Ирээд, Намайг дага
Ойр дотны маань хэн нэгэн нас барахад би тайвшралыг хэрхэн олох вэ?


Ойр дотны маань хэн нэгэн нас барахад би тайвшралыг хэрхэн олох вэ?

Үхэл бол авралын төлөвлөгөөний амин чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү их адилхан болохын тулд бид үхлийг үзэж, төгс болоод амилсан биеийг хүлээн авах ёстой. Бид үхэл бол Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг мөн Есүс Христ Цагаатгалаараа үхлийг ялсан гэдгийг ойлгосноор хайртай нэгнээ нас барахад найдвар, амар амгаланг хүлээн авч чаддаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та эсвэл таны мэдэх хэн нэгэн хүн хайртай хүмүүсээ нас барахад хэрхэн найдвараа олж авч байсан бэ? Ямар судар эсвэл зарчмууд тусалсан бэ?

Зарим залуу эрэгтэйчүүд хайртай нэгнээ нас барахыг аль хэдийн харж, мэдэрсэн байж болно. Хэзээ нэгэн өдөр тэдэнд бүгдэд нь ийм зүйл тохиолдох болно. Тэдэнд тусалж болох юуг тэд мэдээсэй хэмээн та хүсэж байна вэ?

Эдгээр судар болон материалуудыг залбирч судлаарай. Та сурч байхдаа ямар мэдрэмжийг хүлээн авсан бэ?

Мозая 16:7–8 (Есүс Христийн амилалт үхлийн өргөсийг авч хаяна)

Мозая 18:8–10; С ба Г 81:5 (Бид тайтгарал хэрэгтэй байгаа тэдгээр хүмүүсийг тайтгаруулна)

Алма 11:42–45 (Аврагчийн амилалтын учир бид бие махбодоо эргүүлэн авах болно)

Алма 28:12; С ба Г 42:45–46 (Бид нас барсан хүмүүсийнхээ хойноос гашууддаг ч Их Эзэнд нас барсан тэдний хувьд үхэл нь амттай байх болно)

Алма 40:11–14 (Биднийг үхсэний дараа ч сүнс маань амьдарсаар байна)

С ба Г 137:5–10 (Иосеф Смит өөрийн ах Алвин болон бяцхан хүүхдүүд мөн бусад хүмүүсийг селестиел хаант улсад харжээ)

С ба Г 138 (Сүнсний дэлхийн талаарх ерөнхийлөгч Иосеф Ф.Смитийн үзэгдэл)

Томас С.Монсон “Хатагтай Паттон—түүх үргэлжилж байна,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 21–24; мөн “Биднийг дахин уулзтал” видео бичлэгийг үзнэ үү.

Рассэл М.Нэлсон, “Үхлийн хаалгууд,” Ensign, 1992 оны 5-р сар, 72–74

Шэйн М.Бөүэн, “‘Би амьд учраас, та нар ч мөн амьд,’” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 12-р сар

Видео бичлэгүүд: “Бид нар гэр бүл хэвээрээ л байна,” “Тэр чамд тусламжийг өгнө”

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч хүмүүсээс тунгаан бодож, гүнзгий мэдрэмж төрүүлэх асуултуудыг асуудаг байсан. Та тунгаан бодож, илчлэлт хүлээн авахаар эрэлхийлэхэд залуу эрэгтэйчүүдийг хэрхэн урьж чадах вэ? Та тэдэнд хувийн мэдрэмжүүдээ хуваалцахад аюулгүй гэдгийг мэдрэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Сурч байгаа зүйлийнхээ үр дүн болгон юу хийхэд залуу эрэгтэйчүүдийг урьсан бэ? Сурч байгаа зүйлсээ амьдралд хэрэгжүүлэх нь тэдэнд болон гэр бүл найз нөхдөд хэрхэн нөлөөлж байгааг хуваалцахад тэднийг урь.

