Аяллын удирдлагын зарчмууд
“Чи даруу бай; тэгвэл чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь чамд хариу өгөх болно” (С ба Г 112:10).
Өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчид Гарын авлага 2: Сүмийг удирдах нь номон дахь сүнслэгээр бэлдэх, зөвлөлд оролцох, бусдад үйлчлэх, Есүс Христийн сайн мэдээг заах (Гарын авлага 2, 3.2 болон youngwomen.lds.org дээрх ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлагын хичээлүүдийг үзнэ үү) зэрэг удирдлагын зарчмуудыг дагаснаар аяллын амжилттай удирдагчид болж чадна.
Сүнслэг байдлын хувьд бэлтгэх
Удирдагчийн хувьд та залуу эмэгтэйчүүдийг сэтгэлдээ бодон залбирч, судраас судалж, мацаг барьснаар сүнслэг өдөөлт авах боломжтой. Боломжтой бол ариун сүмд орохыг бод. Аяллыг төлөвлөж, үүнд бэлтгэх үед таны сүнслэг бэлтгэл хичээл зүтгэлийг тань удирдан чиглүүлнэ.
Зөвлөлд оролцох
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл, насанд хүрсэн болон өсвөр үеийн аяллын удирдагчид аяллын талаар зөвлөлдөхөөр цуглана. Энэ маягаар хамтдаа зөвлөлдөх нь Ариун Сүнсний нөлөөг урьдаг бөгөөд аяллаар дамжуулан залуу эмэгтэйчүүдийн болон тэдний гэр бүлийн хэрэгцээ шаардлагад нийцэх үр дүнтэй арга замуудыг олж нээхэд тусална. Эдгээр зөвлөлд оролцож буй хүн нэг бүр өөрийнх нь санал, санаа бодол үнэ цэнтэй гэдгийг мэдрэх хэрэгтэй (C ба Г 88:122 болон Гарын авлага 2, 3.3.2-ыг үзнэ үү).
Санваарын удирдагчид
Тойргийн болон гадасны удирдагчид залуу эмэгтэйчүүдийн өмнө гол хариуцлагыг хүлээх бөгөөд аяллын талаар гаргасан бүх төлөвлөгөөг батлах шаардлагатай. Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл Үйл явдал ба үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, аяллын зорилго, зорилт, аялах газрын байршил, арга хэмжээнүүдийн тухай тодорхой мэдээлэл болон хуваарийн талаар санваарын удирдагчидтай зөвлөлдөж, удирдамж авсан байх хэрэгтэй. Санваарын удирдагчид түүнчлэн төсвийн удирдамж болон дагаж явахад тохиромжтой хүмүүсийг сонгох, үйл ажиллагааны үеэр биеэ авч явах байдал болон хувцаслалтын жишгийг тодорхойлж, аяллын аюулгүй байдал, хамгаалалтын арга хэмжээний төлөвлөгөөг батлах ёстой.
Санваарын удирдагчид аяллыг төлөвлөж, удирдахад туслах эмэгтэйчүүдийг тойрог болон гадаснаас дуудаж болно (хэрвээ тухайн аялалд зөвхөн нэг тойргийн залуу эмэгтэйчүүд оролцохоор байгаа бол насанд хүрсэн удирдагчид гадаснаас биш, тойргоос дуудагдсан байх ёстой). Түүнчлэн тэд хангалттай тооны санваарын удирдагчдыг тухайн аялалд оролцуулах, айлчилж очуулахаар төлөвлөх хэрэгтэй. Аяллын туршид дэмжлэг үзүүлж, хамгаалах зорилгоор хоёр эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан ах үргэлж хамт байх ёстой (Гарын авлага 2, 13.6.12-ыг үзнэ үү). Хоногоор явах үйл ажиллагаанд эдгээр санваарын удирдагч залуу эмэгтэйчүүд болон насанд хүрсэн эмэгтэй удирдагчдаас тусдаа байрлах ёстой. Санваарын удирдагчид бусдад ил харагдах газарт байхаас бусад тохиолдолд ямар ч эмэгтэй удирдагч эсвэл залуу эмэгтэйтэй ганцаараа байх нөхцөл байдлаас зайлсхийвэл зохино.
Залуу эмэгтэйчүүдийн аяллын удирдамж
Санваарын удирдагчид тойргийн эсвэл гадасны эмэгтэйчүүдэд Залуу эмэгтэйчүүдийн аяллын удирдагч байх дуудлагыг өгсөн байх ёстой. Аяллын эдгээр удирдагч нь өсвөр үеийн аяллын удирдагчидтай хамтран ажиллаж, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган доор аяллыг зохион байгуулж, хөтлөн явуулна.
Өсвөр үеийн аяллын удирдагчид
Аялал нь залуу эмэгтэйчүүдийн хувьд үйл ажиллагаагаа төлөвлөж, удирдан явуулснаар удирдлагын ур чадвараа хөгжүүлэх, дадлагажих боломж болдог. 17, 18 настай залуу эмэгтэйчүүд өсвөр үеийн аяллын удирдагч байхаар дуудагдаж болно. Аяллын эдгээр өсвөр үеийн удирдагч нь аялал төлөвлөх, удирдах, дүгнэх гол үүрэг хариуцлагыг хүлээнэ. Тэд залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл, тойргийн болон гадасны аяллын удирдагчид мөн санваарын удирдагчидтай зөвлөлдөнө. Хэрэв тойрог эсвэл гадсанд энэ насны залуу эмэгтэй байхгүй бол өөр насны залуу эмэгтэйчүүд эдгээр үүргийг гүйцэтгэж болно. Түүнчлэн ангийн ерөнхийлөгчийн зөвлөл аяллыг удирдах үүрэг хариуцлага хүлээнэ. Залуу эмэгтэйчүүдэд эдгээр удирдах үүрэгтээ бэлдэхэд нь туслах эх сурвалжийг Гарын авлага 2, 3.3 хэсгээс болон youngwomen.lds.org дээрх “Удирдагчид зориулсан эх сурвалж” холбоос дахь ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлагын хичээлүүдээс олж үзэж болно.
