Ерөнхийлөгчийн зөвлөлд зориулсан тусламж
Аяллын үйл ажиллагаа, үйлчлэлийн санаа


Аяллын үйл ажиллагаа, үйлчлэлийн санаа

Аялал төлөвлөхдөө авч үзэж болох сүнслэг, нийгэм, бие махбод, оюун санааны үйл ажиллагааны талаарх санаануудыг жагсаав.

Бэлтгэл үйл ажиллагаа

Үйл ажиллагаануудыг аялалд явахаас өмнө эхлүүлээд, эргэж ирсний дараа үргэлжлүүлж болно. Бэлтгэл ажлыг сайжруулах болон суралцах, аялах хүлээлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаануудыг төлөвлөх талаар бодож үз.

  • Залуу эмэгтэйчүүд, тэдний гэр бүлд зориулсан бэлтгэл үйл ажиллагааг зохион байгуул. Тухайн аяллын сэдэв, холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг танилцуул.

  • Ажил үүргийн хуваарь боловсруулах төлөвлөлтийн үйл ажиллагааг зохион байгуул. Эдгээр үүрэгт хоол хийх, цэвэрлэх, бэлтгэх, хог хаях зэргийг багтааж болно.

  • Төсөвт тохирсон тэжээллэг жорууд бүхий аяллын хоолны цэс гарга.

  • Хог хаягдлыг хамаагүй хаяхаас зайлсхийх, усыг цэвэр байлгах, байгаль орчинд хор учруулсан бол нөхөн сэргээх зэрэг хүрээлэн буй орчныг хамгаалах арга замуудад суралц.

  • Аяллын хэрэгслүүдийг ашиглах, хээр гадаа хоол хийх дадлага хийж үз.

  • Хээрийн нөхцөлд амьдрах чадварт суралцаж эхэл.

  • Дасгал хөдөлгөөн хийх төлөвлөгөө боловсруулж, ууланд авирах, дугуй унах эсвэл аялалд бэлтгэхэд тус болох бусад үйл ажиллагаанд оролц.

Аялалд оролцож буй охид

“Бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг; тийм ээ, бүр газар дэлхий, мөн үүний гадаргуу дээрх бүх зүйл, тийм ээ, мөн үүний хөдөлгөөн, тийм ээ, мөн түүнчлэн өөрсдийн байнгын замаар хөдлөх тэр бүх гарагууд Эрхэм дээд Бүтээгч байдгийг гэрчилдэг юм” (Aлмa 30:44).

Сүнслэг өсөлт хөгжил

  • Өдөр бүр хувиараа судраас суралцах, тэмдэглэл хөтлөх, залбирах, эргэцүүлэн бодох цаг төлөвлө. Аяллын сэдэвтэй холбоотой судрууд дээр анхаарлаа хандуулж болно.

  • Өдөр бүр аяллын онцгой цугларалт зохион байгуулахаар төлөвлө.

  • Байгальд явган аялах юм уу эрдэнэсийн хайгуул хий.

  • Сайн мэдээний зарчим, жишгүүдийг хуваалцах хичээл эсвэл онцгой цугларалтыг бэлтгэж, зохион байгуул. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 38.8.20-р хэсгээс, үг хэлэгчдийг урих тухай зааврыг үзнэ үү.)

  • Гэрчлэлийн цуглаан зохион байгуулж, жинхэнэ гэрчлэлийн мөн чанарыг ойлгоход нь залуу эмэгтэйчүүдэд тусал (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 79–81; Сайн мэдээний сэдвүүд, “Гэрчлэл,” topics.ChurchofJesusChrist.org болон М.Рассэлл Баллард, “Pure Testimony,” Liahona, 2004 оны 11-р сар, 40–43-ыг үзнэ үү).

  • Судар, шүлэг, дуулал, “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” (Лиахонa, 2000 оны 4-р сар, 2–3), “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг (Лиахона, 2010 оны 10-р сар, 129) эсвэл Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг”-ийг ChurchofJesusChrist.org-оос цээжил.

  • Номлогчийн судлах зүйлс эсвэл номлогч болж жүжигчлэн тоглох зэрэг үйл ажиллагаануудаар дамжуулан номлолд бэлтгэ.

  • Түүх хуваалцах, уламжлалт жороор хоол хийх, хайчилбар зургийн цомог гаргах зэргээр гэр бүлийн түүхийн ажилд оролц.

  • Итгэлийн алхаа эсвэл жишиг тоглоомууд зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэ.

  • Ариун хөгжмийн үдэш зохион байгуул.

