Ирээд, Намайг дага
Миний амьдралд гэрээнүүд яагаад чухал вэ?


Миний амьдралд гэрээнүүд яагаад чухал вэ?

Бид баптисм хүртэж, санваарт томилогдож, ариун сүмийн ёслолуудыг хүлээн авснаар гэрээ байгуулдаг. Гэрээ бол Бурхан ба Түүний хүүхдүүдийн хоорондох ариун нандин зөвшилцөл юм. Бурхан онцгой нөхцөлүүдийг тогтоосон бөгөөд бид эдгээрийг дагах аваас Тэрээр биднийг адисална хэмээн амласан. Бид гэрээ хийж, түүнийг сахиснаар Бурханы амласан адислалуудыг хүлээн авах зохистой болдог. Бид гэрээгээ сахихгүй бол адислал хүлээн авахгүй. Хийсэн гэрээ маань бидний хийх сонголтыг чиглүүлж мөн уруу таталтаас хамгаалдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та гэрээнүүдийг хийж, сахиснаар хэрхэн адислагдсан бэ? Таны хийсэн гэрээ шийдвэр гаргахад тань нөлөөлсөн үе бий юү?

Та залуу эрэгтэйчүүдийг өмнө нь хийсэн ба ирээдүйд хийх гэрээнүүдээ сайн ойлгоход хэрхэн тусалж чадах вэ? Гэрээнүүдийн мөн чанар хийгээд чухал гэдгийг ойлгох нь залуу эрэгтэйчүүдийг илүү зөв шударга амьдрахад хэрхэн нөлөөлөх вэ?

Эдгээр судар, суралцах материалыг залбирч судал. Та залуу эрэгтэйчүүдийг гэрээнүүд хийж, сахих хүсэлтэй болоход хэрхэн тусалж чадах вэ?

Eгипетээс гарсан нь 19:5; С ба Г 35:24; 90:24 (Бид гэрээнүүдийг сахихад адислалууд ирдэг)

Moзая 5; Aлма 46:10–37 (Мормоны Номонд гардаг хүмүүс гэрээ хийж, сахиж байгаа жишээнүүд)

С ба Г 82:10 (Биднийг дуулгавартай байвал Их Эзэн үүрэг хүлээдэг)

Рассэлл М.Нэлсон, “Гэрээнүүд,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 86–89

Жэффри А.Холланд, “Гэрээнүүдийг сахих нь: Номлолд үйлчлэх хүмүүст өгсөн захиас,New Era, 2012 оны 1-р сар, 2–5; эсвэл Лиахона, 2012 оны 1-р сар, 48–51

Д.Тодд Кристоффэрсон, “Гэрээний хүч чадал,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 5-р сар, 19–23

Гэрээ,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 81

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч дагалдагчдаа итгэлээ хөгжүүлж, Түүний заасан үнэнүүдийн дагуу үйлдэхэд урьсан (Лук 18:18-­25-ыг үзнэ үү). Та залуу эрэгтэйчүүдийг ёслол, гэрээнүүдэд оролцож, зөв шударга үйлсээрээ гэрээнүүдээ хүндлэн сахихад хэрхэн тусалж чадах вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Залуу эрэгтэйчүүдээс өнгөрсөн хичээлийн тухай бодоод, ээлж ээлжээрээ уг хичээлээс сурсан зүйлээ дүгнэн нэг өгүүлбэрээр товчхон хуваалцахыг хүс. Тэд сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлсэн бэ?

  • Нэг залуу эрэгтэйг ангийн өмнө гарч ирэхийг урь. Гэрээ гэж юу болохыг үзүүлэхийн тулд түүний хийх нэг энгийн үйлдлийн хариуд нэг энгийн амлалт өг (жишээ нь, Итгэлийн тунхгийг чээжээр хэлбэл, нэг жижиг зүйлээр шагнана гэж амла). Хэрэв тэр хийхээр сонговол, түүнд үйлдлээ хийж дуусгах боломж олгон, та ч бас амлалтаа биелүүл. Залуу эрэгтэйчүүдэд гэрээ гэж юу болохыг олж тодорхойлоход туслаад (ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний хэлсэн үгийн гурав дахь догол мөрийг үзнэ үү), энэхүү жишээ бидний Бурхантай хийдэг гэрээтэй юугаараа адил эсвэл юугаараа өөр болох талаар тайлбарлахыг тэднээс хүс. 

Хамтдаа суралц

Дараах бүх үйл ажиллагаа нь бид яагаад гэрээнүүд хийдгийг ойлгоход чуулгын гишүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Ангийн нэг гишүүнийг энэ хичээлийн зарим хэсгийг заахад урь. Тэр үүнийг сонгох эрхийн тухай сурч, заахын тулд Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгон хийж болно (“Сургаалыг ойлго,” 18, 4266-р хуудас).

