Ирээд, Намайг дага
Сион гэж юу вэ?


Сион гэж юу вэ?

Их Эзэн бидэнд “Сионы ашиг сонирхлыг авчирч мөн төлөвшүүлэхийг эрэлхийлэгтүн” хэмээн зарлигладаг (С ба Г 6:6). Сион гэдэг нь нэг зүрх сэтгэл, нэг оюунтай зөв шударга байдалд оршин суудаг Их Эзэний хүмүүс юм. Бид гэр орон, тойрог, салбар, хамт олныхоо эв нэгдэл, сүнслэг байдлыг хөгжүүлснээр Сионыг байгуулж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та амьдрал дээр болон гэр бүлдээ Сионы зарчмуудаар амьдрахын тулд хэрхэн хичээдэг вэ? Та гэр бүлдээ эсвэл тойрогтоо хэзээ нэгдмэл байдлын сүнсийг мэдэрсэн бэ?

Залуу эмэгтэйчүүд эгч дүүгийн хувьд нэгдмэл байдаг уу? Тэд Сионыг байгуулахын тулд юу хийж чадах вэ? Тэд ямар саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй вэ?

Эдгээр судар, материалыг залбирч судал. Залуу эмэгтэйчүүд Сионы ашиг сонирхлыг хэрхэн төлөвшүүлэх талаар суралцахад нь юу тусална гэж та бодож байна вэ?

Moзая 18:21; С ба Г 38:26–27 (Бид нэгдмэл байдлыг эрэлхийлэх ёстой)

1 Нифай 13:37; С ба Г 6:6 (Сионыг урагш авчрахаар эрэлхийл)

4 Нифай 1:1–18 (Нифайчууд болон леменчүүд Сион мэт хамтдаа амьдарч байв)

С ба Г 97:21; Mосе 7:18 (Сион гэж юу вэ?)

Бэнжамин Дэ.Хоёс, ”Бидний гэрэл үндэстнүүдийн хувьд жишиг байж болохын тулд,” Ensign, 2017 оны 5-р сар, 124-126 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 116-118

Жэффри Р.Холланд, “Дуулсан ба дуулаагүй дуунууд,” Ensign, 2017 оны 5-р сар, 49-51 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34–36

Д.Тодд Кристоффэрсон, “Сионд ирэгтүн,” Ensign эсвэл Liahona, 2008 оны 11-р сар, 37–40

Бонни Л.Оскарсон, “Эгч дүүс: Ай, бид нэг нэгэндээ хэчнээн их хэрэгтэй билээ,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 5-р сар, 119–121

Сион,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 189–190

“Сионы эгч нар,Hymns, д. 309

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч нөхцөл байдал бүрд шавь нартаа үлгэр жишээ үзүүлэн, тэдний сургагч багш байсан. Тэрээр тэдэнд Өөрийн амьдралын хэв маягийн дагуу амьдрахыг заасан. Таны хайр болон нэгдмэл байдлын үлгэр жишээ Сион руу тэмүүлж амьдрах залуу эмэгтэйчүүдийн хүсэл эрмэлзэлд хэрхэн нөлөөлөх вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах мөн гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой.

  • “Сион” гэж самбарт бичээд, Сионы талаар бодоход санаанд нь юу орж ирдгийг залуу эмэгтэйчүүдээс асуу. Итгэлдээ үнэнч байх нь судрын заалтын 173-р хуудсыг уншиж, гаргасан тодорхойлолт дээрээ нэмэхэд урь. Сионыг байгуулахад эмэгтэйчүүд бидний үүрэг юу вэ?

  • Сион эсвэл нэгдмэл байдлын тухай дууг хамтдаа дуул. Энэ дуулал дахь Сионы талаар зааж буй үг, хэллэгийг олохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Сион шиг гэр бүл, тойрог, хамт олныг бий болгоход тэдний үүрэг юу байж болох талаар хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урамшуул.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр залуу эмэгтэйчүүдэд Сион гэж юу болохыг ойлгоход туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Ахлагч Жэффри Холланд “Дуулсан ба дуулаагүй дуунууд” хэлсэн үгэндээ Сүмийг найрал дуутай юугаараа адил болох талаар бидэнд юу заасан бэ? Ахлагч Холландын зүйрлэлийг залуу эмэгтэйчүүдэд ойлгуулахын тулд найрал дуунд дуулдаг нэг ба хэд хэдэн хүнийг урьж, найрал дуунд дуулах нь Бурханы хаант улсын онцгой хэрэгцээг ойлгоход тэдэнд хэрхэн тусалдаг талаарх санаа бодлыг хуваалцуул. Бидний дунд багтах газаргүй мэт санагдаж буй тэр хүмүүсийг өөрсдийн анги, Залуу эмэгтэйчүүдийн бүлэг эсвэл тойрогтоо “суудал” гарган оруулснаар бид Сионыг хэрхэн барьж байгуулж болох вэ? Ахлагч Холланд үүнийг хийхэд туслах ямар зөвлөмжийг бидэнд өгсөн бэ? 

