Ирээд, Намайг дага
Би ариун журмаа хэрхэн хамгаалах вэ?


Би ариун журмаа хэрхэн хамгаалах вэ?

Ариун журам нь ёс суртахууны өндөр жишигт суурилсан бодол санаа, зан төлөвийн хэв загвар юм. Үүнд ариун явдал багтдаг. Ариун журмыг үл тоон, эсэргүүцдэг дэлхийд бид амьдардаг. Бохир заваан бодол, хэл яриа мөн үйл хөдлөлөөс зайлсхийснээрээ бид ариун журамтай байж чадна. Ялангуяа порнограф маш аюултай юм. Бид “Бурханы бүрэн хуяг дуулгыг өмссөнөөр” (Eфес 6:11–17-г үзнэ үү) мөн Их Эзэний хүч чадалд тулгуурласнаар өөрсдийгөө ариун журмын маань эсрэг дайрах дайсны дайралтаас хамгаалж, бодол санаа, үйл хөдлөлөө цэвэр ариунаар нь хадгалж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Ариун журамт амьдралаар амьдрах нь хэрхэн танд амар амгаланг авчирдаг талаар бод. Дэлхийд болон гэр бүлүүдэд порнограф ямар нөлөө үзүүлдэг вэ? Та өөрөө хэрхэн ариун журмын хамгаалагч байж чаддаг вэ?

Залуу эмэгтэйчүүдийн хэл яриа, үйл хөдлөл болон гадаад байдал бусдад хэрхэн нөлөөлж болох вэ? Залуу эмэгтэйчүүд ямар замуудаар порнографт татагдаж болзошгүй вэ? Бодол санаа болон үйл хөдлөлөө цэвэр ариун хадгалахад нь тэдэнд сайн мэдээний ямар зарчмууд болон урьдчилан хамгаалах зүйлс тусалж чадах вэ?

Залуу эмэгтэйчүүдэд бодол санаа, үйл хөдлөлөө цэвэр ариун байлгахад нь ямар судрууд болон хэлсэн үгс туслах вэ?

Эхлэл 39:1–12; Ром 12:21; 2 Тимот 2:22; Mоронай 10:30; C ба Г 27:15–18; 121:45–46 (Бид шунах уруу таталтаас даруй зайлсхийж, харин оронд нь өөрсдийн оюун санааг цэвэр ариун бодлоор дүүргэх ёстой)

Исаиа 1:18; Хиламан 12:23; C ба Г 58:42–43 (Хэрвээ бид наманчлах аваас өршөөгдөж чадна)

Maтай 5:27–28; Ром 6:12; Aлма 39:3–9; C ба Г 42:23 (Эмэгтэй хүний араас шунах нь ноцтой үр дагавартай нүгэл юм)

1 Нифай 17:3; Moзая 24:14; Aлма 26:12 (Бидний зарлигуудыг сахих хичээл зүтгэлийг маань Бурхан хүчирхэгжүүлэх болно)

Жэффри Р.Холланд, “ Бодгальд минь дайсанд өгөх зай үгүй,” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51; мөн “Алхам бүрээ хяна” видео бичлэгийг үзнэ үү.

Ахлагч Квинтин Л.Күк, “Та нар одоо тийн мэдэрч чадаж байна уу?”Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5

Элэйн С.Далтон, “Ариун журмыг сахин хамгаалагчид,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 121–24; эсвэл “Ариун журмыг сахин хамгаалагчид” видео бичлэгийг үзнэ үү.

Линда С.Рийвс, “ Христэд төвлөрсөн гэр орон—порнографын эсрэг хамгаалалт,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 28

Үзвэр үйлчилгээ ба мэдээллийн хэрэгсэл”, “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 11-13, 35–37

Ариун явдал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 35–40

Пoрнограф,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 151–152

Аврагчийн арга барилаар заах нь

Та Аврагчийн заасны адилаар заах аваас залуу эмэгтэйчүүд зүрх сэтгэлдээ сайн мэдээний үрийг суулгаж, ургах зайг гаргах болно. Та залуу эмэгтэйчүүдэд ариун журамтай амьдралаар амьдрахын хүч чадал болон гоо сайхныг ойлгож, судруудыг ашиглахад нь хэрхэн тусалж чадах вэ?