  • Өөр шашин шүтлэгтэй найздаа гэрээнүүдийн талаар тайлбарлахыг оролдож байна хэмээн залуу эрэгтэйчүүдээр төсөөлүүл. Тэднийг “Итгэлдээ үнэнч байх нь” номын Гэрээ бүлгийг эсвэл энэхүү тоймд жагсаасан судруудаас уншаад, гэрээний талаар найздаа тайлбарлахад бэлдэхийг урь. Нэг нэгэндээ зааж дадлага хийж, гэрээнүүд яагаад тэдэнд чухал болохыг тайлбарлахыг тэднээс хүс.

  • Залуу эрэгтэйчүүдийг Moзая 5-ыг бие даан судлаад, гэрээнүүд хийх, сахих талаарх хэсгүүдийг тэмдэглэхэд урь. Тэмдэглэсэн зүйлүүдээ самбар дээр бичихийг тэднээс хүс. Самбар дээр “________ учраас гэрээнүүдийг сахих нь надад чухал байдаг” хэмээн бич. Залуу эрэгтэй бүрийг энэ өгүүлбэрийг гүйцээн бичихэд урь.

  • Ахмад Моронайн эрх чөлөөний туг өргөж буй зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 79-ийг үзнэ үү). Залуу эрэгтэйчүүдээс зургийн зарим нэг хэсгийг тайлбарлаж, уг зурагт дүрсэлсэн түүхийг товчхон ярихыг хүс (Aлма 46:10–37-г үзнэ үү). Нифайчууд ямар гэрээнүүд хийсэн бэ (20–22-р шүлгийг үзнэ үү)? Өөрсдөд нь аюул нүүрлэж байсан ч хүмүүс яагаад эдгээр гэрээг хийхээр сонгосон бэ? Тэдний гэрээнүүд тулааны үр дүнд хэрхэн нөлөөлсөн бэ? Залуу эрэгтэйчүүдээс хийсэн гэрээнүүдээ жагсаан бичихийг хүс. Эдгээр гэрээ нь тэдэнд саад бэрхшээл, уруу таталтыг даван туулахад хэрхэн тусалсан бэ?

  • Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Гэрээнүүдийн хүч” хэлсэн үгийн эхэн дэх түүхийг унш, үз эсвэл сонс. Гай гамшиг тохиоход Памелад гэрээнүүд нь хэрхэн тусалсан бэ? Залуу эрэгтэй бүрд хэлсэн үгийн үлдсэн хэсгүүдийг даалган өгөөд, “Хийсэн гэрээнүүд маань намайг хэрхэн хамгаалж, хүчирхэгжүүлэх вэ? гэдэг асуултад хариулт хайж олоход урь. Олсон хариултаа хуваалцахыг тэднээс хүс. Хийсэн гэрээнүүдээсээ хүч чадал эсвэл хамгаалалт олж болох, ирэх долоо хоногт тулгарч болох нөхцөл байдлуудын талаар ярилц.

  • Самбар дээр “Гэрээнүүд” ба “Номлолын ажил” гэж бич. Залуу эрэгтэй бүрийг ахлагч Жэффри Р.Холландын “Гэрээнүүдийг сахих нь: Номлолд үйлчлэх хүмүүст өгсөн захиас” хэлсэн үгийн нэг хэсгийг уншихад урь. Тэднээс гэрээнүүд ба номлогчийн ажлын хоорондын холбоог олохыг хүс. Ахлагч Холландын захиасаас сурсан зүйлээ бие биетэйгээ хуваалцахад тэднийг урь. Түүний зөвлөгөө тэднийг бүрэн цагийн номлолд үйлчлэхээр бэлтгэхэд хэрхэн нөлөөлөх вэ?

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд гэрээнүүдийн тухай илүү сайн ойлгож мэдсэн үү? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Та ярьж буй хүнийг сонсож байгаагаа харуулахын тулд сонирхож байгаагаа илэрхийлэх ёстой. Та хичээлийн материал эсвэл анги доторх аливаа зүйлс рүү биш, харин ярьж буй хүн рүүгээ харах хэрэгтэй. Түүний яриаг таслахгүйгээр бодол санаагаа илэрхийлэхэд нь та урамшуулан дэмжих ёстой. Та түүний яриан дундуур зөвлөгөө өгөх эсвэл шүүмжлэхээс зайлсхийх хэрэгтэй” (Teaching, No Greater Call [1999], 66).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Түүний хувьд гэрээ хийнэ гэдэг нь ямар утга учир агуулж буй талаар хуваалцаж болно.

  • Чуулгын бусад гишүүнийг гэр бүлийн гишүүнээсээ сурсан зүйлийнхээ тухай хуваалцахад урамшуулан дэмжиж болно.