Ирээд, Намайг дага
Би Сүмийн шинэ гишүүдэд туслахын тулд юу хийж чадах вэ?


Би Сүмийн шинэ гишүүдэд туслахын тулд юу хийж чадах вэ?

Олон хүний хувьд Сүмийн гишүүн болох нь том сорилт байж болох юм. Үүнд хуучин найз нөхдөө орхиж, шинэ амьдралын хэв маягт дасан зохицох зэрэг нь ордог. Шинэ гишүүн бүрд найз нөхөд нь хариуцлагатай хандаж, “Бурханы сайн үгээр” тэжээх хэрэгтэй (Моронай 6:4). Бид шинэ гишүүдтэй гэрчлэлээ хуваалцаж, найзалж, хамт үйлчилснээр тэдэнд тусалж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та шинэ гишүүдийг хүчирхэгжүүлэхэд туслахын тулд юу хийсэн бэ? Таныг баптисм хүртсэний дараа бусад хүн танд хэрхэн тусалсан бэ?

Танай чуулгад Сүмийн шинэ гишүүн залуу эрэгтэйчүүд байдаг уу? Тэд Сүмийн гишүүний амьдралд хэрхэн дасан зохицсон бэ? Бусад залуу эрэгтэй тэдэнд хэрхэн тусалсан бэ?

Дараах судар, материалуудыг залбирч судал. Та залуу эрэгтэйчүүдтэй юуг хуваалцахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

Лук 22:32; Ром 15:1–2; Moронай 6:4–5; С ба Г 81:5; 108:7 (Гэгээнтнүүдийг хүчирхэгжүүлэх)

Нийл Ф.Марриот, “Бид одоо яах вэ?” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122–124

Нийл Л.Андэрсэн, “Хэн энэ хүүхдийг хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35–38

Найз нөхөд,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 16–17

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийнхөө дагалдагчдад хүчирхэг туршлагуудаараа дамжуулан суралцах боломжуудыг олгож байв. Тэрээр нифайчуудад айлчлах үедээ тэднийг Өөрийг нь харж, мэдэрч, мэдэж болохын тулд нэг нэгээрээ ирэхийг урьсан. Залуу эрэгтэйчүүдэд заах үедээ тэднийг шинэ гишүүдийн найз нь болох, тэдэнд үйлчлэх, мөн тэдэнтэй гэрчлэлээ хуваалцах арга замуудыг эрж олоход урь.

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Залуу эрэгтэйчүүдийг хоёр хоёроороо баг болж, өнгөрсөн долоо хоногийн хичээлээс санаж байгаа зүйлээ бие биетэйгээ хуваалцахад урь. Нэг багийг санаж байгаа зүйлсээ чуулгын гишүүдтэй хуваалцахад урь.

  • Залуу эрэгтэйчүүдээс хичээлийн эхний өдөр, ямар нэг клуб болон багт элсэх, эсвэл шинэ ажилд орох зэрэг аливаа шинэ туршлагын үед төрдөг сэтгэгдлээ дүрслэхийг хүс. Тэдгээр сэтгэгдэл мэдрэмж нь Сүмийн шинэ гишүүний туршлагатай хэрхэн адилхан байж болох талаар ярилцахыг хүс. Тэднийг шинэ гишүүний хувьд эсвэл бусад шинэ гишүүнтэй харилцаж байсан тиймэрхүү туршлагаасаа хуваалцахад урь.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаанууд нь чуулгын гишүүдэд хэрхэн шинэ гишүүдийг хүчирхэгжүүлэх талаар сурахад тусална. Сүнсний удирдамжийг даган, чуулгандаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Залуу эрэгтэйчүүдийг өөрөөс нь өөр орчноос ирсэн шинэ хөрвөгчдөд хүрч тусалдаг Сүмийн нэг гишүүнийг төсөөлөх эсвэл бодоход урь. Уг Сүмийн гишүүний шинэ хөрвөгчийг халуун дотно хүлээн авахын тулд хийж болох эсвэл хийхгүй байж болох зүйлсийг залуу эрэгтэйчүүд самбар дээр жагсаан бичиж болно. Ахлагч Нийл Л.Андэрсэн “Хэн энэ хүүхдийг хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг” хэмээх хэлсэн үгэндээ шинэ гишүүдэд хүрч тусалдаг хүмүүсийн тухай цөөн хэдэн түүх ярьж өгсөн бөгөөд Нийл Ф.Марриот эгч “Бид одоо яах вэ?” хэмээх хэлсэн үгэндээ шинэ хөрвөгч байхдаа нөхрийнх нь хойд эмээ өөрийг нь халуун дотно хүлээн авахад төрсөн мэдрэмжийн тухай ярьсан. Залуу эрэгтэйчүүд эдгээр түүхээс жагсаалтандаа нэмж болох ямар ямар зүйлийг сурч мэдэж болох вэ? 

