Ирээд, Намайг дага
Ач ивээл гэж юу вэ?


Ач ивээл гэж юу вэ?

Ач ивээл бол Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бидний хүлээж авдаг бурханлаг тусламж хийгээд хүч чадал юм. Бид ач ивээлээр дамжуулан нүгэл, үхэл хоёроос аврагддаг. Түүнээс гадна ач ивээл бол биднийг өдөр бүр хүчирхэгжүүлж, эцсийг хүртэл тэвчихэд бидэнд тусалдаг боломж олгогч хүч юм. Их Эзэний ач ивээлийг бүрнээр нь хүлээж авахын тулд бид өөрсдөө их хүч чармайлт гаргах шаардлагатай.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Ач ивээл гэдэг нь танд ямар утга учиртай байдаг вэ? Есүс Христийн хүчийг мэдрэх нь таныг амьдралаа өөрчлөхөд хэрхэн тусалсан бэ?

Залуу эмэгтэйчүүд ач ивээлийн тухай юу мэддэг вэ? Ач ивээлийн хүч тэдний амьдралд ямар үүрэг гүйцэтгэдгийг ойлгоход та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Ач ивээлийг ойлгоход тань ямар судрууд болон бусад эх сурвалж тусалсан бэ? Ач ивээлийг тэдэнд ойлгуулахын тулд та залуу эмэгтэйчүүдтэй юуны тухай хуваалцах хэрэгтэй гэж боддог вэ?

Eфес 2:8–9; 2 Нифай 25:23 (Бид ач ивээлээр аврагдана)

Филиппой 4:13; Иaков 4:6–7 (Есүс Христийн ач ивээл бидэнд хүч чадал өгдөг)

Moронай 10:32–33 (Ач ивээл биднийг Христээр төгөлдөржүүлж чадна)

Библийн лавлах, “Ач ивээл”

Ж.Дэвн Корниш, “Би хангалттай сайн байна уу? Би хаант улсад орж чадах уу?Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19-23

Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95–99

Дэвид А.Бэднар, “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар

Ач ивээл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 41–43

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч дагалдагчдадаа Өөрийн сургаалыг заахын тулд тэдний амьдралд өдөр бүр үлгэр дуурайл үзүүлдэг байсан нь сургаалыг ойлгоход тэдэнд тусалдаг байлаа. Тэрээр хүмүүст ойлгоход амархан энгийн түүх, сургаалт зүйрлэл ба амьдралын жишээнүүдийг ашигладаг байв. Та залуу эмэгтэйчүүдэд ач ивээлийн тухай заахдаа амьдралын жишээнүүдийг болон ач ивээл тэдний амьдралд хэрхэн биеллээ олж байгаа жишээг хэрхэн ашиглаж болох вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвүүлэлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг заа

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас ашигла эсвэл өөрийн санааг ашиглаарай:

  • Нүхний ёроолд зогсож байгаа нэг хүн, нүхний амсар дээр зогсож байгаа өөр нэг хүний зургийг нүх рүү оруулан тавьсан шатны хамт самбар дээр зур. Нүхэн дотор байгаа хүнийг аврахын тулд юу хийх шаардлагатайг залуу эмэгтэйчүүдээс асуу. Нүхний амсар дээр зогсож байгаа хүний үүрэг юу вэ? Нүхэн доторх хүн өөрийгөө аврахын тулд юу хийх ёстой вэ? Энэ зураг Аврагчийн ач ивээл биднийг хэрхэн авардаг тухай залуу эмэгтэйчүүдэд юу зааж байна вэ?

  • Ач ивээлийн тухай юу мэддэгийг нь залуу эмэгтэйчүүдээс асуу. Тэд ач ивээл гэдгийг юу гэж ойлгодог вэ? Тэд ач ивээлийг амьдралдаа хэрхэн хардаг вэ? Тэд ач ивээлээр аврагдана гэдэгтээ итгэдэг үү? Ач ивээлийн тухай тэдэнд ямар асуултууд байдаг вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд ач ивээлийн сургаалыг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Залуу эмэгтэйчүүдийг ахлагч Ж.Дэвн Корнишийн “Би хангалттай сайн байна уу? Би хаант улсад орж чадах уу?” үгийн зарим хэсгийг уншихад урь. Тэднээс уншиж байхдаа дараах асуултын хариултыг олж мэдэхийг хүс. Үүнд: “Ач ивээл гэж юу вэ? Би амьдралдаа хэрхэн ач ивээлээс хүртэх боломжтой вэ? Би хэрхэн Аврагчийн ач ивээлээс хүртэхүйц зохистой байж чадах вэ? Би тэнгэр дэх хаант улсад буцаж очиж чадах уу?” Залуу эмэгтэйчүүдэд эдгээр асуултын талаар тунгаан бодох хангалттай цаг хугацаа гаргаж өгсний дараа тэднийг шашин шүтлэг болон сайн мэдээнд итгэж найдах тал дээр асуудалтай байгаа найзынхаа талаар бодоход нь тусал. Энэ үг тэдний найз нөхдөд хэрхэн тусалж болох вэ? 

