Тэнгэрлэг Эцэг намайг сүнслэг бэлгүүдээ хэрхэн ашиглаасай гэж хүсдэг вэ?
Сүнслэг бэлгүүд нь Ариун Сүнсний хүчээр өгөгдсөн адислалууд буюу чадварууд юм. Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд бидэнд бүгдэд нь сүнслэг бэлгүүд бий. Бид бусдад үйлчилж мөн Түүний хаант улсыг байгуулахад тусалж болохын тулд Бурхан тэдгээр бэлгийг бидэнд өгдөг. Тэрээр бидэнд сүнслэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийлж, хөгжүүлэхийг зарлигласан.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судрыг болон сүнслэг бэлгийн талаарх бусад материалыг судлах үедээ залуу эрэгтэйчүүдэд бэлгээ илрүүлж, бусдын амьдралыг адислахаар ашиглахад нь туслах арга замуудыг эрж ол.
1 Коринт 12:3–27; Moронай 10:8–18; С ба Г 46:8–29 (Сүнсний бэлгүүд)
Дэвид А. Бэднар, “Ажиглахдаа түргэн бай,” Ensign, 2006 оны 12-р сар, 31–36; эсвэл Лиахона, 2006 оны 12-р сар, 14–20
“Сүнслэг бэлгүүд,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 186–88
“Сүнсний бэлгүүд,” Сайн мэдээний зарчмууд (2009), 137–44
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Залуу эрэгтэй бүрээс өнгөрсөн долоо хоногийн хичээлийг хамгийн сайнаар илэрхийлж чадах нэг өгүүлбэр бичиж, түүнийгээ чуулгын гишүүдтэй хуваалцахыг хүс.
-
Дотор нь “Сургаал ба Гэрээ 46:8–9”-ийг бичиж хийгээд бэлгийн боолтоор боосон хайрцаг ангид авчир. Хайрцаг дотор юу байж болох талаар төсөөлөхийг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэдний нэгээс хайрцгийг онгойлгож дотор нь байгаа судрыг уншихыг хүс. “Хамгийн шилдэг бэлгүүд” нь юу вэ? Тэднийг хүлээн авахын тулд бид юу хийх ёстой вэ? Залуу эрэгтэйчүүдээс энэ хичээлийн туршид эдгээр асуултыг тунгаан бодож байхыг хүс.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь чуулгын гишүүдийг Сүнсний бэлгүүдийн тухай сурахад тусална. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс олон үйл ажиллагааг сонгоно уу:
-
Чуулгын гишүүдийг бүлгүүдэд хуваан, энэ зааварт жагсаасан судруудаас бүлэг бүрд нэг нэг судрыг өг. Оноогдсон судруудад дурдагдсан сүнслэг бэлгүүдийг жагсаан бичиж, Бурхан бидэнд яагаад сүнслэг бэлгүүдийг өгдөг болохыг тодорхойлохыг хүс. Бүлэг бүрийн нэг залуу эрэгтэйг бүлгээрээ олсон зүйлээ хуваалцахад урь. Эдгээр бэлгээс аль нь ангийн залуу эрэгтэйчүүдэд байдаг вэ? (Патриархын адислалаа авсан залуу эрэгтэйчүүд байвал дараа нь адислалаа уншиж, тэдэнд ямар сүнслэг бэлэг өгөгдсөнийг олж мэдэхийг санал болго.) Тэд ямар бэлэгтэй байхыг хүсдэг вэ? Санваарын үүрэг хариуцлагаа илүү үр дүнтэй биелүүлэхэд нь тэдгээр бэлэг хэрхэн тусалж чадах вэ?
-
Залуу эрэгтэйчүүдээс 1 Коринт 12:8–10; Моронай 10:9–16; С ба Г 46:13–25-д байдаг сүнслэг бэлгүүдийг уншиж, илүү ихийг сурах хүсэлтэй байгаа тэрхүү бэлгээ олохыг хүс. Сайн мэдээний зарчмууд номоос “Сүнсний бэлгүүд” (137–44 хуудас), Итгэлдээ үнэнч байх нь номоос “Сүнслэг бэлгүүд” (186–88 хуудас) эсвэл Сэдэвчилсэн удирдамж зэрэг материалуудыг ашиглан, сонгосон бэлгээ судлах хугацаа өг. Тэднээс ойлгосон зүйлсээ хуваалцахыг хүс. Бурханы хаант улсыг байгуулахад эдгээр бэлгийг хэрхэн ашиглаж болох вэ?
