Ирээд, Намайг дага
Ариун сүмд гэрлэх нь яагаад чухал вэ?


Ариун сүмд гэрлэх нь яагаад чухал вэ?

Тэнгэрлэг Эцэгийн маань аз жаргалын төлөвлөгөөнд эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь энэ амьдрал ба мөнхийн амьдралд бие биентэйгээ лацдан холбогдох боломжтой. Ариун сүмд лацдан холбогдсон тэдгээр хүмүүс нь гэрээндээ үнэнч байвал тэдний гэрлэлт мөнхөд үргэлжилнэ гэсэн баталгаа байдаг. Тэднийг юу ч, бүр үхэл ч салгаж чадахгүй гэдгийг тэд мэддэг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Ариун сүмд гэрлэх нь таны хувьд яагаад чухал вэ? Энэ ёслол танд болон таны гэр бүлд ямар адислалууд авчирсан бэ?

Залуу эрэгтэйчүүдэд ариун сүмийн гэрлэлтийн ямар зөв үлгэр жишээ байна вэ? Та тэдэнд ариун сүмд гэрлэх илүү их хүсэлтэй болоход нь хэрхэн тусалж чадах вэ?

Та ариун сүмийн гэрлэлтийн талаар эдгээр судар болон бусад материалыг судалж байхдаа Их Эзэний ариун сүмд гэрлэх нь хэчнээн чухал болохыг залуу эрэгтэйчүүдэд ойлгож мэдрэхэд нь туслах зүйлсийг хайж ол.

С ба Г 49:16–17 (Гэрлэлт Бүтээлтийн зорилгыг гүйцэлдүүлдэхэд тусалдаг)

С ба Г 131:1–4; 132:15–21 (Ceлестиел гэрлэлт өргөмжлөл хүртэхэд шаардлагатай)

Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129

Л.Том Пэрри, “Яагаад гэрлэлт ба гэр бүл дэлхийн хаана ч чухал байдаг вэ,Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23-26

Дэвид А.Бэднар, “Гэрлэлт бол Түүний төлөвлөгөөний чухал хэсэг,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 6-р сар, 82–87

Ричард Г.Скотт, “Гэрлэлтийн мөнхийн адислалууд,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 94–97

Гэрлэлт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 74–78

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч дэлхий дээрх тохинууллынхаа үеэр шавь нараасаа тунгаан бодож, гүнзгий мэдрэмж төрүүлсэн асуултуудыг асуудаг байсан. Тэрээр тэдний хариултыг чин сэтгэлээсээ сонсож, итгэлтэй байдалд нь баясдаг байсан. Залуу эрэгтэйчүүдэд ариун сүмийн ёслолуудын талаар, ялангуяа ариун сүмд гэрлэх талаар тунгаан бодоход тусалж, гүнзгий мэдрэмж төрүүлэх асуултуудыг бод. Тэдний хариултуудыг анхааралтай сонсон, Сүнсээр өдөөгдөж, уриалгахан хариул.

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Залуу эрэгтэй бүрээс өнгөрсөн долоон хоногийн хичээл дээр хариулсан асуултуудын талаар бодоод асуултаа чуулгын бусад гишүүдээс асуухыг хүс. Асуултуудад хариулах хугацаа өг.

  • Залуу эрэгтэйчүүдээр амьдралынх нь чухал шийдвэрүүдийг жагсаан бичүүл. Тэднээр мөнхийн хувь заяанд нь хамгийн их нөлөөлөх шийдвэрүүдийг таньж мэдүүлэн, эдгээрийг яагаад сонгосныг тайлбарлуул. Боломжтой бол өөрийнхөө болон эхнэрийнхээ ариун сүмд гэрлэсэн өдөр авахуулсан зургаа харуул. Эхнэр болон ариун сүмд лацдан холбогдсон мөнхийн холболтынхоо ач холбогдлын талаар мэдэрч буй зүйлээ хуваалц.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь ариун сүмийн гэрлэлтийн ач холбогдлыг ойлгоход чуулгын гишүүдэд тусалж чадна. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Эдэлгээний өөр өөр түвшинг харуулах (жишээ нь, хуванцар халбага болон төмөр халбага) хоёр юм уу гурван эд зүйлийг (эсвэл эд зүйлийн зургийг) авчир. Залуу эрэгтэйчүүдээс яагаад эдэлгээ сайтай эд зүйл нь эдэлгээ муутай эд зүйлээс илүү дээр байдаг талаар ярилцахыг хүс. Энэ нь гэрлэлттэй хэрхэн хамаатай байж болох вэ? Ахлагч Л.Том Пэрригийн “Яагаад гэрлэлт ба гэр бүл дэлхийн хаана ч чухал байдаг вэ” хэлсэн үгийн хэсгүүдээс уншиж, үзэж эсвэл сонсохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Залуу эрэгтэйчүүдээс яагаад ариун сүмд гэрлэхийг хүсдэгийг нь асуу.

