Би Христэд төвлөрсөн гэр оронтой болохын тулд хэрхэн бэлтгэх вэ?
Бурханы хаант улсыг байгуулах нь зөв шударга гэр орон, гэр бүл зохиохоос эхэлдэг. Гэр бүл нь сүмийн хамгийн чухал нэгж билээ. Сүмийн гишүүдийн хувьд бид Ариун Сүнс оршихуйц гэр орон байгуулах хэрэгтэй. Христэд төвлөрсөн гэр орон нь бидэнд нүглээс хамгаалах газар, дэлхийгээс орогнох орон, өөрсдийгөө зориулж мөн чин сэтгэлийн хайрыг мэдрэх газар болдог. Гэр маань том, жижгээсээ үл хамааран бидний “залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, суралцах өргөө, алдар суугийн өргөө, дэг журмын өргөө, мөн Бурханы өргөө байж чадна” ( С ба Г 88:119).
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Залуу эрэгтэйчүүд Христэд төвлөрсөн гэр оронг бий болгохоор бэлтгэхэд ямар судар мөн хэлсэн үг тус болох вэ?
1 Нифай 1:1; Инос 1:1–3; Mозая 27:14 (Зөв шударга эцгүүдийн нөлөө)
Дуулал 127:3; Moзая 4:14–15; С ба Г 68:25–28; 88:119; 93:40 (Хүүхдүүддээ зааж, тэднийг хүмүүжүүлэхийг эцэг эхчүүдэд зарлигласан)
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129
Хэнри Б. Айринг, “Ач, зээ нартаа захих үгс,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар
Ричард Г. Скотт, “Гэр орон дахь амар амгалангийн төлөө” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 5-р сар, 29–31
Дэвид A. Бэднар, “Tэнгэрийн хүчнүүд” Ensign эсвэл Лиахона 2012 оны 5-р сар, 48–51
“Гэр бүл,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 14–15
Видео бичлэгүүд:“Эцэг хүн,” “Хүмүүжүүлэх нь: Өсвөр үеийнхний зүрх сэтгэлд хүрэх нь”
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийн сэдвийн асуултыг самбарт бичиж залуу эрэгтэйчүүдээс хэрхэн хариулах талаар асуу.
-
Хэрэв хэн нэгэн хөгжимд (эсвэл кино, спорт) хайртай бол түүний гэр ямар байх талаар дүрслэхийг залуу эрэгтэйчүүдээс хүс. Залуу эрэгтэйчүүд тэндээс юуг олж харж чадах вэ? Тэд тэнд байхдаа юу мэдрэх вэ? Тэднээс Христэд төвлөрсөн гэр ямар байх талаар юу гэж бодож байгааг нь асуу. Энэ нь юугаараа өвөрмөц байх вэ? Тэд тэндээс юуг олж харж чадах вэ? Тэд тэнд юу мэдрэх вэ? Тэднээс “Христэд төвлөрсөн гэр оронтой болохын тулд би хэрхэн бэлтгэх вэ?” гэсэн асуултад хариулахыг хүс.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаанууд нь чуулгын гишүүдэд хэрхэн Христэд төвлөрсөн гэр орон бий болгохыг ойлгоход туслах болно. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс олон үйл ажиллагааг сонгоно уу:
-
Чуулгаараа Мозая 4:14–15-ыг хамтдаа уншаад эдгээр шүлгүүдэд гардаг Христэд төвлөрсөн гэр орон бий болгоход нь залуу эрэгтэйчүүдэд туслах зарчмуудыг олж, самбарт жагсааж бич. Энэхүү тоймд жагсаан бичсэн видео бичлэгүүдээс нэгийг эсвэл хоёуланг нь үзүүл. Үүнийг үзэхдээ өөрсдийгөө аав болчихсон байна гэж төсөөлөхийг залуу эрэгтэйчүүдэд санал болго. Бичлэг бүрийн дараа залуу эрэгтэйчүүдийг уг бичлэгийн үндсэн захиас нь юу байсныг, Христэд төвлөрсөн гэр орон бий болгоход нь туслах ямар нэмэлт зарчим сурснаа ярилцахад урь. Самбар дээр байгаа жагсаалтад эдгээр зарчмуудыг нэмж болох талаар бодолцож үзээрэй. Тэднийг эдгээр зарчмуудын жишээ болгож, өөрсдийн гэр бүл эсвэл бусдын гэр бүлийн туршлагаас хуваалцахад урь.