  • Ахлагч Бэнжамин Дэ.Хоёс “Бидний гэрэл үндэстнүүдийн хувьд жишиг байж болохын тулд” хэлсэн үгэндээ: “Сионыг байгуулж, Израилийг цуглуулах энэ гайхалтай цаг үед ямар зүйлсийг хийх ёстой вэ? гэж асуусан. Энэ асуултын хариултыг олоход залуу эмэгтэйчүүдэд туслахын тулд ахлагч Хоёсын хэлсэн үгийн сүүлийн 11 догол мөрийг уншихыг тэднээс хүсэж болно. Бид ахлагч Хоёсын хуваалцсан гурван арга замаар Сионыг хэрхэн илүү сайн байгуулж чадах вэ? 

  • Ангиараа С ба Г 38:27 мөн Moсе 7:18-ыг унш. Нэг зүрх, нэг оюунтай байна гэж юу гэсэн үг вэ? Сионыг байгуулахад нэгдмэл байх нь яагаад чухал вэ? Энэ тойм дээрх Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс нэгийг сонгож, залуу эмэгтэйчүүдэд тарааж өгөөд, тэднээс Залуу эмэгтэйчүүдийн ангийн хувьд гэр бүлдээ илүү эв нэгдэлтэй байхад туслах зарчмуудыг олохыг хүс. Олсон зарчмуудаа самбар дээр бичихэд урь. Ямар саад бэрхшээлүүд залуу эмэгтэйчүүдийг нэгдмэл байхаас холдуулдаг вэ? Тэд эдгээр бэрхшээлийг хэрхэн даван туулж чадах вэ? Гэр бүлийнхээ нэгдмэл байдлыг өсгөхийн тулд эдгээр зарчмаас нэгийг нь хэрэгжүүлэх хувийн зорилго тавихад залуу эмэгтэйчүүдийг уриал. Ангиараа нэгдмэл байх тал дээр адилхан зорилго тавихын төлөө хамтран ажилла.

  • Ангиараа ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Сионд ирэгтүн” хэлсэн үгийн эхний таван догол мөрийг уншиж, “Вавилоноос зугтаж Сионд ирэх гэдэг нь юу гэсэн үг вэ?” гэсэн асуултын хариултыг ол. Ангиа гурван бүлэг болгоод, бүлэг бүрийг уг хэлсэн үгийн “Нэгдмэл байдал”, “Ариун байдал”, “Ядуусыг энэрэх” хэсгүүдээс уншуулахаар хуваарил. Одоо гэртээ болон ирээдүйн гэр орондоо Сионыг байгуулахын тулд эдгээр зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө юу хийж чадах талаар бүлгээрээ ярилцахыг хүс. Ярилцсан зүйлсээ ангийн бусад гишүүнтэй хуваалцахад урь.

  • Ангийг хоёр бүлэг болгон хуваа. Нэг бүлгээс Moзая 18:21  ба Сургаал ба Гэрээ 97:21-ийг уншихыг, нөгөө бүлгээс Сургаал ба Гэрээ 38:27 ба Moсе 7:18-ыг уншиж ярилцахыг хүс. Судраас суралцсан зүйлсээ ангийн бусад гишүүнд заахдаа үзүүлэн ашиглах төлөвлөгөө гаргахыг бүлгүүдээс хүс (тэдэнд тусламж хэрэгтэй бол Аврагчийн арга барилаар заах нь) номын 22-р хуудасны “Сайн мэдээний зарчмуудыг заахдаа түүх ба жишээнүүдийг ашигла хэсгийг хуваалц). Санаануудаа өөр хоорондоо хуваалцахыг тэднээс хүс. Тэд гэр бүл, анги, тойрог болон салбартаа Сионыг байгуулахад туслах юуг эдгээр судраас сурсан бэ? 

  • Залуу эмэгтэйчүүдээс 4 Нифай1:1–18-ыг уншиж, Христийг ирсний дараа нифайчууд болон леменчүүд хэрхэн Сион шиг нийгэм байгуулж чадсаныг дүрсэлсэн үг хэллэгийг самбарт бичихийг хүс. Тэд хувиараа болон ангиараа эдгээр зарчмын дагуу амьдарч мөн бусдыг үүний дагуу амьдрахад урамшуулахын тулд хийж болох зүйлсийн жагсаалт гаргахыг хүс.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсээ хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэд Сион гэж юу болохыг ойлгосон уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь тэд:

  • Найз нөхдийнхээ хүрээнээс тусгаарлагдсан мэт санадаг хэн нэгэнд тусалж болно.

  • Гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа харьцах харилцаагаа хүчирхэгжүүлж болно (Бурханлаг мөн чанарыг хөгжүүлэх туршлагууд 3-ыг Хувийн хөгжил дэвшил номоос үзнэ үү).

Дараагийн долоо хоногт юу сурах талаар залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл: Тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой хэлсэн үгийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.