Мөнх бус байдлын өмнөх амьдралд юу тохиолдсон бэ?
Бид төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэйгээ амьдарч байсан. Бид Түүний сүнсэн хүүхдүүд юм. Тэнгэрт болсон зөвлөлгөөнд Эцэг маань бидэнд Өөрийн авралын төлөвлөгөө болон Есүс Христ бидний Аврагч байхаар сонгогдсоныг танилцуулсан билээ. Сатан бидний сонгох эрхийг үгүй хийснээр төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахыг эрэлхийлсэн бөгөөд тэр дагалдагч нартайгаа хөөгдсөн юм. Бид Эцэгийнхээ төлөвлөгөөг хүлээн авч Есүс Христийг дагахаар сонгосон.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Дараах судрууд болон суралцах материалуудыг залбиралтайгаар судал. Та чуулгынхаа цуглаанд юу хуваалцмаар санагдсан бэ?
Иеремиа 1:5; Алма 13:3 (Санваартнууд дэлхий эхлэхээс өмнө дуудагдаж, сонгогдсон)
Илчлэлт 12:9–11; Мосе 4:1–4 (Сатан хүмүүний сонгох эрхийг устгахыг эрэлхийлснээр хөөгдсөн)
Абрахам 3:22–26 (Бидний өмнөх амьдралд хийсэн сонголт биднийг дэлхий дээр ирэх боломжтой болгосон)
“Авралын төлөвлөгөө,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 9-12
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Залуу эрэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногийн цуглаанаас санаж байгаа судраа хуваалцахыг урь. Тэднийг үүнээс юу сурсан тухайгаа ярихыг хүс.
-
Залуу эрэгтэйчүүдээс өмнө нь хийсэн аливаа зөв сонголтууд болон эдгээр шийдвэр нь тэдний амьдралыг хэрхэн адисласан тухай бодож, хуваалцахыг хүс. Тэгээд тэднээс төрөхөөсөө өмнө хийсэн сонголт нь юу байсныг нэрлэхийг хүс. Энэ сонголт тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр чуулгын гишүүдийг мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай сурахад тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Залуу эрэгтэй бүрийг дараах судраас нэгийг уншихыг хүс: Иеремиа 1:5; Алма 13:3; Абрахам 3:22–23. Залуу эрэгтэйчүүдийг эдгээр судруудаас мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай сурдаг үнэнүүдийг олохыг урь. Мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай үнэнүүд нь бидний мөнх бус амьдралыг харах байдалд хэрхэн нөлөөлөх вэ?
-
Залуу эрэгтэйчүүдээс мөнх бус амьдралд хүмүүст тохиолддог зарим сорилтуудыг жагсаахыг хүс. Тэднийг мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай Итгэлдээ үнэнч байх нь номноос уншаад (хуудас 13–14), эдгээр сорилтуудтай учирсан хүмүүст туслах үнэнүүдийг олоход урь. Тэднийг олсон зүйлээ хуваалцахыг урь. Залуу эрэгтэйчүүдээс эдгээр үнэнүүдийг мэдэх хэрэгтэй хэн нэгний тухай бодохыг хүсээд, тэдэнд авралын төлөвлөгөөний тухай гэрчлэлээ хуваалцах аргуудыг бодоход урамшуул.
-
Залуу эрэгтэйчүүдээс Мосе 4:1–2-ыг уншаад Тэнгэр дэх зөвлөлгөөнөөс Аврагч, Сатан хоёрын тухай сурсан зүйлүүдээ олохыг хүс. Шүлэг 3–4-өөс бид Сатаны үйлдлийн үр дүнгийн талаар юу сурдаг вэ? Энэ зөрчилдөөн өнөөдөр дэлхий дээр хэрхэн үргэлжилж байгаа вэ? Энэ зөрчилдөөн дэх Аврагчийн үүрэг юу вэ? Бидний үүрэг юу вэ? Залуу эрэгтэйчүүдийг Аврагч болон Эцэгийнхээ төлөвлөгөөг дагах Түүний хүслийн талаарх сэтгэгдлээ илэрхийлэхийг урь.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд мөнх бус байдлын өмнөх амьдралыг илүү сайн ойлгодог болсон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Ангийн гишүүдээс хичээлийн үед төрж байсан бодол санаа, сэтгэгдлээ хуваалцахыг урь. Тэдний гэр бүл эсвэл чуулгыг адислах юуг хийхээр тэд сүнслэгээр өдөөгдсөн бэ?
-
Заагдсан зүйлийн тухай гэрчлэлээ хуваалц.