  • Судар, сайн мэдээний зарчим заах тоглоом тогло эсвэл танилцуулга, хөгжилтэй яриа бэлд.

Аяллын үеэр тэмдэглэл хөтөлж буй охин

Залуу эмэгтэйчүүдийг аяллын туршлагаасаа эргэцүүлэн бодоход урь. Сурч мэдсэн зүйлээ гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцахад тэднийг урамшуулан дэмж.

Биеийн тамирын үйл ажиллагаа ба эрүүл мэнд

Энэхүү жагсаалт болон бусад үйл ажиллагаанаас сонгохдоо биеийн тамирын үйл ажиллагаа нь оролцогчдын нас, бие махбод, сэтгэл зүйд тохирсон байх ёстойг сана. Голд завиар аялах, хаданд авирах зэрэг тусгай үйл ажиллагаанд зохих ёсоор бэлтгэгдсэн мэргэжилтэн эсвэл гэрчилгээтэй хөтөч оролцуул. Үйл ажиллагааны аюулгүйн дүрэм ба ашиглах байр, барилгын даатгалын журмыг мөрд.

  • Аялалд оролцож байгаа залуу эмэгтэйчүүдийнхээ сонирхолд нийцсэн спортын эсвэл эрүүл мэндэд тустай үйл ажиллагаануудыг төлөвлө.

  • Хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг гэх мэт багийн спорт тоглоом тогло.

  • Урт хугацаагаар эсвэл хоногоор явах үүргэвчтэй аялал төлөвлөж, оролц.

  • Ууланд авирах, дугуй унах, байгальд алхах зэрэг үйл ажиллагаа зохио.

  • Голын усанд завиар аял.*

  • Амьсгалах хоолойвчтой усанд шумбах,* амьсгалах багаж хэрэгсэлтэй усны гүн рүү шумбах,* каноэ завиар аялах,* усан онгоцоор аялах,* сэлэх зэрэг усны үйл ажиллагаа зохион байгуул.

  • Хаданд авирах,* хаднаас олсоор дамжин буух* зэрэг үйл ажиллагаанд оролц.

  • Хувийн аюулгүй байдлаа хангах, биеэ хамгаалах чадварын талаар заах мэргэжлийн хүнийг урь.

  • Эрүүл мэндийн төлөвлөгөө гаргаж, сайн дасгал хөдөлгөөн хийх болон зөв хооллох хэвшилтэй болгож, хэрэгжүүл.

  • Мэргэн ухааны үгийг судалж, хоол тэжээлийн талаар суралц. Хяналтгүй идэх эсвэл бүр огт идэхгүй байх зэрэг эрүүл бус зуршилд хөтлөх зан төлөв, хандлагын талаар судал.

  • Оюуны болон сэтгэл санааны эрүүл мэндийн тухай, сэтгэл хямралыг давж гарах чадварын талаар заах мэргэжилтнийг урь.

  • Интернэт, порнографын хор нөлөөнөөс гэр бүл, өөрийгөө хэрхэн хамгаалах талаар суралц.

Онцгой нөхцөл байдалд бэлэн байх, амьд гарах чадвар

  • Аминд тулсан нөхцөл байдалд хэрхэн шарх боох, осолд орсон хүмүүсийг аврахын тулд юу хийх гэх мэт анхны тусламж үзүүлэх, онцгой байдлын үед арга хэмжээ авах талаар заах бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг урь.

  • Анхны тусламж үзүүлэх багцыг хэрхэн бэлтгэх, хадгалах талаар суралц.

  • Галын аюулгүй байдлыг хангах, сахих аргачлалын талаар суралцаж, дадлага хий.

  • Танай бүс нутагт түгээмэл тохиолддог, гарч болзошгүй байгалийн гамшиг, нөөц баялгийн хомсдол, бохирдлын тухай заах чадвартай бэлтгэгдсэн, туршлагатай хүнийг урь.

  • Луужин, олон төрлийн газрын зураг, нар, сар, оддын байрлалыг ашиглан таньж мэдэхгүй газарт зүг чигээ олоход суралц.

  • Үүлний тогтоц, бүрдлийн талаар мэдэж ав.

  • Хээрийн нөхцөлд амьд гарах анхан шатны ур чадварт суралц.

  • Онцгой нөхцөл байдлын үед хоргодох байр барь.

  • Ус хэрхэн олж, цэвэршүүлэхийг сур.

  • Аюултай зэрлэг амьтан, хорхой шавж, ургамлыг хэрхэн ялган таних талаар заах шинжээч мэргэжилтнийг урь. Түүнчлэн идэхэд хор хөнөөлгүй ургамал, амьтныг ялган танихад суралц.

