Зөв шударга нөхөр, эцэг хүн болохын тулд одооноос би өөрийгөө хэрхэн бэлтгэж болох вэ?
“Тэнгэрийн загвараар эцэг нь өрх гэрээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, хэрэгцээт зүйлсээр нь хангаж гэр бүлээ хамгаалах үүрэгтэй” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129). Бид санваарын үүргүүдээ итгэлтэй биелүүлэн, хувийн илчлэлт хүлээн авахад суралцаж, гэр бүлүүдээ хайрлан, тэдэнд үйлчилж, боловсрол эзэмшин, хөдөлмөрлөхийг сурснаар эдгээр үүрэгтээ бэлтгэж чадна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар, материалыг залбирч судал. Таны зааж байгаа залуу эрэгтэйчүүдэд хамгийн их хамааралтай зүйл юу байна гэж та бодож байна вэ?
Aбрахам 1:1–4, 18–19 (Aбрахам амьдралдаа санваарыг хүртсэнээр өөрөө болон өөрийн хойч үеийнхний санваараас хүлээн авах адислалуудыг олж харсан)
1 Нифай 2:1–3 (Лихай Их Эзэнээс гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө илчлэлт хүлээн авсан)
1 Нифай 16:14–32 (Нифай гэр бүл нь аглаг буйдад өлсөж байх үед гэр бүлдээ тусалж, хүндэтгэлээ харуулсан)
С ба Г 42:22 (Нөхөр нь эхнэртээ итгэлтэй байх хэрэгтэй)
С ба Г 58:26–28; 107:99–100 (Судрууд ажиллаж хөдөлмөрлөхийн ач холбогдлыг тодорхойлдог)
Жой Д.Жонс, “Нүглийг эсэргүүцэх чадвартай үеийнхэн,” Ensign, 2017 оны 5-р сар, 87–90 эсвэл 2017 оны 4 дүгээр сарын Ерөнхий чуулган, 74–77
K. Брэтт Наттрэсс, “Тэд Аврагчийг мэддэг гэдгийг мэдэхээс илүү агуу баяр баясгалан гэж үгүй,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 117-120
Д.Тодд Кристоффэрсон, “Эцэг хүн,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78–82
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Чуулгын гишүүдээс өнгөрсөн долоо хоногийн хичээлээс санаж байгаа зүйлээ хоёр хоёроороо хуваалцахыг хүс.
-
Чуулгын гишүүдээс Aбрахам 1:1–2-ыг уншин, эдгээр шүлэгт тэдний ямар нөхөр, эцэг хүн байхыг хүссэн тийм шинж чанарыг дүрслэн харуулсан өөрсдийн хувилбарыг бичихэд урь. Хэрэв тэд хүсэж байвал бичсэн зүйлээ хуваалцахад урь. Хичээлийн туршид дүрсэлсэн зүйл дээрээ нэмж бичихийг нь урамшуул.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр чуулгын гишүүдэд хэрхэн зөв шударга нөхөр, эцэг хүн болохыг ойлгоход туслах болно. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Залуу эрэгтэйчүүдэд нүглийг эсэргүүцэх чадвартай байх гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход нь туслахын тулд үзүүлэн таниулах хичээл хийх талаар бодож үз. Жишээ нь, та ангид шүхэр, порлон авчраад, нэг нь хэрхэн усыг нэвтрүүлэхгүй байхад нөгөөх нь шингээж байгааг үзүүл. Энэ харьцуулалт нь уруу таталтыг эсэргүүцэхтэй хэрхэн холбогдож байна вэ? Залуу эрэгтэйчүүдийг Жой Д.Жонс эгчийн “Нүглийг эсэргүүцэх чадвартай үеийнхэн” хэлсэн үгийг уншаад, тэднийг аав болсон үедээ нүглийг эсэргүүцэх чадвартай хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэхийн тулд хийж болох зүйлийнхээ жагсаалтыг гаргахад урь. Жагсаалт дээрх зүйлээ одооноос хийх нь хэрхэн тэднийг зөв шударга эр нөхөр, эцэг хүн болоход нь бэлдэх вэ?
