Ирээд, Намайг дага
Би яагаад бусдыг уучлах хэрэгтэй вэ?


Би яагаад бусдыг уучлах хэрэгтэй вэ?

Бид нүглийнхээ уучлалыг хүлээн авахын тулд бусдыг уучлах хэрэгтэй. Бусдыг уучлах нь уур хилэн, гомдол, өш хонзонг даван туулах боломжийг бидэнд олгодог. Уучлал нь сүнсний шархыг эдгээж, зөвхөн Бурханы өгч чадах амар амгалан ба хайрыг авчирдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та бусдыг уучилснаар юу сурч мэдсэн бэ? Хэн нэгнийг уучилсан нь амар амгалан ба хайрыг мэдрэхэд тань тусалсан тохиолдлыг санаж байна уу?

Бусдыг уучлах хэрэгтэйгээ ойлгосон ямар туршлага залуу эмэгтэйчүүдэд байна вэ? Өөрийгөө уучилж сурах талаар тэдэнд юу хэрэгтэй байна вэ? Залуу эмэгтэйчүүд амар амгаланг мэдрэхийн тулд бусдыг уучилж сурахад нь та хэрхэн тусалж болох вэ?

Анхааруулга: Хэрэв залуу эмэгтэйчүүд хүчирхийллийг уучлах талаар асуувал бишоп болон салбарын ерөнхийлөгчөөсөө зөвлөгөө авахыг тэдэнд зөвлөөрэй.

Бусдыг уучилсны үр дүнд тэдний амьдралд олон адислал ирэх болно гэдгийг ойлгоход ямар судрууд залуу эмэгтэйчүүдэд туслах вэ?

Maтай 5:44; С ба Г 64:9–10 (Бүх хүнийг уучлахыг бидэнд зарлиг болгосон билээ)

Maтай 6:14–15; 18:21–35 эсвэл “Дал дахин долоон удаа уучил” видео бичлэг (Өршөөлийг хүлээн авахын тулд бид бусдыг уучлах ёстой)

Лук 23:34 (Есүс Христ Өөрийг нь цовдолсон хүмүүсийг уучилсан)

Кэвин Р.Дункан, “Өршөөлийн эдгээх тос,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 17

Гордон Б.Хинкли, “Өршөөл,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 81–84

Дийтр Ф.Угдорф, “ Нигүүлсэнгүй сэтгэлт хүмүүс нигүүлслийг олдог,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 70–76

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч тухайн нөхцөл байдал бүрд шавь нартаа үлгэр жишээ үзүүлэн, халамжлан хүмүүжүүлэгч нь байж, тэдэнтэй хамт залбирч мөн хэрхэн залбирахыг тэдэнд заадаг байв. Тэрбээр тэднийг хайрлан, үйлчлэх замаар хайр ба үйлчлэлийг тэдэнд заадаг байлаа. Тэр бусдыг хэрхэн уучлахыг тэднийг уучилснаар заадаг байв. Та өөрийн заадаг зарчмуудаар хэрхэн үлгэр дуурайл үзүүлж болох вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвүүлэлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг заа

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө санаа бодож олоорой.

  • Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн “Өршөөл” хэлсэн үгэн дэх хөлдүү цацагт хяруулын тухай түүхийг хуваалц. Энэ түүх залуу эмэгтэйчүүдэд ямар сэтгэгдэл төрүүлэв? Уучлах нь тэдэнд үнэхээр хэцүү байгаа хэн нэгний нэрийг бичиж, түүнийг уучлах нь яагаад хэцүү байгааг эргэцүүлэн бодоход залуу эмэгтэйчүүдийг урь. Энэ хичээлийн туршид тэр хүний тухай бодоход тэднийг дэмж.