-
Залуу эрэгтэйчүүдээс спортын багт байдаг өөр өөр үүргүүдийг жагсаан бичихийг хүс (хөл бөмбөгийн баг эсвэл бэйсболын баг гэх мэт). Тоглогч бүр багаа хожиход хэрхэн хувь нэмрээ оруулдаг вэ? Паул Сүмийг бие махбодтой харьцуулсан судар болох 1 Коринт 12:12–21-ийг уншихыг тэднээс хүс. Бид сүнслэг бэлгээ Бурханы хаант улсыг байгуулахад хэрхэн ашиглаж болох талаар эдгээр зүйрлэл залуу эрэгтэйчүүдэд юу зааж байна вэ? Та чуулгын гишүүдээс анзаарсан сүнслэг бэлгүүдээс жишээ болгон хуваалц (Жишээ нь, 8–10-р шүлгүүдийг эсвэл ахлагч Дэвид А. Бэднарын “Ажиглахдаа түргэн бай” хэлсэн үгийн эхэнд байгаа жагсаалтыг үзнэ үү). Бусдад үйлчилж, Бурханы хаант улсыг байгуулахад туслахдаа чуулгын гишүүд бэлгүүдээ хэрхэн ашиглан, хамтдаа ажиллаж чадах талаарх ярилцлагыг удирдахыг чуулгын ерөнхийлөгчөөс хүс.
-
Залуу эрэгтэй бүрийг Итгэлдээ үнэнч байх нь номын 187–88-р хуудсыг дахин уншиж, хөгжүүлэхийг хүсэж буй нэг юм уу түүнээс олон сүнслэг бэлгээ сонгоход урь. Тэднээс тэдгээр бэлгийг яагаад сонгосноо тайлбарлахыг хүс. Бид сүнслэг бэлгүүдээ яаж хөгжүүлдэг вэ? Залуу эрэгтэйчүүдийг С ба Г 46:7–12 болон Сайн мэдээний зарчмууд номын 142–43-р хуудсан дахь “Бид өөрсдийн бэлгүүдийг хөгжүүлж чадна” гэсэн хэсгийг судлахад урь. Тэднээс ойлгосон зүйлсээ хуваалцахыг хүс. Сургаал ба Гэрээ 46:9-д бэлгүүдийг хэн авч чадах талаар залуу эрэгтэйчүүдэд юу зааж байна вэ?
-
Энэ тоймд байгаа видео бичлэгүүдийн нэгийг үзүүлэн, залуу эрэгтэйчүүдийг чуулгын гишүүн нэг бүрд байдаг авьяасын талаар бодож, хуваалцахыг хүс (залуу эрэгтэй бүрийн сайн сайхан зан чанарын талаар хуваалцсан байхад анхаар). Залуу эрэгтэйчүүдийг Maтай 25:14–30-ийг уншихад эсвэл чуулгын нэг гишүүнийг талантын тухай сургаалт зүйрлэлийг уншихад урь. Энэхүү сургаалт зүйрлэл нь Бурханы бидэнд өгсөн бэлгүүдтэй ямар хамаатай вэ? Бид санваартнуудын хувьд өөрсдийн санваарын үүрэг хариуцлагыг биелүүлэхэд мөн бусдад үйлчлэхэд авьяас чадвараа хэрхэн ашиглаж чадах вэ? Залуу эрэгтэйчүүдийг өөрсдийн бодол санааг бичихэд уриад, цөөн хэдээс нь бичсэн зүйлсээ чуулгатай хуваалцахыг хүс.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд сүнслэг бэлгүүдийн талаар илүү сайн ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Энэ долоо хоногт өөрсдөд нь байдаг сүнслэг бэлгээ ашиглан, таньдаг хэн нэгнээ адислахад залуу эрэгтэйчүүдийг урьж болно.
-
Чуулгын гишүүдийг сүнслэг бэлгээ хөгжүүлэхийн тулд юу хийхээр төлөвлөж байгаагаа хуваалцаж, өөрсдийн төлөвлөгөөг гаргахад урьж болно.