Ирээд, Намайг дага
Гэр бүл дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүргүүд нь хэрхэн харилцан бие биенээ нөхөн гүйцээдэг вэ?


Гэр бүл дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүргүүд нь хэрхэн харилцан бие биенээ нөхөн гүйцээдэг вэ?

Тэнгэрлэг загвараар Тэнгэрлэг Эцэг нөхөр, эхнэрийн харилцан бие биенээ нөхөн гүйцээх үүргээ биелүүлэхэд нь туслахын тулд эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өөр бэлгүүд болон чадваруудыг өгсөн. Тэнгэрийн загвараар эцэг нь өрх гэрээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, хэрэгцээт зүйлсээр нь хангаж гэр бүлээ хамгаалах үүрэгтэй. Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм. Энэхүү нандин үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129).

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Харилцан бие биенийхээ үүргүүдийг нөхөж байдаг эцэг, эхчүүдийн ямар жишээг та нар харсан бэ? Эдгээр мөнхийн үүргийн талаарх мэдлэг гэр бүлд тань хэрхэн нөлөөлсөн бэ?

Та залуу эрэгтэйчүүдэд ирээдүйн эцэг хүний бурханлаг үүргээ ойлгоход нь хэрхэн тусалж чадах вэ? Тэд энэ үүрэгтээ бэлтгэхийн тулд одоо юу хийж болох вэ?

Эдгээр судар болон бусад материалыг залбирч судал. Та залуу эрэгтэйчүүдтэй юуг хуваалцахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

С ба Г 121:41–43 (Санваарын зөв шударга ёсонд хэрэглэгдэх зарчмууд)

Moсе 3:21–24; 5:1–4 (Aдам, Ева хоёр эрх тэгш хамтрагчдын хувьд хамтдаа хөдөлмөрлөсөн)

Линда К.Бөртон, “Хамтдаа өсөж хөгжицгөөеEnsign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 12-15

Л.Том Пэрри, “Үүрдийн амар амгаланг олж, мөнхийн гэр бүлтэй болох нь,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50-53

Д.Тодд Кристоффэрсон, “Эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүч,Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 33-37

Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нараа хайрлан, тэдний төлөө залбирч, үргэлжлүүлэн тэдэнд үйлчилдэг байсан. Тэрээр тэдний сонирхол, найдвар, хүслийг мөн амьдралд нь юу тохиолдож байгааг мэддэг байсан. Та үйлчилж байгаа залуу эрэгтэйчүүдийнхээ талаар юу мэддэг вэ? Ирээдүйн гэр бүлээ удирдах, хангах, хамгаалахад бэлэн байхад нь залуу эрэгтэйчүүдэд туслахын тулд та өнөөдөр юу хийж чадах вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Чуулгын гишүүдэд нэг зүйл эсвэл зураг харуулан энэ зүйл нь өнгөрсөн долоо хоногийн хичээлтэй ямар холбоотойг тайлбарлахыг тэднээс хүс.

  • Нэг зорилгын төлөө хоёулаа ашиглагддаг хоёр зүйлийг ангидаа авч ир (харандаа, цаас ба алх, хадаас гэх мэт). Залуу эрэгтэйчүүдийг эдгээр хоёр зүйлийн хоорондох ялгааг болон хамтад нь хэрхэн ашигладгийг тайлбарлахад урь. Бурханы зорилгуудад хүргэхийн төлөө харилцан бие биенээ нөхөн гүйцээх ялгаатай үүрэг хариуцлагууд эрэгтэй, эмэгтэй хүмүүст өгөгддөг гэдгийг тайлбарла. Залуу эрэгтэйчүүдийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие биенээ нөхөн гүйцээдэг хэдэн арга замуудыг дүрслэн ярилцахад урь.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь чуулгын гишүүдийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүлүүддээ харилцан бие биенээ нөхөх үүргүүдийг ойлгож мэдэхэд тусална. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:

  • Дараах гарчгуудыг самбар дээр бич: Эцгийн үүрэг хариуцлага ба Эхийн үүрэг хариуцлага. Их Эзэний эцэг эхчүүдийн гүйцэтгэх ёстой гэж үздэг үүрэг хариуцлагуудыг жагсаахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Энэ жагсаалтыг гаргахад нь туслахын тулд тэднийг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн 7-р догол мөрийг (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь 107-г үзнэ үү) мөн ахлагч Л.Том Пэрригийн “Үүрдийн амар амгаланг олж, мөнхийн гэр бүлтэй болох нь”, ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүч” хэлсэн үгсийн зохих хэсгүүдээс судлахад урь. Тэд эдгээр эх сурвалжаас эцэг, эхчүүдийн тэнгэрлэг үүргүүдийн талаар юу сурч болох вэ? Энэ үүргүүд нь хэрхэн харилцан бие биенээ нөхдөг вэ? Эдгээр сургаал нь дэлхийн заадгаас юугаараа ялгаатай вэ? Эцэг эхчүүдийг харилцан бие биенээ нөхдөг үүргүүдээ биелүүлж байхыг нь харснаа хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс.

