Ирээд, Намайг дага
Наманчлал надад өдөр бүр хэрхэн тусалж чадах вэ?


Наманчлал надад өдөр бүр хэрхэн тусалж чадах вэ?

Биднийг наманчлах боломжтой болгохын тулд Есүс Христ бидний нүглийн төлөө шийтгэл хүлээсэн. Наманчлал бол биднийг Бурханд улам ойртуулдаг зүрх сэтгэл, оюун санааны өөрчлөлт юм. Нүглийг орхиж, уучлагдахын төлөө Бурхан руу эргэх нь наманчлал юм. Наманчлал нь Бурханыг хайрлах хайр, Түүний зарлигуудыг дуулгавартай дагах чин сэтгэлийн хүслээр өдөөгддөг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та наманчлалын талаар ямар туршлагатай болсон бэ? Өмнөх нүглийг ярилцалгүйгээр Тэнгэрлэг Эцэгт ойртоход чинь наманчлал хэрхэн тусалсан тухай та хэрхэн хуваалцаж болох вэ?

Зарим залуу эмэгтэй зохисгүй байдалтайгаа тэмцэж байгаа эсвэл ямар нэгэн буруу зүйл хийсэндээ гэмшдэг байж болох юм. Та тэдний асуудалд болгоомжтой хандаж, наманчлах хүсэлд нь тэдэнд туслахын тулд Сүнсийг хэрхэн урьж болох вэ?

Эдгээр судар болон бусад материалыг залбирч судал. Наманчлахад чинь юу сүнслэгээр нөлөөлсөн бэ?

Исаиа 1:18; Aлма 34:15–16; 36:6–24; С ба Г 1:32 (Бид наманчлалаар дамжуулан нүглээсээ уучлагдаж чадна)

Aлма 19:33 (Наманчлал зүрх сэтгэлийн өөрчлөлтийг авчирна)

Moзая 27:35; С ба Г 58:42–43 (Бид наманчлахын тулд гэмшиж, нүглээ орхих ёстой)

Дэйл Г.Рэнланд, “Бидний сайн хоньчин,” Ensign, 2017 оны 5-р сар, 29-32 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 15-17;

Дэйл Г.Рэнланд, “Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 120-124

Линда С.Рийвс, “Гэтэлгэлийн агуу төлөвлөгөө,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 78-81

Дийтр Ф.Угдорф, “Тэр таныг мөрөн дээрээ тавиад, гэртээ авчрах болно,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 88–91

“Наманчлал,”Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 28–29

Наманчлал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 133–136

Ариун журам,” Залуу эмэгтэйчүүдийн Хувийн хөгжил дэвшил эрхэмлэх чанарын туршлага 4

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч бусдыг итгэлээрээ үйлдэж, Өөрийн заадаг үнэнүүдээр амьдрахад урьдаг. Тэрбээр хүчирхэг туршлагуудаар дамжуулан суралцах боломжийг олгодог. Өдөр бүр наманчлахаас ирдэг хүч чадлыг залуу эмэгтэйчүүд амьдралдаа олж харахад туслахын тулд та юу хийж болох вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн зүйлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хэлэхэд урь. Энэ нь хувийн хөрвөлтөд тус дөхөм үзүүлэх бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамаатай болохыг олж харахад тусална.

Сургаалыг заа

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас ашигла эсвэл өөрийн санааг ашиглаарай.

  • “Зүрх сэтгэлийн өөрчлөлт” видео бичлэгийг үзүүл. Энэ залуу эрэгтэйн туршлагаас наманчлалын тухай залуу эмэгтэйчүүд юу сурч болох вэ?

  • Наманчлалын талаар асуухыг хүссэн асуултуудаа нэрээ тавилгүйгээр цаасан дээр бичихийг залуу эмэгтэйчүүдээс хүсээд, дараа нь цаасыг хурааж ав. Бишопоо ангидаа урьж авчран, эдгээр асуултанд хариулахыг хүс.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь өөрсдийнхөө амьдрал дахь наманчлалын ач холбогдлыг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд тусалж чадна. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Өвчнөөс эсвэл гэмтлээс эдгэрч байсан туршлагаа хуваалцахад нэгэн залуу эмэгтэйг урь. Ийнхүү эдгэрэх явц нь сүнслэгээр эдгэрэх явцтай юугаараа адил байдаг вэ? Ахлагч Дэйл Г.Рэнландын хэлсэн Бидний сайн хоньчин үгэнд Сайн Хоньчноос эдгэрлийг эрэлхийлэхэд урамшуулсан ямар сургаалыг залуу эмэгтэйчүүд олж мэддэг вэ? Бид эргэн тойрондоо буй хүмүүстээ үүн шиг халамжийг үзүүлэхийн тулд юу хийж болох вэ? 

