Гэр бүл яагаад чухал вэ?
Гэр бүл нь Бурханаас томилогддог бөгөөд Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөө Түүний төлөвлөгөөн дэх гол цөм нь юм. Энэхүү тэнгэрлэг төлөвлөгөө нь хувь хүн бүрийг Түүний оршихуйд буцаж очих ба гэр бүлүүдийг мөнхөд нэгдэх боломжтой болгодог.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Дараах судар, материалуудыг залбирч судлаад, гэр бүл чухал болох шалтгааныг ойлгоход залуу эрэгтэйчүүдэд туслах хэсгийг сонго.
Ром 8:16–17; Еврей 12:9 (Бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд)
Эхлэл 2:18–24; С ба Г 131:1–4; 138:48 (Гэр бүлийн талаарх сайн мэдээний үнэнүүд)
Moзая 4:14–15; С ба Г 68:25, 27-29; 93:40, 48-50 (Хүүхдүүд сайн мэдээг эцэг эхээсээ суралцдаг)
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129 (мөн Итгэлдээ үнэнч байх нь [2004], 65-ыг үзнэ үү)
Кэрол М.Стэфэнс, “Бурханы гэр бүл,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 129-131
Д.Тодд Кристоффэрсон, “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35-39
Л.Toм Пэрри, “Сайн эцэг эх болох нь,” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31-34
Өсвөр үеийнхний уриа дуу: “Nothing Can Separate Us”
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Залуу эрэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногийн хичээл дээр сурсан зүйлээ болон түүнийг тэд амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж чадсаныг нь хуваалцахад урь.
-
Чуулгын цуглааны өмнө залуу эрэгтэйчүүдийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлсэн дурсамжтай үеийг төлөөлөх нэг зүйл авч ирэхэд урь (гэр бүлийн уламжлал, амралт эсвэл бусад үйл ажиллагаанууд гэх мэт). Залуу эрэгтэй бүрийг энэ зүйлийнхээ талаар хуваалцахыг болон гэр бүл нь түүнд яагаад чухал байдгийг нь ярихад урь.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь гэр бүлийн ач холбогдлыг ойлгоход чуулгын гишүүдэд тусалж чадна. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:
-
Залуу эрэгтэйчүүдийг ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан” эсвэл ахлагч Л.Том Пэрригийн “Сайн эцэг эх болох нь” хэлсэн үгийн сүүлчийн найман догол мөрийг уншаад, “Гэр бүлүүд яагаад чухал вэ?” гэдэг асуултын хариултуудыг хайж олоход урь. Чуулгын гишүүдийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Тэд гэр бүлүүд чухал болохыг ойлгож мэдсэнээ харуулахын тулд юу хийж болох вэ? Гэр бүлүүд чухал болохыг ойлгож мэдсэн нь тэдний гэр бүлийнхэнтэйгээ харьцах арга барилд хэрхэн нөлөөлөх вэ?
-
Чуулгыг дөрвөн бүлэгт хуваа. Бүлэг тус бүрийг Кэрол М.Стэфэнсийн “Бурханы гэр бүл” хэлсэн үгээс нэг хэсгийг (хэсэг бүр нь гэр бүлийн тухай үнэнийг тодруулснаар эхэлдэг) судлуул. Өөрсдийн хэсгээс олж мэдсэн зүйлээ бусад бүлэгт заахад бэлтгэхийг бүлэг бүрээс хүс. Тэд гэр бүлүүдэд болон олон нийтэд эдгээр үнэнийг хэрхэн зааж, үлгэр дуурайл үзүүлж чадах вэ?
-
Энэхүү тоймд тусгагдсан видео бичлэгүүдээс нэгийг үзүүлэн, залуу эрэгтэйчүүдээс Тэнгэрлэг Эцэгийн бидэнд гэр бүл өгсөн шалтгаануудыг сонсохыг хүс. Залуу эрэгтэйчүүдээс “Би яагаад гэрлэх хэрэгтэй гэдгээ ойлгохгүй байна” эсвэл “Би нас биенд хүрэхээрээ хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна” гэх мэтийг ярьдаг хэн нэгэнд хэрхэн хариулах байсныг нь асуу. Тэд одоо гэр бүлийнх нь нөхцөл байдал тийм ч сайн биш байгаа найздаа юу хэлэх байсан бэ? (“Гэр бүл,” Залуучуудын бат бөх байдал (2011), 14–15-ыг үзнэ үү.)
-
Залуу эрэгтэй бүрд энэ тойм дээрх судрын хэсгүүдийн нэгийг даалгаж өг. Чуулгын гишүүдийг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг судалж, тэдгээрийн судартай хамааралтай хэсгийг олохыг хүс. Залуу эрэгтэй бүрийг судрын эшлэл болон үүнтэй холбоотой тунхгийн хэсгээс хуваалцахад урь. Залуу эрэгтэйчүүдийг гэр бүлийн ач холбогдлыг харуулах туршлагаасаа хуваалцахад урь.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд гэр бүл чухал гэдгийг ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Бурханы төлөвлөгөөн дэх гэр бүлийн ач холбогдлын талаарх гэрчлэлээ хуваалцаж болно.
-
Чуулгын гишүүдийг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг гэр бүлийн гишүүнтэйгээ эсвэл найзтайгаа хуваалцахад урьж болно.