  • Залуу эрэгтэйчүүдийг Moсе 5:1–12-ыг судлаад, Адам, Ева хоёрын хамтрагчдын хувьд хамтдаа хийсэн зүйлсийг самбар дээр жагсаан бичихэд урь (үзүүлэн болгон ашиглахын тулд Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 5-ыг үзнэ үү). Залуу эрэгтэйчүүдээс нөхөр, эхнэрүүд эрх тэгш хамтрагчийн хувьд хэрхэн хамтдаа ажиллаж болохыг жагсаалт дээрээ нэмж бичихийг хүс.

  • “Бидний амьдрал дахь эмэгтэйчүүд,” эсвэл “Эр хүн шиг байцгаая” видео бичлэгүүдийг үзүүл. Залуу эрэгтэйчүүд нөхөр нь эхнэрээ хэрхэн адисалдаг тухай видео бичлэгээс юу сурсан бэ? Залуу эрэгтэйчүүдээс хэзээ нэгэн цагт ямархуу нөхөр болохыг хүсдэг тухай бодохыг хүс. Тийм хүн болохын тулд тэд одоо юу хийж чадах вэ?

  • Чуулгын цуглаан дээр бишопын зөвшөөрөлтэйгөөр гэр бүлийн нэг хосыг урь. Линда К.Бөртоны “Хамтдаа өсөж хөгжицгөөе” хэлсэн үгээс “Харилцан бие биенээ нөхөх үүргүүдээ биелүүлэхдээ нэг нэгнээ өргөн дэмжиж, туслах нь” гарчигтай хэсгийг хамтдаа унш. Гэр бүл дэх эрэгтэй, эмэгтэйчүүд бие биенээ хэрхэн өргөн дэмждэг талаар залуу эрэгтэйчүүд юу олж мэдсэн бэ? Уригдаж ирсэн хосоос тус тусын үүргүүдээ биелүүлэхэд бие биендээ хэрхэн тусалдаг талаараа ярихыг хүс. Гэрлэлт нь танд эсвэл гэр бүлийн тань гишүүдэд илүү сайхан байхад хэрхэн тусалсан талаар хуваалцахыг бодож үз.

  • Эмэгтэйчүүдэд сайн эх мөн сайн асран хамгаалагч байхад туслах зан чанаруудыг жагсаахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Сатан эмэгтэйчүүдийн нөлөөг сулруулах гэж хэрхэн хичээж чармайдаг вэ? Дэлхий дээр зөв шударга эмэгтэйчүүдийн үр нөлөөг урамшуулан дэмжиж, туслахын тулд залуу эрэгтэйчүүд юу хийж чадах вэ? Зөв шударга эмэгтэйчүүдийн нөлөө залуу эрэгтэйчүүдийг нөхөр, эцэг хүн болохоор бэлтгэхэд нь хэрхэн удирдан чиглүүлж болох вэ? Залуу эрэгтэйчүүд энэ ярилцлагын нэг хэсэг болгон, ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүч” хэлсэн үгээс сонгосон хэсгүүдийг уншиж болно. Жишээ нь, эхний хоёр догол мөрийг болон эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүчийг сулруулдаг гурван чиг хандлагыг үзнэ үү.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл дэх харилцан бие биенээ дэмжих үүргүүдийг ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?

Заахад туслах арга

“Ариун Сүнс та нарын зааж байгаа ганц хоёр хүнд бусдынхаа сонсох хэрэгтэй зүйлийг нэмж хэлэхэд нөлөөлж болох юм. Зарим нэг хүнийг нэр цохон дуудах сүнслэг нөлөөг хүлээн авахад нээлттэй бай. Үзэл бодлоо илэрхийлэхийг сайн дураараа хүсээгүй хүнээс асуух өдөөлтийг ч та хүлээн авч болох юм (Teaching, No Greater Call [1999], 63).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Эцэг эх нь тэнгэрлэг үүргүүдээ биелүүлсний учир адислагдсан тодорхой арга замуудын төлөө эцэг эхдээ талархал илэрхийлэхэд чуулгын гишүүдийг урьж болно.

  • Залуу эрэгтэйчүүдийг гэр бүлүүдээ удирдах, хангах, хамгаалах ирээдүйн үүргүүдээ биелүүлэхэд нь туслах арга замуудыг олж мэдэхэд урьж болно.