БАГШИД ХАНДАХ ҮГС: Олон залуу эмэгтэй өөрсдөө порнографын нөлөөнд орж эсвэл найз нөхөд, гэр бүлийн гишүүнээсээ болж нөлөөг нь мэдэрч байгаа. Ангид порнографын талаар туршлага хуваалцах эсвэл буруугаа хүлээх хэрэггүй. Энэ хичээлийг заах гэж байгаагаа эцэг эхэд нь мэдэгдэж мөн энэ ярилцлагыг гэр орондоо үргэлжлүүлэхийг тэднээс хүсэх талаар та бодож үзээрэй. Хэрвээ нэг залуу эмэгтэйд тусламж хэрэгтэй бол түүнийг эцэг эхтэйгээ эсвэл бишоп юм уу салбарын ерөнхийлөгчтэйгээ ярилцахад урь.

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санааг бодож олоорой.

  • Самбар дээр “Бохир заваан бодол, хэл яриа болон үйлдлээс зайлсхийснээр бид өөрсдийн ариун журмыг сахин хамгаалж чадна” гэж бич. Буруу нөлөө үзүүлэх энэ дэлхийд хэн нэгнийг ариун журамтай хэвээрээ үлдэхэд нь туслахын тулд залуу эмэгтэйчүүд ямар зөвлөгөө өгч чадах вэ?

  • Анн М.Диббийн “Be of a Good Courage” хэлсэн үгнээс залуу эмэгтэйчүүд, нэгэн шинэ Бийхайвд зөвлөгөө өгч байгаа түүхийг хамтдаа унш. Буруу нөлөө үзүүлэх зүйлсээр тойрон хүрээлэгдсэн үедээ юу хийдэг болохыг нь залуу эмэгтэйчүүдээс асуу.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь залуу эмэгтэйчүүдэд бодол санаа, үйл хөдлөлөө хэрхэн цэвэр ариунаар хадгалахыг сурахад тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Залуу эмэгтэйчүүдийг жижиг бүлгүүд болгон хуваагаад, бүлэг бүрд энэ хичээлд дурдагдсан судруудын нэгийг оноож өг. Өөрсдөдөө оногдсон судруудыг уншиж, ариун журмаа хадгалан үлдэх талаар эдгээр судраас сурсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг тэднээс хүс.

  • Залуу эмэгтэйчүүдийг “Ариун журмын хамгаалагчид” видео бичлэгийг үзэх эсвэл ийм сэдэвтэй хэлсэн үгийг уншихад урь. Хичээлийн өмнө залуу эмэгтэйчүүдийг гурван бүлэг болгон хуваана. Нэгдүгээр бүлгээс ариун журмын хамгаалагч гэдэг нь юу гэсэн үг болохыг олж мэдэх, хоёрдугаар бүлгээс Далтон эгчийн өгсөн зөвлөгөөг олох, гуравдугаар бүлгээс ариун журмыг хамгаалагчдад ирдэг адислалуудыг олж мэдэхийг хүс. Бүлэг бүрээс нэг залуу эмэгтэйгээр бүлэг нь юу олж мэдсэнийг самбар дээр бичүүлэн, бүлгийнхнээс энэ нь тэдэнд ямар хамаатай болох талаар хуваалцахыг хүс. Далтон эгчийн хэлсэн үгээс тэд бодол санаа болон үйл хөдлөлөө цэвэр ариун байлгахад туслах ямар зүйлийн талаар сурч авсан бэ? “Хувцаслалтандаа төдийгүй, хэл яриа, үйл хөдлөл болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглахдаа төлөв даруухан бай” гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Порнограф яагаад бодгальд хөнөөлтэй гэж бодож байна вэ хэмээн тэднээс асуу. Ангиараа хамтдаа Итгэлдээ үнэнч байх нь номоос порнографын талаар бичсэн хэсгийг унш. Догол мөр бүрийг дуусгасны дараа, өөрсдийн уншсан зүйлийн талаар ярилцах цаг гаргаарай. (Жишээлбэл залуу эмэгтэйчүүд порнографыг олж үзэж болох газрууд болон нөхцөл байдлуудыг тэдэнтэй ярилц. Порнографын уруу таталтад орохгүй байхын тулд тэд юу хийж болох вэ? Тэд санамсаргүйгээр порнографыг харсан тохиолдолд юу хийх ёстойгоо төлөвлөхийг тэднээс хүс.) Гурав дахь догол мөрийг уншсаны дараа Цагаатгалын хүч чадлын талаар ярилцаж, бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч нь наманчлалын үйл явцад хэрхэн оролцдогийг ярилц. Хэрэв залуу эмэгтэйчүүд порнограф үздэг бол бишоптойгоо уулзахыг тэднээс хүс.