-
Нэг залуу эрэгтэйг Сургаал ба Гэрээ 88:119-ийг чангаар уншиж, самбар дээр зөв шударга гэр бүлийн зарчмуудыг бичихэд урь. Залуу эрэгтэйчүүдийг эдгээр зарчмуудаас нэгийг сонгож, тэр зарчим нь хэрхэн зөв шударга гэр бүлд байж болох талаар бодож буй зүйлээ хуваалцахад урь. Тэднийг үзсэн туршлагаасаа хуваалцахад урамшуул. Залуу эрэгтэйчүүд тэдгээр зарчмуудыг одоогийн амьдарч буй гэртээ болон ирээдүйд зохиох гэр бүлдээ ашиглахын тулд юу хийж чадах вэ? Уг ярилцлагын нэг хэсэг болгож, залуу эрэгтэйчүүдийг ахлагч Дэвид А. Бэднарын “Тэнгэрийн хүчнүүд” хэлсэн үгийн “Нөхөрт минь ойлгоход нь туслаач” хэсгээс уншихад урь. Залуу эрэгтэйчүүдээс гэртээ санваарын удирдагч байна гэдэг нь юу гэсэн үг болох талаарх бодлыг нь асуу.
-
Мормоны Номон дахь хүчирхэг нөлөө үзүүлсэн эцгүүдийн үлгэр жишээнээс бодохыг залуу эрэгтэйчүүдээс хүс (зарим жишээг энэ тоймд санал болгосон судруудаас үзнэ үү). Залуу эрэгтэйчүүдийг үлгэр дуурайл авахыг хүсдэг өөрсдийн эцгийн эсвэл өөр эцэг хүний зарим зан чанаруудаас жагсаахад урь. Бурханы хаант улсыг байгуулахад эцэг хүний үүрэг юу вэ? Эдгээр эцгүүд хүүхдүүддээ сайнаар нөлөөлөх ямар зүйлсийг хийсэн бэ? Залуу эрэгтэйчүүд тэдний жишээг дагахын тулд юу хийж чадах вэ?
-
Гэрлэх гэж буй хосод өгөх хамгийн сайн зөвлөгөөнүүдээ самбарт жагсаан бичихийг залуу эрэгтэйчүүдээс хүс. Ерөнхийлөгч Хэнри Б. Айрингийн “Ач, зээ нартаа захих үгс” хэлсэн үгийг залуу эрэгтэйчүүдэд уншуулахаар хэсэгчлэн хуваарил. Ерөнхийлөгч Айрингийн хэлсэн үгээс олсон зөвлөгөөнүүдээ самбар дээрх жагсаалтдаа нэмээд Христэд төвлөрсөн гэр орон бий болгохын тулд хэрхэн бэлтгэх талаар ярилцахыг тэднээс хүс.
-
Чуулгыг бүлгүүдэд хувааж, ахлагч Ричард Ж .Скоттын “Гэр бүлийн амар амгалангийн төлөө” хэлсэн үгийг хуваарилж өг. Бүлгүүдийг уг хэлсэн үгээс оногдсон хэсгээ судлахад нь урамшуулж, тэндээс Христэд төвлөрсөн гэр орны дүрслэл болон онцлогийг эрж олоход урь. Тэднээс Христэд төвлөрсөн гэр ямар байдаг талаар олж мэдсэн зүйлсээ зургаар дүрсэлж, илэрхийлэхийг хүс. Залуу эрэгтэйчүүд одоо байгаа гэр орноо илүү Христэд төвлөрсөн гэр орон болгохын тулд юу хийж, тусалж чадах вэ? Ирээдүйд Христэд төвлөрсөн гэр орон бий болгохын тулд тэд хэрхэн бэлтгэх хэрэгтэй вэ?
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Тэд Христэд төвлөрсөн гэр орон хэрхэн бий болгохыг ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Христэд төвлөрсөн гэр оронтой болохын тулд хэрхэн бэлтгэж байгаа талаараа хуваалцаж болно.
-
Гэр бүлийг нь хүчирхэгжүүлэх ямар нэгэн зүйл хийхэд чуулгын гишүүдийг урьж болно.