  • Хүрээлэн буй орчинд ээлтэй аялал зохион байгуулах дадлага хий. Аяллын буудаллах газар барьж босгоход суралц.

  • Янз бүрийн зангилаа зангидах, бэхэлгээ хийх арга барилд суралцаж, дадлага хий.

  • Нарны тусгалын зуух, ширмэн тогоо, ил гал дээр хоол хийх зэрэг хээр гадаа хоол хийх төрөл бүрийн аргыг туршиж үз.

  • Хоол хүнс, усыг хэрхэн хадгалахад суралц.

  • Хутга хэрэглэх чадварт болон аюулгүй хэрэглээг хангах талаар суралц.

Нөхөрлөл ба удирдлагын ур чадвар

  • Аялалд оролцож буй залуу эмэгтэй бүрд аяллын туршид үйлчлэх “нууц эгч” хуваарилан өг. Тэрээр найрсаг үгтэй зурвас үлдээх эсвэл “нууц эгч”-ийгээ бүх үйл ажиллагаанд оролцож байгаа эсэхэд анхаарах зэргээр түүнд үйлчилж болно.

  • Харилцан итгэлцлийг бэхжүүлэх, маргаан шийдвэрлэх талаар зааж өгөх Сүмийн удирдагчдыг урь.

  • Залуу эмэгтэй бүр оролцож болох авьяас шоуг зохион байгуул.

  • Хүмүүнлэгийн эсвэл хүрээлэн буй орчны үйлчлэлд оролц.

  • Насанд хүрсэн аяллын удирдагчдад талархлаа илэрхийл.

  • Аялалд оролцож байгаа хүн нэг бүрийн амжилт, хувь нэмрийг үнэлсэн энгийн шагнал гардуулах ёслол зохион байгуул.

  • Үдшийн галын наадмын хөтөлбөр зохион байгуул.

Авьяас, ур чадварыг хөгжүүлэх

Эдгээр санаа нь уламжлалт аяллын үйл ажиллагааны арга хэмжээ биш боловч залуу эмэгтэйчүүдийнхээ хэрэгцээ шаардлагыг олж хангахад тань тус болж болно.

  • Дуулах, хөгжмийн зэмсэг тоглох зэрэг дуу хөгжмийн авьяасаа хөгжүүлж, суралц.

  • Сагс сүлжих, зураг зурах, баримал урлах эсвэл нэхмэл нэхэх зэрэг урлаг, гар урлалын олон төрлөөр дадлага хий.

  • Хөгжим удирдах дадлага хий.

  • Модоор хялбархан зүйл хийх, гэрээ засаж янзлах болон бусад гэр ахуйн ажлын ур ухааныг заах мэргэжилтнийг урь. Эдгээр ур чадвараа ашиглан бусдад үйлчил.

  • Төсвийн болон нөөцийн удирдлагын анхан шатны мэдлэгт суралц.

  • Хүүхэд асрах үндсэн ур чадваруудыг заалгахаар бага насны хүүхэдтэй ээжийг урь.

  • Хоол хүнсний зүйлийг хэрхэн тарьж ургуулах, хадгалах талаар суралц. Үүнд ногоо хэрхэн тарьж, боловсруулахыг хамруулж болно.

  • Энгийн хялбар хувцас оёсноор оёдлын анхан шатны ур чадварыг эзэмш. Мөн хувцсаа хэрхэн засаж янзлах талаар суралцаж болно.

  • Өөр өөр одон орон, гараг мөн шөнийн тэнгэрийн бусад онцлог шинжийг хэрхэн таньж мэдэх, ялган тодорхойлоход суралц.

  • Аялалд зориулж богино хэмжээний жүжигчилсэн тоглолт эсвэл элэглэл бэлдэж, үзүүл.

  • Ариун ёслолын цуглаанд үг хэлэхэд бэлтгэхийн тулд бичих ур чадварын дадлага хий. Хэлэх үгээ бусадтай хуваалц.

  • Орон нутгийн боловсролын эсвэл мэргэжлийн сургалтын байруудаар зочил. Үргэлжлүүлэн сурч боловсрох төлөвлөгөө гарга. Сүмийн Тасралтгүй боловсролын сангийн талаар суралц.

  • Юмыг хэрхэн дахин боловсруулах, дахин ашиглах талаар суралц.

* Эдгээр үйл ажиллагааг дунджаас дээгүүр түвшний эрсдэлтэй гэж үздэг тул зохих ёсоор бэлтгэл хангасан эсвэл эрх бүхий мэргэжлийн хүний тусламжийг авах шаардлагатай.