  • Өөрийнхөө эсвэл хэн нэгний хайртай хүн нь нас барсны дараа амар амгаланг олсон тухай тохиолдлоос хуваалц. Залуу эрэгтэйчүүдийг туршлагаасаа хуваалцахыг урь.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаанууд нь чуулгын гишүүдэд үхлийн дараах амьдралын талаар ойлгож мэдэхэд нь тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Залуу эрэгтэйчүүдийг үхлийн талаарх асуулт, бодол, айдсуудаа бичиж, хариултыг нь энэ тоймын судруудаас эсвэл ахлагч Рассэл М.Нэлсоны “Үхлийн хаалгууд” хэлсэн үгээс мэдэж авахад урь. Үхлийг ялахад бидэнд туслах Аврагчийн үүргийг тодотгосон тодорхой судар хийгээд мэдэгдлүүдийг тэмдэглэж авахад тэднийг урамшуул. Тэднийг юу сурснаа хуваалцахыг хүс. Бидний төлөө Аврагчийн хийсэн зүйлийн талаарх сэтгэгдлээ хуваалцахад тэднийг урь.

  • “Тэр чамд тусламжийг өгнө” видео бичлэгийг үзүүлэн, юу тэдний сэтгэлийг хөдөлгөсөн талаар хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь. Видео бичлэгийг үзсэний дараа хэрэв хүн бүр видео бичлэг дээрх залуу хөвгүүний олж мэдсэн зүйлийг мэддэг байсан бол дэлхий ямар өөр байж болох байсан талаар ярилц.

  • Ерөнхийлөгч Томас С.Монсоны “Хатагтай Паттон—түүх үргэлжилж байна” хэлсэн үгээс хатагтай Паттоны тухай түүхийг хуваалцах эсвэл “Биднийг дахин уулзтал” видео бичлэгийг үзүүл. Залуу Томас Монсоноос хатагтай Паттоны асуусан асуултад тэд хэрхэн хариулах байсныг асуу. Ангиараа Мозая 18:8–10 болон Сургаал ба Гэрээ 81:5-ыг унш. Хайртай нэгнээ алдсан гэр бүлүүдэд тайтгарал, тусламж болон бусад санваарын үйлчлэлийг үзүүлдэг санваартнуудын үүрэг хариуцлагын талаар ярилц. Та бишопын зөвлөлийн гишүүнийг энэ ярилцлагад оролцоход урьж болно.

  • Чуулгын нэг хэсгийг ахлагч Шэйн М.Бөүэний “‘Би амьд учраас та нар ч амьд’” хэлсэн үгээс Рамирэз эгчийн тухай түүхийг харин нөгөө хэсгийг ахлагч Бөүэны хүү Тайсоны түүхийг уншихад урь. Тэд хайрладаг байсан хэн нэгэн нь нас барахад хэрхэн тайтгарлыг олж мөн бусдыг хэрхэн тайтгаруулах тухай юу сурснаа хуваалцахыг тэднээс хүс. Залуу эрэгтэйчүүдийг хайртай нэгнээ алдахад тохиолдсон ямар нэгэн туршлагаасаа хуваалцахад урь. Тайтгарлыг олоход тэдэнд цагаатгал болон авралын төлөвлөгөөний тухай мэдлэг нь хэрхэн тусалсан бэ? Хэрэв тохиромжтой бол өөрт тохиолдсон туршлагаасаа хуваалц.

  • Ангиа хоёр бүлэг болгон хуваарил. Нэг бүлгээр нь Сургаал ба Гэрээ 137:5–10-ыг мөн нөгөө бүлгээр нь Сургаал ба Гэрээ 138:57–58-ыг уншуул. Бид нас барсны дараа болдог зүйлсийн талаар эдгээр судруудад юу зааж байгааг бүлэг бүлгээрээ ярилцахад залуу эрэгтэйчүүдийг урь. Дараа нь чуулгаараа дотны хүнээ алдсан хэн нэгэнд энэхүү мэдлэг нь хэрхэн тусалж болохыг ярилц. Энэ мэдлэг нь гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажил хийх бидний үүрэг хариуцлагатай хэрхэн холбогдох вэ?

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд дотны хэн нэгэн нь нас барахад хэрхэн тайтгарлыг олж болохоо ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичсэн асуултууд суралцагчдад хичээлийн өмнө уг сэдвийн талаар бодож эхлэхэд тусалдаг” (Teaching, No Greater Call [1999], 93).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хаах болно. Тэр хайртай нэгнээ саяхан алдсан хэн нэгэнд үйлчлэл үзүүлэхийн тулд чуулгын гишүүд юу хийж болох тухай ярилцлагыг удирдаж болно. Тойрог болон олон нийтэд тусламж хэрэгтэй байгаа бэлэвсэн юмуу бусад хүмүүс байна уу?

Хэвлэх