  • Самбар дээр онгорхой хаалга, цонх зурж, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Ач ивээлийн бэлэг” хэлсэн үгийн эхлэлийг судлахдаа, ач ивээлийг эдгээр зүйлтэй хэрхэн харьцуулсныг олохыг залуу эмэгтэйчүүдээс хүсэх талаар бодож үзээрэй. Уг хэлсэн үгийн үлдсэн хэсгүүдийг залуу эмэгтэйчүүдэд хуваан өгч, уг хэсгээсээ ач ивээлийн талаар сурсан зүйлээ нэг өгүүлбэрт багтаан бичээд, хуваалцахыг хүс.  Тэд Аврагчийн ач ивээлийг хүртэхийн тулд юу хийх ёстой вэ

  • Хэдэн өдрийн өмнө нэг залуу эмэгтэйгээс Аврагчийн буулгыг өөр дээрээ авах гэдэг нь юу гэсэн үг болохыг Матай 11:28–30 мөн ахлагч Дэвид А.Бэднарын “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд” хэмээх хэлсэн үгээс суралцахыг хүс. Түүнээс ангид ирэхдээ буулга нь Есүс Христтэй харилцах бидний харилцааг хэрхэн төлөөлж буйг тайлбарлаж, сурсан зүйлээ хуваалцаж, ярилцлагыг удирдах бэлтгэлтэй ирэхийг хүс. Түүнийг ахлагч Бэднарын хэлсэн үгээс Аврагчийн ач ивээлийн талаар залуу эмэгтэйчүүдэд ойлгоход нь туслах өгүүлбэрүүдийг хуваалцахад урамшуул.

  • Энэ тоймын судруудын товч хураангуйг бичиж, өрөөний хана болгон дээр нэг хураангуйг байрлуул. Судруудаас нэгийг уншихыг залуу эмэгтэй бүрд даалгаж, дараа нь уншсан судрынхаа хураангуйг олж, дэргэд нь очиж зогсохыг хүс. Эдгээр судраас ач ивээлийн тухай мэдсэн зүйлээ хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Ач ивээлийн ямар нотолгоог тэд амьдралаасаа олж хардаг вэ? Тэд эдгээр судраас ямар жишээнүүдийн (Нифай, Аммон, Бага Алма гэхчилэн) тухай бодож болох вэ?

  • Библийн лавлах болон Итгэлдээ үнэнч байх нь товхимлоос ач ивээлийн тухай уншиж, сурч мэдсэн зүйлсийн жагсаалт хийхэд залуу эмэгтэй бүрийг урь. Жагсаалтаасаа ямар нэг зүйлийг хуваалцаж, яагаад энэ нь тэдэнд чухал болохыг тайлбарлахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Бурханы ач ивээл буюу тусламжийг хүлээн авсан хүмүүсийн зургийг (Сайн мэдээний уран зургийн ном болон Сүмийн аль нэг сэтгүүлээс) олоход тэднийг урьж, эдгээр хүний тухай олж мэдсэн зүйлээ хос хосоороо юм уу жижиг бүлгүүд болж хуваалцахыг тэднээс хүс. Үүнтэй төстэй ямар туршлагыг тэд амьдралаасаа хуваалцаж болох вэ?

  • Модны мөчрийг ангид авчирч, Аврагч Иoхан 15:1–10-т ач ивээлийн тухай заахдаа мөчрийг хэрхэн ашигласныг олж мэдэхэд залуу эмэгтэйчүүдийг урь. Тэд эдгээр шүлгээс ач ивээлийн тухай ямар ойлголт авсан бэ? Нэг залуу эмэгтэйг ач ивээлийн тухай сурч мэдсэн зүйлээ ангийн үлдсэн гишүүдэд товчхон ярьж өгөхөд авчирсан мөчрөө ашиглахыг хүс.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсээ хуваалцахыг хүс. Тэд ач ивээлийн сургаалыг ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаалд илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Өнөөдөр сурч мэдсэн зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд хийх зүйлсийн жагсаалт гаргахад нь залуу эмэгтэйчүүдэд тусал. Ирэх долоо хоногт юу хийхээ сонгоход тэднийг урь.

Дараагийн долоо хоногт юу сурах талаар нь залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэн, судар судалж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Зураг

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.

Хэвлэх