Ирээд, Намайг дага
Би хөрвөгдөж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?


Би хөрвөгдөж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Хөрвөлт нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Христтэй илүү адилхан болох амьдралын турш явагдах үйл явц юм. Энэ нь зөвхөн бидний зан байдлын өөрчлөлтийг төдийгүй хүсэл сонирхол, эгэл байдлаа өөрчлөхийг хэлдэг. Энэ нь дахин төрөлт, зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт гэж Их Эзэний нэрийдсэн чухал өөрчлөлт юм (Moзая 27:25; Алма 5:14). Бид нүгэл хийх хүслээ хаяж, хайраар дүүргэгдэж, бусадтай сайн мэдээг хуваалцахыг эрэлхийлэх үедээ өөрсдийгөө Их Эзэнд хөрвөгдөж байгааг мэдэж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Ямар туршлагууд таны хөрвөлтийг гүнзгийрүүлсэн бэ? Та сайн мэдээний дагуу амьдрахын тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөснөөр ямар өөрчлөлтүүдийг амьдралдаа харсан бэ?

Та залуу эрэгтэйчүүдийн хөрвөгдөж байгаа ямар жишээнүүдийг харсан бэ? Тэд хөрвөлтийн талаар юу ойлгох хэрэгтэй байна вэ?

Ямар судар болон суралцах материалууд чуулгын гишүүдэд Их Эзэнд хөрвөгдөж байгаагаа мэдэхэд туслах вэ?

Инос 1:1–19, 26–27; Мозая 5:1–5; 27:23–37; Алма 23:6–7; Хиламан 3:35; 4 Нифай 1:1–4, 15 (Хөрвөлтийн жишээнүүд)

Линда К.Бөртон, “Итгэлтэй эмэгтэйчүүд,” Ensign, 2017 оны 5-р сар, 12-15 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 130-133

Бонни Л.Оскарсон, “Бид итгэдэг үү?” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 71–73

Дэвид А.Бэднар, “Их Эзэнд хөрвүүлэгдэв,” Ensign эсвэл Liahona, 2012 оны 11-р сар, 106–109

Доналд Л.Холлстром, “Бид ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ?Ensign эсвэл Liahona, 2014 оны 5-р сар, 53-55

Хөрвөлт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 212–216

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч дагалдагчдадаа бусдад заах, үйлчлэх мөн бусдыг адислах чухал үүргүүдийг даалгасан. Түүний зорилго бол бусдад үйлчлэх үйлчлэлээрээ дамжуулан хөрвөгдөхөд нь тэдэнд туслах явдал байв. Та зааж буй Аароны санваартнууддаа үйлчилж, өсөж хөгжиж болох ямар боломжуудыг өгч чадах вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Сурах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Залуу эрэгтэйчүүдээс өнгөрсөн долоо хоногийн хичээлээс санаж буй ямар нэг зүйлийг хуваалцахыг хүс. Тэд яагаад үүнийг санаж байна вэ?

  • Залуу эрэгтэйчүүдийг цагийн явцад хувирч өөрчлөгддөг зүйлсийг жагсааж бичихэд урь (мод болон ургадаг үр эсвэл мэлхий болон хувирдаг шанаган хорхой байж болно). Тэд эдгээр зүйлийг бусдад хөрвөлтийн талаар заахдаа хэрхэн ашиглаж болох вэ?

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр чуулгын гишүүдэд хөрвөлтийн талаар суралцаж, өөрсдөдөө бий болж буй хөрвөлтийн нотолгоонуудыг харахад туслах болно. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Залуу эрэгтэйчүүдийг Линда К.Бөртон эгчийн хэлсэн “Итгэлтэй эмэгтэйчүүд” үгээс түүний “итгэлтэй эмэгтэйчүүд”-ийг хэрхэн тодорхойлсныг хайж олоод, олсон зүйлээ самбар дээр бичихэд урь. Бөртон эгчийн хэлсэн үгэндээ хуваалцсан эмэгтэйчүүдийн жишээнээс бид хэрхэн Аврагчийн илүү сайн шавь байх талаар өөр юу суралцаж болох вэ? Залуу эрэгтэйчүүдээс Миний сайн мэдээг номло удирдамжийн 143-р хуудсан дээрх “Зан чанарын үйл ажиллагаа”-г бөглөж, Христийнхтэй адил зан чанарыг хэр сайн хөгжүүлж байгаагаа үнэлж дүгнэхийг хүс. Тэд Есүс Христийн үнэнч шавь, “итгэлтэй эрэгтэйчүүд” болохын тулд юу хийж болох вэ?