  • Хэн нэгнийг уучилсан үеийнхээ тухай бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Хэрэв тэд татгалзахгүй бол тэрхүү туршлагаа бусадтайгаа хуваалцахад тэднийг урь. Үр дүнд нь юу болсон бэ? Хэрэв тэр хүнийг уучлаагүй бол байдал ямар байж болох байсан бэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь бусдыг уучлахын ач холбогдлыг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Залуу эмэгтэйчүүдийг жижиг бүлгүүд болгон хуваарилж, бүлэг бүрд энэ тойм дахь хэлсэн үгсээс нэгийг (эсвэл уучлалын тухай өөрийн сонгосон өөр хэлсэн үгээс) өг. Хэлсэн үгийг хэдэн минут уншаад, онцгой сэтгэгдэл төрүүлсэн нийлэмж үгс, өгүүлбэрүүдийг тэмдэглэхэд тэднийг урь (тэдэнд хэлсэн үгийг бүхэлд нь уншиж дуусгах шаардлагагүй бөгөөд харин үүний захиасыг тунгаан бодох нь чухал гэдгийг онцолж хэл). Тэднээс олж мэдсэн зүйлээ ангийнхантай хуваалцаж, энэ нь яагаад тэдэнд чухал болохыг тайлбарлахыг хүс.

  • Maтай 18:23–35 (эсвэл “Дал дахин долоон удаа уучил” видео бичлэгийг үзүүл) дахь хатуу сэтгэлт боолын тухай сургаалт зүйрлэлийг хамт уншин, түүний анд нөхөр болох нөгөө боолын өрийг хооронд нь харьцуулж, дүгнэлт хийхэд залуу эмэгтэйчүүдэд тусал (Библийн лавлахаас “Жин ба хэмжүүр”-ийг үзнэ үү). Залуу эмэгтэйчүүд уучлалын тухай энэ сургаалт зүйрлэлээс юу сурсан бэ? Бусдыг уучлахын ач холбогдлыг заадаг (энэ тоймд санал болгосонтой адил) өөр судруудыг олж, хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь.

  • Залуу эмэгтэйчүүдээс судрууд дахь бусдыг уучилж буй хүмүүсийн талаарх жишээнүүдийг хооронд нь харьцуулахыг хүс. Та Египетийн Иосеф (Эхлэл 45:1–7-г үзнэ үү), Нифай болон түүний ах нар (1 Нифай 7:21-ийг үзнэ үү), загалмай дээрх Есүс Христ (Лук 23:34-ийг үзнэ үү) болон бусад жишээг нэгтгэн дүгнэж болно. Ялангуяа гэр бүлийн гишүүдээ уучлах нь яагаад чухал вэ? Энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзүүлж, залуу эмэгтэйчүүдээс сэтгэгдлээ хуваалцахыг хүс. Тэд уучлалын өөр ямар жишээнүүдийг хуваалцаж болох вэ?

  • Аврагч уучлалын тухай бусдад заасан ямар нэг зүйлийг судруудаас олж, олсон зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс (Maтай 5:44; 6:14–15; 18:22–23-ыг үзнэ үү). Бусдыг уучилснаас ирдэг амар амгалангийн тухай туршлагаа хуваалцахыг тэднээс хүс.

  • Дараах асуултуудыг цаасан дээр бичиж, ангийн гишүүн бүрд өг: Бид яагаад хүн бүрийг уучлах хэрэгтэй вэ? Тухайн хүн уучлагдах ёстой эсвэл үгүй юү гэдгийг шийдэх цорын ганц хүн нь яагаад Их Эзэн байдаг вэ? Бусдыг уучлахгүй байх нь яагаад маш том нүгэл байдаг вэ? Сургаал ба Гэрээ 64:9–11-ийг уншиж, өөрийн асуултыг тунгаан бодоход залуу эмэгтэй бүрийг урь.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Тэд бусдыг уучлахын ач холбогдлыг ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаалд илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь тэд:

  • Бусдыг уучлах тухай олж мэдсэн зүйлээ хувийн тэмдэглэлдээ бичиж болно. Тэд хэнийг уучлах хэрэгтэй вэ? Бусдыг уучлах нь тэдний амьдралыг хэрхэн адислах вэ?

  • Уучлалын тухай нэг дуулал эсвэл судар чээжил.

Дараагийн долоо хоногт тэд юу сурах талаар залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээ нь, тэд дараагийн долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншин, видео бичлэг үзэж, судраас судалж болно.