Ирээд, Намайг дага
Би хэрхэн Христийн адилаар бусдад үйлчилдэг болох вэ?


Би хэрхэн Христийн адилаар бусдад үйлчилдэг болох вэ?

Есүс Христ Өөрийн эргэн тойрон дахь хүмүүсийг хэрхэн хайрлаж мөн тэдэнд үйлчлэх төгс жишээг үзүүлсэн юм. Бид баптисм хүртэхдээ бусдад үйлчлэхээр амладаг. Бид гэр бүлийнхээ гишүүдэд туслах, бусадтай сайн мэдээг хуваалцах, өдөр тутмын энгийн найрсаг үйлдлийг гүйцэтгэх гэх мэт олон арга замаар Аврагчийн адилаар бусдад үйлчилж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та Христ бусдад хэрхэн үйлчилсэн талаар судруудаас юу сурч байсан бэ? Та Христтэй адил бусдад үйлчилснээр хэрхэн адислагдаж байсан бэ? Та Аврагчийн үйлчлэлийн жишээг хэрхэн дагадаг вэ?

Залуу эмэгтэйчүүдэд бусдад үйлчлэх ямар боломжууд байдаг вэ? Тэдний бусдад үйлчилж байгааг та хэзээ харж байсан бэ? Тэд ямар туршлагуудыг нэг нэгэнтэйгээ хуваалцаж чадах вэ? Залуу эмэгтэйчүүд гэр бүлдээ илүү их үйлчлэхийг эрэлхийлэх үед тэдэнд хэрхэн нөлөөлж болох вэ?

Бусдад Христтэй адил үйлчлэхийн ач холбогдлыг ойлгоход ямар судар, материалууд залуу эмэгтэйчүүдэд туслах вэ?

Матай 14:13–21; Иохан 9:1–7; 13:4–5, 12–17; 1 Нифай 11:31; 3 Нифай 17:5–9 (Есүс Христийн бусдад үйлчилж байгаа жишээнүүд)

Матай 20:27 (Тэргүүнд байгаа нь боол хэмээн Аврагч дагалдагчдадаа заасан)

Maтай 25:31–46 (Бид бусдад үйлчлэх үедээ Бурханд үйлчилж байдаг)

Лук 10:25–37 (Сайн самари хүн; түүнчлэн “Сайн самари хүний сургаалт зүйрлэл” Библийн видео бичлэгийг үзнэ үү).

Иохан13:34–35 (Бид Аврагчтай адил хайрлах ёстой)

Moзая 2:17 (Хаан Бенжамин бусдад үйлчлэх үедээ бид Бурханд үйлчилдэг хэмээн заасан)

Чэрил А.Эсплин, “Их Эзэн биднийг Өөрийнх нь мутар болоосой хэмээн хүсдэг,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60–63

Майкл Т.Рингвүд, “Үнэхээр сайн бөгөөд заль мэхгүй,” Ensign  эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 46-49

Томас С.Монсон, “Бид хэзээ ч ганцаараа алхдаггүй,Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141-144.

Үйлчлэл,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 32–33

Аврагчийн арга барилаар заах нь

Есүс Христ дэлхий дээрх тохинууллынхаа туршид эргэн тойрондоо байгаа хүмүүст үйлчлэн туслахад Өөрийн цагийг зарцуулдаг байсан. Христийн үнэн дагалдагчид мөн ийн үйлддэг. “Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно” (Иoхан 13:35) хэмээн Аврагч хэлсэн билээ. Та залуу эмэгтэйчүүдэд зааж байхдаа бусдад хэрхэн үйлчилсэн мөн ямар зүйл тэдэнд үйлчлэл хийх урам өгсөн талаар хуваалцахад урих боломжуудыг эрж хайгаарай.

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой.

  • Иохан 13:34–35-ыг уншихад залуу эмэгтэйчүүдийг уриад, Сайн мэдээний зургийн цуглуулгаас юм уу Сүмийн сэтгүүлүүдээс Аврагчийн эсвэл өөр бусдын хайр бүхий үйлчлэл үзүүлж байгааг харуулсан зураг олохыг тэднээс хүс. Ангийнхандаа зургаа үзүүлээд, уг зургаас Христийн адил үйлчлэл үзүүлэх талаар сурсан зүйлээ тайлбарлахад урь.

  • Бусдад (ялангуяа гэр бүлийнхээ гишүүдэд) саяхан үйлчилсэн туршлагаасаа хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь. Тэдэнд энэхүү үйлчлэл ямар нөлөө үзүүлсэн бэ? Бусдад ямар нөлөө үзүүлсэн бэ?

  • Залуу эмэгтэйчүүдээс тэд хэцүү цаг үед бие махбодоороо аврагдаж байсан эсэхийг нь асуу. Тусалсан хүнийх нь талаар тэдэнд ямар мэдрэмж төрсөн бэ? “Тусламж хэрэгтэй тэдгээрийг аврах нь” видео бичлэгийг үзээд, залуу эмэгтэйчүүдийг Аврагчийн нэгэн адил бусдад үйлчлэх талаар ерөнхийлөгч Монсоноос юу сурснаа ярилцахад урь.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь Христийнхтэй адил үйлчлэлийг үзүүлэх хүсэлтэй болоход нь залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.