  • Нэг залуу эмэгтэйг энэ тоймд санал болгосон үгийн нэг түүхийг хуваалцахад бэлдэж ирэхэд урь. Та бас үг хэлсэн хүн уг түүхийг хуваалцаж байгаа видео бичлэгээс үзүүлж болно. Түүхүүд бидэнд наманчлалын талаар юу зааж байна вэ? Үгсээс наманчлалын талаар дурдсан мэдэгдлүүдийг жижиг цаасан дээр тэмдэглэж ав. Залуу эмэгтэйчүүдийг нэг мэдэгдлийг сонгож, сурч мэдсэн зүйлээ эхлээд хамтрагчтайгаа, дараа нь ангийнхантайгаа хуваалцахад урь. Тэдэнд сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн, өөрчлөх хэрэгтэй гэж санагдсан зүйлсийнхээ талаар бодох цаг гаргаж өг.

  • Нэг залуу эмэгтэйгээс ангийн бусад гишүүнийг харж байхад ямар нэг зүйл нуухыг хүс. Өөр нэг эмэгтэйгээс нуусан зүйлийг нь олохыг хүс. Энэ жишээ Бурханаас нүглээ нуух гэж оролдох талаар юу зааж байна вэ? ( Aлма 39:8-ыг үзнэ үү). Бид Бурханаас нүглээ нууж чадахгүй талаар заадаг судрын ямар түүхийг залуу эмэгтэйчүүд хуваалцаж болох вэ? (Жишээ нь, Инох 1–2; 2 Самуел 11–12; Үйлс 5:1–11). Тэд мөн Линда С.Рийвс эгчийн “Гэтэлгэлийн агуу төлөвлөгөө” үгийн нэг түүхийг уншиж болно. Залуу эмэгтэйчүүдийг дараах асуултуудыг жижиг бүлгүүдэд хуваагдан ярилцахад урь. Хүмүүс ямар арга замаар нүглээ нуух гэж оролддог вэ? Бид нүглээ нууж чадахгүй гэдгийг хэн нэгнийг ойлгоход туслахын тулд та юу гэж хэлж болох вэ?

  • Итгэлдээ үнэнч байх нь, Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлууд болон Aлма 36:11–20-иос “Наманчлал” хэсгийг судлахад (хувиараа буюу ангиараа) залуу эмэгтэйчүүдийг урь. Дээрх сурах материалуудаас дуртай өгүүлбэрүүд эсвэл санаануудыг хуваалцаж, яагаад эдгээр нь чухал ач холбогдолтой болохыг тайлбарлахыг тэднээс хүс.

  • Наманчлалын тухай судрын нэг хэсгийг сонгож (энэ тоймд зөвлөмж болгосон гэхчилэн), судраас сурч мэдсэн зүйлээ өөрийн үгээр хураангуйлан дүгнэхэд залуу эмэгтэйчүүдийг урь. Өөрийгөө уучлагдаж чадахгүй гэж боддог хэн нэгэнд туслахын тулд тэд эдгээр судрыг хэрхэн ашиглаж болох вэ?

  • Хувийн хөгжил дэвшил номоос Зарчимч байдлыг эрхэмлэх чанарын туршлага дээр ажиллах цагийг залуу эмэгтэйчүүдэд гаргаж өг. Хэрэв тэд энэхүү эрхэмлэх чанарын туршлагыг аль хэдийн бөглөсөн бол үүнээс сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.

Өнөөдөр сурсан зүйлсээ хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Тэд наманчлалын сургаалыг сайн ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаалд илүү их цаг зарцуулах шаардлагатай байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь тэд:

  • Амьдралдаа дүгнэлт хийж, наманчилж, сайжруулах шаардлагатай ямар зүйлс байгааг ол.

  • Наманчилж, амьдралаа төгөлдөржүүлэх буюу сайн мэдээний зарчмуудаар амьдрахаа тууштай үргэлжлүүлэхийн тулд юу хийж болохоо хувийн тэмдэглэлдээ бичиж болно.

Дараагийн долоо хоногт тэд юу сурах талаар залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээ нь, тэд дараагийн долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншин, видео бичлэг үзэж, судар судалж болно.