Ирээд, Намайг дага
Анхны үзэгдэл яагаад чухал вэ?


Анхны үзэгдэл яагаад чухал вэ?

1820 оны хавар, Бурхан Эцэг, Өөрийн Хүү Есүс Христийн хамт бошиглогч Иосеф Смитэд үзэгдсэн. Сайн мэдээний Сэргээлтийн эхлэлийг тавьсан энэ үзэгдэл Есүс Христийн амилснаас хойших хамгийн чухал үйл явдал юм. Иосеф Смитийн даруухан залбирал нь сайн мэдээний үнэн, санваарын эрх мэдэл болон аврах ёслолуудыг сэргээхэд хүргэсэн. ”Тэр илчлэлт нь Бурхан болон Түүний тэнгэрлэг мөн чанарын талаарх бүх [асуултад] хариулдаг. … Хүмүүнд өгсөн эрх мэдлээр дамжуулан хүмүүн төрөлхтөнийг Тэрээр сонирхдог нь илэрхий байдаг. Ажлын ирээдүй нь баталгаатай. Эдгээр болон өөр бусад агуу үнэн нь тэрхүү агуу анхны үзэгдлээр тодорхой болсон юм“ (Teachings of Presidents of the Church: David O. McKay2003, 93).

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Иосеф Смит Бурхан Эцэг ба Түүний Хүү Есүс Христ хоёрыг харсан гэдэг гэрчлэлийг та хэрхэн олж авсан бэ? Энэ гэрчлэлийн ачаар таны амьдрал хэрхэн адислагдсан бэ? Таны хувьд анхны үзэгдэл юугаараа онцгой вэ?Анхны үзэгдлийг судлах нь танай ангийн залуу эмэгтэй бүрийн гэрчлэлийг хэрхэн батжуулж чадах вэ? Энэхүү агуу үйл явдлын онцлогыг ойлгоход нь та залуу эмэгтэйчүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Та хичээлээ бэлтгэж байхдаа эдгээр судар ба материалыг залбирч судлаарай. Залуу эмэгтэйчүүдэд юуг заах хэрэгтэй гэж та мэдэрч байна вэ?

Иосеф Смитийн Түүх 1:11–19, 24–25

Дийтр Ф.Угдорф, ”Анхны үзэгдлийн үр жимс,“ Ensign эсвэл Liahona2005 оны 5-р сар, 36-38

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Түүний сургаалын үнэнийг бусдад гэрчлэхэд Өөрийн шавь нарыг урьсан. Тэд Түүний сургаалын үнэнийг бусдад хуваалцахад Сүнс тэдний зүрх сэтгэлийг хөндсөн юм. Залуу эмэгтэйчүүдийг бие биетэйгээ гэрчлэлээ хуваалцахад нь та хэрхэн дэмжиж чадах вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвүүлэлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд дараах санаануудаас ашигла эсвэл өөрийн санааг ашиглаарай.

  • Анхны үзэгдлийн зургийг үзүүл. Уг зурганд юу дүрсэлсэн байгааг товчхон тайлбарлахыг нэг суралцагчаас хүс. Энэхүү үйл явдлын талаар хэсэгхэн зуур тунгаан бодоход залуу эмэгтэйчүүдийг урь. Анхны үзэгдлийн чухлыг ойлгоход нь тэдэнд туслахын тулд хичээлийн турш энэ тухай бодохыг тэднээс хүс.

  • “Иосеф Смитийн анхны залбирал” (Сүмийн дуулал ба хүүхдийн дуу ,14-р хуудас) дууллыг хамтдаа дуул. Залуу эмэгтэйчүүдийг Иосеф Смитийн тухай мөн Бурхан Эцэг, Есүс Христ хоёрыг харж, ярилцсан түүний туршлагын талаарх сэтгэгдлээсээ хуваалцахад урь.

Хамтдаа суралц

Дараах бүх үйл ажиллагаа нь залуу эмэгтэйчүүдэд Иосеф Смитийн анхны үзэгдлийн талаар сурахад нь тусална. Сүнсний удирдамжийг даган ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Залуу эмэгтэйчүүдийг анхны үзэгдлийн ачаар хүлээн авсан адислалуудынхаа заримаас бичихэд урь. Анхны үзэгдэл хэчнээн чухал болох талаар сэтгэгдлээсээ хуваалцахад тэднийг урь. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфийн хэлсэн ”Анхны үзэгдлийн үр жимс“ үгийн сүүлийн 10 догол мөрийг уншихдаа анхны үзэгдлээс ирсэн адислалуудыг олж уншихыг тэднээс хүс.

  • Иосеф Смитийн Түүх 1:7–20-иос Иосеф Смитийн анхны үзэгдлийн тухай хамтдаа унш. Иосеф Смитийн туршлагаас сурч болох үнэнүүдийг олж уншихад тэднийг урь (жишээлбэл, Эцэг ба Хүү амьд, тусдаа хүмүүс, Сатан байдаг бөгөөд тэр хүч чадалтай хэдий ч Бурханы хүч түүнийхээс илүү агуу, Бурхан залбирлуудыг сонсож, хариулдаг, илчлэлт өгөгдсөөр байгаа гэх мэт). Үнэнүүдийг самбар дээр бичихэд залуу эмэгтэйчүүдийг урь. Эдгээр үнэн нь бусад шашны итгэдэг зүйлсээс юугаараа өөр вэ? Хэрэв эдгээр үнэнийг мэдээгүй байсан бол бидний амьдрал ямар байх байсан бэ?

  • Залуу эмэгтэйчүүдийг Иосеф Смитийн Түүх 1:11–19, 24–25-ыг уншаад, Иосеф Смитийн анхны үзэгдэл ба түүний гэрчлэлийн тухай тунгаан бодоход урь. Дэлхийн түүхэнд анхны үзэгдэл яагаад онцгой чухал болох тухай бодохыг тэднээс хүс. Энэ нь бидэнд яагаад чухал вэ? Анхны үзэгдэл чухал талаарх гэрчлэлээ хуваалцаж, тэднийг бас бодол, гэрчлэлээ хуваалцахад урь.

  • Бурхан Эцэг, Есүс Христ хоёр дэлхий дээр хүмүүст Өөрсдийгөө харуулсан тухай үйл явдлуудыг бичсэн судруудыг дүгнэхэд залуу эмэгтэйчүүдийг урь (Maтай 3:13–17; Үйлс 7:54–60; 3 Нифай 11:3–10 гэх мэт). Та эдгээр үйл явдлыг дүрсэлсэн зургуудыг үзүүлж болно (Сайн мэдээний уран зургийн цуглуулга,35, 63 ба 82). Үйл явдал бүрийг дүгнэхийг тэднээс хүс. Дараа нь Иосеф Смитийн Түүх 1:17-г уншихад тэднийг урь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга,90-ийг үзнэ үү). Иосеф Смитэд тохиолдсон явдал эдгээр үйл явдалтай юугаараа ижил төстэй байсан бэ? Юугаараа онцлог байсан бэ? Яагаад анхны үзэгдэл тэдний хувьд чухал болохыг хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд Иосеф Смитийн анхны үзэгдлийн талаар илүү сайн ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь тэд:

  • Иосеф Смитийн анхны үзэгдлийн тухай гэрчлэлээ тэмдэглэлийн дэвтэртээ бичиж болно.

  • Анхны үзэгдлийн талаарх гэрчлэлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж болно.

Дараагийн долоо хоногт тэд юу сурах талаар залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэж, судраас суралцаж болно.