  • Самбар дээр бусад гэгээнтнийг хүчирхэгжүүлэх үүрэг хариуцлагын талаар өгүүлсэн судрын эшлэлүүдийг (энэхүү тоймд жагсаасан судрууд зэрэг) бич. Залуу эрэгтэй бүрийг судрын нэг хэсгээс уншихад урьж, Сүмийн шинэ гишүүнд хэрхэн хамаарч болох талаар бодохыг хүс. Залуу эрэгтэйчүүдээс уншсан шүлгээ хураангуйлж самбарт бичин, зааж буй зарчимтай нь холбоотой жишээ хуваалцахыг хүс. Залуу эрэгтэйчүүдээс Сүмийн шинэ гишүүдийг хүчирхэгжүүлэх нь яагаад чухал болохыг асуу.

  • “Номлолын ажил ба сүмд үлдээх нь: Жеоржиа Элиас” видео бичлэгийг үзүүлж, үүнээс Жеоржиаг баптисм хүртсэний дараа түүний шинэ тойргийнхон сайн мэдээнд хүчирхэг хэвээр үлдэхэд нь туслахын тулд түүний төлөө юу хийж байгааг олж харахыг хүс. Тэд Жеоржиагийн туршлагаас шинэ гишүүдийг хүчирхэгжүүлэхэд туслах өөр юуг сурч болох вэ? Залуу эрэгтэйчүүдийг тойргийнхоо шинэ гишүүдийн талаар бодоход урь. Тэдэнд ямар асуулт байж болох вэ? Чуулгын гишүүд тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? “Шинэ гишүүдийг ариун сүм рүү нэрс авч явахад нь туслах” видео бичлэгийг энэ хичээлийн нэг хэсэг болгон үзэж, ярилцаж болно.

  • Залуу эрэгтэйчүүдийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Найз нөхөд хэсгийг уншиж, “Жинхэнэ найз байна гэдэг нь юу гэсэн үг вэ?” гэсэн асуултын хариултыг эрж олоход урь. Тэднээс олсон зүйлээсээ хэн нэгэн тэдний жинхэнэ найз нь байсан туршлагыг хуваалцахыг хүс. Ялангуяа Сүмийн шинэ гишүүдийн сайн найз байх нь бидний хувьд яагаад чухал байдаг вэ? Залуу эрэгтэйчүүдийг өөрсдийн мэдэх шинэ гишүүдийн жагсаалтыг гаргаж, Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд заасан зөвлөгөөг хэрхэн ашиглах талаар ярилцахыг хүс.

  • Чуулгын гишүүдээс Миний сайн мэдээг номло удирдамжийн 253-р хуудасны дараах суралцах үйл ажиллагаанаас нэгийг хийж дуусгахыг хүс. Тухайлбал: “Хувиараа суралцах” үйл ажиллагаа ба “Хамтрагчтайгаа суралцах” үйл ажиллагаа.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд шинэ гишүүдийг хэрхэн хүчирхэгжүүлэх талаар ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Хичээл эхлэхээс өмнө нэг юм уу хоёр хүнийг сонгож, тэднийг нийт хичээлийг эсвэл хичээлийн гол чухал хэсгийг хураангуйлахад туслах үүднээс анхааралтай сонсож мөн бэлтгэхэд томил” (Teaching, No Greater Call [1999], 94).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Шинэ гишүүдтэй найзалж, нөхөрлөхийн ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалцаж болно.

  • Залуу эрэгтэйчүүдийг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номондоо шинэ гишүүдтэй найзлах талаар хувийн зорилго тавихад урьж болно (“Христэд ирэхэд бүхнийг урих,” хуудас 28–29, 52–5376–77-г үзнэ үү).