Ирээд, Намайг дага
Би хэрхэн илүү тэвчээртэй байж сурах вэ?


Би хэрхэн илүү тэвчээртэй байж сурах вэ?

Тэвчээр гэдэг нь саатал, бэрхшээл, сөргөлдөөн буюу зовлонг уурлаж, бухимдахгүйгээр эсвэл сандрахгүйгээр тэсэж өнгөрөөх чадавхыг хэлдэг. Бурхан бидэнд өгсөн бүх амлалтуудаа биелүүлэх болно гэсэн итгэлтэйгээр, Түүний хүссэнийг хийхээр эрэлхийлж, Түүний цаг хугацааг хүлээн зөвшөөрснөөр бид тэвчээртэй байдлыг хөгжүүлж чадна. Бид жижиг зүйлүүдэд тэвчээртэй байж сурснаар том бэрхшээлүүдийг тэвчээртэйгээр даван туулахад өөрсдийгөө бэлтгэдэг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Танд ямар үйл явдлууд тэвчээрийн талаар зааж байсан бэ (маш том сорилт болон ноцтой бус бэрхшээлийн аль алиныг оролцуулан)? Таныг ийм бэрхшээлтэй цагт тэвчээртэй байхад юу тусалсан бэ?

Залуу эмэгтэйчүүд өнөөдрийн нийгэмд тэвчээрийг нь алдагдуулах ямар нөлөө бүхий зүйлстэй тулгарч байдаг вэ? Тэднийг тэвчээртэй байх мөн Их Эзэний цаг болон амлалтад найдах талаар сурахад нь та хэрхэн тусалж болох вэ? Хэрэв тэднийг тэвчээртэй байх юм бол тэдэнд ямар адислалууд ирэх вэ?

Залуу эмэгтэйчүүдэд ямар судар мөн хэлсэн үгс Христийнхтэй адил тэвчээртэй чанарыг хөгжүүлэхийг хүсэхэд нь туслах вэ?

Иов 1; 19:25–26 (Иовын жишээ)

Дуулал 37:7–9; Еврей 10:35–36; Moзая 23:21–22; Aлма 26:27; С ба Г 24:8 (Тэвчээртэй тэдэнд адислалууд ирдэг)

Ром 5:3; Иаков 1:3–4 (Итгэлийн маань сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг)

Мозая 3:19 (Эгэл хүнээ орхихын тулд бас тэвчээртэй болох хэрэгтэй)

Дийтр Ф. Угдорф “Тэвчээрээр үргэлжлүүл,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5 сар, 56–59; мөн түүнчлэн “Тэвчээрээр үргэлжлүүл” видео бичлэгийг үзнэ үү.

Робэрт Д. Хэйлс “Эзэнийг хүсэн хүлээ: Таны хүсэл биелэг,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11 сар, 83–86

Робэрт С. Өүкс “Тэвчээрийн хүч чадал,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11 сар, 15–17

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч бүхий л нөхцөлд өөрийн жишээгээр заадаг байсан. Өөрийг нь дагах тэдэнд ч мөн хавчих тэдэнд ч гэсэн Тэрээр тэвчээр болон удаан хугацааны тэсвэрийг үзүүлсэн. Та заадаг хүмүүстээ тэвчээртэй хандсанаараа тэднийг илүү тэвчээртэй байхад суралцахад нь хэрхэн тусалж болох вэ?

Зураг

Видео бичлэг: “Заахад бэлтгэ”

Бусад видео бичлэгүүдийг үзнэ үү

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой:

  • Хичээлийн эхэнд байгаа догол мөрийг уншаад тэвчээртэй байдлын жишээг харуулсан судар дахь хэн нэгэн хүний талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс (Иаков ба Рахел [Эхлэл 29:10–30], Ханна [1 Самуел 1:2–20] эсвэл цус алддаг өвчтэй нэгэн эмэгтэй [Maтай 9:20–22-ыг үзнэ үү] гэх мэт). Тэднээс эдгээр жишээнүүд нь тэвчээртэй байдлын талаар юу зааж байгааг асуу.

  • Энэ тоймын эхэнд байгаа догол мөрийг уншаад тэдний амьдралд тэвчээр шаардагдах ямар нөхцөл байдлууд гарч болох талаар залуу эмэгтэйчүүдийг хуваалцахыг хүс (гэр бүлийн амьдрал, боловсрол мэргэжил, гэрлэлт, ээж болох гэх мэт). Амьдралдаа тэвчээр үзүүлэх хэрэгтэй байсан тэр үеийг тань төлөөлөх хэд хэдэн зүйлсийг тэдэнд үзүүл (жишээлбэл, коллежийн диплом, хуримын бөгж, эсвэл номлогчийн нэрийн тэмдэг гэх мэт). Уг зүйлс нь тэвчээртэй ямар хамааралтай талаар залуу эмэгтэйчүүдээр таалгаад, дараа нь туршлагаасаа хуваалц.

