Ирээд, Намайг дага
Би Христийнхтэй адил хайрыг хэрхэн хөгжүүлж чадах вэ?


Би Христийнхтэй адил хайрыг хэрхэн хөгжүүлж чадах вэ?

Христийн цэвэр хайр буюу энэрэл нь хамгийн дээд, эрхэм, бат бэх хайр бөгөөд бодгальд хамгийн их баясгаланг авчирдаг юм (1 Нифай 11:23-ыг үзнэ үү). Есүс Христ энэрлийн төгс жишээ мөн. Тэрээр мөнх бус амьдралынхаа тохинууллын үед ядуу, зүдэрсэн, зовсон хүмүүсийг өрөвдөн, “сайныг үйлдэн явдаг байсан” (Maтай 4:23; Үйлс 10:38-ыг үзнэ үү). Бид Христтэй адил хайрладаг болохын тулд үүнийг эрэлхийлж, үүний төлөө залбирч мөн өөрсдийн бодол, үг яриа, үйл хөдлөлд Аврагчийн жишээг дагах ёстой.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Өөр бусад хүн хэзээ Христийнхтэй адил хайрыг танд үзүүлж байсан бэ? Энэ нь танд ямар нөлөө үзүүлсэн бэ? Та хэзээ Христийнхтэй адил хайрыг мэдэрсэн бэ? Та бусдыг хайрлах Христийнхтэй адил хайрыг хэрхэн өөртөө хөгжүүлдэг вэ?

Христтэй адил хайрладаг гэдгээ харуулах ямар боломжууд залуу эмэгтэйчүүдэд байдаг вэ? Христтэй адил бусдыг хайрлаж сурах нь тэдэнд яагаад чухал вэ?

Христтэй адил энэрэх сэтгэлтэй болоход нь залуу эмэгтэйчүүдэд ямар судар болон бусад материал туслах вэ?

Эхлэл 45; Лук 23:33–34; Алма 61:9 (Хайраа үзүүлсэн хүмүүсийн жишээнүүд)

Левит 19:18 (Хөршөө өөрийн адил хайрла)

1 Самуел 16:7 (Эзэн хүмүүний зүрхийг хардаг)

Иохан 15:9–13 (Христ бидний төлөө амиа өгснөөр хайраа харуулсан)

1 Иохан 4:7–11, 18–21 (Бурхан бол хайр юм)

Moзая 4:16 (Халамжаар гачигдах тэднийг та нар өөрсдөө халамжил)

3 Нифай 12:44 (Дайснуудаа хайрла)

Моронай 7:45–48 (Энэрэл нь Христийн цэвэр хайр юм; энэ хайраар дүүргэгдэхийн төлөө залбир)

Томас С.Монсон, “Нинжин сэтгэл, энэрэл, хайр,” Ensign,  2017 оны 5-р сар, 66–67 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 55–56

Дийтр Ф.Угдорф, “Төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна,” Ensign, 2017 оны 5-р сар, 104–107 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92–96

Томас С.Монсон, “Хайр бол сайн мэдээний үндсэн зарчим,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 5-р сар, 91–94

Даллин Х.Өүкс, “Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй хамт амьдрах нь,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 11-р сар, 25-27

Энэрэл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 27–29

Аврагчийн арга барилаар заах нь

Бүх л нөхцөл байдалд Аврагч дагалдагчдадаа үлгэр жишээ мөн багш нь байсан. Заадаг залуу эмэгтэйчүүддээ Христийнхтэй адил зан чанаруудын үлгэр жишээ болохын тулд та юу хийж чадах вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой.

  • Цөөн жижиг цаасан дээр “Би _____________үедээ хэн нэгний хайрыг хамгийн ихээр мэдэрч байсан” гэж бич. Уг жижиг цаасаа хичээл эхлэхээс өмнө залуу эмэгтэй бүрд тарааж өгөөд, хоосон зайн дээр нь юу гэж бичих талаараа бодохыг тэднээс хүс. Хичээлийг эхлүүлж, бодлоо хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь.

  • Залуу эмэгтэйчүүдээс “Бие биенээ хайрла” (Hymns) дууг дуулахыг хүс. Энэ дууллын үгс тэдний хувьд ямар утга учиртай болох талаар хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь Христийнхтэй адил хайрыг өөрсдөдөө хөгжүүлэхэд суралцахад нь залуу эмэгтэйчүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.

  • Есүс Христийн бидний төлөө хийсэн бүх зүйл биднийг болон Эцэгээ хайрлах төгс хайраас нь үүдэлтэй байсан. Бид хэрхэн айснаас биш харин Аврагчийн адил төгс хайрын улмаас дуулгавартай байх чадвараа хөгжүүлж болох вэ? Ангийг хоёр бүлэгт хувааж, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн “Төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна” үгийг судлахад урь. Нэг бүлэгт “Айдас бол хүчээр нөлөөлөх арга барил,” “Айдастай холбоотой асуудал,” харин нөгөө бүлэгт “Илүү сайн арга зам,” “Төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна” хэсгийг тус тус оноож өгөн, сурсан зүйлсээ хуваалцахад урь. Залуу эмэгтэйчүүдэд дараах асуултын талаар бодол санаагаа бичих цаг гаргаж өг. Тухайлбал: Бид айснаасаа болж ямар байдлаар зарим зүйлийг хийдэг вэ? Би Христийнхтэй адил хайрыг өөртөө хөгжүүлэхийн тулд юу хийж болох вэ? Сурсан зүйлээрээ дамжуулан би юуг өөрчлөхийг хүсэж байна вэ?