  • Ахлагч Жэффри Р.Холландын “Бодгальд минь дайсанд өгөх зай үгүй” хэлсэн үгийн эсвэл Линда С.Рийвс эгчийн “Христэд төвлөрсөн гэр орон-порнографын эсрэг хамгаалалт” хэлсэн үгийн хувийг залуу эмэгтэй бүрд өгөөд, ирээдүйд 12 настай охинтойгоо порнографыг ямар хор хөнөөлтэйг мөн үүнээс хэрхэн зайлсхийх талаар ярьж байгаагаар төсөөлөхийг тэднээс хүс. (Тэд энэ тоймд агуулагдсан видео бичлэгүүдээс нэгийг үзэж болно.) Энэ талаар ярилцахад нь туслах мэдээллийг олохыг тэднээс хүс. Тэднийг хоёр хоёроороо нийлээд, олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Амьдралынхаа туршид порнографаас зайлсхийхийн тулд юу хийхээ бичихийг тэднээс хүс.

  • Порнографаас болж өнөөдрийн өсвөр үеийнхэнд тулгараад байгаа бэрхшээлүүдийн талаар Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын нэг гишүүнд хэлэх боломж гарлаа хэмээн төсөөлөн бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Тэд түүнд юу гэж хэлэх вэ? Ахлагч Квинтин Л.Күкийн “Та нар одоо тийн мэдэрч чадаж байна уу?” хэлсэн үгийн “Бэлгийн ёс суртахуунгүй харьцаа ба цэвэр бус бодол санаанууд” гэсэн хэсгээс авахуулаад 6 догол мөрийн хувийг залуу эмэгтэй бүрд өг. Ахлагч Күк 15 настай хүүгээс юу сурсныг олж уншаад мөн энэ талаар хуваалцахыг ангийн хэсэг гишүүдээс хүс. Нөгөө хэсгээс нь ахлагч Күкийн өгсөн зөвлөгөөг хуваалцахыг хүс. Гэр орноо порнографаас зайлсхийх “хоргодох газар” болгоход залуу эмэгтэйчүүд хэрхэн тусалж чадах вэ?

  • Залуу эмэгтэйчүүдэд порнограф үздэг нэг найз байдаг гэж төсөөлөн бодохыг тэднээс хүс. Тэд түүнд туслахын тулд юу гэж хэлэх вэ? Залуу эмэгтэй бүрээс Залуучуудын бат бөх байдлын төлөө  товхимол дээрх “Үзвэр үйлчилгээ ба мэдээллийн хэрэгсэл”-ийг эсвэл Let Virtue Garnish Thy Thoughts товхимлын “Finding Strength to Abandon Sin” нэртэй хэсгийг уншихыг хүс. Залуу эмэгтэйчүүд энэ бүлгээс найзтайгаа юу хуваалцах вэ? Порнографаас салж чадахгүй байгаа хүнд өөр ямар судар тусалж болох вэ? (Жишээ нь энэ тоймд зөвлөмж болгосон судруудыг үзнэ үү.)

Залуу эмэгтэйчүүдийг өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд бодол санаа болон үйл хөдлөлөө хэрхэн цэвэр ариун хадгалахыг ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлагатай юу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь тэд:

  • Хувийн хөгжил дэвшил номоос Ариун Журам эрхэмлэх чанарын 2 ба 4–р туршлагыг хэрэгжүүлж болно.

  • Цэвэр бус бодлыг төрүүлэх зүйлтэй тулгарах үед юу хийхээ төлөвлөж болно.