Аяллын өсвөр үеийн удирдагчийн энгийн үүрэг хариуцлагад төлөвлөгөө боловсруулах, хурал хөтлөн явуулах, үйл ажиллагаануудыг сонгох болон төлөвлөх, тодорхой арга хэмжээнүүдийг удирдаж, хөтлөх, аялалд үнэлгээ, дүгнэлт хийх зэрэг орно.
Бусдад тохинуулах
“Мөн тэд нэг нэгэндээ зааж мөн тохинуулсан болой” (3 Нифай 26:19).
Бид тохинуулахдаа бусдад үйлчилж, заадаг. Бүх удирдагч тохинуулал хийснээр аяллын үеэр залуу эмэгтэйчүүдийн дунд итгэлийг хөгжүүлж, тэдэнтэй харилцаагаа бэхжүүлэх боломжтой байдаг. Тохинуулал нь хайр, чин сэтгэлийн нөхөрлөл, бусдыг хүчирхэгжүүлэх хүсэл эрмэлзлийг шаарддаг. Аялал нь залуу эмэгтэйчүүдэд нэг нэгэндээ тохинуулахыг зааснаар Аврагчтай илүү адилхан болох орчин нөхцөлийг бүрдүүлдэг. Удирдагчийн хувьд та бусдыг өргөх, үг болон үйлдлээрээ итгэл төрүүлэх, тэвчээртэй байхыг сонгох, энх тайвныг тогтоогч байх, гомдоллохоос зайлсхийх, гэрчлэлээ хуваалцах, бүх хүнийг хамруулахыг оролдох зэргээр тохинууллын үлгэр жишээг үзүүлж чадна.
Хэрэв та аяллын өсвөр үеийн удирдагч бол танд аялалд залуу эмэгтэйчүүдэд тохинуулах илүү өргөн боломж байгаа, яагаад гэвэл та тэдний туршлагад илүү ойр дотно холбогдох юм. Та аяллын өсвөр үеийн удирдагчийн хувьд үйл ажиллагаанд оролцож байгаа залуу эмэгтэйчүүдэд дараах арга замуудаар тохинуулах боломжтой. Үүнд:
-
Залуу эмэгтэй бүртэй тусгайлан уулз. Түүнтэй илүү дотно танилцаж, аяллын үеэр юу болж буйг ойлгоход нь тусал.
-
Аялал зохион байгуулахаас өмнө болон аяллын үеэр өдөр бүр залуу эмэгтэй бүрийн төлөө нэрсийг нь дурдан залбир. Залуу эмэгтэй бүр хамрагдаж, хайрыг мэдэрч байгаа болохыг анхаар.
-
Найрсаг байдал болон үйлчлэл үзүүл.
-
Залуу эмэгтэйчүүдэд тохинууллын тухай заа. Тэднийг нэг нэгэндээ тохинуулахад урь. Орой бүр бие биедээ туршлагаасаа хуваалц.
Есүс Христийн сайн мэдээг заа
Аяллын бүх удирдагч үлгэр жишээ, гэрчлэлээ хуваалцах багш нар юм. Аялал бол сүнслэг, материалаг зүйлсийн талаар суралцахын хувьд баялаг байх ёстой. Аяллын үеэр юу заахаа төлөвлөхдөө, залуу эмэгтэй бүрийн талаар залбирч бод. Залуу эмэгтэй бүрийг Сүнсийг мэдрэх боломжоор ханга. Түүнд сайн мэдээний сургаалуудыг өдөр тутмын туршлагатай холбож ойлгоход нь тусал. Түүнд өөрийгөө болон гэр бүлээ онцгой байдлын нөхцөлд хамгаалах мөн ирээдүйдээ бэлтгэлтэй байхад чухал ур чадваруудыг заа. Ямар ч зарчмыг заахаар сонгосон бай, аяллын үеэр хийж байгаа бүх зүйл тань залуу эмэгтэй бүрд дараах зүйлсэд хүрэхэд нь туслах хэрэгтэй гэдгийг санаарай (түүнчлэн Гарын авлага 2, 10.1.1-ийг үзнэ үү). Үүнд:
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийг болон тэдний тухай гэрчлэлийг нь хүчирхэгжүүлэх
-
Бурханы охин гэдгээ ойлгодог болох
-
Зарлигуудыг дуулгавартай дагаж, сайн мэдээний жишгүүдээр амьдарснаар зохистой амьдрах
-
Ариун Сүнсний өдөөлтийг танин, хүлээн авч, итгэл найдвар тавьдаг болох
-
Удирдагч, эхнэр, ээж байх тэнгэрлэг үүрэгтээ бэлтгэх
-
Хийсэн гэрээнүүдээ ойлгож, сахидаг байх
-
Найз нөхөдтэй болж, баяр хөөртэй байх зэрэг болно.