-
Залуу эрэгтэйчүүдийг ахлагч Брэтт Наттрэссийн эхийнхээ талаар өгүүлсэн “Тэд Аврагчийг мэддэг гэдгийг мэдэхээс илүү агуу баяр баясгалан гэж үгүй” үгийг уншихад урь. Залуу эрэгтэйчүүд аав болоход өөрсдийгөө бэлтгэхдээ Наттрэсс эгчийн ямар зан чанарыг өөрсдөдөө суулгахыг хүсэж байна вэ? Тэр эгч зөв шударга гэр бүлийг өсгөн хүмүүжүүлэхийн тулд юу хийсэн бэ? Залуу эрэгтэйчүүд зөв шударга эцэг эхчүүдийн өөр ямар үлгэр жишээг харж байсан бэ? Тэд тэдгээр үлгэр жишээг дагахын тулд юу хийж болох вэ?
-
Залуу эрэгтэйчүүдийг ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Эцэг хүн” хэлсэн үгийг уншаад, зөв шударга эцэг хүний зан чанаруудыг олж мэдэхэд урь. Залуу эрэгтэй бүрийг өөрийнхөө аавын эсвэл ахлагч Кристоффэрсоны хуваалцсан зан чанаруудаас үлгэрлэн харуулж байсан, амьдралд нь үлгэр жишээ болдог аавын тухай бодоход урь. Та залуу эрэгтэйчүүдэд бодож олсон туршлагаа зураг болгон буулгаж, зургаа ангийнхантай хуваалцахад урь мөн эдгээр туршлагыг хуваалцахад тусалж болно. Та мөн ахлагч Кристоффэрсоны хэлсэн үгээс зарим өгүүлбэрийг самбарт бичиж, өгүүлбэрийн дунд зарим үгийн оронд хоосон зай үлдээж болно. Залуу эрэгтэйчүүдийг хоосон зайнд ямар үг байхыг таахад урь. Залуу эрэгтэйчүүд ахлагч Кристоффэрсоны өгсөн зөвлөгөөг хэрхэн дагаж болох вэ? (Санаа авахын тулд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Ажил хөдөлмөр ба бие даах чадвар,” “Боловсрол” сэдвийг үзнэ үү.)
-
Залуу эрэгтэйчүүдийг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн 7-р догол мөрийг уншихад (эсвэл “Эцэг хүн гэр бүлээ адислахын тулд санваараа ашиглаж болно” видео бичлэгийг үз) мөн тэд нөхөр, эцэг хүн болох үедээ үүрэх үүрэг хариуцлага юу байхыг хайж олоход урь. Чуулгыг жижиг бүлгүүдэд хуваан, бүлэг бүрээс эдгээр үүрэг хариуцлагын нэгд нь бэлтгэж болох арга замуудын талаар бодохыг хүс. Бүлэг бүрийн нэг гишүүнээс бүлэг нь юуны талаар ярилцсаныг чуулгынхантай хуваалцахыг хүс.
-
Лихайн Иерусалим дахь шударга бусчуудаас зугтах илчлэлт хүлээн авдаг 1 Нифай 2:1-3 дахь хэсгийг чуулгаараа унш. Залуу эрэгтэйчүүд зөв шударга эцэг хүн байх талаарх Лихайн жишээнээс юу сурдаг вэ? Лихайд байсан шинж чанаруудыг хөгжүүлэхийн тулд тэд одоо юу хийж чадах вэ? Залуу эрэгтэйчүүдээс 1 Нифай 16:14-32-ыг уншин, Нифай гэр бүлдээ хэрхэн ханддаг байсныг хайж олохыг хүс. Энэ нь Нифайг нөхөр, эцэг хүний үүрэгтээ бэлтгэхэд хэрхэн тусалсан бэ? Залуу эрэгтэйчүүдээс нөхөр, эцэг хүн болоход бэлтгэхийн тулд одоо гэр бүлдээ юу хийж байгааг нь асуу.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Нөхөр, эцэг хүний хувьд ирээдүйн үүргүүддээ хэрхэн бэлтгэхийг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Чуулгын гишүүдийг гэр бүлүүдээ хүчирхэгжүүлэх ямар нэг зүйл хийхэд урьж болно.
-
Зөв шударга нөхөр, эцэг хүн болоход бэлтгэхийн тулд тавьсан зорилгоо хуваалцаж болно.