, зарим нь Сүмд хэрэгтэйгээ эсвэл Сүмийн нэгэн хэсэг нь гэдгээ мэдэрдэггүй. Ганц бие залуучуудад туслах хамгийн эхний хийгээд чухал алхам бол тэдэнд хүрч, тэднийг сонсох явдал юм. Сүмийн гишүүдийн хувьд бидэнд хүн бүрийн бэлэг, сүнслэг өдөөлт, мөн тэдний харах өнцөг хэрэгтэй. Бид нэг нэгэндээ хэрэгтэй.
Хороогоороо ганц бие залуучуудын хэрэгцээг хангах шийдлүүдийнхээ талаар ярилцаж эхлэхээсээ өмнө нэн тэргүүнд тэднийг, үүн дотор итгэл гэрчлэл нь суларсан хүмүүсийг ойлгохыг хичээгээрэй. Ингэснээр та түүнчлэн тэднийг хайрладаг болно. Алагчилж, шүүлгүйгээр сонс. Таны уулзаж ярилцаж буй ганц бие залуучууд өөрсдийг нь сонсож, хүндэлж, ойлгож, хайрладгийг мэдэрдэг байх ёстой.
Та ГБЗ-ын хороонд үйлчлэх хугацаандаа ганц бие залуучуудыг аль болох олон тал, нөхцөл байдлаас сонсох хэрэгтэй. Үнэндээ үүнийг тогтмол хийдэг байх хэрэгтэй.
ГБЗ-ыг сонсоход тус болох эх сурвалжууд:
-
Сонсох зарчмууд
-
Сонсох төлөвлөгөө гарга
Сонсох зарчмууд
-
Ая тухтай, мэдээлэл солилцох, энгийн, нээлттэй харилцан яриаг өрнүүлэх орчин бүрдүүл. Дууны өнгө, хувцаслалт болон харилцан яриа өрнүүлэх газар гэх мэт зүйлсийг бодож үз.
-
Тэдний талаар, тэдний итгэл, найдвар болон тулгамдаж буй асуудлуудыг нь мэдэж ав. Та тэднийг сайн мэдэж авах тусам, таны бодол, сүнслэг мэдрэмжийг чиглүүлэх мэдээлэлтэй болно.
-
ГБЗ-ыг бодол санаа, мэдрэмж, итгэл найдвар болон асуудлаа хуваалцахыг урьсан нээлттэй асуултууд асуу (“Сонсох төлөвлөгөө гарга” хэсгийг үзнэ үү). Ярихаасаа илүү сонс.
-
ГБЗ-ыг нас, хүйс, нөхцөл байдал, Сүмд хэр идэвхтэйг үл харгалзан оролцуул. Таны уулзаж, ярилцаж буй ГБЗ өөр байх тусмаа сайн. Тэд өөр ойлголтоо хуваалцаж чадах хүмүүсийг мэддэг эсэхийг олж мэд.
-
Асуудал, бухимдал гарч ирвэл ярилцаж байгаа ГБЗ-аа шүүмжлэх, засаж залруулах, дарамтлах эсвэл “засахыг” оролдох гэж бүү хичээ. Сонсож байхдаа хүндлэл, сайхан сэтгэл, ойлгохыг хичээж ханд. Зөв ойлгосон эсэхээ бататгахын тулд сонссон зүйлээ давтаж хэлээд, өөр зүйл үлдсэн эсэхийг асуу. Илэн далангүй байгаад нь талархал илэрхийлээд, санаа тавьж байгаагаа хэл.
-
Шийдлүүдээ дөнгөж хэрэгжүүлж эхэлж байхдаа хүртэл эдгээр нь ГБЗ-д хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдэж болохын тулд тэдэнтэй уулзаж, сонсох цаг гарга.
-
Нэг хүний туршлагыг бүх хүнд нялзаахаас болгоомжил. Хэрэв та залуустай бүлгээр нь уулзаж байгаа бол хүн бүр ярьж байгаа эсэхэд, нэг хоёр хүн голлож ярихгүй байхад анхаар (Сургаал ба Гэрээ 88:122-ыг үзнэ үү).
Сонсох төлөвлөгөө гарга
Та хэнтэй ярилцмаар байна вэ?
Янз бүрийн нөхцөл байдал, туршлага, шашны үзэл бодолтой болон Сүмд хэр идэвхтэй оролцдог зэргээс үл хамааран ганц бие залуучуудтай холбогд.
Та юу хэлэлцэх вэ?
Ярилцаж болох сэдвүүдийн жишээг доор дурдав. Үүнд:
-
Бид хэзээ, хаана, хэрхэн Бурхантай хамгийн их холбогддог гэж бодож байна вэ?
-
Бидний амьдралын энэ үе шатанд шашинтай холбоотой үүсэж болох асуудлууд
-
Бидний амьдрал дахь сайн мэдээний ач холбогдол
-
Найз нөхөд, гэр бүлийнхний Сүмийг орхидог шалтгаан
-
Хүмүүст бидэнд хэрэгтэйг нь, тэдний оруулах хувь нэмэр үнэ цэнтэйг хэрхэн ойлгуулж туслах вэ
-
Есүс Христийн сайн мэдээ болон гэрээнүүдээ дагах нь амьдралаа Есүс Христ дээр төвлөрүүлэхэд хэрхэн туслах вэ?
-
Манай нийгмийг Христтэй адил болоход туслах авьяас, зан чанарууд
-
Манай үеийнхэнд хамгийн хэрэгтэй гэж үзэж буй сайн мэдээний сэдвүүд болон эрхэмлэх зүйлс
-
Ням гарагт болон долоо хоногийн турш Христэд болон нэг нэгэнд маань улам ойртуулж чадах үйл ажиллагаанууд болон туршлагууд
Та хэзээ сонсох вэ?
Богино болон удаан хугацаанд, таслахгүй сонсох үйл явцыг аль алийг нь чухалчил. Ярилцаж буй хүнээсээ зөвшөөрөл аван удахгүй болох хорооны хурал дээр хуваалцах зүйлсээ тэмдэглэх юм уу дууг нь хурааж ав. Ярилцлагыг яаруулахгүйн тулд цагаа сонго.
Та хэрхэн сонсох вэ?
Илэн далангүй, нээлттэй ярилцлага өрнөж буй орчинд хамгийн сайн сонсох боломж бүрдсэн байдаг. Та бүлгээр нь эсвэл нэг нэгээр нь сонсож болно. Та гэртээ, сүм дээр эсвэл тухтай, анхаарал сарниулах зүйлгүй хаана ч сонсох боломжтой.