  • Чуулгын нэг гишүүнийг энэ хичээлийн зарим хэсгийг заахад урь. Тэрээр мөнхийн гэр бүлийн талаар суралцаж, заахаар төлөвлөх Бурханы өмнө хүлээсэн үүргийнхээ нэг хэсэг болгон үүнийг хийж болох юм (“Сургаалыг ойлго” 18, 42 эсвэл 66-р хуудсыг үзнэ үү).

  • Ахлагч Дэвид А.Бэднарын “Гэрлэлт бол Түүний төлөвлөгөөний чухал хэсэг” хэлсэн үг нь гэрлэлт яагаад чухал байдгийн хоёр шалтгааныг болон мөнхийн гэрлэлтийн сургаалын талаарх үндсэн гурван зарчмыг тодорхойлдог. Чуулгын гишүүн бүрд нэг шалтгаан эсвэл зарчмыг уншихыг, дараа нь хүн бүрийг чуулгын өөр хэн нэгэнд уншсан хэсгээсээ гэрлэлтийн тухай сурсан зүйлээ заахыг даалга. Тэд ахлагч Бэднарын заасан зүйлсийн чухлыг харуулах ямар туршлага хуваалцаж болох вэ?

  • Чуулгаараа С ба Г 131:1-4 болон Итгэлдээ үнэнч байх нь товхимол дахь “Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ” (75-р хуудас) хэсгээс “Ариун сүмд гэрлэх нь яагаад чухал вэ?” гэсэн асуултын хариултуудыг хайж унш. Шаардлагатай бол залуу эрэгтэйчүүдэд танил бус ямар нэг үг, хэллэгийн утгыг ойлгоход тусал. Залуу эрэгтэйчүүдийг ариун сүмд гэрлэхэд нь саад болж болох зарим зүйлийг жагсаан бичихийг чуулгын гишүүдээс хүс. Тэд ариун сүмд баттай гэрлэхийн тулд одоо юу хийж чадах вэ?

  • Залуу эрэгтэй бүрд ахлагч Ричард Г.Скоттын “Гэрлэлтийн мөнхийн адислалууд” хэлсэн үгийн хуулбарыг өг. Ахлагч Скотт мөнхийн ханийнхаа талаар юу гэж боддог байсан бэ? Түүний эхнэртэйгээ харьцдаг харилцаанаас юу нь залуу эрэгтэйчүүдэд гүн сэтгэгдэл төрүүлж байна вэ? Тэднээс ахлагч Скотт болон Скотт эгч хоёрынх шиг харилцаанд хүрэхийн тулд юу шаардагдахыг тунгаан бодохыг хүс.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд ариун сүмд гэрлэхийн ач холбогдлыг ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?

Заахад туслах арга

“Түүхүүд суралцагчдын сонирхлыг нэмэгдүүлж болно. Бид эхлээд түүхийг дүрслэн харуулсан байдлаар хуваалцвал ямар нэг зарчмыг илүү үр дүнтэй зааж чадна. Энэ нь суралцагчдад өдөр бүрийнхээ туршлагаас тухайн зарчмыг ойлгоход тусалдаг” (Teaching, No Greater Call [1999], 93).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Ариун сүмд гэрлэхийн ач холбогдлын тухай болон ариун сүмд гэрлэх хүслийнхээ талаар гэрчлэлээ хуваалцаж болно.

  • Чуулгын гишүүдийг хэзээ нэгэн цагт ариун сүмд гэрлэх амлалт өгөхөд урьж болно.