  • Чэрил А.Эсплин Их Эзэн биднийг Өөрийнх нь мутар болоосой хэмээн хүсдэг хэмээх хэлсэн үгэндээ залуу эмэгтэйчүүдийг “бусдыг таньж мэдэн, үйлчлэхээр чармайдаг нэгэн болох буюу толинд харахаа болиод, цонхоор хар”-хын тулд хүн нэг бүрд хүрч үйлчлэхийг уриалсан залуу эмэгтэйчүүдийн нэгэн удирдагчийн тухай түүхийг ярьжээ. Залуу эмэгтэйчүүдийг энэ зарчмыг ойлгоход нь туслахын тулд хэлсэн үгэнд дүрслэн өгүүлсэн үйл ажиллагааг хий. Үүнийг хийхдээ толь, цонхны хүрээг төлөөлүүлж болох ямар нэг зүйлийг ашиглаж болно. Бид яагаад үйлчилж байхдаа өөрсдөдөө биш, бусдад анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж залуу эмэгтэйчүүд бодож байна вэ? Та түүнчлэн залуу эмэгтэйчүүдийг Эсплин эгчийн үгийнхээ төгсгөлд асуусан дөрвөн асуултын хариултыг тунгаан бодоод, бичиж авахад урьж болно.

  • Хүмүүсийн үйлчлэл хийх хүслийг төрүүлдэг шалтгаануудыг бодож үзэхийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Самбар дээр жагсаалт гаргаж, чухам аль шалтгаан нь Христийнхтэй адил, аль нь дэлхийнх болохыг олж тогтоо. Ахлагч Майкл Т.Рингвүдийн “Үнэхээр сайн бөгөөд заль мэхгүй” хэлсэн үгийг дахин уншаад, Христийнхтэй адил шалтгаануудын талаар тэр юу гэж зааж байгааг олж мэдэхийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Залуу эмэгтэйчүүд судруудаас эсвэл өөрсдийнхөө хувийн туршлагуудаас Христийнхтэй адил үйлчлэл үзүүлдэг хүмүүсийн ямар жишээнүүдийг бодож олж чадах вэ? Өөрсдөд нь Христийнхтэй адил үйлчлэл үзүүлсэн хүмүүст талархлын зурвас бичих цагийг залуу эмэгтэйчүүдэд гаргаж өг.

  • Аврагчийн амьдралын үйлчлэлийн талаарх судрыг (энэ хичээлд санал болгосон судрууд гэх мэт) залуу эмэгтэй бүрд хуваарилан уншуулж, мөн ангийнхандаа уг түүхийг дүгнэн, Аврагч бусдад хэрхэн үйлчилж байсныг тайлбарлахыг тэднээс хүс. Үйлчлэл үзүүлнэ гэдэг нь юу гэсэн үг болох талаар Аврагчийн жишээ юу зааж байна вэ? Христийнхтэй адил үйлчлэлийг гэр бүлдээ үзүүлж болох арга замуудыг бодоход залуу эмэгтэйчүүдийг урь.

  • Залуу эмэгтэйчүүдээс “Сайн самари хүний сургаалт зүйрлэлээр Аврагч юуны тухай зааж байсан бэ?” гэж асуу. Ангиараа Лук 10:25–37-р шүлгээс сайн самари хүний сургаалт зүйрлэлийг унш (эсвэл “Сайн самари хүн” видео бичлэгийг үзнэ үү). Христийнхтэй адил бусдын үйлчлэлээр адислагдаж байсан үеүдийнхээ талаарх түүхээс хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь. Бидэнд яагаад заримдаа бусдад үйлчлэхэд хэцүү байдаг вэ (тахилч ба леви хүний адил)? Залуу эмэгтэйчүүдэд сайн самари хүнтэй адил “явж” мөн “үйлдэх” ямар боломжууд байдаг вэ?

  • Залуу эмэгтэйчүүдийг ерөнхийлөгч Монсоны Бид хэзээ ч ганцаараа алхдаггүй хэмээх хэлсэн үгэнд дурдагддаг Тиффанигийн түүхийг уншихад урь. Энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэг юм уу хэд хэдийг үзүүл. Хэлсэн үгэнд дурдагддаг үйлчлэлийн үйлдлүүдээс аль нь залуу эмэгтэйчүүдэд гүн сэтгэгдэл төрүүлж байна вэ? Хэлсэн үг, видео бичлэгүүд дээр гарч буй хүмүүс бусдад үйлчлэх хэрэгтэй гэдгээ хэрхэн олж мэдсэн бэ? Залуу эмэгтэйчүүдэд өөрсдийнхөө харж байсан үйлчлэлийн иймэрхүү өөр жишээний талаар бодож, хуваалцах боломжийг олгоорой. Тэднийг эдгээр жишээн дээр суралцсаныхаа дараа юу хийхээр өдөөгдөж байгаа тухайгаа хуваалцахад урь.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсээ хуваалцахыг хүс. Тэд Христийнхтэй адил үйлчлэлийг хэрхэн үзүүлэхийг ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:

  • Хувийн хөгжил дэвшил номоос Сайн үйлс эрхэмлэх чанарын туршлагуудын аль нэгийг хийн, юу хийснээ дараагийн хичээл дээр тайлагнаж болно.

  • Хувиараа эсвэл Мючелийн үйл ажиллагаа болгож, үйлчлэлийн бяцхан үйлийг төлөвлөн, хийж гүйцэтгэж болно.

Дараагийн долоо хоногт юу сурах талаар нь залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Тэдэнд энэ сэдвийн талаар ямар бодол, асуулт байна вэ? Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой хэлсэн үгийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.