Хамтдаа суралц

Тэвчээртэй байх нь яагаад чухал болохыг залуу эмэгтэйчүүдэд ойлгуулахад танд дараах үйл ажиллагаанууд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Иовын талаар цөөн хэдэн асуултыг самбар дээр бич (Иов ямар хүн байсан бэ? Түүний тэвчээрийг юу шалгасан бэ? Тэр бидэнд тэвчээрийн талаар юу зааж байна вэ?) Иов 1; 19:25–26-г ангиараа уншаад, эдгээр асуултын хариултын талаар ярилц. Залуу эмэгтэйчүүд илүү тэвчээртэй байхад нь тусалж болох ямар зүйлийг Иовын жишээнээс сурч байна вэ? Аврагчид итгэх итгэл нь тулгарсан бэрхшээлээ тэвчээртэйгээр даван туулахад түүнд хэрхэн тусалсан бэ?

  • Ахлагч Робэрт С. Өүксийн “Тэвчээрийн хүч чадал” хэлсэн үгээс нэгэн эцгийн тэвчээрийн талаарх түүхийг хуваалцаад, тэвчээртэй холбоотой өөр ямар нэг түүх байвал хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь. Тэдэнд хэрэгтэй гэж бодож байгаа уг хэлсэн үгийн богино хэсгийг залуу эмэгтэй бүрд өгөөрэй. Түүнийг уншин, ангийнхандаа дүгнэн ярихыг хүсээрэй. Их Эзэнд болон Түүний цаг хугацаанд итгэх урам төрүүлэх ямар зүйлийг залуу эмэгтэйчүүд энэ хэлсэн үгээс сурч байна вэ? Бидэнд тэвчээргүй байдаг ямар шалтгаанууд байдаг вэ? Бид энэ байдлаа хэрхэн ялан дийлж чадах вэ?

  • Ангиараа ахлагч Робэрт Д. Хэйлсийн “Эзэнийг хүсэн хүлээ: Таны хүсэл биелэг” хэлсэн үгийн 9-17 дугаар догол мөрүүдийг уншихдаа “Их Эзэнийг хүлээнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?” хэмээх асуултын хариултыг эрэлхийлээрэй. Илүү ойлголт авахын тулд ахлагч Хэйлсийн эш татсан судруудыг уншиж, эдгээр судрууд тэвчээрийн талаар юу зааж байгаа талаар хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь. Залуу эмэгтэйчүүд итгэл найдвараа алдаж буй хэн нэгэнд туслахын тулд ахлагч Хэйлсийн үгс болон эдгээр судруудыг хэрхэн ашиглаж болох вэ?

  • Самбар дээр “Тэвчээр” болон “Тэвчээргүй байдал” гэсэн гарчгуудыг бич. Залуу эмэгтэй бүрд энэхүү тоймд санал болгосон тэвчээрийн тухай судруудаас нэгийг өгнө. Оногдсон судруудаа ээлжлэн уншаад, түүнд гарч байгаа захиасын талаар ярилцаж, мөн тэвчээртэй байдлаас ирэх адислал ба тэвчээргүй байдлын үр дагаврын талаар судруудад заасан зүйлсийг самбар дээр бичихэд ангийнхныг урь. Тэд өөр ямар адислал болон үр дагавруудыг уг жагсаалт дээр нэмж бичиж болох вэ? Тэвчээр шаардах нэг нөхцөл байдлыг цаасан дээр бичихэд залуу эмэгтэй бүрийг урь (ноцтой бэрхшээл төдийгүй, өдөр тутмын бухимдал хийгээд төвөгтэй байдлыг ч бас багтаахад тэднийг урамшуул). Цаасаа өөр нэгэн залуу эмэгтэйтэй солилцож, тэвчээр үзүүлэх талаар хариулт бичээд, өөрийн бичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

  • “Тэвчээрээр үргэлжлүүл” видео бичлэгийг үзүүлэн, уг бичлэгээс тэвчээрийн талаар сурсан зүйлээ ярилцахад залуу эмэгтэйчүүдийг урь. Залуу эмэгтэйчүүдэд тэвчээр алдах ямар нөхцөл байдлууд тохиолддог вэ? Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Тэвчээрээр үргэлжлүүл” хэлсэн үгийн нэг хэсгийг залуу эмэгтэй бүрд уншуулахаар өгөн, уншсан хэсгээсээ сурсан зүйлээ ангийнхандаа дүгнэн хэлж өгөхийг тэднээс хүс. Ерөнхийлөгч Угдорфын зөвлөгөө залуу эмэгтэйчүүдэд илүү тэвчээртэй байхад нь хэрхэн туслах вэ?

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсээ хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэд хэрхэн илүү тэвчээртэй болох талаар ойлгож мэдэж байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээлбэл, тэд:

  • Ирэх долоо хоногт гэр бүлийнхэндээ илүү тэвчээртэй хандаж болно.

  • Ундууцаж цухалдмаар нөхцөлд тэвчээргүй байдлаа хурдан хянаж чадахад туслах арав хүртэл тоолох, сүмийн дуулал дуулах гэх мэт арга замуудын жагсаалт гаргаж болно.

Залуу эмэгтэйчүүдтэй дараагийн долоо хоногт юу сурах талаар нь хуваалцаарай. Тэдэнд энэ сэдвийн талаар ямар бодол, мөн асуултууд байна вэ? Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл: Тэд ирэх долоо хоногийн хичээлтэй холбоотой хэлсэн үгийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Хэвлэх