  • Хичээл орохоос цөөн хэдэн өдрийн өмнө чуулгын нэг гишүүнийг хүү Итан нь хүндээр өвдөх үед Мишээл Карнэсэккагийн туулсан туршлагыг Бонни Л.Оскарсоны “Би итгэдэг үү?” хэлсэн үгээс хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь. Та самбар дээр “Би итгэдэг үү эсвэл итгэдэггүй юү?” гэсэн асуултыг бичиж болно. Чуулгынхныг Оскарсон эгчийн бидний итгэдэг зүйлийн талаар хэлсэн тодорхойлолтыг уншиж байх үед залуу эрэгтэйчүүдийг энэ асуултыг тунгаан бодоход урь. Чуулгын цуглааны дараа залуу эрэгтэйчүүдэд энэ үгэнд дурдсан өөрсдийн итгэдэг сайн мэдээний сургаалын тухай гэрчлэлээ хуваалцах боломж гаргаж өг. Тэд эдгээр зүйлд хэрхэн итгэдэг болсон бэ?

  • Хөрвөлт гэж самбар дээр бичээд, залуу эрэгтэйчүүдээс хөрвөлт гэж юу болохыг ойлгоход туслах үг, хэллэгүүдийг Мозая 27:25–26-аас олоход урь. Тэднийг эдгээр үг, хэллэгээс сурсан зүйлсээ хуваалцахад урь.

  • Залуу эрэгтэйчүүдийг энэ тоймд санал болгосон хэлсэн үгсээс аль нэгийг сонгож уншаад, олсон мэдээллээ ашиглан “Би хөрвөгдөж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?” асуултад хариулах зурагт хуудас хийхэд урь. Залуу эрэгтэйчүүдээс нэг нэгэндээ хөрвөлтийн тухай заахад зурагт хуудас болон судалсан хэлсэн үгээ ашиглахыг хүс.

  • Залуу эрэгтэйчүүдийг Итгэлдээ үнэнч байх нь товхимол дахь Хөрвүүлэг хэсгээс суралцаж эсвэл энэ тойм дахь судруудыг судалж, өөрсдийнхөө хөрвөлтийн үйл явцыг үнэлж дүгнэх асууж болох асуултуудыг жагсаан бичихэд урь. Чуулгын гишүүдэд уг жагсаалтандаа юуг, ямар учраас оруулснаа хуваалцах цагийг гаргаж өг. Эдгээр асуултад хэрхэн хариулж болох талаар бодож тунгаахад тэднийг урь.

  • Энэ тоймд байгаа видео бичлэгүүдийн аль нэгийг үзүүлж, залуу эрэгтэйчүүдийг уг бичлэгээс хөрвөлтийн талаар сурсан зүйлээ хуваалцахад урь. Таныг илүү сайн хөрвөгдөхөд тусалсан туршлагаасаа чуулгын гишүүдтэй хуваалцаж мөн тэднийг өөрсдийн туршлагыг хуваалцахад урь.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэд амьдралдаа хөрвөлтийг хэрхэн таньж мэдэхийг ойлгосон уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Үйлдэхэд урь

Удирдаж байгаа залуу эрэгтэй цуглааныг өндөрлүүлнэ. Тэрээр:

  • Илүү гүнзгий хөрвөгдөхийн ач холбогдлын тухай мэдрэмжээ хуваалцаж болно.

  • Чуулгын гишүүдийг хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд нь туслах онцгой ямар нэгэн зүйлийг сонгон хийхэд урьж болно.