  • Ангид нинжин сэтгэл, энэрэл, хайр  зэрэг үгийн аль нэгийг дээд талд нь бичсэн цааснууд авчир (нэг залуу эмэгтэйд нэг цаас байхаар). Залуу эмэгтэй бүрд нэг цаас өгөөд, тэднийг ерөнхийлөгч Томас С.Монсоны “Хайр бол сайн мэдээний үндсэн зарчим” ба “Нинжин сэтгэл, энэрэл, хайр” хэлсэн үгнээс дээрх үгсийн талаар өгүүлсэн эшлэл эсвэл түүхийг хайж олоход урь. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Бидэнд ангиараа илүү нинжин сэтгэлтэй, энэрэнгүй, хайраар дүүрэн болох ямар ямар боломж байдаг вэ?

  • Залуу эмэгтэйчүүдийг Иохан 15:9–13; 1 Иохан 4:7–11, 18–21; мөн Моронай 7:47–48-ыг уншихад урь. Залуу эмэгтэйчүүд Христийнхтэй адил хайрыг өөрсдөдөө хэрхэн хөгжүүлэх талаар эдгээр шүлгээс юу сурсан бэ? “Христийн цэвэр хайр” гэсэн үг тэдний хувьд ямар утгатай вэ? Залуу эмэгтэйчүүдийг Аврагчийн хайрыг харуулсан судрын түүхүүдийг олоход урин, тэдгээр түүхээ нэг нэгэнтэйгээ хуваалцахыг хүс. Бид хэрхэн Аврагчийн жишээг дагаж чадах вэ? Тэд мөн энэ тоймд орсон аль нэгэн түүхийг ярилцах юм уу өөрсдөө эсвэл өөрсдийн нь таних хэн нэгэн Христийнхтэй адил хайрын үйлдлээр адислагдаж байсан жишээг хуваалцаж болно.

  • Судрын дараах эшлэлүүдийг самбар дээр бич. Үүнд: Мозая 4:16 болон Левит 19:18. Ангиа хоёр хэсэг болгон хувааж, хэсэг бүрд судрын захиасуудаас нэгийг оноо. Оногдсон шүлэгт буй зарлигуудыг олж, уг зарлигийн товч утгыг самбар дээрх судрын эшлэлийн хажууд бичихийг залуу эмэгтэйчүүдэд хэлж өг. Тэдэнд гэр, сургуульдаа болон орон нутагтаа эдгээр зарлигийг дагах ямар боломжууд байдаг вэ? Тэдэнд эдгээр зарлигийг сахихад юу саад болж болох вэ? Бид эдгээр саад бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ? Залуу эмэгтэйчүүдийг “Дээрэлхэж, танхайрахаа зогсоо” видео бичлэгийг үзэхэд, мөн үүнтэй адил нөхцөл байдалтай тулгарсан үедээ эдгээр зарлигийн дагуу амьдрахын тулд хийж чадах зүйлүүдээ хэлэлцэхэд урь.

  • Ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн “Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй зэрэгцэн амьдрах нь“ үгийг унш, үз эсвэл сонс. Залуу эмэгтэйчүүдээс хэцүү нөхцөл байдалд орсон хүмүүсийг хайрлахад туслах зөвлөгөөг хайж олохыг хүс. Өөрсдийг нь ялгаварлан гадуурхаж эсвэл гомдоосон хэн нэгнийг хайрласан судар дээрх хүмүүсийн жишээг судалснаар залуу эмэгтэйчүүд өөр юу сурч авах боломжтой вэ? Боломжит жишээнүүдэд Аврагч (Лук 23:34-ийг үзнэ үү), Египет дэх Иосеф (Эхлэл 45-ыг үзнэ үү), эсвэл Пахоран (Алма 61:9-ийг үзнэ үү) орно. Залуу эмэгтэйчүүдийг өөрсдийнхөө дургүй байдаг хэн нэгний талаар мөн тэр хүнд Христийнхтэй адил хайрыг хэрхэн үзүүлж болох арга замын талаар чимээгүй тунгаан бодоход урь.

  • Энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үз. Эдгээр видео бичлэгээс Христийнхтэй адил хайрын талаар залуу эмэгтэйчүүд юу сурч байна вэ? Хэн нэгний үйлчлэл Аврагчийн хайрыг мэдрэхэд нь тусалсан жишээг хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Уг жишээ тэдэнд Есүс Христийн талаар юу заасан бэ? Их Эзэний хайрыг мэдрэх хэрэгтэй байж болох өөрсдийн таних хэн нэгнийг бодож олоход залуу эмэгтэйчүүдийг урь. Тэд уг хүнд туслахын тулд юу хийж чадах вэ?

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсээ хуваалцахыг хүс. Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэд Христийнхтэй адил хайрыг хэрхэн хөгжүүлэхийг ойлгож байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:

  • Өөрсдийн дургүй хэн нэгэнд хайраа үзүүлж эсвэл тэдний төлөө залбирч болно.

  • Онцгой анхаарал эсвэл тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд хайраа үзүүлж болно (Сайн үйлс эрхэмлэх чанарын 3, 5 болон 6-р туршлагууд, Хувийн хөгжил дэвшил, 54–55).

Дараагийн долоо хоногт юу сурах талаар нь залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Тэдэнд энэ сэдвийн талаар ямар бодол, асуулт байна вэ? Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараагийн долоо хоногийн хичээлтэй холбоотой хэлсэн үгийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.