Залуу эмэгтэйчүүдийн аяллын танилцуулга
“Тиймээ Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн” (Moронай 10:32).
Мормон “цэвэр устай булаг,” “багахан төгөл” (Мозая 18:5) хэмээх үгсийг Алмаг хаан Ноагаас зугтан, нуугдаж байсан газрыг дүрслэхдээ хэрэглэжээ. Тэдгээр мод, ус Алматай нэгдсэн хүмүүсийн “нүдэнд . . . үзэсгэлэнтэй” байв. Яагаад? Учир нь тэнд Алма болон түүний хүмүүс “Гэтэлгэгчийнхээ мэдлэгт ирсэн” (Мозая 18:30) юм.
Танай залуу эмэгтэйчүүдийн аялах газар ой модон дунд, цэцэрлэгт хүрээлэнд болон далайн эрэгт эсвэл цуглааны байранд байсан ч цугласан бүх хүний нүдэнд үзэсгэлэнтэй харагдахаар байж болно. Алма болон түүний хүмүүсийн адил залуу эмэгтэйчүүдэд хамтдаа цуглаад, дэлхийн нөлөөнөөс тусгаарлагдаж, Их Эзэний Сүнсийг мэдрэх, эв нэгдэлтэй байж, хайран дунд өсөж хөгжих, Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэл, гэрчлэлээ хүчирхэгжүүлэх газар хэрэгтэй.
Сүм залуу эмэгтэйчүүдэд зориулан аялал зохион байгуулахыг дэмждэг. Тойргийн болон гадасны залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл гэр бүлүүдийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж, санваарын удирдагчдын заавраар аяллын хөтөлбөрийн давтамж, үргэлжлэх хугацааг шийдэж өгнө. Олон хоногийн аяллыг ерөнхийдөө жил бүр тойргийн эсвэл гадасны түвшинд зохион байгуулдаг. Өдрийн эсвэл нэг хоногийн аяллыг орон нутгийн хэрэгцээ, сонирхлын дагуу санваарын удирдагчдын сонголтоор зохион байгуулж болно. Энэхүү номон дахь зарчмуудыг төлөвлөгөө боловсруулах бүх үйл явцад мөрдөх хэрэгтэй.
Аяллыг залуу эмэгтэйчүүдийн хөтөлбөрт оролцох эрхтэй бүх залуу эмэгтэйд зориулсан юм. Сүмийн жишгийг дагах хүсэлтэй гишүүн бус залуу эмэгтэйчүүд мөн үүнд оролцож болно. Удирдагчид аль залуу эмэгтэй аялал зохион байгуулах үеэр шаардлагатай насанд хүрсэн байхыг тодорхойлж, түүнийг оролцоход урина. Эцэг, эхчүүд болон удирдагчид тэгш харилцаа, төлөвшилт зэргийг харгалзан үзэж, насны хязгаарлалтын талаарх заалтад байгаа боломжуудыг зөвлөлдөн хэлэлцэж болно. (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 10.8.6-г үзнэ үү.)
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл, аяллын удирдагчид болон аяллын өсвөр үеийн удирдагчид аяллыг төлөвлөж, зохион байгуулахдаа энэхүү удирдамжинд заасан зарчмуудыг баримтлах ёстой. Эдгээр зарчим нь насанд хүрсэн болон өсвөр үеийн аяллын удирдагчдад аялах газрын байршил, нөхцөл байдлаас үл хамааран Сүмийн нэгж бүрээс оролцох залуу эмэгтэйчүүдэд аяллын туршлагыг төлөвлөхөд нь туслах болно. Эдгээр сүнслэгээр өдөөгдсөн зарчмын дагуу төлөвлөж, зохион байгуулсан аялал нь залуу эмэгтэйчүүдэд Есүс Христийн сайн мэдээнд өсөж хөгжин, найз нөхөдтэй болж, бие даасан байдлаа болон хөдөө хээр амьдрах чадвараа нэмэгдүүлэхэд туслах болно.
Алма болон түүний хүмүүс Мормоны усанд үлдээгүй, харин Мормоны усан дахь тэдний туршлага тэдэнтэй хамт үлдсэн юм. Үүний адилаар залуу эмэгтэйчүүд аяллаас гэр орондоо буцаж ирэх үед Гэтэлгэгчийнхээ тухай илүү их агуу мэдлэгтэй болж ирэх учир тэдний аяллын туршлага тэдэнтэй хамт үлдэж, тэднийг хүчирхэгжүүлж байх болно.